Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо энэ сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад дээд хэмжээний айлчлал хийх гэж байна.
Энэ нь Европын холбооноос Монгол Улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал юм. Тэр тусмаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг нотолсон Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараахан болж буй. Энэ удаагийн айлчлал хоёр талын улс төрийн харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэж талууд үзэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар уг айлчлалыг энэ оны эхээр хийхээр товлож байсан ч Сирид өрнөсөн үйл явцаас үүдээд тухайн үедээ хойшлогдсон юм. М.Баррозо “боломж гармагц айлчлал хийнэ” гэдгээ мэдэгдэж байсанчлан өнөөдөр айлчлал ийнхүү хэрэгжихээр болжээ.
Монгол Улс Европын холбоотой анх 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосноор хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн байна. Ийнхүү дипломат харилцаа тогтоосны дараахан ардчилсан хувьсгал гарч, 1990-ээд оны эхээр Монголын эдийн засаг хүнд байдалд ороод байх үед Европын Холбооноос анхны хүмүүнлэгийн туслалцааг 1993 онд үзүүлжээ. Үүний өмнөхөн Монгол Улс 1992 онд Европын Холбооны дэргэд суух ЭСЯ-аа нээж, хоёр тал “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулахаар ажиллаж байжээ. Улмаар хэлэлцээр 1993 оны 3 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр хоёр тал бие биенээ худалдааны харилцан таатай нөхцлөөр хангахаас гадна Монгол Улс Европын Холбооны хөгжлийн туслалцааны хөтөлбөрүүдэд хамрагдах боломж бүрдсэн байна. 1993 оны хэлэлцээрийн бас нэгэн чухал заалт нь хоёр талын Хамтарсан хороог байгуулахад оршиж байсан аж. Хамтарсан хороо нь жил бүр хуралдаж, ажлаа тайлагнадаг, дараагийн ажлаа төлөвлөдөг байнгын үйл ажиллагааны механизм болж чадсан байна. Уг хэлэлцээрийг 1993 онд байгуулж байх үеэс хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал болон хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орсон тул эдгээрийг тусгасан шинэ хэлэлцээр байгуулах шаардлагатай болсон. Үүнийг аль аль талдаа ойлгож, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ 2009 оноос эхлэн хийж 2010 оны 12 дугаар сарын 20-нд үзэглэн бэлэн болгосныг энэ оны дөрөвдүгээр сард талууд эцэслэсэн юм.