С.Эрдэнэбат: Хамтарсан үнийн зөвлөл шатахууны үнийг хямд байгаа үед нь нөөцлөөд, тогтвортой барьж байх бодлогыг хэрэгжүүлж чадсан

Ugluu.mn сайт “Өглөөний зочин” буландаа Монголын үйлдвэрчний эвлэлийн Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа. Монголын үйлдвэрчний эвлэл хамтарсан үнийн зөвлөлд орж ажилладаг. Хамтарсан үнийн зөвлөлөөс шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.

  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарсан үнийн зөвлөлд орж ажилладаг. Үнийн зөвлөлөөс хэмжээ авч хэрэгжүүллэв. Цаашид хэрхэх вэ? 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос газрын тосны хангамж нийлүүлэлтийг зохицуулах зөвлөлд орж ажилладаг. Бид удаа дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаатай холбоотойгоор бензин, шатахууны үнийг бууруулах шаардлага, саналыг тавьж байсан. Шатахууны үнэ тогтворжуулах, тодорхой хяналт тавих үүрэг бүхий хамтарсан үнийн зөвлөлөөс уриалга гаргасан. Нэгдүгээрт шатахууны үнэ тариф 30 орчим хувиар буурсан. Өнөөдөр л гэхэд 100 төгрөгөөр буурч байгаа энэ нөхцөлд бараа бүтээгдэхүүн болон зарим тээврийн үйлчилгээний үнэ буурах ёстой гэж үзэн эхний ээлжинд уриалга хүргүүлж байна. Иргэдийн орлого тогтвортой бус байгаа энэ үед ААН компаниуд иргэдийнхээ амжиргааг дэмжих үүднээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ялангуяа зах зээлд давуу эрхтэй байгаа ААН байгууллага үйлчилгээний үнээ буулгах ёстой. Шаардлагатай бол хамтарсан үнийн зөвлөлөөс бүх бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг тооцоод олон нийтэд зарлана.

Нефтийн компаниуд 2014 оноос хойш жишиг үнэ тариф тогтооход гаргадаг компанийн үйл ажиллагааны зардлаа өсгөөгүй байсан. нефтийн компанид ажиллаж байгаа олон мянган ажилчид байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнтэй холбоотойгоор эдгээр компаниуд ажлын байраа хадгалах, литр тутамд нэмэлт 5 төгрөгний жишиг зардлыг нь дэмжиж гаргасан. Үүнийхээ хариуд шатахуун түгээх компаниуд эргээд ажилчдынхаа ажлын байрыг хадгалах, ажилчдынхаа ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүргийг хүлээж байгаа. Нөгөө талаар шатахууны эргэлт удааширч байгаа учир шатхууны борлуулалтын ажилтнуудын цалин буурсан асуудал байна. Энэ тал дээр газрын тосны салбарын ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд Засгийн газрын төлөөллүүд оролцон хэлэлцээр хийж зохицуулна.

Бензин шатахууны үнэ өсөхөд шалтаглаж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Хамтарсан зөвлөлийн хувьд нэг зүйлийг хийж чадсан нь шатахууны үнийг хямд байгаа үед нь гэрээ хэлцэл хийж нөөцлөөд дэлхийн зах зээл дээр өслөө гэхэд тогтвортой барьж байх бодлогыг хэрэгжүүлж чадсан. Гэхдээ Аи-92 автобензиний хувьд л үнийг тогтвортой барьж байна. Дизель түлш нийт шатхууны өндөр хувийг эзэлдэг ч одоохондоо тогтвортой барьж чадаагүй байна. Цаашдаа хэрэгжүүлэх ёстой.

Шатахууны үнэ тарифын өртөгт нь дүн шинжилгээ хийж үзсэн. Компани, ААН байгууллагууд ч гэсэн өртгөө нээлттэй ил тодоор зарлах ёстой. Цар тахлын энэ хүнд үед үнээ өндөр байлгаж ашиг хийнэ гэдэг ойлголт байж болохгүй. Үнээ бууруулах ёстой. Мөн нийт ажилчдынхаа цалин хөлс, ажлын байрыг хамгаалах үүрэгтэй. Ийм байдлаар компани ААН байгууллагуудтай ойлголцож байна. 

Бензиний үнэ нөлөөлдөггүй ААН байгууллага байхгүй гэж бодож байгаа. Бүр яривал цахилгаан дулаан, өргөн хэрэглээний тээвэр ордог бараа бүтээгдэхүүн хүртэл хямдрах боломжтой. Хамгийн түрүүнд такси албан бусаар явж байгаа хүмүүс байгаа учир иргэд маань ч гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар буурчхаад байхад 800 төгрөгөөр яв гэдэг шаардлага тавьж болно. 

  • Нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн тухайд?

Бид нийслэлийн нийтийн тээвэр болон албан ёсны зөвшөөрөлтэй явж байгаа компаниудад  уриалга хүргүүлнэ. Уриалга хүлээж авахгүй бол компанийн эздүүдэд шаардлага тавиад бүтээгдэхүүнийх нь өртөг дээр нь ярилцаад тусгай зөвшөөрөл болон бусад асуудал дээр нь ярина. Шаардлагыг ойрын хугацаанд авч хэрэгжүүлнэ. Нийтийн тээвэрт нөхөн олговор олгож байгаа нөхцөлд түүнийг нь бууруулахгүйгээр 500 төгрөгийг бууруулах арга байна. Үнээ буулгавал нөхөн олговор давхар буух учраас компанийн ажилчдын цалин хөлс нийгмийн даатгалын хуримтлагдсан өртэй байгаа учраас чадахгүй байна гэж байна. 

Хот хоорондын нийтийн тээвэрт мөн шаардлага хүргүүлсэн. Гэвч эргэлт удааширчихсан байгаа учраас орлого нь буурч, хот хоорондын тээврийн үнийг буруулж чадахгүй байгаа тухай хариу мэдэгдсэн.

Бензиний үнийн бууралтыг дагаад бүх бүтээгдэхүүний үнийг бууруулах ёстой. Бүтээгдэхүүний үнийн 15-20 хувьд тээвэрлэлтийн зардал ордог учраас энэ нь боломжтой гэж үзэж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд жишиг үнийг тавиад харин хэрэглэгчид түүнд шаардлага тавьж байх хэрэгтэй. Яагаад гэвэл зах зээлийн чөлөөт өрсөлдөөнтэй байгаа үед төрөөс шууд үнийг буулгах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Манай холбооны зүгээс нэгдүгээрт томоохон монополь ААН, компаниудын нийгмийн хариуцлага тавиач ээ гэж хүндэтгэлтэй хандаж байна. Бүр болохгүй бол ШӨХТГ болон холбогдох байгууллагууд зохих хариуцлагын арга хэмжээг ав гэдэг шаардлагыг манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс тавьж байгаа. 

Газар тариалангийн салбарын тухайд хамгийн сүүлд авсан мэдээллээр шатауунаа 1400 төгрөгөөр бөөний үнээр газар тариалангийн компаниудад нийлүүлж байна. Тодорхой тендер зарлаад авч байгаа. Өмнө хэзээ ч ийм хямд өртгөөр дизель түлшээ авч байгаагүй. Зах зээл дээр иргэд жижиглэнгийн үнээр 1990 төгрөгөөр авч байгаа. Тийм учраас буудайны үнэ, ногооны үнэ, газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх ёстой. Харин буурах ёстой шүү гэдгийг газар тариалангийн компаниудад уриалж байгаа. Намар гурил, буудай, бусад хүнсний ногоо техник хэрэглэдэг томоохон хэмжээний тариалалттай компаниуд бараа бүтээгдэхүүнээ бууруулна гэдэг хүлээлт иргэдийн дунд хүлээлт үүсч байна гэдгийг хэлье. 

  • Хуурамч шатахуун түгээж байна гэх мэдээлэл гараад байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

Хуурамч шатахууны асуудал нийт зах зээлийн бараг 20 хувь руу дөхөж байна гэдэг албан бус мэдээлэл байна. Ерөнхийдөө ажил олгогч компаниудын хэлж байгаа тоо. Энэ бүтээгдэхүүн ихэвчлэн уул уурхай, бөөний газруудаар борлуулагдаад байна. Үүнээс болж иргэдийн машин эвдэрсэн тухай гомдол мэдээлэл үйлдвэрчний эвлэл дээр болон даатгалын компаниудад маш их ирж байгаа. Үүнийг маш нарийн тогтоож шийдэх ёстой. Яагаад керосин, нафта бүтээгдэхүүнүүд дээр гаалийн татвар тавихгүй байгаа юм бэ. Бүтээгдэхүүн оруулж ирсэн үү ирсэн, ашиг олсон уу олсон. Түүнийг компани ААН байгууллагууд хэрэглэсэн үү, хэрэглэсэн. Тэгсэн мөртлөө өдөр тутам дизел түлш нийлүүлж байгаа компаниудтай ижил татвар оногдохгүй байна. Үүний цаана бүлэглэл, этгээдүүд байна гэж хардаж байгаа. Тийм учрас ШӨХТГ, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагууд энэ асуудал дээр маш яаралтай тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм хуурамч бүтээгдэхүүн байх ёсгүй гэдэг ганцхан үгний доор сангийн яам, уул уурхайн яам бусад байгууллагууд хандаад байж болохгүй. Тийм учраас хамтарсан үнийн зөвлөлөөс стандартыг нь тавья, стандартын бус бүтээгдэхүүнийг оруулахгүй байя, оруулах шаардлага байвал түүнд татвар ногдуулаад тэндээс олсон ашгаараа эргээд Аи-92 болон дизель түлшний үнийг буулгаж иргэдэд очих ачааллыг бууруулах арга хэмжээ авах ёстой.

  • Арванхоёрдугаар сарын 31 хүртэл бензиний үнэ тогтвортой буурсан үзүүлэлттэй явах юм байна. Үнийн зөвлөл цаашид хамтарч ажиллах уу. Хэрвээ 12 сарын 31 хойш үнэ огцом өсөх үү үгүй юу өслөө гэхэд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө бий юу?

Үнийн тогтвортой барихад хэд хэдэн зохицуулалтын арга бий. Нөөцлөх хэрэгтэй байна. Сая яагаад тогтворжуулчихав гэхээр бид хамгийн хямдхан байгаа үед нь нөгөө талд дэлхийн зах зээлд бензинээ зарах гэж байгаа компаниудтай бид хэлцэл хийсэн. Арванхоёрдугаар сарыг дуустал бид Брент бүтээгдэхүүнийг чинь 30 доллараар авъя гээд төрийн өмчийн компани авсан. Хэрвээ цаашид хоёр, гурван жил үргэлжлүүлээд Бреннт бүтээгдэхүүн авахад асар их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Мөн нөөцийн сав хэрэгтэй болно. Үнийн зөвлөлийн хурлаар Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар Улаанбаатар хотод шатахууны нөөцийн савтай болох байсан боловч тендерийн будлианаас болж 2 жил болж байгаа тухай ярьсан. Нөөцийн сав байхгүй учир хувийн компаниудын саванд мөнгө төлж байршуулдаг, хувийн компаниудын хадгалалтын зардлыг нэмэхээс өөр аргагүй болдог. Тийм учраас арван хоёрдугаар сарыг дуустал тогтвортой байна. 

  • Цар тахлын нөхцөл байдал иргэд ААН-үүдийг хүнд сорилтод оруулж байна. Монголын үйлдвэрчний эвлэлд шийдүүлэхийг хүссэн санал ирж байна уу?

Монголын үйлдвэрчний эвлэл бол ард түмний дуу хоолойг төрд хүргэх үүрэгтэй байгууллага. Хамгийн түрүүнд ААН байгуулла, иргэдээ дэмжих саналын засгийн газарт тавьсны үр дүнд засгийн газраас арга хэмжээ авч нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтүүдийг олгосон. Хувийн ААН, компаниудад ажилгүйдлын сангаас 200,000 төгрөгийн дэмжлэг олгож байгаа. Цаашдаа тэдэнд зээлийн эх үүсвэр хэрэгтэй байна. Засгийн газар томоохон хөрөнгө оруулалтууд буюу ЖДҮ дэмжих арга хэмжээ авмаар байна. Маш олон ААН байгууллагууд ажлын байраа цомотгох, царцаах төлөвлөгөөнд орж болзошгүй байгаа учир үүний эсрэг арга хэмжээг алдахгүй авах хэрэгтэй байна. Бүгдийг сонгуулийн дараа гэж хойш тавьж асуудалд хандаж болохгүй. Covid19-ийн халдварын цар тахлын энэ үед хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд болон засгийн газар хамтран дор хаяж нэг жилийн төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас байгаа нөөц бололцоондоо таван их наяд орчим төгрөгний арга хэмжээ авсан. Зарим зүйл дээр сайн ажиллаж, арга хэмжээ авч байгаа ч заримыг нь орхигдуулж байгаа нь иргэдийг сэтгэл дундуур байлгаж байна. Хоёрдугаар шатны арга хэмжээг авах санал хүргүүлхээр төлөвлөж байна. Орон нутгийн болон төрийн өмчийн үйлдвэрий газрууд хүндрээд эхэлчихсэн, зарим нь цомотголд ороод ажлын байргүй болсон, заримынх нь цалин буурч байгаа учир үүний эсрэг арга хэмжээ авах судалгаа гаргаж, санал хүрүүлхээр бэлдэж байгаа. 

  • Цаашид энэ тал дээр төлөвлөсөн ажил бий юу?

Хувийн хэвшил, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд маш олон ажилчид байна. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд цөөрснөөр орлого буурсан байна. Агаарын тээврийн МИАТ компанийн ажилчдын 60 орчим хувь нь сул зогсолт хийж байна. Нэмэгдэл цалин байхгүй, цалин нь буурч байна. Төмөр замын ачаа тээврийн эргэлт буурч байгаагаас орлого нь мөн буурсан. Тэнд ажиллаж байгаа бараг 100, 200 мянган ажилчдыг дэмжих ажлыг заавал төрийн өмчит хувийн өмчит гэж ялгаварлан гадуурхахгүйгээр шийдэх хэрэгтэй байна. 

Мөн Ипотекийн зээлийг дэмжиж өгөөд иргэдийг хямд өртөгтэй байлгая гэж улс төрийн намуудад ипотекийн зээлийг дээд тал нь гурван хувьд хүргэх тухай санал хүргүүлсэн.

Ярилцсан: Б.Нямзул

http://credit-n.ru/trips.html http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …