МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай намуудын төлөвшил нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
Та намынхаа төлөвшлийг ямар шатанд байна гэж үнэлэх вэ. Намуудын төлөвшил нь орон нутаг цаашилбал улс орны хөгжилд ихээхэн үүрэгтэй шүү дээ?
Улс төрийн намын төлөвшилт улс орны хөгжилд чухал үүрэгтэй. Эргээд бодоход намуудын төлөвшилтийн тухай ойлголт харьцангуй шинж чанартай юм болов уу. Учир нь аливаа улс төрийн намуудын хувьд хүмүүсийн үзэл бодлоороо нэгдмэл байх, олон ургальч үзэл дээр тулгуурлах үндсэн дээр улс төрийн шийдвэрүүд гардаг. Иймээс тухайн үед гарч байсан аливаа шийдвэрийг авч үзвэл цаг үеийнхээ олон хүчин зүйлээс шалтгаалан намуудын төлөвшилт харьцангуй байдлаар явагдаж байгааг харуулна.
Өнгөрсөн хорь гаруй жилийн турш тодорхой намууд ээлжлэн төр барилцаж, улс төрийн бодлогыг тодорхойлж ирсэн. Эдгээр намуудын төлөвшил өөрөө тогтвортой биш улс төржсөн шинж чанар нь хэт давамгайлах байдлаар явагдаж иржээ. Тиймээс намуудын асуудлууд хууль эрх зүйн хүрээнд зөв өөрчлөгдөж, шинэчлэгдвэл чадвал хэтдээ намуудын төлөвшил зөв зохистой гольдролдоо орох болов уу.
Гэтэл өнөөдөр монголын улс төрд илүү ээдрээтэй, тогтворгүй нөхцөл байдал зонхилж байна. Энэ байдал нь улс орны нийгэм эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас намуудыг төлөвшилтийг бодитоор нь авч үзэх шаардлагатай.
Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?
Улс төрийн намуудын төлөвшилтийг тодорхой болгохын тулд намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Энэ асуудал нь бүх улс төрийн намуудад хамааралтай зүйл болохоос биш дан ганц төр барьж байгаа аль нэг хүчний асуудал биш. Тиймээс өнөөдөр дээрх хуулийг улс төрийн орчны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх нь намуудын цаашдын хөгжил, төлөвшилтөд чухал нөлөө үзүүлнэ.
Одоогийн байдлаар Улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл их хуралд өргөн баригдсан. Та бүхэн төсөлтэй танилцсан уу, ямар саналтай байгаа вэ?
Энэ намрын чуулганаар улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой. Хэд хэдэн удаа хуулийн төслийн хэлэлцүүлэг болж манай намын зүгээс зарчмын байр сууриа илэрхийлж байгаа.
Юун түрүүнд улс төрийн нам хатуу гишүүнчлэлтэй байх уу, үгүй юу, хоёрдугаарт санхүүжилтийн тухай асуудлууд жишээлбэл хандив өгнө, өгөхгүй, гуравдугаарт улс төрийн нам өмч, хөрөнгөтэй байх ёстой, ёс үгүй гэх зэргийг хөндөж ярилцсан. Эдгээр асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд зөв зүйтэй хэт улс төржихгүйгээр намуудад тулгарч буй асуудлуудыг зохицуулах үүднээс хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал улс төрийн намуудаас улбаалсан авилгал, хээл хахууль болон бусад ард түмний дунд нэр нь унаад байгаа үнэлэмжийг дээшлүүлэхэд нэгдмэл байр сууринд хүрэх юм.
Түүнчлэн намын өмч хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Бизнесийн байгууллагын явуулдаг үйл ажиллагааг улс төрийн намуудын хувьд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Өмчтэй байх эсэх нь нээлттэй болохоор эрх барьж буй намууд боломжтой байгаа дээрээ өмч хөрөнгөтэй болох гэж идэвхийлэн ажиллаж таарна. Тиймээс энэ талаар хуулиндаа өөрөөр шинэчлэлт хийх нь чухал.
Харин нэгэнтээ өмчтэй болсон намуудын асуудлыг хуулийн хүрээнд зөв гарцаар шийдэх биз.
Улс төрийн намуудын тухай хууль бол тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлж өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой.
Ер нь улс орны хөгжлийн байдал эдийн засаг, нийгмийн байдлын дүр зургаас харагддаг. Энэ жилийн хувьд сөрөг хүчний зүгээс эдийн засаг унаж, гадны хөрөнгө оруулалт буурсаныг хүчтэй шүүмжилж байгаа?Үүнээс үүдээд засгийн газар огцрох тухай асуудал намууд дээр яригдаж байгаа гэх юм?
Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь УИХ-н эрх үүргийн асуудал шүү дээ. Би харин өөр нэг өнцгөөс нь хөндөж ярихад улс төрийн намын асуудлын гол зангилаа нь намын дарга байдаг. Манай улсад тухайн байгуулагдсан засгийн газрын тэргүүн нь сонгуульд ялсан намын дарга байдаг жишиг тогтсон. Тэгэхээр яах аргагүй намын даргын суудал нь ерөнхий сайдын албан тушаалд хүргэх боломж мэт харагдана.
үргэлжлэлийг энд дарж уншина уу.