Ч.Чинбат: Сонгуулийн үеэр 1125 гомдол, мэдээлэл ирүүлснээс 850 гаруйг нь шийдвэрлээд байна

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай сонгуулийн явцад гарсан хэрэг, зөрчлийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэчнээн өргөдөл, гомдол цагдаагийн байгууллагад ирүүлсэн бол. Тэдгээрээс хэдийг нь шийдвэрлээд байна вэ?

-Ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг дөрөвдүгээр сарын 20- нд анх ирүүлсэн. Үүнээс хойш санал авах өдрийг дуусталх хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1125 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-д заасан гэмт хэргийн шинжтэй 18, 14.8-д тусгасан гэмт хэргийн шинжтэй 32, Зөрчлийн тухай хуулийн 17.1-т заасан нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан үйлдэлтэй холбоотой 367 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гадна хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой 510, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан гэх 45, сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах журам зөрчих, эсхүл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан 61, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сурталчилгаанд ашигласантай холбоотой ес, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн талаарх 83 гомдол, мэдээлэл ирүүлсэн байна.

Цагдаагийн алба хаагчид дээрх гомдол, мэдээллүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж, 81-ийг нь харьяаллын дагуу шилжүүлэн, зөрчлийн 82 хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Мөн 673 гомдол, мэдээлэлд холбогдох арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээхээс татгалзлаа. Түүнчлэн зөрчил гаргасан нь тогтоогдсон нэг хуулийн этгээд, 20 хүнд 54.6 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

-Мөрдөн, шалгах шатандаа буй хэчнээн зөрчил, хэрэг байгаа бол?

-270 гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн манайхаас харьяаллын дагуу шилжүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5, 14.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй 50 гаруй үйлдэлд тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-14.9-д заасан хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасны дагуу тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм.

-Коронавирусийн халдварын үед сурталчилгаа явуулахдаа баримтлах түр журам баталсан. Үүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлсэн үү?

-Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны 188 дугаар тогтоолын хавсралтаар УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам баталсан. Цагдаагийн байгууллага холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үүний хэрэгжилтийг ханган мөрдүүлж, урьдчилан сэргийлэх талаар бүхий л арга хэмжээ авсан. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш уг журмыг зөрчсөн байж болзошгүй талаар 29 дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс нэг хуулийн этгээд, хоёр хүнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Үлдсэн дуудлага, мэдээллийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр, хуульд заасан зохих арга хэмжээг авсан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад ирүүлж буй дуудлага, мэдээлэл бүрийг шалгаж, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, эсэхийг нарийвчлан тогтоосон гэсэн үг.

-Сонгогчдын саналыг худалдан авах гэж оролдсон, эсвэл худалдан авсан үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тараах үйлдэл буюу хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэлд цагдаагийн байгууллага онцгой ач холбогдол өгч, нарийвчлан шалгасан. Тухайлбал, сурталчилгааны явцад сонгогчдод мөнгө, эд зүйл тараахтай холбоотой 18 үйлдлийг илрүүлж, шалгалт явуулан, зохих хууль журмын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж хуульчилсан. Иймд шалгаж байгаа тодорхой гэмт хэргийг мөрдөх ажиллагааны үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Сурталчилгааны хугацаанд цахим хуудсыг түр хаах, хандах эрхийг нь хязгаарлах дүгнэлтийг ЦЕГ-аас ХХЗХ-нд хүргүүлсэн үү?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.7 дахь хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хууль зөрчсөн цахим хуудасны хандалтыг хязгаарлах, тухайн цахим хуудсыг хаах зэрэг арга хэмжээг авахаар тусгасан. Цахим орчинд нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтийн сүлжээнээс устгах, хандалтыг хязгаарлах талаар цагдаагийн байгууллагаас 224 санал хүргүүлж, 194-ийг нь шийдвэрлүүлэн, 70 гаруй цахим хуудсанд байрлуулсан хуурамч мэдээллийг хязгаарлах арга хэмжээг тус хорооныхонтой хамтран авсан.

-Санал авах өдөр ЦЕГ-т хэчнээн гомдол, мэдээлэл ирүүлсэн бэ?

-Санал авах өдөр цагдаагийн байгууллагад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй болон хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар 62 гомдол, мэдээлэл ирүүлснийг холбогдох нэгжүүд хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулж байна. Мөн тухайн өдөр саналын хуудсан дахь тэмдэглэгээгээ баримтжуулан зураг авсан таван хүнд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Тодруулбал, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол 10 сая төгрөгөөр торгодог.

-Сонгогчдод мөнгө, эд зүйл тараасныг баримтаар нотолж, цагдаагийн байгууллагад ирүүлсэн тохиолдол гарсан уу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 81.7 дахь хэсэгт “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж хуульчилсан. Цагдаагийн байгууллага сонгогчдод мөнгө, эд зүйл тараахтай холбоотой олон үйлдлийг тогтоон, холбогдох шалгалтыг хийж, харьяаллын дагуу шилжүүлсэн. Хэрэв мөнгө, эд зүйл тараасан нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн хуульд заасны дагуу, гэм буруутай этгээдээс мөнгөн урамшууллыг гаргуулахаар шаардах эрхтэй.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …