Архи тамхины хэрэглээ нь тухайн хүний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй гэр бүл, нийгмийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, улмаар донтох эмгэг үүсгэдгээрээ их хор уршигтай.
Манай орны хувьд дэлхийн бусад улсуудын адил донтох эмгэг газар авч тоглоомын, бэлгийн, тамхи, архины донтолт ихэсч байгаа нь амьдралын буруу зан үйлээс ихээхэн шалтгаалж байна. Энэ талаар бид ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, Анагаах ухааны доктор Б.Бямбатогтохтой ярилцлаа.
– Архи, тамхины хэрэглээний үр дагавар хүн амд, нийгэмд хэрхэн нөлөөлж байна вэ?
– Согтууруулах ундаа хэрэглэснээр, хэтрүүлэн хэрэглэгч болох, хордох, улмаар архинд донтох эмгэгтэй болно. Мөн манай улсад зонхилон тохиолдоод байгаа халдварын бус өвчлөлийн гол эрсдэлт хүчин зүйл нь архины хэрэглээ. Энэ нь зүрхний титэм судасны өвчин, тархины цус харвалт, хөгшрөлт, чихрийн шижин, элэг, нойр булчирхай, ходоод, улаан хоолойн эмгэг, осол гэмтэл, ургийн гаж хөгжил, оюуны хомсдолтой хүүхэд төрөх шалтгаан болоод байна. Өөртөө итгэлгүй болох, ганцаардах, сэтгэл гутрал, мэдрэлийн системийн өөрчлөлтүүд, нойргүйдэх, тэнэгрэх, дэмийрэх зэргээр хүний сэтгэцэд нөлөөлдөг. Мөн санаатайгаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулсан тохиолдлын 30 орчим хувь нь архидалтаас үүдсэн байдаг. Эрүүл мэнд төдийгүй архи хэрэглэсэн хүний гэр бүлд айдас, хүчирхийлэл, архинаас үүдсэн гэмт хэрэг, осол гэмтэл зэрэг нийгмийг хамарсан сөрөг нөлөө их гардаг. Манай орны хувьд бүртгэгдсэн согтууруулах ундааны хэрэглээг архинд шилжүүлж тооцоход нэг хүнд дунджаар 9 орчим литр архи ногддог. Бүртгэгдээгүй хуурамч архины хэмжээг оролцуулвал энэ тоо өсөх нь тодорхой.
– Архины хэрэглээг бууруулах, архидалтын эсрэг тэмцэх нь өөрөө олон салбарын анхаарах асуудал. Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан энэ асуудалд хэрхэн анхаарах ёстой вэ?
– Тиймээ. Тантай санал нэг байна. Үнэхээр ганцхан цагдаа ч юмуу мэргэжлийн хяналтын хэдэн байцаагч, эрүүл мэндийн байгууллагууд тэмцээд үр дүнд хүрэхгүй гэдгийг нийгэм хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ ажлыг эрчимжүүлэх нилээд ажил хийгдэж байна. Архидан согтуурахтай тэмцэх хуулийг шинэчлэн найруулах, Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэх зэрэг бодлогын чухал баримт бичиг гаргаж байгаа нь салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, архидалтын эсрэг нийгмээрээ тэмцэхэд ихээхэн нөлөөтэй гэж үзэж байна.
Архи хэтрүүлэн хэрэглэх зан үйл нь архинд донтох эмгэг үүсгэж, улмаар удаан хугацааны, өртөг ихтэй, сургалт, зөвлөгөө, хяналт бүхий эмчилгээ шаарддаг, эмчилгээний үр дүн багатай, дахин уух магадлал өндөртэй байдаг. Тиймээс архи хэрэглэх тал дээр асуудалтай хүмүүсийг ДЭМБ-ын аргачлалын дагуу эмнэлгийн анхан шатны түвшинд буюу өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд илрүүлж, эмийн, сэтгэл заслын эмчилгээг хослуулан тасралтгүй эмчилж, хяналтад авах нь чухал. Түүнчлэн гэр бүл, ойр дотны хүмүүсийн халамж, дэмжлэг хамгийн чухал. Хамгийн харамсмаар дүр зураг бол архи хэтрүүлэн хэрэглэгчдийн дундаж наслалт улам бүр залуужиж байгаа. Ер нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг алддаг гэдгийг судалгаагаар тогтоочихсон байдаг.
Архины хамааралтай хүмүүсийн эмчилгээний зорилго нь тухайн хүний архи уухыг зогсоох, буцааж гэр бүл, ажлын, нийгмийн амьдралд оруулахад оршдог ба дор хаяж 1,5 жил шаардагддаг. Эмчилгээ нь архинаас гарах сэтгэл санааны бэлтгэл үе, эмнэлэгт хэвтүүлж эмчлэх үе, архинаас гарсны дараах эмчилгээний үе гэсэн үе шаттай явагддаг.
– Мэргэжлийн хүний хувьд таниас асуумаар байна л даа. Архины хэрэглээний талаар олон л зүйл яригдаж байна. Ер нь яавал “архидалт”-ыг бууруулах боломжтой вэ?
– Энэ бол нийгмийн асуудал. Энэ ч үүднээсээ олон салбарын хамтын ажиллагаа чухал. Хамгийн энгийн бөгөөд эхний авах арга хэмжээ бол архи хэтрүүлэн хэрэглэгчдийг эрт илрүүлэн хяналтад авах, зөвлөгөө өгч, сэтгэл заслын эмчилгээ хийх, гэр бүл, хамт олны орчинд урамшуулан дэмжих хэрэгтэй. Мэдээж архины үйлдвэрлэлийг багасгах, худалдаа, импортыг зохицуулах, хүн амын хэрэглээний соёл, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, сонтууруулах төрлийн ундааны татвар болон үнийн бодлого, хяналтыг чангатгах, архины хатуулгийг бууруулах, зар сурталчилгааны нэгдсэн маркетинг бий болгох гэх мэтчилэн олон ажлыг гол нь үр дүнтэй хийх шаардлагатай юм.
– Эмэгтэйчүүд архи хэрэглэх нь нэмэгдээд л байх шиг. Ер нь бие махбодийн хувьд ямар сөрөг нөлөөтэй байдаг юм бол?
– Эмэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэх нь ургийн гаж хөгжил, ураг зулбах, өсөлтгүй болох, оюуны хомсдолтой хүүхэд төрөх зэрэг хүсмээргүй олон үр дагавруудыг бий болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүй, биологийн онцлогтой холбоотойгоор эрэгтэй хүнтэй харьцуулахад богино хугацаанд архинд донтдог.
– Монгол хүнд архи зохидоггүй гэсэн яриа байдаг л даа. Шинжлэх ухааны талаас нь та уншигчдад сонирхолтой мэдээлэл өгөх байх.
– Тэгэхээр энэ яриаг үгүйсгэж болохгүй л дээ. Хүнд архи задлах Альдегиддегидрогеназа, алкогольдегидрогеназа гэсэн ферментүүд байдаг. Энэ ферментүүдийн хэмжээ монгол хүний цусанд европ хүмүүсийнхээс 3,5 дахин бага байгаа нь тогтоогдсон байдаг. Уг ферментүүдийн идэвхи нь бага байх тохиолдолд спиртийг задлах чадвар багасч спиртийн задралын завсрын бүтээгдэхүүнд хүн амархан хорддог.
– Залуу үе маань архины хор хөнөөлийг гүйцэд мэддэггүйгээсээ архи хэрэглэсээр байгаад “донтох” эмгэгтэй болдог гэдгийг төдийлэн сайн ойлгодоггүй. Та ч түрүүн хэлж байсан архинд донтож байгаа хүмүүсийн дундаж нас улам залуужих болсон гэж. Архины хор хөнөөлийн талаар сургалт, сурталчилгаа явуулж байна уу? Төр засаг, холбогдох яамдын зүгээс энэ төрлийн арга хэмжээнд зориулж төсөв зарцуулдаг зүйл байна уу?
– Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа хэрэглэж эхлэх нас залуужиж, архинд донтох өвчлөл нэмэгдэж байгаа нь сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Нөгөө талаар ТВ, радио, гар утас, интернет зэрэг мэдээллийн суваг, хэрэгслээс гадна уралдаан тэмцээн, баяр ёслолын өдрүүдээр болон аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх нэрийдлээр далд сурталчилгаа хийх арга нь улам нарийсч байна. Мөн зар сурталчилгааны хуулиар 18-аас доош хувийн этилийн спирт агуулсан хатуулаг багатай дарс, шар айргийн зар сурталчилгаа явуулж, түүнд урлаг соёлын, олны танил хүмүүс оролцож байгаа нь хүүхэд залууст муугаар нөлөөлж байна. 2007 оноос тамхины онцгой албан татварын 2 хувийг төвлөрүүлэн Эрүүл мэндийг дэмжих сан байгуулсан. Мөн 2010 оноос Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг төвлөрүүлсэн. 2011 оноос Архидан согтуурахтай тэмцэх сан байгуулан архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувийг төвлөрүүлэн архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг болсон.
– Бусад оронд ямар замаар архидалттай тэмцдэг юм бол?
– Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ганц Монгол улсын асуудал биш, хөгжиж байгаа олон оронд энэ нь анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа юм. 2005 онд хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулганаар татварыг нэмэгдүүлэх, согтууруулах ундаа худалдаалах насны доод хязгаарыг тогтоох, жижиглэнгийн худалдаанд төр оролцох, худалдааны цэг, байршил, өдөр, цагийг хязгаарлах, зар сурталчилгааг хориглох, согтуугаар жолоо барихтай тэмцэх, хэтрүүлэн хэрэглэсэн болон эрсдэлт бүлгийн хүнд зөвлөгөө өгөх гэсэн 10 арга хэмжээг согтууруулах ундаа, түүний хэрэглээний сөрөг үр дагаврыг бууруулахад үр дүнтэй гэж үзсэн байдаг.
– Ирэх оноос эрүүлжүүлэх байр ЭМЯ-ны харьяалалд ажиллахаар болсон талаар Хууль зүйн яам мэдээлж байсан.
– “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын 5.1-д Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллага (цаашид “эрүүлжүүлэх байр” гэх)-д хүлээлгэн өгнө гэсэн заалт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр хуульчилсан байгаа. Жилд дундажаар 130-140 мянган хүн архи уун согтуурч, биеэ авч явах чадваргүй болсон, гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасны улмаас “Эрүүлжүүлэгддэг” гэсэн тоо мэдээ байна. Энэ нь хордлогыг тайлж, эмчлэх гэсэн утгаар бус уг этгээдийг гэмт хэрэг, зөрчилд орох, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх зорилгоор эрхийг албадан хязгаарладаг.
– Тэгэхээр эрүүлжүүлэх төв эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг болно гэсэн үг үү?
– Эрүүлжүүлэх гэсэн нэр томьёо нь зөвхөн архи хэтрүүлэн хэрэглэсэн хүний эрхийг албадан хязгаарлах байдлаар нийгэмд ойлгогддог болсон нь харамсалтай. Хэрэв ийм байр байвал албадан саатуулах газар гэж нэрлэвэл зохилтой. Эрүүл мэндийн байгууллагын хувьд хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон хүний өвчин эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношилох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн, эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагаа болох эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилго чиг үүрэгтэй учир хүний эрхийг албадан хязгаарлах зориулалт бүхий албадан саатуулах байрыг дүүрэг, аймаг бүрт ажиллуулах боломжгүй юм. Иймд бид сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 5.1.3 –д хэвтүүлэн эмчлэх болон эмнэл зүйн, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг сэтгэцийн эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлэгт бий болгох, сургууль хамт олны түвшинд сэтгэл зүйч, нийгмийн ажилтны баг бүрдүүлж ажиллуулах заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
– Тамхины хяналтын хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Тамхины хэрэглээг бууруулахад хэр нөлөөлж байна вэ?
– 2013 оны 3-р сараас эхлэн Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхэлснээр багагүй үр дүнд хүрч байна. Тамхи зарах цэгийн тоо цөөрсөнөөр дуртай газраасаа тамхи аваад татдаг байсан байдал арилсан. Мөн сургуулийн ойр орчимд тамхи зарахгүй байгаа нь хүүхдүүд тамхи ширхэглэн авч тамхийг сонирхон татахаас сэргийлж байна. Нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээний газар, баар цэнгээний газарт тамхи татахыг хориглосон нь дам тамхидалтаас сэргийлж байна. Тодорхой хэмжээнд үүргээ биелүүлж чадаж байгаа гэж үзэж байна.
– Энэ хуулийн ачаар эерэг үр дүн бидний нүдэнд харагдахуйцаар гарч эхэлсэн гэдэгтээ санал нэг байна. Гэхдээ зөвхөн энэ хуулиар тамхидалтыг арилгана гэдэг учир дутагдалтай. Салбарын яамны зүгээс өөр олон л арга хэмжээг авч байгаа байх. Тамхидалтыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад тулгардаг хүндрэл бэрхшээл юу байдаг вэ?
– Тамхи нь эрүүл мэндийн бусад маргаантай асуудлуудаас онцлогтой л доо. Хэрэглэгчдийн хувьд тамхи нь өдөр тутмын хэрэглээ, өргөн худалдаалагддаг ашигтай бараа. Тамхинаас шалтгаалсан өвчнөөр жилд дэлхий дээр 6 сая хүн нас барж байна. 10 тамхичны 8 нь хөгжиж буй оронд амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Тамхидалтын тархалт сүүлийн 20 жилд хөгжингүй оронд буурч, харин ядуу, бага, дунд орлоготой оронд нэмэгдсэн байдаг. Тамхи худалдаалах цэгийн тоо их байх, гар дээрээс ширхэглэн наймаа хийгчид байсаар байх, кино, нэвтрүүлэгүүдээр тамхидалтыг байнга харуулах, тамхичид “Уудаг утаа”-ны хор хөнөөлийг гүйцэд ойлгохгүй байх, олны танил хүмүүс тамхи татах, олон нийтийн газар тамхи татах цэг байхгүй байгаагаас тамхидалтын эсрэг хийх тэмцэлд саад бэрхшээл учирсаар байна.
– Сайн тамхи эсвэл хор багатай тамхи гэж байх уу?
– Аюулгүй тамхи таталтын хэмжээ гэж байхгүй. Нэг ширхэг янжуур тамхинд 1-2 мг никотин байдаг. Уг никотин нь тамхины утааг залгимагц уушгинаас, уураг тархинд 10 сек дотор хүрдэг. Зарим хүмүүс би зөөлөн, шүүлтүүртэй тамхи цөөн татдаг учраас бага хордож байгаа гэж ойлгодог. Тамхины найрлага дахь никотин болон бусад хорт бодисууд тамхины ямар ч шүүлтүүрийг нэвтлэн хүний биед шингэдэг. Шүүлтүүртэй болон бохь багатай байх тусмаа илүү гүн сорох магадлалтай. Зөөлөн гэсэн тодотголтой тамхийг бага никотинтэй гэж ойлгодог нь өрөөсгөл. Энэ нь тамхины хорт чанарыг биш, үнэр, амтыг илэрхийлсэн ойлголт юм.
– Ярилцсанд баярлалаа.