Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн-Монгол”, “JCI-Монгол” Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.
Монгол Улсын Их Хурлаас Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулинд хүүхдийн эрх хамгаалалттай холбоотой бүлэг, зүйл, заалтыг тусган баталсан хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах ажил төдийлөн хангалтгүй байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөх, гэмт хэргийн улмаас хохирох байдал буурахгүй байна.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн 3 жилд гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөж хохирон, 3378 хүүхэд холбогджээ. Гэмт хэргийн 70.1 хувь нийслэлд, 29.9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Тухайлбал, Энэ оны эхний 08 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барж, 290 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 411 буюу 35.0 хувиар, гэмтсэн хүүхэд 120 буюу 29.3 хувиар тус тус буурч, насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 390 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 223 хэргээр буюу 36.4 хувиар буурсан байна.
Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа нь эцэг, эхийн хараа хяналт сул, гэр бүлийнтогтворгүй байдал, салалт болон архидан согтуурах, хувь хүний ёс суртахууны төлөвшил, ухамсарын доголдол, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс гадна хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулах хохирол учруулж буй шалтгаанаас үүдэн гардаг байна.
Иймд “Сүүдэр бүү тусга” арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ, мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах юм.
Мөн Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” арга хэмжээ, сэтгүүлчдийн дунд “Хүүхэд хамгаалал” сэдэвт нэвтрүүлэг, нийтлэлийн уралдаан, эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллагын алба хаагчдад онлайн, цахим сургалтуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.
Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн, аж ахуй нэгж байгууллага, бүх шатны байгууллагын оролцоо, үүрэг хариуцлага нэн чухал бөгөөд хор уршгийг мэдээлэх, таниулах, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм.
Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран ажиллаж, хүргэж буй мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлэхийг Та бүхэнд уриалж байна.