Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэсэн тусгай дугаарынхаа ярилцлагын зочин хойморт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг урилаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо учран золгож байна. Энэхүү түүхэн цаг хугацааны аль хэсгээс таны цэргийн хүн болох гараа эхэлсэн талаар яриагаа эхлэх үү?
-Миний хувьд 1990 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн наймдугаар дунд сургуулийг дүүргээд тэр үеийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн холбооны курст шалгалт өгч тэнцсэнээр Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбох эхлэл тавигдсан юм. Цэргийн нэгдсэн дээд сургууль тухайн жил хамгийн өндөр оноо авсан таван сонсогчийг ЗХУ-д сургахаар болж, түүнд багтан Тамбовын Химийн хамгаалалтын командын цэргийн дээд сургуульд суралцаж төгссөн. Мэргэжил сонгоход яах аргагүй 10 жилийн сургуулийн маань онцлог нөлөөлсөн. Тодруулбал, Зөвлөлтийн 8 дугаар сургуульд тухайн үед Монголд байрлаж байсан Зөвлөлтийн 39 дүгээр армийн цэргийн алба хаагчдын болон манай Зэвсэгт хүчний офицеруудын хүүхдүүд суралцдаг, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтуудыг түлхүү оруулдаг байсан нь манай сургуулийн онцлог байв. Тэр үүднээсээ бидэнд 8 дугаар ангиас эхлээд буудлага, жолоодлогын хичээл ордог байлаа. Бас тухайн үед орос хүүхдүүд 8 дугаар ангиа төгсөөд Суворовын сургууль, цаашлаад Цэргийн дээд сургуульд орно гэсэн маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг байв. Энэ бүхэн миний цэргийн хүн болох сонголтод нөлөөлсөн. Ер нь бол нисгэгч болох уу, цэргийн хүн болох уу гэдэг зааг дээрээс сонголтоо хийсэн. Аав ээжийн минь нөлөө ч байсан. Дотооддоо гэхээс илүү гадаадад, тэр тусмаа ЗХУ-д сурч, боловсрол эзэмших нь цаашдаа амьдралд хэрэгцээтэй гэдэг талаас нь дэмжсэн. Ингэж л Зэвсэгт хүчин хэмээх энэ том айлын халуун ам бүлд багтаж, Зэвсэгт хүчний эд эс бүрийг сонсогчоос нь эхлээд өнөөгийн албан тушаалд хүртэл мэдэрч явна. Эргээд харахад аль хэдийн 30 жил болчхож. Цаг хугацаа хурдан юм даа.
Нисгэгч үү эсвэл цэргийн хүн болох уу гэдэг зааг дээрээс хийсэн сонголт тань одоо эргээд харахад хэр мэргэн сонголт байж вэ? Таны өнөөдрийн энэхүү амжилтыг хараад үнэхээр оновчтой сонголт хийж дээ гэж би хувьдаа бодож суулаа?
-Мэргэжил бүхэн сайхан. Ажил албаны хувьд хүрсэн амжилтаа бодвол миний сонголт мэргэн байжээ гэж харж байна.
Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож буй түүхэн цаг хугацаанд та ЗХЖШ-ын даргын албыг хашиж байна. Нэг талаасаа асар их хариуцлагатай нүүр тулж байгаа ч нөгөө талаас нь харвал бахархалтай. Энэ тухайд танд юу бодогдож байна вэ?
-Зуун жил гэдэг бол том ой. Энэхүү түүхэн цаг хугацаа, үйл явцад бид ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ зөвхөн Монголд гэлтгүй бусад улс оронд харуулах нь чухал. Миний хувьд ЗХУ-д суралцаж байхдаа тус улсын задарч байхыг ч, сайхан байсан үеийг нь ч харсан. Дараа нь төр, засгийн буянаар гэх үү, хувь заяагаар гэх үү БНХАУ, АНУ-д суралцлаа. Гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэлээ. Энэ болгоноос эргээд харахад монгол хүн, тэр тусмаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч гэдгээрээ би бусдаас ямагт дээгүүр байна гэсэн суурь үзэл бодлоор хурцлагдаж бас хөглөгдөж явдаг байлаа. Ер нь цаг ямагт хөгжиж дэвшихийг хичээж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч, ЗХЖШ-ын дарга гээд аль ч өнцгөөс харсан бусдаас нэг алхам түрүүлж явахыг хичээдэг. Энэ утгаараа ч Зэвсэгт хүчин гэдэг айлын хуулиар хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой асуудлуудад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Зөвхөн бэлэн байдалтай холбоотой гэлтгүй офицер, ахлагч, энгийн ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн халамж, цэргийн хэргийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, товчхондоо хувь хүнээ хөгжүүлэхийг чухалчилдаг. Аливаа байгууллагын хөгжил хувь хүний хөгжлөөс шууд хамаардаг учраас тэр шүү дээ. Ер нь Зэвсэгт хүчнээ яаж хөгжүүлэх вэ гэдэг бол маш том хариуцлага байдаг юм.
Үүнтэй уялдуулан нэг зүйл дурдахад бид энхийг сахиулах ажиллагаанд оролцон тэргүүлэгч гүрнүүдийн цэргийн алба хаагчдын дунд өөрийнхөө байр суурийг эзэлснээр хөгжлийн тодорхой түвшинд хүрч чадсан, үүнийгээ улам хөгжүүлэх нь чухал. Зэвсэгт хүчин гэдэг айлд өнөө үеийн цэргийн хөгжил, цэргийн урлаг, цэргийн шинжлэх ухаантай холбоотой бүх зүйлийг шингээгээд хөгжил дэвшлийн төлөө хамтдаа урагшлах нь гол зорилго юм. Техник технологийн ололтуудыг ашиглаад одоо байгаа зэвсэг, техникүүдийн боломжийг дээшлүүлж, сайжруулах чиглэлээр манай цэргийн алба хаагчдаас шинэ бүтээлч сэтгэлгээ гардаг юм байна гэдгийг өнгөрсөн жил бүх нэгтгэл, ангиудын удирдлагад өгсөн үүрэг чиглэлийнхээ үр дүнгээс харсан. Ийм боломж байгаа нь зэвсэг, техникийг шинэчлэхтэй холбоотой хүмүүст урам өгсөн байх гэж найдаж байна.
Хариуцлагын тухайд яривал, Зэвсэгт хүчний бэлэн байдлыг аль болох нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана. Үүнтэй уялдуулаад бүтэц, зохион байгуулалтын ажлыг хийгээд дууссан, бодлогын гол гол баримт бичгүүдийг боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан, хууль, эрх зүйн орчин улам боловсронгуй болсон, төрлийн цэргүүд нэмэгдсэн. Тэгэхээр энэхүү түүхэн цаг үед эдгээр ажлаа төлөвшүүлэх, хувь хүнээс эхлээд бүтэц, зохион байгуулалтын нэгж бүр дээр ажлын уялдаа холбоог хангаж, бодлогоо хэрэгжүүлэх нь миний үүрэг, хариуцлага юм даа.
Ингэхэд ЗХЖШ-ын даргаар томилогдох агшинд танд хамгийн түрүүнд юу бодогдож байв, ажлаа юунаас эхэлсэн бэ?
-ЗХЖШ-ын даргаар томилох тухай санал гарах үйл явцаас эхлээд ер нь юу болж байгаа билээ гэж эргэж бодох асуудлууд гардаг юм байна лээ. Ажлын туршлагаа харвал, би ЗХЖШ-ын даргаар ажиллаж чадна гэж бодож, өөртөө итгэлтэй байсан. УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо болон УИХ-аар орж хэлэлцэгдэх, улмаар Ерөнхийлөгчийн зарлиг гарах гээд олон даваа байдаг. Эдгээр шат болгонд холбогдох хүмүүсийн өгч байсан санаа оноо, чиглэл үүргүүдийг эргээд тунгааж бодсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд бүтээн байгуулалтын ажил бол танай Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжлийн гол эх үүсвэр шүү, үүнийг ажил хэрэг болгоорой. Зэвсэгт хүчний үйл ажиллагааг жигд авч явах асуудлаа надаар хэлүүлэлгүй мэдэх байлгүй гэсэн чиглэлийг өгсөн.
Төмөр замын бүтээн байгуулалт бол бидний үндсэн үйл ажиллагаатай нэг их хамааралтай биш мэт боловч цаад гол санаа нь Зэвсэгт хүчинтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг гаргаж ирж байгаа юм. Зэвсэгт хүчний Хөгжлийн сан энхийг дэмжих ажиллагаа, гадаадын зээл тусламжид үндэслэж, эх үүсвэрээ бүрдүүлдэг. Саяхан Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бүтээн байгуулалтын ажилд оролцсон хөрөнгө оруулалт эргээд дээрх Хөгжлийн санд төвлөрөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг эргээд яривал, 2017 оны намраас хойш төлөвлөлтийн бүх ажлыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар хийж байсан. Туршуулын ажил, төлөвлөлтийн тооцоо гээд бүх ажлыг хийж байсан болохоор сэтгэлд багтаж байлаа. Мөн зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулах юм байна гэдгээ ч олж харсан.
Зуун жилийн түүхтэй энэ айлд өөрийн гэсэн дүрэм журам, соёл угаасаа тогтчихсон, үйл ажиллагаа жигд явах бүрэн боломжтой байсан. Тэр ч утгаараа би бүтцийн нэгжүүдийн дарга нартаа итгэсэн. Угаасаа ч бид бие биеэ мэднэ. ЗХЖШ-ын орлогч болон нэгдүгээр орлогч дарга нар юу хийхээ надаар хэлүүлэлгүй мэдэх учраас гол анхаарлаа яалт ч үгүй төмөр замын бүтээн байгуулалтад хандуулсан. Тэгээд явцын дунд бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой ажлууд хийгдээд явсан.
Ажлаа юунаас эхэлсэн тухайд тодотговол, ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан, амьд сэрүүн ахуй бүх хүнтэй уулзаж, хүндэтгэл үзүүлэн тэдний туршлага сургамжийг нь сонссон. Тэр болгонд өөрийн дүгнэлтээ хийсэн. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн өгсөн чиглэлүүдийг эргэцүүлэн харьцуулж, ажлаа эрэмбэлэхээс миний ажил эхэлсэн. ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Ц.Бямбажав, Д.Даваа болон хошууч генерал А.Ганбат гээд үе үеийн дарга нар маань туршлага сургамжаасаа харамгүй хуваалцсан. Мөн А.Сүхбат генерал орлогчоор ажиллаж байлаа. Энэ ч утгаараа ажил албаны нөхцөл байдлын талаар маш сайхан тайлбарлаж, түшиг тулгуур болж байсан. Эдгээр дарга нарынхаа итгэлийг хүлээсэн аз завшаантай хүн гэж би өөрийгөө хардаг. Эдгээр хүмүүсийн сургамж, зөвлөгөөг шийдвэр гаргах бүрдээ эргэн харж, аливаа асуудалд аль болохоор хөрсөнд буусан оновчтой шийдвэр гаргахыг хичээж байна.
Таныг ажил авахад Зэвсэгт хүчинд тулгамдсан, нэн тэргүүнд шийдэх шаардлагатай ямар асуудал байсан бэ?
-Ер нь манай салбарт тулгамддаг гол асуудал бол төсөв, тэгээд эрх зүйн орныг боловсронгуй болгох явдал байдаг. Энэ хоёртой уялдаатай гол асуудлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Төсвийн хувьд жилийн эцэс байсан болохоор тухайн жилийнхээ төсөв, төсвийн зарцуулалт, жилийн эцсийн тайлан зэрэгтэй холбоотой асуудлуудыг чиглүүлэх нь ойлгомжтой. Төсвийн төсөөллийг цаг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлж, төсвийнхөө асуудлуудыг шийдүүлэх гол зорилго агуулсан. Эрх зүйн хувьд та бүхэн мэдэж байгаа 2019 онд Кибер төв нээгдсэн байсан. Засгийн газрын тогтоолоор явж байсан үйл ажиллагааг нь хуульд зааж албажуулах, Тусгай хүчнийхээ асуудлыг оруулах гээд эрх зүйн орчныг төгөлдөржүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, БХЯ гээд бүх талаас маш сайхан дэмжлэг авсан. Төрийн залгамж халаа гэдэг үүднээс ажил явахад хялбар байлаа.
Ер нь түүхэн талаасаа аваад үзсэн ч 1921 онд Ардын журамт цэрэг байгуулагдсанаас эхлээд үе үеийн бүх л удирдлагын хүмүүс Зэвсэгт хүчин хэмээх энэ айлыг хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулж ирсэн. Тиймээс ахмад үеийнхнийхээ бий болгосон хөгжлийн суурь, ажлын үр дүнд тулгуурлан Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, бие бүрэлдэхүүнээ дадлагажуулах, бэлтгэх асуудал миний үүрэг.
Ер нь Зэвсэгт хүчний ирээдүйн өнгө төрх, хөгжил дэвшил хэрхэх нь өдгөө энэ их айлын халуун тогоонд “буцалж” яваа хэн бүхнээс шууд хамааралтай. Та ч дээр хувь хүний хөгжлийн тухай дурдлаа. Тэгэхээр цэргийн алба хаагчдаа хөгжүүлэх, дадлагажуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн ямар бодлого барьж байна вэ?
-Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн бүхний нийгмийн асуудлыг шийднэ гэвэл бидний нөөц боломж үнэхээр хомс. Үүнийг хүн бүхэн сайн ойлгож байгаа байх. Тэгэхээр алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд тэднийг хувийн зөв зохион байгуулалттай, цаг хугацааг удирдаж чаддаг болооч гэдгийг л би нэн тэргүүнд чухалчилж байгаа юм. Хувийн болон албаны ажлаа төлөвлөчихдөг, төлөвлөсөн ажлуудаа хийгээд дадчихад л болох юм. Энэ бол маш хялбар зарчим. Ингэснээр хувь хүн нийгмийн асуудлаа өөрөө шийдэх боломжтой.
Манай цэргийн алба хаагчид дарга үүрэг өгсөн бол тэрийг нь л биелүүлнэ гэсэн байр сууринаас ханддаг. Илүү үйлдэл хийдэггүй. Идэвхтэй, санаачилгатай залуус байгаа, удирдах албан тушаалтнууд ч бий. Шинийг санаачилдаг, ажлаа улам хөгжүүлье гэсэн алба хаагчдын тоо миний хүссэн хэмжээнд байгаагүй. Иймд юуны өмнө бүх бие бүрэлдэхүүн ажил, амьдралынхаа зорилгыг тодорхойлох чадалтай болцгооё, зорилгодоо хүрч, зорилтоо биелүүлэхийн тулд амьдралын болоод албаныхаа төлөвлөгөөг уялдуулаад гаргачих тэнхээтэй болцгооё. Ингэснээр хувь хүн өөртөө болон албандаа зарцуулах цаг хугацаагаа ч зөв төлөвлөөд сурчихна. Үндсэндээ цагийн менежменттэй болчихвол залуус маань маш олон том зорилго зорилт, боломжид хүрэх боломжтой. Хувь хүний хөгжил талаас нь хандаж нийгмийн асуудлыг нь шийдэх, өөрсдийгөө дайчилж, хөгжүүлдэг, нийгмийнхээ асуудлыг шийдвэрлэх чадвартай боловсон хүчинтэй болох хүсэлтэй явж байна.
Та бол энхийг сахиулах ажиллагааны шанг таталцсан хүмүүсийн нэг. Энэ тухай товч дурдахгүй юу?
-Анх 2002 онд Баруун Сахарт цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэхээр дэд хурандаа Д.Өлзийбаярын (хурандаа) хамтаар явж байлаа. Дөнгөж анх удаа явж байгаа учраас хаашаа яваагаа ч мэдэхгүй, очих газрынхаа визийг ч авалгүй онгоцонд суугаад туучихсан. Тэгээд Оросын хилээр гарсан боловч Францын хилээр гарч чадалгүй гацсан гээд хөгтэй, ээдрээтэй, адал явдалтай замыг туулж байлаа. Баруун Сахарт очсоны дараа Чингисийн Монгол гээд маш сайхан хүлээж авах нь ч байсан, сонжиж гайхах нь ч байсан. Харин одоо бол монгол цэргүүдийг дэлхий мэддэг болсон, тэргүүлэгч гүрнүүдийн дунд бид байр сууриа олж чадсан.
Зэвсэгт хүчний гуравхан рейнжерийн анхдагч нь та. Рейнжер хэмээх энэхүү томоохон тодотголын эзэн болсон талаараа дурсвал?
-Анх 2002 онд АНУ-ын Армийн явган цэргийн үндсэн дамжаанд суралцаад төгсөх тийшээ хандаж байтал Монголд суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Рейнжерийн хуваарь гарч байна. Дараагийн сургалтад хамрагдах боломж, хүсэл байна уу гэж лавласан. Тэгээд л үзээд алдахаар шийдсэн. Рейнжер гэдэг нь Америкийн сургалтын тогтолцоонд бол хамгийн сайн удирдагчийн дамжаа л даа. Тухайн үед би яахаараа үүнийг удирдагч, манлайлагчийн сургууль гэдэг юм бол, хүнийг ингэтэл нь тамлан зовоож, маш хүнд байдалд оруулахын хэрэг юу байна вэ гэж боддог байлаа. Дараа нь эргээд бодоход үнэхээр тухайн хүн сэтгэл зүй, бие бялдрын хувьд бүх юмаа шавхчихсан байхдаа өөрийгөө удирдаад зөв шийдвэр гаргаж чадаж байна уу гэдгийг л хардаг байсан юм билээ. Үнэхээр өөрийгөө танин мэдэх хамгийн том шалгуур байсан. Бас “Рейнжер” гэсэн тэмдэг бол маш олон хаалгыг нээж өгдөг давуу талтай.
Та шат шатны сургууль дамжаанд суралцсан, тэр хэрээрээ зохих албан тушаалуудад ажилласан. Энэ бүхнээс танд хамгийн их дадлага туршлага үлдээсэн нь аль вэ?
-Салааны даргаас эхлээд бүх шатны албан тушаал өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн сургамж, туршлагыг өгдөг. Тэгэхээр албан тушаал бүр тухайн хүнийг хөгжүүлэх, мэдлэг туршлагыг нь баяжуулахад маш чухал. Аль нэгэн албан тушаалыг голох хэрэггүй, тэр бүхэн хувь хүнийг хөгжүүлдэг. Миний хувьд ч ажиллаж байсан албан тушаал бүрээсээ туршлага сургамжийг хуримтлуулсаар ирсэн. Одоо ч хуримтлуулсаар л явна.
Таны хэзээ ч эвлэрдэггүй зүйл юу вэ?
-Хэлсэндээ хүрэхгүй байхтай эвлэрэхэд маш хүнд. Хэлсэндээ хүрээгүй шалтгаанаа тайлбарлаж хэлэх чадалтай бол бас нэг өөр. Хүний хийсэн хөдөлмөрийн үр шимийг хийгээгүй нэг нь хүртэхтэй хэзээ ч эвлэрэхгүй. Хэн нэгэн зүтгээд байдаг, түүнийх нь үр шимийг өөр хэн нэгэн хүртээд байх үнэхээр муухай. Яагаад ч сэтгэлд нийцэхгүй. Бас тухайн хүн ажлаа хийхдээ хувь хүнийхээ хувьд бүх хүчин чадлаа дайчилж чадаж байна уу, үгүй юу гэдэг надад хамгийн чухал. Өөрт байгаа боломж чадавхаа 100 хувь дайчлахгүй хүнтэй бас эвлэрэхгүй.
Ховорхон олдох цаг хугацааг юунд зарцуулдаг вэ?
Гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Миний ажлыг гэр бүлийнхэн маань маш сайн ойлгож дэмждэг. Үр бүтээлтэй ажиллах боломжийг тэд маань бүрдүүлж байгаа. Тийм учраас ээждээ, гэргийдээ, хүүхдүүддээ талархаж явдаг.
Эрч хүчээ сэлбэдэг зүйл юу вэ?
-Гэр бүл, ажлын хамт олноосоо эрч хүчээ сэлбэдэг. Тэр ч утгаараа би өглөө ажилдаа ирэхдээ, орой гэр рүүгээ явахдаа сэтгэл дүүрэн жаргалтай байдаг. Би хамт олондоо ч хэлдэг. Та бүхэн нуруу тэнэгэр, нүүр дүүрэн баясгалантай яв гэж. Ямар хүн тэгж явах вэ гэхээр ажлаа сайн хийчихдэг, хувийн болоод хувьсгалын ажлаа зөв зохицуулчихдаг, цагийн менежмент сайтай хүн л тэгж алхана шүү дээ. Харагдах хэлбэр талаас нь хэлж байгаа хэрэг биш, ажлаа сайн хий, чадалтай байгаарай гэдгийг л хэлээд байгаа юм. Гэхдээ хүмүүстээ урам хайрлах, тэтгээд явах нь миний хариуцлага, хүлээж байгаа нэг үүрэг.
Ярилцлагынхаа төгсгөлд та юу хэлэх вэ?
-Монгол Улсын төлөө зүтгэе.
Эх сурвалж: “СОЁМБО” СОНИН,
АХМАД Д.МЭНДБАЯР