Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв.
Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 99.2 хувьтай байна. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2020-2021 оны өвөл зам, замын байгууламжийн цас мөсний халтиргаа гулгаанд давс 3227 тонн, бодис 4175 тонн нөөцөлсөн” гэлээ.
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, хадгалалт, борлуулалтын цэг нэмж байгуулах талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Шахмал түлшний баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 14 шугам ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн цахилгаан хангамжийн ажил хийгдэж бүрэн дууссан. Бусад бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Угаарын хийн хордлого үүсэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг тодорхойлон ажиллаж байна” хэмээв.
Мөн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл хүргэсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой. Харьяа газар, хэлтэсүүд бодлого гаргадаг ийм системээр бид иргэдийн хүсч байгаа хотыг бий болгож чадахгүй. Цаашид тооцоо судалгаатай, шийдэлтэй асуудал ярина. Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно.
Холбогдох байгууллагууд шат шатандаа асуудлаа хариуцаж ажилла. Тодорхой асуудлуудаа дүүрэг, хороо өөрсдөө хариуцаж ажиллах шаардлагатай. Анхан шатнаасаа эхлээд төрийн ажил тогтвортой явах ёстой. Дүүрэг дүүрэгтээ дүүргийн дарга нарын шуурхай гэж хийдэг больё. Хотын хөгжил гэр хорооллоос эхэлдэг. Тийм учраас тодорхой эрх үүргийг дүүрэг, хороонд нь өгнө.
Мөн эмийн болон хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Эмийн зохистой зөв хэрэглээний бодлого баримтлах шаардлагатай. Бид амжилттай хэрэгжиж байгаа ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд явна” хэмээлээ.