Б.Бат-Эрдэнэ: МАН зоригтой шийдэмгий өөрчлөлтүүдийг хийж чадаж байна

Б.Бат-Эрдэнэ: МАН зоригтой шийдэмгий өөрчлөлтүүдийг хийж чадаж байна

НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.-МАН түүхэн Их хурлаа хий­лээ гэж ярьж байна. Та бүхний бод­лоор үнэхээр шинэчлэлийг эхлүүлэх түүхэн хурал болж чадсан уу. Залуучуудаа хэр дэмжсэн гэж бодож байна?

-Түүхэн гэхээсээ илүүтэй ши­нэч­лэлийг эхлүүлэх хурал болж чадсан гэж хэлмээр байна. За­луусаа маш сайн дэмжлээ. АНУ, БНХАУ, ХБНГУ гээд гадаадын олон оронд улс төр, нийгэм, фи­лософийн чиглэлээр боловсрол эзэмш­сэн залуучуудыг албан ту­шаалд зоригтойгоор сонгож, то­милж чадлаа. Нарийн бичгийн дар­га маань гэхэд л 31 настай дэ­л­хийд тэргүүлэгч “Yale” их сур­гуульд магистр хамгаалсан ча­далтай эмэгтэй байна. Мөн Удир­дах зөвлөл болон Бага хур­лын гишүүд дунд ч дандаа бо­ловсролтой залуус орлоо. На­мын удирдах албан тушаалууд, газ­рын дарга нар дандаа за­луучууд боллоо. Энэ бүхэн за­луу­саа дэмжиж чаддаг гэдгийг х­а­руул­сан явдал гэж бодож байна. Жил бүрийн сонгуулиар МАН за­луусын саналыг хангалттай авч чаддаггүй байсан. Тэгвэл Ерөн­хий нарийн бичгийн дарга маань 34 настай залуу боллоо. Бу­сад газрын дарга нар дан за­луучуудаас бүрдэж эхэлсэн нь 2016 онд эерэг өөрчлөлтийг ав­чирч чадна гэдэг итгэл төрүүлж байна. Залуучуудын асууд­лыг залуучууд л өөрсдөө мэд­нэ гэхээс 50, 60 настай хүмүүс за­луу­чуудын саналыг татах мян­ган арга хэмжээ явуулаад, тө­лөв­лөөд үр дүн хомс болов уу гэд­гийг МАН энэ удаад мэдэрч чад­лаа гэж бодож байна. Манай Нийг­мийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны явуулж байгаа “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого” төсөл дээр ч энэ л санааг залуучуудын агентлагийн асуудлаар хөндөн тавьж байгааг шинэ  удирдлагууд сайн олж харж чадсан байна. Цаашдаа МАН шинжлэх ухаа­ны үндэслэлтэй судалгаанд тулгуур­ла­сан залуучуудын тулгамдсан асууд­лыг гарган тавьж УИХ болон НИТХ-ын бүлгээрээ дамжуулан төрийн бодлогын хэмжээнд авч үзэж ажиллана гэсэн итгэлтэй байгаа. Ингэснээр 2016 он хүртэлх хоёр жилийн хугацаанд МАН залуучуудын талаар томоохон өөрчлөлтийг төр засгийн хэмжээнд хийж чадна. МАН XXVII их хурлын үеэр сэтгэл дундуур үлдсэн, санасандаа хүрч чадаагүй зүйлс бол байгаа.

-Намын дүрмийн шинэчлэлд ямар санал тусгах гэсэн юм бэ. Яагаад дэмжсэнгүй вэ?

-Тухайлбал бидний зүгээс намын дүрмийн шинэчлэлд “намын дээд албан тушаалтан болон УИХ–д нэр дэвшигчдийн шалгуур үзүүлэлт” журам,  дэргэдэх байгууллагуудыг чиглэлжүүлэх, мэргэшүүлэх ас­ууд­лыг тавьсан. Аль, аль нь орж чадсангүй. Ажлын хэсгүүдийг ахалж байсан нэг хоёр хүний санаанд нийцээгүй шалтгаанаар авч хэлэлцсэнгүй, дандаа хасаж явсан. Гэхдээ намын дотоод бүтэц, бодлогын хувьд саяны баталсан хөгжлийн хөтөлбөр, мөрийн хөтөлбөрийг залуучууд дэмжиж, түрж ажиллах болно.

-Ганцхан дүрмийн шинэчлэл гэхгүйгээр намын дэргэдэх залуучуудын байгууллага, залуучуудаа дэмжих талаар намын удирдлага хэрхэн ажиллах бол. Та бүхэнтэй уулзаж санал солилцсон уу?

-Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны гаралтай, энэ байгууллагаар дамжсан гурван ч хүн дараалаад намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байна. Манай холбооны үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гуравдахь Ерөнхийлөгч Г.Зандан­шатар нар өнгөрсөн удаад энэ албан тушаалд ажилласан. Одоо сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд ч манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаалд очиж байгаа хүмүүс яагаад залуучуудын холбооноос төрөөд байна… Энэ бол ерөөсөө л залуучуудын байгууллага энэ намын гол зүрх нь болж ажиллаж чадаад байгаад оршиж байна гэж харж байна. Мөн МАН залуучуудаа илүү түлхүү дэмжиж, тэдэнд итгэж, хариуцлага хүлээлгэж байгааг харуулж байна. Хоёрдугаарт МАН хүний нөөц талдаа боловсон хүчин сайтай. Мэдлэг боловсролтой олон чадалтай гишүүдтэй нам. Тийм ч учраас зарим хүмүүс МАН ажлын туршлагагүй залуучуудыг намын удирдлагад гаргаж ирлээ гэх шүүмжлэл байдаг. Цаг, нийгэм солигдож байна. Намын хувьд цаг үеэ зөв мэдэрч, алсын хараатай нүүдэл хийх хэрэгтэй гэдгээ мэдэрч байна. МАН-ын бүтцэд шинэ уур амьсгал орох цаг нь болчихсон. Энэ цаг үед барууны оронд боловсрол эзэмшээд ирчихсэн залуучууд намын бүтцэд орж менежментийн өөрчлөлт хийж ажиллана гэдэг итгэлээр өөрчлөлтийг хийж байгаа нь МАН-ын шинэчлэлийн том эхлэл гэж харж болно. Бидний зүгээс намын өнөөгийн удирдлагыг дэмжиж ажиллана. 2016 оноос ч өмнө үр дүн мэдрэгдэж эхэлнэ гэж бодож байна.

-Залуучуудыг дэмждэг намын дарга, залуу Ерөнхий нарийн бичгийн даргатай болчихлоо. Тэгэхээр 2016 онд залуусын итгэлийг олсон нам болохын тулд ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?

-НАМЗХ-оос “Залуучуудын та­лаар төрөөс баримтлах бодлого” гэсэн томоохон төслийг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Үндэсний хэмжээний томоохон судалгааг мэргэжлийн судлаачид, социологчид, эрдэм­тэд­тэй хамтран дуусгалаа. Үүнийгээ бид нийгэмд ил тод цацаагүй байна. Одоо судалгааны Бодлогын шинжилгээ нэг сарын хугацаанд хийгдэнэ. Дараагаар нь хэлэлцүүлгүүд явагдана. Арваннэгдүгээр сарын сүүлээр дүгнэлтүүд гараад эхэлчихнэ. Яг өнөөдөр Монголын төр залуучуудын талаар баримтлах бодлоготой байна уу, эсвэл төрийн хувьд залуучууд  нь асуудал болж харагдаад байна уу гэх мэт олон асуудлуудыг хөндөж байгаа. Мөн залууст тулгамдаж байгаа олон бэрхшээлийг хөндөж тавина. Бид Монголын залуучуудын асуудлыг гаргаж тавиад, тэдний бэрхшээлтэй асуудлыг төрөөс шийдэхэд түлхэц болох чиглэлээр анхаарч ажиллана. НАМЗХ-оос УИХ-д хоёр гишүүн суудаг. Н.Номтойбаяр, О.Содбилэг нар. Эдгээр гишүүдээрээ дам­жуулаад Залуучуудын хуулийг санаачлаад оруулна гэж бодож байна. Залуучуудыг зөвхөн Эр­үүгийн хууль, Иргэний хуулиар эрхийг нь хязгаарладаг биш тэднийг бас дэмждэг хуультай орон болох ёстой. Залуучуудаа дэмжинэ гэсэн атлаа төрийн хэмжээнд дэмжих хуульгүй явж байгааг бид хөндөж тавина. Зөвхөн намыг сонгуульд ялалтанд хүргэх гэхээс илүүтэй бид том харж амьдрах ёстой. Тийм үүрэгтэй хүмүүс бол бид. МАН ялалтад хүргэх сонгуулийн мөрийн хөтөлбөр гэхээс илүүтэйгээр том харж улсыг хөгжүүлэх, залуучуудын асуудлыг төрийн хэмжээнд шийдэх цогц бодлогын хүрээнд олон зүйлийг шийдэхийн тулд өнөөдөр ажиллах ёстой. Хийж ч чадах тийм оюунлаг мянга мянган гишүүдтэй нам. Тийм ч учраас өнөөг хүртэл энэ төрийн тулах хоёр баганын нэг нь МАН байлаа. Өнөөдөр МАН тусгаар тогтнолоос гадна улсын хөгжлийн концепц ярьдаг, бодлогыг илүү иргэд уруу чиглүүлж тэдний амьдралыг сайжруулах талаар дуугардаг, ажилладаг, тэдний төлөө бүхнээ зориулдаг тийм нам болж өөрчлөгдөж чадах ёстой. Бидний бас нэг зайлшгүй харж ажиллах хэсэг бол Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа. Энэ байгууллага аль нэг намын талд үйлчлэх, хэн нэгэн мөнгөөр ивээн тэтгэгчийн сонгуулийн ажлыг гүйцэтгэхээс илүүтэй Монголын залуучуудын зүрх нь, тархи нь болж ажиллаж үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо  маш их мөнгөөр аар саархан ажил хийж байна. Энэ байгууллагын үйл ажиллагаанд бид хяналт тавина. Хайран мөнгийг хий дэмий үрж байна. Бид залуучууддаа түшиглэж залуучууд руу чиглэсэн суурь бодлогын ажлыг хийнэ.

-Т.Гантулга, Х.Булгантуяа зэрэг залуусын хувьд энэ албан тушаалд очих болоогүй байсан гэх мэт шүүмжлэл байгаа л даа?

-Ц.Элбэгдорж гэдэг хүнийг 30 гаруй насандаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гэдгийг бид мартаж болохгүй. Залуучууд алдаа оноотой ч хийж чаддаг гэдгийг бид мартаж болохгүй. Залуучуудаа хавчих биш дэмжих бодлого саяны их хурлаар явагдсанд залуу хүнийхээ хувьд би баяртай байгаа. Хэн нэгэн хүний албан тушаалд очих гэсэн хувийн буруу амбицаас илүүтэйгээр том харж ирж яваа цагтайгаа цуг алхаж орж ирсэн М.Энхболд гэдэг хүнд талархаж байгаа. Т.Гантулга даргын хувьд намын байгууллага, залуучуудын холбоо, төрийн албаар удаан хугацаанд дамжсан туршлагатай, чадвартай, хурд сайтай, боловсрол сайтай залуу. Х.Булгантуяагийн хувьд бол БНХАУ-д бакалавр, АНУ-ын “Yale” их сургуульд магистр хамгаалсан Англи, Орос, Хятад, Япон хэлтэй, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр гур­ван жил ажилласан боловсролтой бүсгүй. Тэгэхээр энэ хоёрын хүний хувьд сонголт зөв байсан. Харин энэ хоёр залуу даргыг залуучуудын холбоо түлхүү дэмжиж ажиллах, тэднээс суралцах, ажлын уялдаа холбоог нь бид маш сайн хангаж ажиллах учиртай. Ний нуугүй хэлэхэд манай намын бүтэц маш удаан бойтог хөдөлгөөнтэй байсан. Одоо шинэчлэгдэх байх. Урьд нь яг бүтцийн хувьд менежмент их муу байсан юм шүү. Нэг өдөрт хийх ажлыг хоёр гурван өдөр болгодог тохиолдол бишгүй олон байлаа. Нэг хүн­ий ажлыг хоёр гурван хүн хийдэг. Тэгэхээр энэ бүхэн одоо арилах ёстой. Шинээр орж ирсэн албан тушаалтнуудаас бид нэг л зүйлийг харж байгаа. Бүтцийн хувьд маш хурдацтай ажиллаасай гэж боддог. Бүтэц нь хурдацтай ажилласнаар намын шинэчлэл, улс орны хөгжилд ч түлхэц болно. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр улс төрийн намууд дундаас улсын тулах багана болдог, бодлого тодорхойлогч хоёр нам. АН хувьд 1990 оноос хойш хэр хэмжээтэй шинэчлэгдсэн бэ, нөгөө л Ардчилсан хувьсгал гээд явж байсан хэсэгхэн хүмүүс өнөөдөр намын удирдлагад бугшсаар байна. Дороос нь залуучууд гарч ирээд намын удирдлагаа авч яваа тохиолдол бараг л байхгүй. Харин МАН зоригтой шийдэмгий өөрчлөлтүүдийг хийж чадаж байна. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүнийг намын газрын даргаар тавьж чадаж байна гэдэг бол энэ нам юу сурах ёстой вэ гэдгээ олж харж чадаж байна гэсэн үг. Хоёроос гурван удаагийн сонгууль дараалан намын удирдлагад ажиллаж ирсэн хүмүүсийг тэр залуучуудын дэргэд цугт нь ажиллуулж чадсанаар тэднийг бүрэн боловсрох, дутууг нь нөхөж ажиллуулах боломж бий болгож чадлаа гэж би хувьдаа харж байна. Хурдтай ажиллаж чадна гэдэгт итгэж байна. Шинэ удирдлагууд иргэдтэйгээ чөлөөт уулзалт хийгээд эхэлчихлээ. Мөн улс төрийн намуудтай үндэсний зөвшилцлийг эхлүүлчихлээ. Энэ до­лоо хоногоос эхлэн бүх аймгуудаар намын удирдлагууд ажиллана. Энэ бүхнээс харахад илүү иргэдтэй ойрхон, тэдний амьдралд орж ажиллаж чадахаар харагдаж байна. 2016 онд МАН-д ялалт ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-М.Энхболд даргыг албан туш­аалаа авсаны дараа шүүмж­лэл чамгүй их байсан. Хуучин, баригдмал, нэр муутай хүнээр удирдууллаа. МАН шинэчлэгдэхгүй юм байна гэх мэтээр ярьсан. Одоо ч тийм бодолтой хүмүүс олон байгаа. Тэгэхээр удирдлагын хувьд МАН-ын гишүүд, тэр дундаа залуучууд сэтгэл хангалуун байгаа юм байна гэж ойлгож болох уу?

– Залуучууд маань таатай хүлээж авсан. МАН жижиг нам биш. Тиймээс энэ намыг толгойлох хүн УИХ-ын гишүүн, цаашлаад томоохон албан тушаал хашч байсан, мөн эрх баригч нам болон бусад улс төрийн намуудтай эв зүйгээ олчих үндэсний хэмжээний том лидер байх ёстой байсан. МАН-ыг залуучууд удирдаж чадах уу гэвэл чадна. Гэхдээ үндэсний хэмжээний томхон зөвшилцлийг залуучууд хийж чадахгүй. М.Энхболд гэж хүнтэй холбоотой муу зүйлүүд дуулддаг. Газрын наймаа гэх мэтээр шүүмжилдэг. Гэхдээ тухайн үед хотын газрыг хөдөлгөөнд оруулах зайлшгүй шаардлага байсан учраас зоригтойгоор, муу хэлүүлэхээс айлгүй хөдөлгөөнд оруулсан хэрэг. Түүнийг нь сөрөг хүчин өлгөж авахдаа газрын наймаа гэх мэтээр хар пиар явуулсан. Тухайн үед газрыг хөдөлгөөнд оруулаагүй бол өнөөдөр том, том барилгууд баригдах байсан уу. Мөн тэр газрын эзэмшигч нь хэн байсан бэ гэдгийг эргээд харах хэрэгтэй. Дэлгээд тавих юм бол бараг л ихэнхи нь АН-тай холбоотой шүү. АН-ын дайралт дандаа МАН-ын хүн рүү чиглэсэн байдаг. МАН-ын хувьд АН-ын  бодлого, чиглэлийг нь шүүмжилдэг. Хүн рүү чиглэхдээ тэр хүн муу, тэр хүний цаана МАН байгаа гэдэг ойлголтыг нийгэмд өгдөг. МАН-ын зүгээс хэзээ ч АН-ын тэр гишүүн нь хулгайч, дээрэмчин гэж дайрдаггүй. Энэ нь эргээд тухайн намуудын төлөвшлийн болон боловсролын хэм хэмжээг харуулдаг гэж боддог. Бид намын даргаа дэмжиж ажиллана.

-Гэхдээ Удирдах зөвлөл тоогоо цөөлснөөс биш чанар нь өөрчлөгдөж чадсан уу. Хуучин байсан Ц.Нямдорж гэсэн хүмүүс хэвээрээ л байсан шүү дээ?

-Удирдах зөвлөл тооны хувьд хүртэл багассан. Бас томоохон өөрчлөлт орсон гэж бодож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл зэрэг ахмад гишүүд бүгд хасагдсан. Ганцхан Ц.Нямдорж гишүүн үлдсэн. Бусад нь бүгд залуучууд. Удирдах зөвлөлийн 21 гишүүний 14 нь буюу 68 орчим хувь нь 40-өөс доош насны залуучууд байна. Залуучуудаа бид бэлтгэх ёстой гэдгийг олж харсан гэж бодож байна. Ц.Нямдорж гишүүний хувьд Удирдах зөвлөлд байх ёстой. Энэ хүний хувьд өөрөө маш өвөрмөц онцлог ертөнц шүү дээ. МАН-д тэр хүний хийсэн гавьяа их байгаа. Сөрөг хүчин болсон үед ч сөрөг хүчний дуу хоолой болж чадаж байгаа хүн бол Ц.Нямдорж гишүүн. Бид хоёр нэг нутгийнх. Залуу хүнийхээ хувьд би хүндэлдэг. Энэ хүн гурван нүүдлийн цаана болох үр дагавар, шүүмжлэхдээ хоосон шүүмжлээд өнгөрөх бус факт, баримтыг нь дэлгэж чадаж байгаа нь маш их таалагддаг. Ганц хүн орчихлоо гээд өөрчлөгдсөнгүй, хуучирсан байна гэж шүүмжилж болохгүй.

-Бага хурлын гишүүдийг тэгвэл юу гэж дүгнэж байна. Хотын фракцийн гишүүд Бага хуралд сонгогдлоо гэж ярьж байна шүү дээ?

-Бага хурлын гишүүдийн хувьд бол наанатай, цаанатай юм байгаа. АТГ-т шалгуулж, хэрэгт сэжиглэгдэж байгаа нөхдүүд орж ирсэн үү гэвэл орж ирсэн. Гэхдээ МАН өөрөө маш том бодлого тодорхойлогч үндэсний хэмжээний нам учраас тэр дотор байгаа нэгээс хоёр хүнийг онцолж ярих нь утгагүй юм. М.Энхболд даргын хувьд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан, хотын намын хороог ч толгойлж байсан. Тэр агуулгаар нь хотын фракци гэж ярьдаг болов уу. Манай нам фракцигүй. Бид “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн үүсгэн байгуулаад тэнд фракцийн асуудлыг хөндөж тавьсан. Судлаач н.Ганхуяг МАН лидер дагадаг нам биш, лидер төрүүлдэг нам. АН лидер дагаж явдаг нам гэж хэлсэн байсан. Би энэ дүгнэлттэй санал нэгддэг. Манай нам маш олон лидерийг төрүүлсэн. Бид фракцийн зарчмаар явдаггүй. Нийслэлийн МАН-ын хороонд харьяалагддаг хүмүүсийг хотын фракци гэж хардаад байгаа бол аймгаас сонгогдсон төлөөлөгчид тэгээд аймгийнхаа фракци болох уу. Ингэж фракци гэж дүгнэх нь буруу юм. МАН нийслэл дээр ялагдал хүлээгээд байгаа учраас бид бодлогоор нийслэлд хүч хаях ёстой юм. Нийслэлд хүчээ зузаатгах нь зөв. Нийслэлийн МАН-ын хороо ч төв намтай адилхан бүтцээ хурдацтай ажиллуулах талаар анхаармаар байгаа юм.

-Т.Бадамжунай нарын авлига­чид гэж хэвлэлээр зарлалаа. Цаашлаад зарим нэг хүмүүс албан тушаалаа өгч, авлигачидтай хамтарч ажиллахгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ үйлдлүүд юуг хэлэх гээд байгаа гэж харж байна?

-Ж.Сүхбаатар даргын хувьд дотоод сонгуульд ялагдсаныхаа шөнө гаргаж тавьсан үг л дээ. Залуучууд бид ч эндээс том сургамж авах ёстой. Ялж чаддаг шигээ ялагдаж бас сурах хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Би нэг зүйлийг залуу хүнийхээ хувьд байнга хэлдэг. Залуу насандаа л шатаж амьдрахгүй юм бол насны сүүлд дэмий шатаж утаа май болоод яахав гэж. Ж.Сүхбаатар дарга залуу хүн. Тийм учраас л шатлаа. Бүрэн буруутгах аргагүй. Гэхдээ ёс зүй талаасаа буруу үйлдэл. Тэр хоёр хүн хоёулаа Ө.Энхтүвшин даргын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан. Тэр үед нь энэ үгээ нүүрэн дээр нь сайхан хэлчихдэг тийм ёс суртахуунтай байх, зоригтой байх хэрэгтэй байсан юм. Ялагдлыг уур бухимдал, өшөө авалтаар илэрхийлж болохгүй. Цаг хугацаа нь өнөөдөр байсан юм гэж хэлж болохгүй. Үнэхээр тийм хүн гэдгийг нь мэдэж байсан бол мөр зэрэгцэн ажиллаж байхдаа ичих ёстой байсан. Ж.Сүхбаатар даргыг муу гэж хэлэх гэсэнгүй. Залуу хүнд хор шар байдаг. Гэхдээ тэр хүний зүрх сэтгэлд олонхийг дагах итгэл үнэмшил байх ёстой. Миний мэдэхээр Т.Бадамжунай дарга хор найруулаад явсан уу гэвэл үгүй л гэж хэлнэ. Намын Их хурал болон Бага хурал дээр Т.Бадамжунай дарга ерөөсөө харагдаагүй. Энэ хоёр хүний хувьд ямар маргаан гарсныг бид мэдэхгүй. Залуучууд бид ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Алсыг харах, хувийн жижигхэн амбицаас илүүтэй олноо түших, улс төрийн ирээдүйгээ харах чадвартай байх хэрэгтэй. Би ч гэсэн намын Бага хурлын гишүүн болж чадаагүй гээд хэн нэгнийг дайрч давшлаагүй л байна. Гэхдээ бид том харж, том байх ёстой юм. Яагаад гэвэл бидэнд нас байна, чадвар байна, туршлага байна, алсын хараа байна. Хайран залуу насаа аль нэгэн албан тушаалын араас зориулалгүй нэрээ үлдээх тийм эх оронч сэтгэлтэй, хувь гэхээс илүүтэй нийтээ гэсэн бодолтой байх ёстой. Том зураг нь сайн байвал жижиг зургаа ураад хаячих зоригтой л байх ёстой.Тэгвэл чи хол явна.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …