Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан: Нэгдүгээрт, бүх нийтийн хөл хориог тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Бид шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалтуудыг хийх замаар одоогийн байгаа дэглэмээ мөрдөж ажиллана. Тэгэхдээ аж ахуй нэгж байгууллага, иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхдээ өөрсдөөс гарах бүхий л арга зам дээр анхаарч ажиллах шаардлагатай.
Хоёрдугаарт, вакцинжуулалтын ажлыг маргаашаас өргөн хүрээтэй эрчимжүүлж эхэлнэ. Нийт 85 цэгт 16-20 мянган иргэнийг вакцинжуулах ажил хийгдэнэ. Дөрөвдүгээр сард багтаж нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг дархлаажуулж дуусна. Вакцинжуулалтын ажлыг аюул, эрсдэлгүй, өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг даалгавар өгсөн байгаа.
Гуравдугаарт, халдвар хамгааллын дэглэмийг сахих, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр холбогдох байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө хүргүүлнэ. Мөн зохион байгуулалт дээр анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Дэглэм журам сахихгүй, иргэдийг эрсдэлд оруулж байгаа байгууллагууд бий. Тэдгээр байгууллагуудад холбогдох хууль журмын хүрээнд хатуу хариуцлага тооцох шаардлагатай гэж үзлээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ үр дүнгүй болсон гэдэг шүүмжлэлүүд ард иргэдийн дунд байна. Энэ арга хэмжээний үр дүн тодорхой гарсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хөл хорио тогтоож энэ арга хэмжээг зохион байгуулаагүй бол өнөөдрийн халдварын тоо 6500 хүрэх буюу өнөөдрийн халдвар авсан иргэний тооноос хоёр дахин их байх эрсдэлтэй байсан. Бид голомтыг хумьж 37 нуугдмал голомтыг илрүүлж тандалт судалгааны ажлуудыг хийж байгаа. Өнөөдрийн гарч байгаа халдварт ихэнх нь тэдгээр голомтуудаас илэрсэн байгаа.
Дөрөвдүгээрт, олон нийтийг хамарсан урлаг соёлыг тоглолт, үзвэр үйлчилгээний үйл ажиллагааны цагийн хуваарилалт, шаардлагатай зохион байгуулалтыг хийх эрх үүргийг Нийслэл, аймаг орон нутгийн удирдлагуудад өгч байна. Тухайн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж ямар зохицуулалтыг хийх үү гэдгийг анхаарч ажиллах.
Тавдугаарт, Хотоос орон нутаг руу чиглэх иргэдийг тухай орон нутаг өөрсдөө эрсдэлийн үнэлгээ хийж зорчигч хүлээн авах, үгүйг шийдвэрлэнэ. Очсон хойно нь эрсдэл үүсгэхгүй байх тал дээр өөрсдөө хариуцлагатай зохион байгуулна. Энэ хүрээнд хот хоорондын зорчигчдыг нийслэлээс гарах, гарахгүй гэдэг хязгаарлалтыг хийхгүй.