Р.Оюунханд: Улсын хэмжээнд 39 мянга гаруй ахмад хэвтэрт, асаргаа сувилгаанд байдаг

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн аравдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Энэ аяны хүрээнд хийсэн ажлуудын талаар Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Оюунхандтай ярилцлаа.

???????????????????????????????– Салбарын яамнаас 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Та аян зарлагдах үед багагүй ажил хийхээр төлөвлөсөн гэж хэлж байсан л даа. Тэдгээр ажлуудын үр дүн гарч эхэлсэн байх? 

– 10 дугаар сард эрүүл мэндийн чиглэлээр дэлхийн хэмжээний зургаан өдөр тэмдэглэгдэж, олон ажлууд явагддаг ч энэ дотроос өвөрмөц хэрэгцээ шаардлагатай, тулгамдсан асуудал ихтэй байгаа ахмадын эрүүл мэндийн асуудлыг онцгойлон авч үзэж, тусгайлан сарын ажил болгон явуулсан нь Эрүүл мэндийн яам настны эрүүл мэндийн асуудалд ихээхэн анхаарч байгаагийн илрэл болсон. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны 356 тоот тушаалаар анх удаа жил бүрийн X сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Энэ сарын хүрээнд настны хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, настанд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, настанд тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх, хүнд өвчтэй настанд үзүүлэх тусламж үйлчилгээ, бодит тусламжийг нэмэгдүүлэх, насжилтыг дэмжих сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх гэсэн нийт таван үндсэн чиглэлийн 20 ажлыг хийхээр төлөвлөсөн. Эрүүл мэндийн яам, манай төв, бусад төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд хийж гүйцэтгэх 15, Аймаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр таван ажил төлөвлөсөн юм. Эдгээр ажлуудаас 4 ажил хэрэгжилтийн хувьд урт хугацаа шаардлагатай тул одоогоор үргэлжлэн хэрэгжиж , бусад нь хэрэгжиж дууссан байгаа.

– Ахмад настнуудын дунд түгээмэл тохиолддог өвчний үед тусламж үйлчилгээг сайжруулахын тулд ямар арга хэмжээг авав? 

– Манай төв харъяалал харгалзахгүйгээр настанд амбулаторийн үзлэг оношилгоог хийдэг. Энэ сард бид 1066 настанд үзлэг хийж, оношилгоо шинжилгээг 1328, урьдчилан сэргийлэх үзлэгийг 712 настанд хийж, гэрийн идэвхтэй үзлэгт 103 настанг хамруулсан байна. Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь ганцхан Геронтологийн үндэсний төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээгээр хязгаарлагдахгүй нийт Эрүүл мэндийн байгууллагад хамааралтай. Тиймээс манай төв лавлагаа үйлчилгээ үзүүлдэг төвийн хувьд “Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ”-ний шинэ загварыг нэвтрүүлэх ажлыг Улсын 3-р төв эмнэлэг, БГД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ тусламж үйлчилгээ нь настан хүнийг эмнэлэгт хэвтэн гарснаас эхлэн 3 сарын хугацаанд хийгдэх тусламж үйлчилгээг зохион байгуулалттай, чанартай, тасралтгүй үзүүлэхэд чиглэсэн “Архаг өвчний менежмент”-ийн хүрээнд хийгддэг үйлчилгээний шинэ хэлбэр юм. Бид энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах удирдамжийг боловсруулан настны эрүүл мэндийн төлөвлөгөөний загварыг шинээр хийж, үйл ажиллагааг явуулах эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Улаанбаатар хот Хэнтий аймагт дөрвөн удаа зохион байгуулж, тус үйлчилгээг нэвтрүүлэх ажлаа эхэлж байна.

– Ахмадуудад хамгийн ойр ажилладаг нь өрхийн эмнэлгүүд байдаг. Өрхийн эмнэлгүүд дээр эмч болон үйлчлүүлэгч нарын аль алинд нь зориулсан ямар үйл ажиллагаа зохион байгуулав уу? 

– Геронтологийн үндэсний төвөөс 10 дугаар сард гериатр, мэдрэл, дүрс оношилгоо, арьс харшил, уламжлалт анагаахын зэрэг төрөлжсөн мэргэжлийн таван эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтны бүрэлдэхүүнтэй багийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж, нийт 712 настанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хийсэн. Мөн эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлгийн буюу хэвтэрт, байнгын асаргаа сувилгаанд байдаг настнуудад гэрээр тусламж үйлчилгээг үзүүлсэн.

– Хөдөө орон нутгийн ахмадуудад эмнэлгийн болон нийгмийн тусламж үйлчилгээ хүрэхдээ тааруу байдаг нь нууц биш. Тэдэнд хүрсэн ямар ажил хийв? 

– Манай байгууллагын жилийн төлөвлөгөөт ажлын дагуу 21 аймгийн настнуудад эрүүл насжилт, эрүүл аж төрөх дадал төлөвшүүлэх сургалт зохион байгуулахаас гадна төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Харин сарын ажлын хугацаанд Булган аймгийн Хишиг-Өндөр, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд, сумдын 148 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан “Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх тусламжийг бэхжүүлье” сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтаар сумын түвшинд ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд настанд үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө хийх онцлог байдлыг багтаасан үзүүлэх сургуулийг явуулж, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарлаа. Ингэснээр хөдөөгийн настанд хүргэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах болно. Мөн тухайн сумдын ЗДТГазартай хамтран настнуудад зориулан “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” сургалтыг зохион байгуулж, “Агаарт хэмнэл” дасгалыг зааж сургасан.

– Хэвтэрт байдаг ахмадуудаа бүртгэлжүүлж, илүү анхаарал тавина гэдгээ та бүгд хэлж байсан. Энэ тооцоо судалгаа гарсан уу?

– Хүний эрүүл мэндийн байдлыг 5 бүлэг болгон ангилдаг юм. Эрүүл мэндийн IV, V бүлгийн настнууд маань хүний асрамжинд хэвтэрт байдаг, өвчин нь хүндэрсэн байдаг учраас тэдний талаар нарийвчилсан судалгаа гаргасан. Судалгааг улсын хэмжээнд явуулахад IV бүлгийн нийт 29600 настан байгаагаас хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 12576, эмэгтэй-17024 байгаа юм. Харин V бүлгийн нийт 9403 настан байгаагаас хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 3927, эмэгтэй 5476 байна. Улаанбаатар хот бүх аймагт эдгээр настанд гэрээр нь үзлэг хийж, шаардлагатай асаргаа сувилгааг хийх, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Цаашид ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

– “Гэрийн асрагч”-ийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах ажил ямар шатандаа явж байна? 

– Геронтологийн үндэсний төвөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өвөрмөц хэрэгцээг тодорхойлох судалгааг явуулсан. Үүний үр дүнд тулгуурлан “Гэрийн асрагч”-ийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, мэргэжлийн ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулсан байгаа. Одоогийн байдлаар Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй хамтран баталгаажуулах, бүртгүүлэх ажлыг хийж байна.

– Аяны хүрээнд олон ахмадуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байх. “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” хэлэлцүүлгийг ч хийж байсан. Ахмадууд маань та нараас юуг илүүтэй хүсч байна?

– Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” хэмээн тэмдэглэдэг л дээ. Энэ жилийн хувьд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан уриалгын дагуу “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” сэдвийн дор ахмадуудын төлөөллийг урин үнэтэй үг сургаалыг нь сонсон, тэдэндээ тулгамдаж буй асуудлын талаар хамтран хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт хөдөөгийн настнуудын оролцоог хангах зорилгоор ахмадын болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэлэлцүүлгийг орон нутагт нь зохион байгуулж, саналыг манай төв хүлээн авч нэгтгэсэн. Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон ахмадууд өөрсдийнхөө олон жилийн турш хуримтлуулсан ажлын туршлага мэдлэгийг залуу үеийнхэндээ өвлүүлэх, залуу үеэ архи тамхинаас хол эрүүл зан үйлээр амьдрахад сургах, ахмадууд өөрсдөө биеэрээ үлгэрлэх, төрөөс ахмадуудад тохирсон ажлын байрыг гаргах, настнуудад зориулсан телевизийн мэдээллийн сувагтай болох, сум бүрт ахмадын хөгжлийн төв байгуулах зэрэг нийгмийн олон талт асуудлуудаар хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж байлаа. Түүнчлэн Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг нэн даруй дуусган ашиглалтад оруулах, ахмадуудад зориулсан мэргэжлийн эмч, мэргэжилтэнг бэлтгэж хот, хөдөөд ажиллуулах, сувилгааны төвтэй болох, өрхийн эмнэлэг бүрт ахмад настны эмчийг ажиллуулах, гэрийн асрагчийг бэлтгэх талаар эрүүл мэндийн чиглэлийн санал хүсэлтийг дэвшүүлснийг бид холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад уламжлан хүргүүлээд байна.

– Эмнэлгийн ажилтнууд уур уцаартай, ахмадуудыг үл ойшоодог, загнадаг зандардаг гээд хэл ам багагүй дуулддаг. Өндөр настнуудад ээлтэй орчинг бүрдүүлэх тал дээр хийсэн ажил байгаа болов уу? 

– Мэдээж хийлгүй яахав. Бид настанд ээлтэй эмнэлгийн орчинг бүрдүүлэхэд нэн шаардлагатай засвар тохижилтын ажлыг байгууллагын гадна болон дотор орчны тохижилт, засвар үйлчилгээ гэсэн 2 байдлаар хийлээ. Байгууллагын гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу замыг шинэчлэн засварлаж, хаягжилт, мэдээллийн самбар, үзлэгийн кабинетийн засвар зэрэг ажлыг нийт ажилтнуудын хүчээр, дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж гүйцэтгэсэн. Мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 344 тоот тушаалын хэрэгжилтийг ханган төвөөр үйлчлүүлж буй настнууддаа хүргэх үйлчилгээндээ нэвтрүүлэх “Сэтгэлд шингэсэн 8 үйлчилгээ”-ний удирдамжийг боловсруулан баталж, ажилтнууддаа сургалт явуулан үйлчилгээндээ нэвтрүүлж байна. Бид зөвхөн төвийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагааг хязгаарласангүй. Хэнтий, Дорнод аймгийн эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан гээд 340 гаруй хүнд сургалт явуулсан.

– “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулагдаж байгаа гэсэн. Янз бүрийн төсөл хөтөлбөрүүд гарч л байдаг. Иргэдэд мэдэгдэхүйц үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаад байх шиг. Энэ төсөл боловсруулагдлаа гэхэд ямар ач холбогдолтой юм бэ?

– Эрүүл насжилтын асуудал бол зөвхөн настан хүний тухай асуудал биш. Хүний амьдралын бүхий л үе шатыг хамарсан ойлголт. Монгол Улсын Засгийн Газраас 2009 онд “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх чиг хандлага, үйл ажиллагааг багтаан баталсан байдаг. Энэ цар хүрээ ихтэй, урт хугацааны төлөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дунд болон богино хугацааны төлөвлөлт нэн шаардлагатай байгаа. Тиймээс ЭМЯ санаачлан бусад яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулж, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, настнуудын дунд хэлэлцүүлэн одоо бусад яамдаас санал авах шатандаа явж байгаа. Энэ хөтөлбөр гарснаар 2014-2020 он хүртэл манай улсын эрүүл насжилт, настны эрүүл мэндийг дэмжих чиглэлд баримтлах бодлого, үйл ажиллагаа, хүрэх үр дүн тодорхой болох юм.

– Ахмад настны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зүйл бол эм тарианы хэрэгцээ, үнэ өртөгийн асуудал байдаг. Энэ чиглэлээр сарын үйл ажиллагаанд ямар нэг ажил тусгагдсан уу? 

– 2013 оны 09 дүгээр сарын 26-ны Эрүүл мэндийн сайдын 356 тоот тушаалаар Эм ханган нийлүүлэх байгууллагуудад “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд хамтран ажиллах талаар уриалга гаргасан. Еврофарм ХХК өөрийн салбаруудаараа дамжуулан 5.734.400 төгрөгний үнэ бүхий 3 төрлийн “Мульт-Минерал” витаминыг Улаанбаатар хот, есөн аймгийн нийт 56217 ахмадуудад үнэгүй олгосон. Мөн “Ази-Фарма” ХХК , “Монфа” ХХК -ууд Геронтологийн үндэсний төвтэй, “Монос фарма” ХХК Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Эрүүл мэндийн IV, V бүлгийн ахмад настныг нэн шаардлагатай эмээр хангах үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагаа ухамсарлан идэвхитэй оролцсон.

– Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …