Өнөө жилийн “Болор цом” яруу найргийн наадмыг ЦЕГ, МЗЭ-тэй хамтарч зохион байгуулсан билээ. Энэ наадамд олон жил шагналт байр эзэлсэн яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн М.Отгонбаяр аман хүзүүдэн, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар удаалсныг уншигчид маань санаж байгаа биз.
Ингээд 38 дахь удаагийн “Болор цом” наадмын гутгаар байрын шагналт, яруу найрагч С.Начинтай хийсэн ярилцлагыг сонирхуулъя.
-Юуны өмнө 38 дахь удаагийн “Болор цом” наадамд гуравдугаар байр эзэлсэнд баяр хүргэе…
-Маш их баярлалаа. Монголын уран зохиолын үе үеийн гайхамшигт найрагчдын өлмийд мөргөе.
-Энэ удаагийн “Болор цом”-ын онцлог чухам юу байв?
-Наадмын дараах хүлээн авалт дээр шүүгч Бямбажавын Хүрэлбаатар гуай хэлж байсан, “Дөрвөн үеийн найрагчид уралдаж, таван үеийн төлөөлөл шүүгчдийн бүрэлдэхүүнд суусан наадам байлаа” гэж.
-Эхний таван байрын гуравт нь танай үеийнхэн орлоо…
-Үе тэнгийн хоёр сайхан яруу найрагчтай шүлгээ дуудсандаа, бас тэд маань сайхан шүлэг дуудсанд чин сэтгэлээсээ баярлаж суулаа. Оюутан ахуй цагаасаа дугуйлангуудаар хэсэж, оюутны яруу найргийн наадмуудад мөн ч олон оролцоцгоож явжээ, бидэн.
-Энэ удаагийнх таны хэд дэх “Болор цом” бэ?
Найргийн энэ том наадамд сая ес дэх жилдээ шүлгээ дуудлаа. Шилдэг тавд шалгарсан дөрвөн найрагчийнхаа талаар яриач…
-Тавдугаар байрын шагнал хүртсэн Дамбын Одгэрэл ахтай есдүгээр ангидаа ахтай Эрдэнэтэд болсон “Болор цом” наадмыг үзэх замдаа галт тэргэнд танилцаж байлаа. Тухайн үед яруу найргийн наадамд оролцогчид галт тэргээр явж байсан санагдана. Мань хүн “Болор цом”-ын эзэн Норовын Гантулгатай дөрөө харшуулан, дөмөгхөн явж байсан нь санаанаас гардаггүй юм. Харин дөрөвт орсон Чулуунбаатарын Ууганбаяр андтай МУБИС-ийн утга зохиолын дугуйлан дээр шүлэг бүтээлээ унших гэж очоод танилцаж байсан. Тухайн үед шилээ дарсан урт гэзгээ намжирдаж хаяад, үе үе үнэрлэсэн шүлгээс нь их бороо асгарсан нөхөр байжээ билээ. За тэгээд аман хүзүүдсэн “Болор цом-35” наадмын тэргүүн Мөнгөнхүүгийн Отгонбаяр ахтай мөн л “Болор цом” наадмын тайзны ард 2013 онд танилцаж байсан санагдана. 2017 онд байна уу даа МЗЭ-тэй хамтраад “Жигүүр гранд” компани Булган аймгийн Хутаг-Өндөр суманд орших Баатар ван амралтын төвийнхөө үйл ажиллагааг нээж, тэнд үе үеийн төлөөллүүд “Баатар ван-хаврын яруу найргийн баяр” гэгчид оролцож, шүлэг найргаа өргөн, бөхийн барилдаан зохиоход ах бид хоёр үзүүр түрүү булаалдаад, ах мордоход нь би зайлж бусгаад давсан дурсамж ч бий (инээв). Энэ жилийн түрүү Оюунцэцэгийн Цэнд-Аюуш андтай их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны урд “Манан дундуур” анхных нь түүвэр дээр гарын үсэг татлуулан аван танилцаж байжээ. Түүнийг хүмүүс “Голдуу түүхэн сэдэвтэй шүлгүүд сайн бичдэг” гэж яриад байдаг. Миний хувьд хайрын шүлгийг сайхан урладаг, гаднаа хүдэр, цөлх эр хараглавч дотоод гүн рүү нь өнгийвөл намуухан цас хаялсан бүүдгэр өдөр шиг тогтуун хүн санагддаг. Миний цээжинд энэ хоёр мөр нь хадаатай явдаг л даа.
…Чи бид хоёрын хайр манант ууланд бий
Чиний морь бүдэрсэн чулуу зүрхэнд минь бий.
-“Болор цом”-ын гуравдугаар байрын шагналд юу юу байна вэ?
-Зохион байгуулсан Цагдаагийн академийн ойн хүрээндээ гаргасан ном товхимол, бугуйн цаг, сая төгрөг тэргүүтэй зүйл харагдана билээ. Ер нь шүлэг бичихэд хүргэсэн шалтгаан чинь…
Шүлэг бичихэд нөлөөлсөн шалтгааныг би бага настайгаа холбож үзэхийг боддог. Манай үеийнхэн хийгээд намайг мэддэг гэж боддог хүмүүс ч ерөнхийд нь сайн мэдэхгүй хоцордог байх гэж боддог. Унаган хотод төрсөн ч миний бага нас Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнгөрсөн. Нутаг усандаа түрүү зун очиж, Баянбулаг хэмээх жижигхэн рашааны дэргэдээс эргэн тойрноо харахад мянган айлын өвөлжөө Хэнтийн Дэлгэрхаан суманд орших тооно уул алсад хөхөртөөд, түүний наана долгиондоо нар эрхлүүлэн мяралзах Хэрлэн гол урсаад, цэцэн билэгт найрагч Ренчиний Чойномын төрсөн Дархан хан уул цэлийгээд мөн ч сайхан санагдсан шүү. Сүүлийн найман жил очоогүйг хэлэх үү. Уул устайгаа өөрийн эрхгүй ярилцан, сэтгэлээ онгойлгож уйлсаан.
Миний өвөө насаараа цэрэг армиар явсан, холбооны 240-р ангиас бэлтгэл хошууч цолтойгоор тэтгэвэртээ гарсан, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Хэнтийн Баянмөнх сумын суугуул мянгат малчин хүн бий. Манай ах, дүүс мянга мянган жилээр өртөөлөн нүүдэллэсээр ирсэн Язаарын уулс Барчигар Бүрд гээд сайхан нутгаа зарим үед нүдээ аних бүрийдээ санан дурсахад омогших сэтгэл төрдөг. Өглөө эртээ нар мандахын үес Монголын радиогоор төрийн дуулал эгшиглэхүй нойрноосоо сэрэхэд өвөө минь цайгаа үйгээд, ижийдээ дээжийг нь барьчихсан, бурхандаа тахилаа өргөчихсөн, миний аяганд хөшиглөчихсөн, өөрөө хотноосоо хонио босгох гээд гараад явчихсан байдаг сан. Өвөөгийн минь ижий одоо ч амьд сэрүүн, лагшин тунгалаг, 100 хол давсан буурай биднийхээ дэргэд сургаалаа хайрласаар л явна. Элдсэн гурилаа хэрчээд, үдэш унтахын алдад хүүдээ гээд өвөөд минь сүүтэй, гурилтай хоол хийж өгнө. Өглөө ижийдээ цай чанасан хүн үдшээр эхийнхээ хайранд өлгийдүүлээд унтана. Одоо бодох нь ээ шөнө биед шингэцтэй, хөнгөн хоол идээд, өглөө эрт нар мандахаас, айл амьтны мал босохоос өмнө мал хуйгаа бэлчээрт гаргаж, адуундаа явдаг байсан нь, одоо ч элдэв өвчин хууч хэлэхгүй байгаа нь зөв хооллодогтой нь холбоотой юм байна гэж мөчид ухаандаа тунгаадаг гэх үү дээ. Энэ жил манай сумын 90 жилийн ой тохиож буй ч цар тахлын улмаас тэмдэглэхгүй өнгөрөх шиг боллоо. Нутгийн нийт ахан дүүстээ түүхт 90 жилийн ойн мэнд уламжилъя.
-Анхны шүлгээ хэдэн настайдаа бичив?
-Арван жилийн сурагч ахуй насандаа анхны шүлгээ бичиж байсан. Бүх аравдугаар ангийнхны дунд “Дайн” гэдэг сэдвээр эсээ бичлэгийн даалгавар өгч байсан юм. 500 үгэнд багтаах тэр даалгаварт ямартай ч анх дөрвөн мөрт тэрлэснийг багш минь анги дотор онцолж, би ч их урамшиж билээ. Миний анги даасан багш АБТА, Алтангадас одонт Содовын Тамжид гэж дарьганга хүн бий. Түүх, газар зүйн хичээлийг мөн ч урамтай заадаг сан. Дэвтэрт лекцээ тэмдэглүүлэхгүй, толгой дотроо бич гээд хичээлээ эхэлнэ. 13-р зууны байлдан дагууллын тухай семинар орж байхдаа нэг өдөр миний нутгийн найрагч, цогт эх оронч, төрийн соёрхолт, яруу найрагч Очирбатын Дашбалбар хэлсэн юм. “Чингис дэлхийн талыг эзлэхдээ зүгээр ч нэг цус урсгаагүй. Тэр дэлхийн цусыг сэлбэсэн юм” гэж хэлэхдээ өөрөө их эрэмгий дүр төрхтэй болдог байлаа. Ганган дэгжин гэж жигтэйхэн. “Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь таньдаг юм шүү. Хүний нүд рүү эгцэлж харж, мэндэлж сураарай” гэж захидаг сан. Энэ завшааныг ашиглаад багшдаа эрүүл саруул, энх тунх, урт удаан насалж, сайн сайхан бүхний дээдийг чин сэтгэлээсээ хүсье.
-Таны яруу найргийн багш…
-Яруу найргийн хувьд албан ёсоор хадаг барьж, шавь орсон багш надад байдаггүй ээ. Яруу найраг хэн нэгнээс сурдаг зүйл биш байх. Хэрвээ яруу найрагчид багш хэрэгтэй бол тэр нь дээд үеийн хийгээд өөрийн үе, мөн доод үеийн залгамж халаа болсон найрагчид өөрсдөө байх. Багш заавал байх ёстой гэж үзвэл энэ орчлон дэлхийг эргэлдүүлж буй эх болсон байгаль дэлхий минь юм болов уу даа.
-“Энэ шүлгийг би бичсэн юм шүү дээ” гэж онгирох шүлэг бийл байлгүй…
-Үнэнийг хэлэхэд тийм шүлэг надад алга юм шиг өөрт мэдрэгддэг л дээ. Угаас тийм мэдрэмжийг амсаж үзэхгүй байж байгаад энэ орчлонгоос явж магадгүй шүү дээ. Зүүд зөнгөө, дотоод сэрэхүй мэдрэмжээ чагнаж л алхах юм. Сайхан шүлэг бичихийн хүслэнд бол үеийн үед автаж явдаг маань харин үнэн.
Саяхан оюутан ахуй цагийн дэвтрээ дэлгэсэн чинь “Ганцхан шүлгийн мөр хайж, голдоо ортол цанганам” гэж бичсэн байна билээ. Одоо ч цангасан хэвээрээ (инээв).
-Таныг үеийнхний чинь шилдэгт оруулдаг юм билээ. Үеийнхээ шилдгүүдийг нэрлээч…
-Үеийнхэн дотор минь шилдгүүд байгаа шүү. Үүнийг би хаана ч хэлнэ. Гэхдээ тэр энэ гэж нэр заамааргүй байна. Өөрийнхөө хувьд тэднийхээ тоосонд дарагдчихгүй, бараанд нь сүрдчихгүй, авьяасанд нь атаархчихгүйхэн явахыг урьтал болгодог доо.
-Та ямар нэг бүлгэмд харьяалагддаг уу?
-Оюутан ахуй цагтаа бичлэгийн хэв маяг, амьдрал, уран бүтээлийг үнэлэх үнэлэмж адилхан таван залуу, хоёр охинтой “Шинэ үнэр” бүлгэмд харьяалагдаж явлаа. Уран зохиолын хүрээнийхэнд танигдаж амжаагүй, үзэл бодолдоо үнэнч байж чадалгүй, байсан ч шалдир булдир оршсоор байгаа ерөнхий тунхаггүй, чиг баримжаагүй олон бүлгэмийн дэргэд манайх богино хугацаанд хийсэн дорвитой тодорхой ажлуудтай. Амьдралын алдаа оноо, аар саарт нухлагдах, за тэгээд сурч боловсрох зэрэг зүйлээс шалтгаалаад хилийн чанадад мэргэжлийн зохиолчийн ангид сурч байгаа залуус манай бүлгэмд бий. Нэг их удахгүй сайн цаг буцаж сэвэлзээд, сайхан бүтээлүүд уншигчдын бүтээлийг унтраахгүйгээр асах цаг мөд ирнэ гэж хэлмээр байна. Хэсэг хугацаанд манай залуусын гэрэл унтраалттай байлаа. Цог нурам нь амь бөхтэйхэн бол үлээхэд дүрэлзэнэ дээ. Бид дөнгөж л 30 шүргэж яваа, одоо л уран зохиолын дөртэй болж байгаа гэж боддог. Хорин нас дэвэрсээр, буцалсаар учраа мэдэхгүй явдаг даа. Уншигчид л ер нь орших эс оршихыг минь мэднэ.
-Таныхаар яруу найраг гэж юу вэ?
-Яруу найраг бол үнэн сэтгэлийн дуулал, чин зүрхний хайлал байх ёстой. Уншигчид хийгээд уран зохиолын тогоонд байгаа хүмүүс заримдаа нэг зүйлийг ойлгодоггүй. Зохиолч гэдэг тусдаа зүйл. Тэд оргүй хоосноос дүр босгож, түүнийгээ өгүүлбэрээр бүтээж, үзэгчдийн болон уншигчийн өмнө дэлгэж байна. Яруу найрагч үнэнийг гараараа имрэн үзэж, амсаж эдэлж, хүрч тэмтэрч ойлгосноо цаасан дээр буулгаж байна. Гэхдээ энэ бол миний л ойлголт шүү. Зохиолч хүн гэж тусдаа, яруу найрагч хүн гэж тусдаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна вэ? Ойрын үед ном гаргах төлөвлөгөө бий юу?
-Сүүлийн үед туурвихаасаа илүү уншиж байна. “Цаасны амт насыг барж, муу шүлэг бичнэ гэдэг Яруу найрагчид минь Яавч өршөөж болшгүй нүгэл гэдгийг Цаг ямагт тунгааж явбал” гэж би бичсэн. Муу шүлэг бичихийг урьтал болгож, олон ноороглож сууснаас бусдын сайхан бүтээлийг уншихад цаг заваа илүүтэй зарцуулж сууна. Ном гаргах талаар бодсон бодол бий. Цэвэр сэтгэл хөөрлөөр биш нас, зүс жагссан 30 насандаа явж байна. Алсыг харуулдах харц минь тогтуун болдог юм байна. Бодол минь ханасан цагт яруу найргийнхаа номыг хүмүний сэтгэлд дэлгэнэ ээ.
-Ингэхэд та хэдэн номтой билээ?
-“Сэтгэлийн хэц”, “Ай” гэсэн бие даасан түүврүүдтэй. “Шинэ үнэр” гэсэн хамтын аниалогитой. Шүлгүүдийг маань орос, англи, солонгос, македон, хятад хэлээр орчуулж хэвлүүлсэн. Дэлхийд зартай яруу найргийн “Стругагийн үдэш” олон улсын 57 дахь наадамд 2018 онд, Дэлхийн яруу найргийн 39-р их наадамд 2019 онд оролцсон. Явуухулан хэлсэн ээ, “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж. Аль болох сайхан шүлгүүд бичиж, олон сайхан фестивальд оролцож, монгол найргаа бусдын санаанд эгшиглүүлэх юм саан гэж мөрөөддөг. Зам бүхэн Ромд хүрдэг гэдэг дээ. Тэр агуу их түүхтэй нутагт шүлгээ унших гэж очих сон. \
-Үргэлжилсэн үг рүү орох бодол бий юу?
-“Насны мөнгөн зөргөөр танихгүй аялгуу урсаж Намрын мөнгөн өглөө алтан хялганыг үйслээд зураг болно” гэж Арлааны Эрдэнэ-Очир ах “Миний цуглуулсан хорвоо” шүлгэндээ эшилсэн байдаг. Би саяхан энэхүү мөрийг амандаа хүлхэж алхахдаа бодсон л доо. Сэтгэл төвдөхгүй юмсыг сайхнаар харжээ байхад бүх л зүйл утга уянгатай юм даа гэж. Бодол байдаг ч ам гарч болохгүй. Бродский бас хэллүү дээ, “Ямагт яруу найрагч бай, хүүрнэл зохиол дээр ч тэр” гэж. Яруу байх сан, тэр хэмжээгээрээ даруу байх сан.
-Онгод гэж үнэхээр байдаг зүйл үү?
-Онгод гэж байхгүй бол орчлонд үлдсэн гайхамшгууд юугаар босох байсан бол оо?! Баатарын Галсансүх ахын хэлсэн мөрүүд онгод гэж зүйл байдгийг ер нь баталсан батламж юм биш үү дээ.
“Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихгүй гэхдээ би газраар явдаггүй”
МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны араар үг бодож алхаад гуравдугаар байр луу эргэхэд нэг арк буюу өргөн чөлөө буй. Тэнд хоолойныхоо чадлаар чангахан уншихад би л хувьдаа нисэх мэт мэдрэмж авдаг. Оюутан байхдаа өдөр бүр тэрүүгээр уншиж өнгөрдөг сөн. Одоо ч хаа нэг очвол уншина аа, уншина.
-Тэгвэл таны онгод хэзээ ордог вэ?
-Хавар цаг миний сэтгэлд мөнхийн мөнхөд онгод шивнэдэг. Уя туяхнаар Улаанбаатарын модод найгаж, тэнгэр самардан өнгийх мөчир нахиа намиагаа дэлгэж, охидын инээд цангинаж, залуусын цолгиун дуу хоолой гудамжаар цуурайтаад мөн ч гоё шүү дээ. Угаас ирж буй бүхэн сайхан болохоор харж л чадвал хорвоо өнгө төгөлдөр, үзэсгэлэн гоо зохис шүү дээ.
“Хэмжээлшгүй өгүүлшгүйн хүрдийг ороож
Хэний ч юм юуг ч юм дуудан хашхирмаар тийм л гэгээн улирал болохоор
Хавар цагт би хайртай”.
-Сайн яруу найрагч болоход авьяас чухал уу? Эсвэл хөдөлмөр үү?
-Найрагчдыг би хувьдаа тэгж боддог. Нэгдүгээрт байгалиасаа төрчихсөн цаанаасаа зүй тогтолтой. Жишээ нь Нацагдорж, Явуухулан, Нямсүрэн гээд Монголын шилмэл гоц гойд эдгээр найрагчид мөргөхөөс өөр замгүй. Таны асууж байгаа өнөөх хөдөлмөрчин ангийн эгнээнд бол би өөрийгөө хамаатуулна.
-Таныг хамгийн их “зовоосон” шүлэг гэвэл…
-Шүлэг бүр зовлонтой төрдөггүй ч зовоож бичигдэх хувь ерөөлтэй үгс гэж байдаг. Тийм үгс заримдаа зам хөндлөн хөтлөлцөөд алхаж байдаг. Салхи хүртэл дэмнээд хөтлөлцсөн хос хоёр үг “хүүе” гэхийн завдалгүй сарнин оддог. Гялсхийтэл орж ирээд ахиж хэзээ ч эргэж ирэхээргүй явдаг тийм мөрүүд сэтгэлд орж ирээд ч буухгүй үед мөн ч хэцүү шүү. Шүлэг бичнэ гэдэг ер нь л хүсэхээр зүйл биш. Яруу найрагч болгон шүлэг бичих өөрийн гэсэн онцлогтой байдаг… Хэн сайн уншиж, бясалгаж, түүнийхээ төлөө зорилготой, зоригтой тэмүүлсэн нь яруу найргийн цэцэрлэгт шулганах эрхээ олж авдаг байх аа. Шулганахаа алгасаад шуудхан нисэж үзэх гээд далавчаа дэлгэсэн чинь салхи түүнийг нь тоож үнэрлэхгүй бол яах вэ?
-Та “MN-25-р суваг” телевизийн шоу нэвтрүүлэгт орсон… Саяхан экс ерөнхийлөгч Баттулгаас УГЗ цол хүртсэн, хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатар, МУЭХ-ны гишүүн, зураач Бум-Эрдэнийн Баярцэнгэл нартайгаа өнгөрсөн намар Сэлэнгийн Зүүнбүрэнд арав хоног комбайн жолоодож, малын бэлчээрт адуу эргүүлж, ногоочдын хүлэмжинд төмс, лууван хурааж, сайхан нэвтрүүлэгт залуу насаа мөнхөлж, тус тусдаа уран бүтээлийн олз омогтой ирэв дээ. Нэвтрүүлгийн үеэр хөгжилтэй явдал бишгүй л тохиолдоо биз?
-Тоймгүй шүү дээ. Орон даяар нэвтрүүлэх нэвтрүүлгийн дундуур шууд бичлэг явж байхад ургац хураах комбайн дотор жолоочийнхоо мөрийг налаад хурхирахаас өгсүүлээд олон дурсамжтай эргээд бодоход хөгтэй, найраглал болохоор шахуу наргиан ихийг хийжээ.
-Тэр нэвтрүүлэгт яагаад орох болов?
-“MN-25” телевизийн хамт олон манай МЗЭ-ийн удирдах зөвлөлд шинэ залуу үеийн төлөөллөө санал болгооч гэж санал тавьсан юм билээ. Манай удирдлагууд ярилцаж байгаад намайг явуулахаар болсонд их баярласаан. Энэ завшааныг ашиглаад МЗЭ-ийн харьяанд байдаг нийт бичиг соёлын мэргэддээ ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр мэндийг уламжилъя аа.
-Хамгийн сүүлд бичсэн шүлгээ уншаач…
-“Саяхандаа чиний сэтгэл доторх эхний бүлгийн гутгаар хэсгийг маш нямбай уншиж суусан минь”
Чамайг бодохоор орж ирдэг бүхэн номтой л холбогдох юм
Гэвч чамайг би уншиж хараахан дуусгаагүй
Гэнэтхэн л чиний хавтас гарт минь баригдаж
Чийдэн унтарсан үед анхны хуудсыг чинь нээснээ санаж байна
Хуудас чинь ер шажигнадаггүй зөөлөн
Хөвсгөр цас шиг нимгэн чиний арьс
Агаарт яг л үүрээ томох гэж яарах эх шувууны энэлэнт сэтгэл шиг
Анхнаасаа уншихад төвөгтэй хэрнээ амттай тийм л бодол төрүүлсэн ном байж билээ, чи
Үүрийн далай сүрдмээр гунигтай шиг
Үнэгчлээд ч зүүрмэглэхэд чинь чимээгүйд гагц амьсгалыг чинь сонсдог байснаа дурсахад
Үлгэр ч юм шиг, үгүй ээ туульс ч юм уу?
Үгүй дээ, үгүй туульс гэж чухам юу болохыг үлгэр гэдэг нь юу гэдгийг ч би мэдэхгүй
Сарны нимгэн гэгээ хөшгийг салхитай хамжин усан дээр бидэртсэн долгио мэт чиний үсэн дээр тусгахад
Би эх газрыг саравчлан эрэлдээ цөхөрсөн сэлүүргүй завиндаа хий дэмий л уйтгарласан нэгэн шиг өөрийгөө төсөөлдөг сөн
Бодол дотор юм бүхэн, өнгөрсөн одсон цаг бүр амьд сэргэгээрээ оршдог нь сонин шүү
Саяхандаа чиний доторх эхний бүлгийн гутгаар хэсгийг маш нямбай уншиж суусан минь.
-За баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр