Б.Жаргалан: Энэ өвөл нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажитан цаг уурч Б.Жаргалантай ярилцлаа. 

Арванэгдүгээр сарын эхний хагас нэлээн дулаахан хэмтэй байна. Цаашдаа дунд болон сүүл хагастаа ямархуу төлөвтэй болох вэ?

-1980-2019 оны олон жилийн дунджаар арваннэгдүгээр сарын тавны үеэс эхлэн баруун, төв, зүүн зүгийн нутгаар хасах температур луугаа орж эхэлдэг бол энэ сарын 15-наас хойш буюу сарын сүүлийн хагастаа хасах арван градусаас доош орж хүйтэрдэг. Энэ жилийн хувьд сарын эхний хагас олон жилийн дунджийн орчим байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр агаарын дундаж температур Завханы ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр болон Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, төв аймгийн хойд хэсэг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Алтайн уулархаг нутаг буюу Баян-Өлгийн ихэнх Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй байна.

Энэ жил өвөлжилт хэр хүндрэх төлөвтэй байна вэ. Иргэд маань юунд анхаарах хэрэгтэй байна вэ?

Манайхаас гарсан урьдчилсан төлөвөөр арваннэгдүгээр сард Хангайн уулархаг нутаг болон Орхон сэлэнгийн сав газраар, арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэнтийн нуруу, Дорнод Монголын тал нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар олон жилийн дунджаас 1,0-1,5 градус хүйтэн байх бол нэгдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Өнгөрсөн зуны хувьд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар бороо хур харьцангуй бага орсон байгаа. Үүнтэй холбоотойгоор өвөл, хаврын бэлчээрийн даац дээрх аймгуудад хэтэрч гарсан байгаа юм. Мөн тус аймаг, нутгуудаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул малчид, ард иргэд цаг агаарын мэдээг тухай бүрт нь харж урьдчилан хадлан тэжээлээ бэлтгэн авах шаардлагатай.  

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас танилцуулна уу?

-Өнөө маргаашдаа буюу 9,10,13-нд Монгол Алтайн уулархаг нутгаар, 11-нд Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи энэ сарын 9-13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэн зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутаг Завхан голын эх, Хүрэн бэлчир , Туул Тэрэлж голын сав газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 3-8  градус дулаан байх төлөвтэй байна.

Танай хүрээлэнгээс эдгээр урьдчилсан цаг агаарын мэдээллийг хэрхэн гаргадаг вэМонгол орны хэмжээнд хэдэн цаг агаарын станцууд ажилладаг вэ?

-Ус цаг уурын байгууллагаас Монгол орны хэмжээнд 300 гаран станц, харуул дээр агаарын температур, хур тунадас, агаарын чийгшил, салхины зүг хурд, агаарын даралт зэрэг цаг уурын хэмжигдэхүүнүүдийг хоногт 4-8 удаа ажиглалт судалгааг хийдэг. Эдгээр ажиглалтын мэдээнд тулгуурлан агаар мандлын физик болон математик процессуудыг үнэлж анализ хийн, том хэмцээст агаар мандлын процессуудыг дэлхийн хэмжээний динамик болон статистик загваруудыг ажиллуулж, тухайн загваруудын үр дүнгээр агаар мандалд ажиглагдаж буй үзэгдэл хэзээ, хаашаа хэрхэн шилжихийг маш өндөр хүчин чадалтай компьютерийн тусламжтайгаар тооцоолон гаргадаг.

Сүүлийн үед дэлхийн дулааралтай холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Үүнд хамигийн их юу нөлөөлж байна вэ?

-Ерөнхийдөө Дэлхийн дулаарал гэдэг нь Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлнэ. Агаарын дундаж температур сүүлийн хэдэн арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжилнэ гэж үзэж байгаа. Энэхүү дулаарал нь хүний буруу үйл ажиллагаа, техник аж үйлдвэржилт ихэссэнтэй холбоотойгоор агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж байгаатай холбон тайлбарладаг. Байгалийн бусад хүчин зүйлүүд буюу нарны энергийн өөрчлөлт, галт уулын дэлбэрэлт мөн бага хэмжээний нөлөөлж байгаа гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг.

Байгальд үзүүлж буй хүний хүчин зүйлтэй холбоотой цаг уурын өөрчлөлт гарсан тохиолдол байгаа юу?

-Дэлхийн дулааралтай холбоотой цаг агаарын үзэгдэл элементэд өөрчлөлт орсон хэд хэдэн тохиолдол байдаг. Жишээлбэл зүс бороо буюу олон хоног үргэлжилж ордол бороо сүүлийн жилүүдэд багасч, харин нэг дор их хэмжээний гэнэтийн аадар бороо орох тохиолдол нэмэгдсэн. Мөн гамшигт үзэгдлийн давтагдал буюу салхи шуурганы давтагдал нэмэгдэж байна.

С.Отгонбаян

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …