“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох талаар Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар захирамж гарсан. Харин түрээслэгчдийн зүгээс үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн байр сууринаас хандаж эсэргүүцэж маргаан үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын Орлогч дарга Д.Рэнцэнбямбаас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.
1958 онд ашиглалтад орсноосоо хойш нэг ч удаа их засвар хийгдээгүй, насжилт өндөртэй барилга
- Урт цагаантай холбоотой асуудал олон жил яригдлаа. Саяхан үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Зогсоох болсон шийдвэрийн талаар ярихгүй юу?
Урт цагааны үйлчилгээний төв нь Нийслэлийн өмчийн Засаг захиргааны гуравдугаар байр гэж нэрлэгддэг, нийтдээ 7912,8 метр квадрат талбайтай, 12 блокоос бүрддэг, 1958 онд ашиглалтад орсноосоо хойш нэг ч удаа их засвар хийгдээгүй, насжилт өндөртэй ийм барилга. 2009 оноос хойш мэргэжлийн байгууллагууд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн олон удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтэд тусгагдсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлж чадахгүй байсаар өдийг хүрсэн. 2014 оноос хойш энэ барилгыг яах вэ, буулгах уу, засварлах уу гэж яригдсаар ирсэн. Хотын ерөнхий төлөвлөгөөнд дахин барилгажуулхаар тусгагдаад орчихсон. Өмнө нь хэд хэдэн удаагийн шийдвэрүүд ч гарч байсан.
Иргэдийн ажиллах, амьдрах нөхцөл, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамжаар үйл ажиллагааг нь зогсоохоор болсон.
- Дамаар түрээсэлж, танайхтай хийсэн гэрээгээ зөрчсөн аж ахуйн нэгжүүд маргаан үүсгээд байгаа. Юунаас болж маргаан үүсээд байна вэ?
Үндсэн түрээслэгч 30 хүн бий. Тэдгээр түрээслэгч нарын гомдол шүүхийн шатандаа явж байна. Түрээслэгч нар 2019 оны байдлаар нийслэлтэй түрээсийн гэрээг метр квадратыг нь 9000 төгрөгөөр байгуулсан. Цааш нь иргэдэд дам түрээслэхдээ доод тал нь 200,000 төгрөгөөр түрээсэлдэг. Тухайлбал хааш хаашаа 1 метр квадрат дархны ширээтэй хүмүүс тэр жижигхэн талбайгаа дам түрээслэгч нараас 250,000-450,000 төгрөгөөр түрээсэлж авдаг. Ийм түрээсийн зөрүүн дээрээс бизнес хийж, ямар нэг хөдөлмөр эрхлэхгүйгээр сул ашиг хонжоо олж, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг нэг ёсондоо шулж амьдарч байсан гэсэн үг. Ингэж ашиг олж байсан учир одоо түрээслэгч 30 хүний санхүүгийн эрх ашиг нь зөрчигдөж байна гэж хараад байгаа. Тийм болохоор нийгэмд буруу ойлголт төрүүлэн, янз янзын асуудлууд гаргаж, жагсаал цуглаан хийгээд байгаа юм.
Шугам хоолойнууд нь хүүхдийн зулай шиг хэзээ мөдгүй хагарах, эвдрэхэд бэлэн болчихсон байгаа
- Урт цагааны барилга одоо ямархуу байдалтай байна вэ?
Өнөөдрийн байдлаар бидний зүгээс Урт цагааны хаалга үүдийг цоожилж, лацдаагүй.
Ашиглалтын шаардлага хангахгүй байна гэдгээ барилга өөрөө харуулаад байна. Хамгийн сүүлд буюу 2020 оны гуравдугаар сард 12 дугаар блокын ард талд хөрсөн доорх шугам хоолойнууд нь задарч хөрс рүү ус алдсан. Шугам хоолойнууд нь хүүхдийн зулай шиг хэзээ мөдгүй хагарах, эвдрэхэд бэлэн болчихсон байгаа. Мөн галын аюулгүй байдал талаасаа маш өндөр эрсдэлтэй байна. Галын дүнэлтүүд дээр ч гарсан. Цахилгаан шугам сүлжээнд стандартын шаардлага хангахгүй байгаа зүйл олон байна. Тухайлбал ард талаар нь сүлжиж байгаа болон дотор талд нь байгаа цахилгааны утаснууд нь хоорондоо масс үүсгээд гал гарах аюултай байна. Ямар нэг байдлаар Урт цагааны барилгад гал гарвал дарханы төхөөрөмж, газын баллонууд байдаг учир дэлбэрэлт болох ч эрсдэлтэй. Тэгвэл энд үйлчилгээ явуулж байгаа, эндээс үйлчилгээ авч байгаа иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учирна. Тийм тохиолдолд хангагч байгууллага хамгаалах боломжгүй болчихно.
- Түрээслэгчид анх гэрээ байгуулахдаа хэдий хэр хугацаагаар түрээслэсэн бэ. Гэрээний хугацаа болон өмчийн харилцаатай холбоотой асуудал байгаа юу?
Өмчлөлд ямар нэгэн маргаан байдаггүй. Манай Нийслэлийн өмчийн ашилалт, удирдлагын газарт бүртгэлтэй байдаг.
Түрээслэгчид нэг жилийн хугацаатай л түрээсийн гэрээ байгуулдаг. Ийм байдлаар 20-30 жил түрээслэсэн байгаа юм. Ерөөсөө л түрээслэгч нарын санхүүгийн эрх ашиг нь зөрчигдсөн асуудал л даа. Өөрөөр хэлбэл зүгээр сууж байгаад л мөнгө орж ирдэг байсан ашигтай бизнес нь зогсох гээд байгаа учраас маргаан үүсгээд байна гэсэн үг. Энэ 30 хүн цааш нь 300-400 хүнд түрээслүүлээд мөнгө олдог.
- Урт цагааны барилгатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг, маргаантай барилга өөр бий юу?
Түрээстэй холбоотой маргаантай барилга одоогоор байхгүй.
- Танай газрыг Нийслэлд байгаа өмчийг хариуцаад хамгаалаад, хэрхэн үр ашигтай байлгах тал дээр менежмент хийдэг газар гэж ойлгож болох уу?
Тийм. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын чиг үүрэг ерөөсөө л энэ. Нийслэлд илүүдэлтэй байгаа өмч хөрөнгийг дутагдалтай байгаа руу нь шилжүүлэх, менежмент хийх, үр ашгийг нь нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтад нь хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага.
- Урт цагааны барилгыг цаашид яах вэ?
Одоогоор ямар нэгэн шийдвэр алга. Цаашид “Урт цагаан”-ы барилгыг нураах уу, эс нураах уу гэдэг нь НИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ манайхаас тодорхой ажлуудыг санаачлаад явна. Тухайлбал олон нийтэд нээлттэй байдлаар ард иргэдээсээ асуух, уралдаант шалгаруулалт явуулаад саналуудыг нь авах, мэргэжлийн байгууллагатй хамтраад засаад, хүчитгээд сайжруулах боломж байна уу үгүй юу, заавал нураах уу гэдэг тал дээр зөвлөлдөнө, дүгнэлтийг нь авна. Гол нь ард иргэдээсээ саналыг нь авна. Ийм л төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Түрээслэгчид болон үйлчлүүлэгчидэд хандаад хэлэх зүйл байна уу?
Эрсдэл хаяанд байна. Энэ 30 хүн маань иргэдийн, ААН-ийн аюулгүй байдал, амь насаар дэнчин тавьж бизнес хийхээ зогсоох хэрэгтэй гэж л хэлье. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас өөр ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Нэгдүгээрт иргэдийн амь нас, эрүүл, аюулгүй байдал чухал гэсэн байр суурьтай байна.
Ярилцсан Б.Нямзул