Хонзон \ өгүүллэг\

Өнөөдөр та бүхэндээ Д.Норовын Хонзон өгүүлэгийг хүргэж байна.

Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Yл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг илбэн аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ өрсөн мэдээ сархдад хүрэх тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ. Гэвч архирч дуугарсангүй.

Нохой хааяа дээш үл мэдэг харц өргөхийг үзвэл Дэмчигийн чанх ард, хивс голлуулан зүүж, урт цэнхэр хадаг дамнуулан тохсон, гуутай зургийг харах бололтой. Yс сахал, хөмсөг, нүд нь хүртэл ширүүн догшин, эрс шийдэмгий төрхийг илтгэвч, жавьжиндаа тодруулсан үл мэдэг инээвхийллээр эерүүлэхийг хичээсэн мэт үзэгдэх, талийгаачийн энэ хөргийг харах бүрдээ нохойн нүдний аймшигт харц хачин зөөлрен тунарч, хүүхэн хараа нь томрон бүүдийвч, агшны дараа цочих мэт сэртэсхийн, хүүхэн хараа нь зүүний сүвэгч төдий болтол нарийсан, галаар цоргих мэт болж, Дэмчиг дээр гөлрөн тогтох ажгуу. Энэ бол нохойн нүд биш, хүний нүд байлаа. Нохой ийм нүдтэй байдаггүй юм. Хоол горьдон эрхлэвч, гэрээ харамлан дошгировч, хүн шиг харцтай байдаггүйг Чулуун сайн мэднэ. Зэрвэсхэн харц нь тусах төдийд Чулууны нуруу хүйт оргин байлаа. Арга ядахдаа Чулуун бор бурамны хэлтэрхий өгч, аргадаж үзэхэд сайтар шиншилснээ аваад өмнөө тавьчихав. Чингээд мөнөөх аймшигт үзэн ядах харцаараа Дэмчигийг цоргих нь тэр. Чулуун Дэмчигийг өөр рүүгээ татаад
– Чи энэ нохойн нүдийг хараач! гэж шивэгнэхэд цаадах нь нэг сүрхий харснаа гар занган ярвасхийв. Гэвч Чулуун “явъя аа!” гэж шивэгнэж амжив.
– Охин хүргэн хоёр маань ирж хань болдоггүй бол ч энэ ханхай байшинд тогтож суухын арга алга байна шүү. Энэ муу нохой л оровч гаравч дэргэд байдаг юм. Чамайг ороод ирэх байх гэж цөхөртлөө хүлээлээ, Одоо айх эмээх юмгүй болсон юм чинь, ирж байна биз дээ гэж хүүхэн намуухан ярив.
– Ирэхээр ч барахгүй шүү гээд Дэмчиг зоригоор инээд алдсанаа бүсгүйн чийгт сормуусыг эрхийгээр илбэн арчаад
– Yлий сахисан сар шиг, үхэхийг нь хүлээж байж дээ гэж чамайг зэвүүцэх болов уу гэсэндээ л ирээгүй юм гэх Дэмчигийн үг энэ удаа харин үнэмшилтэй сонсогдов.
– Айхгүй юмнаасаа айж дээ, чи минь. Талийгаачийг байхад айгаагүй өдий хүрсэн … гэтэл Дэмчиг үгийг нь тасалж
– Тэр яахав найз аа. Одоо харин намайг хэзээ ч ирсэн хөөхгүй юм байгаа биз дээ гээд гарыг нь илэв. Бүсгүй гашуун боловч тааламжит дурдатгалаа санан ялимгүй ичингүйрэн духайснаа
– Чиний л дураар болдог шүү дээ гэж аяархан хэлэв.
– За тэгвэл болох нь тэр. Харин одоо энэ нохойг чинь бид аваад явъя. Хошуувч бий юу? гэж Дэмчиг дуугарав.
– Яах гэж? хэмээн бүсгүй гайхав
– Өөртөө дасгая. Тэгэхгүй бол … Чи нүдийг нь хар даа
– Нээрэн…ямар аймаар болчихоо вэ
– За түргэл…Хошуувчийг нь олж хий!
– Тэгээд би,..гэж бүсгүй тээнэгэлзэн, дорой дуугарвал
– Зүгээр, миний найз, нэг хоёр хоног тэвч! Бид хоёр эзэн, эрх хав хоёр болчихоод л ороод ирнэ.Тэр бүү хэл улавч авчирч өгдөг болгоно
Тэр гурав үнсэлцээд салав. Дэмчиг хар нохойг тэвэрч, бүсгүй хооллох салхинд гаргахыг зааварласаар доголон нулимстай хоцров.
Тэндээс Дэмчиг шууд гэртээ очсон боловч нохойг авсангүй. Төдөлгүй гонжгор хүүдийтэй юмс авчирч арын суудал дээр, нохойн дэргэд шидээд жолооны ард суух зуур
– Ан хийнэ ээ хө. Шөнийн анч сайхан шүү гээд инээд алдав. Хүн зөөн мөнгө олохоо л хэлж байна даа гэж Чулуун бодов. Бас хүнээр биш нохойгоор хань хийх нь ашигтай болохыг тооцож дээ хэмээн бодол зэхийрч явав. Гэвч Дэмчиг зорчигч арвинтай хотын төв рүү бус, харин хотын зах руу шууд давхихад баахан гайхаж бас арын суудал дээр яваа хар нохойн харц ширгээж, оч хаялсан нүд урд толинд үе үе тусан, ар шил рүү хүйт даалгахыг мэдэрсээр явлаа.
Чингэж давхисаар хотоос гарч хэрмэл бүдэг харгуй дагасаар ойн захад хүрээд зогсоход Чулуун гайхахын ихээр гайхавч асууж шалгаасангүй. Тэр бол ерөөс байхын бараа болж яваа хүн. Асууж шалгаах ч дургүй юм. Басхүү нэгэн ер бус хүйтэн зөн совинд автчихаад, дуугарах ч үгүй, хөдлөх ч үгүй, урд суудалд дөмбийж байв
Дэмчиг, хар нохой, гонжгор хүүдийтэй юм хоёрыг чирэн буулгаж, машиныхаа гэрэлд очив Нэг үзтэл мөнөөх бяцхан нохойн хүзүүвчнээс төмөр утсаар оосорлон чирч байв. Уллан цахдахад нь эргэж ирээд үсэртэл өшиглөв. Босч ирэхэд нь дахин нэг хийстэл өшиглөөд цасан дундуур чирсээр гэрлийн гол тусгал дахь зулзаган гацуурын дэргэд очиж, нохойг уяв. Пудль хэмээгч тэр өчүүхэн амьтан хавиргаа хэмхэртэл хэд өшиглүүлэхдээ ядаж ганц ганхийсэнгүй.
Уяулчихаад зогсож байхдаа хичнээн хөөрхөн харагдсан гэхэв. Арслан мэт босоо өрөвлөгтэй цээж битүү зогдортой бас эрхийн чинээ модгор сүүлтэй, төө хирийн далбагар чихтэй юм. Паацгар дөрвөн хөлөөрөө бат уллан, нааш эгц харан зогсоход хоёр нүднээс нь гал дүрэлзэж байлаа. Уяанаас алдуурах гэж, хайр ивээл гуйж элдэв хоёр болсонгүй, таг зогсож байлаа. Дэмчиг гонжгор уутнаас эвхдэг буу гарган угсарч, сумлаад, дэлгээтэй хаалган дээр тальбан шагайснаа
– Хажуудаа нүдтэй новш чинь … Уг нь тэр хоёр сүрхий нүдийг нь нэвт буудъя гэж бодсон юм. Тэгвэл яг дунд нь … хэмээн үглэн чичигнэв. Чулуун гэр эрэлхэг бяцхан амьтны үхлээ хүлээн тайван зогсохыг харж байлаа. Буу тас хийхэд нохой татваганасхийснээ дөрвөн хөл нь дөрвөн тийш сарвайн жийж, хилэнгийн гал дүрэлзсэн нүд нь аажмаар цогшин унтраад хөх гэрэл гаргаснаа тэгээд таг болов. Дэмчиг том хутга барьсаар сандчин гүйж, төмөр утсыг хутгаар хэрчих гэж оролдоод өөрийгээ шоолон инээд алдаж тас цавчжээ. Бас хуруун чинээ сүүлийгнь цавчин авч, “хүн болж төр” гэж шившив бололтой хол шидэв. Чингээд цустай хутга гар хоёроор цас малтан нохойг хийв. Дээрээс нь лонх бензин асгаж гал тавиад машиндаа ирж суухад хамаг бие нь дагжин чичирч байлаа. Шил архины бөглөөг арай ядан онгойлгож амаар нь хөнтрөхөд шүд шил хоёр харшин тачигнаж сонсогдоно. Тэгээд ихээр амьсгаа түрж, духны хөлсийг арчихад

– Yзмээд чи юу гэж хэлнэ дээ? гэж эцэст Чулуун ам нээв.
– Очихгүй юм чинь гэж Дэмчиг хариулжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …