Наадмын өмнөхөн Монгол улсын соёлын элчээр томилогдсон битбоксчин Б.Нарандэлгэртэй ярилцлаа. Түүнийг уншигчид маань битбоксчин Ray гэдэг нэрээр нь сайн мэднэ.
-Сайхан зусаж байна уу?
Сайхан зусаж байна аа.
-Хоёулаа ярилцлагаа наадмын тухай сэдвээр эхэлье. Санаанаас тань гардаггүй наадам бий л байх…
-Миний санаанаас гардаггүй наадам бол 2018 оных. Тэр наадмын хүндэтгэлийн тоглолтыг би Үндэсний урлагийн театрын дуучин Түмэнжаргал эгчтэйгээ хамтарч нээсэн юм. Бид хоёр алдарт дуучин Норовбанзад гуайн дуулсан “Уяхан Замбуутивийн наран” дууг шинэчлэн найруулж тоглосон л доо. Олон ч хүнд таалагдсан. Би багадаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод амьдардаг байлаа. Тэндхийнхээ наадмыг 2007, 2008 онд орчин цагийн битбоксыг үндэсний язгуур биет бус өв соёл хөөмийтэй хослуулсан урлагийн номероор нээж байсан маань их сонин бөгөөд дурсамж ихтэй, сайхан наадам болсон.
-Жил жилийн наадмын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Наадмын талбай орж хуушуур иднэ. Хүй долоон худаг орж, уяачдын галаар их явна.
-Та бөх хэр сонирхдог вэ?
Ер нь сонирхоно оо. Энэ жил Оюунболдыг дэмжиж байсан ч COVID гээд хойшлуулчихлаа.
-Багадаа барилдаж байв уу?
-Их барилддаг байсан гэж хэлээд яах вэ. Ер нь хамаатан садныхаа багачуудтай барилдах үе байсан шүү.
-Тэгвэл танд бөх найзууд бий юу?
Бөх найзууд гэхээсээ илүү ах нар бий. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Эрхэмбаяр ах маань байна. Бусад аваргуудтай ч ах дүүсийн харьцаатай байдаг даа.
-Наадмын өмнөхөн Монгол улсын соёлын элч болсон. Танд хийхээр төлөвлөсөн ажлууд бий л байх…
Соёлын элчийн хувиар төлөвлөсөн их ажил байгаа. Би үндэснийхээ биет бус өв соёл болох хөөмий урлагийг орчин үеийн битбокстой хослуулсан хөөмий бит гэдэг шинэ төрөл жанрыг 2005 онд бий болгосон. Одоо 16 жил гаруй хөгжүүлж байна. Энэ шинэ төрөл жанраа дэлхий даяар таниулан сурталчлах, залууст өвлүүлэх төслүүд хэрэгжинэ. Одоо COVID-той болохоор сургалтаа онлайнаар хийж байгаа.
-Соёлын элч гэхээр ямар үйл ажиллагаа эрхлэх вэ?
-Соёлын элчид Монгол улсынхаа биет бус өв, маш олон төрлийн соёл урлагийг олон улсад таниулах, сурталчлах зэрэг үүрэг байдаг. Мөн Монгол улсыг гадаадад сурталчлах, тухайн байгаа орноосоо Монголыг сонирхсон, Монголоос тухайн орныг сонирхож байгаа нэг чиглэлийн хүмүүсийг байгууллага, хувь хүнтэй нь холбож, тэдний харилцааг дэмжиж ажиллах үүрэгтэй. Гадаад хэргийн яамнаас таван жилээр томилдог юм билээ. Бас нэг удаа улираан сонгож болно. Ер нь Монгол улсыг гадаадад идэвхтэй сурталчилж байгаа, Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг тодорхой шалгуураар томилно. Соёлын элч нарын дунд урлаг, спортын алдартнуудаас гадна соёлын менежерүүд, монгол судлаачид, гадааддаа нэр хүндтэй ямар ч мэргэжлийн хүмүүс байдаг. Тухайлбал 2017 онд Холливудын нэрт жүжигчин Ричард Гир Монгол улсын соёлын элчээр томилогдож байв. ЭСЯ-ны албан бичиг, бланкыг ашиглаж, олон улсын соёл урлагийн наадмуудад оролцох, байгууллагуудад үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг маш олон боломж нээж өгдөг.
-Танаас өөр соёлын элч хэр олон байдаг вэ?
-Байгаа, байгаа. Гадаад, дотоодын нийлсэн бараг 60 хүн байдаг юм билээ. Онцгой авьяас, ур чадвараараа Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй этно рок “Хү” хамтлаг, мэргэжлийн сумогийн их аварга Хакүхо Даваажаргал, балетчин Алтанхуяг, дуурийн дуучин Ариунбаатар, Амартүвшин, Монголын Оюун ухааны академийн Хатанбаатар, элчин сайд асан, Австрали дахь манай соёлын элч Жон Лантри гээд л.
-Манай уншигчид таныг Ray гэдэг нэрээр чинь илүү сайн мэднэ…
-Намайг Бямбаагийн Нарандэлгэр гэдэг. Ray гэдэг нэр маань нарны гэрэл гэгээ, туяа гэсэн утгатай. Ер нь нэрээ орчуулж, уран бүтээлийн нэр болгосон.
-Битбокс, хөөмий хоёрыг хослуулах санаа хэзээ төрөв?
-Анх 2005 онд ийм санаа төрсөн. Түүнээс хойш хөөмий бит буюу хөөмийг битбокстой хослуулсан төрөл жанрыг хөгжүүлж, уран бүтээл хийж, зааж байгаа. Хөөмийг битбокстой хослуулах санааг л ерөнхийдөө битбокс нансал бэйс элемент хархираатай төстэй ч арай богинохон дуугаралт байдаг. Тэрийг киктэй хослуулсан дуугаралтыг анх битбокстой хийгээд, жаахан удаан хийвэл хархираа болох юм байна. Тэгээд хархираатай битбокс болох юм байна гэдэг санаа анх төрсөн.
-Ингэхэд битбокс хэзээ хаана үүссэн юм бол?
-Битбокс 1978 онд АНУ-д үүссэн. Дэлхийд тэргүүлдэг улс гэвэл сүүлийн үед БНХАУ-д хүчээ их авч байгаа. Ер нь Европын орнуудад их хөгжиж байсан бол сүүлийн үед Азийнхан мундаг болж байгаа.
-Дэлхийн хамгийн шилдэг битбоксчноор та хэнийг нэрлэх вэ? Яагаад?
-Дэлхийн шилдэг битбоксчдыг нэрлэвэл маш олон нэр, маш урт жагсаалт гарна. Энэ дундаас битбокс урлагт хамгийн том хувь нэмэр оруулж, хөгжүүлж явсан Розель гэдэг битбоксчинг би үргэлж топ гэж бодож явдаг.
-Тэгвэл манайд хэр хөгжиж байна вэ?
-Монголд битбокс нэлээн өндөр хөгжиж байгаа. Орчин үеийн залуус битбоксын чиг хандлага, шинэ хэм хэмнэлийг маш сайн сурч байна. Азидаа манайхан нэлээн дээгүүрт орно гэж боддог.
-Та битбоксоор хичээллээд хэдэн жил болж байна вэ? Чухам юу нь таныг тэгтлээ татав?
-Миний хувьд 2004 оноос битбоксын урлагийг сонирхож, судалж, оролдож, сурч, одоо цааш хөгжүүлээд, хүүхдүүдэд заагаад явж байна. Анх битбоксыг машины хөгжимд кассетаар сонсож байсан. Тэгэхэд гоё хип хоп хэмнэл сонсогдоход манай найз “Энийг хүн амаараа хийсэн юм аа” гэж хэлсэн. Хүн яаж амаараа энэ хөгжмүүдийг гаргаж чадаж байгаа нь сонирхол их татаж, энэ урлагаар хичээллэх болсон доо.
-Та хэдэн цомог гаргалаа?
-Хоёр цомог гаргасан. Үндэсний өв соёл, биет бус өв язгуур урлагийг орчин цагийн битбокстой хослуулсан анхны цомгоо 2007 онд “Ray 358” нэртэйгээр гаргаж байлаа. Хоёр дахь цомог “Хөөмий бит”-ээ худалдаагүй. Гадаадад тоглолтоор явах эсвэл фестивальд оролцохдоо зарж борлуулах юм уу бэлэглэх зарчмаар гаргасан цомог байгаа юм. Одоо гурав дахь цомог дээрээ ажиллаж байна. Сүүлийн үед live performance төрөл рүү түлхүү анхаарч ажиллаж байгаа. Бас сэтгэл зүй засахуйн хөгжмүүдийг судалж, уран бүтээл хийж байна. Ер нь урын сандаа хуучны дуунууд, хуучны язгуур хөгжмүүдийг орчин үеийнх болгож, шинэ жанраар хийхийг зорьдог.
-Та гадаадад уригдаж их тоглодог. Нууц биш бол ямар үнээр…
-Гадаадад урилгаар нэлээн тоглодог. Тухайн улсад ямархуу хэмжээний тоглолт хийх вэ, хэдэн удаа тоглох ьэ гэдгээс үнэ ханш шалтгаалдаг. Ер нь нэг тоглолт дунджаар 5-10 мянган ам.доллар, тэгээд дээшээ.
-Таны тоглосон хамгийн том тайз гэвэл…
-Давхардсан тоогоор 120 гаруй тоглолтод оролцжээ. Хамгийн том тайз гэвэл анх хилийн дээс алхаж, БНСУ-ын Бусан хотод урлагийн фестивальд оролцсон юм. Тэгэхэд 127 улс оролцож байсан. Тэрнээс хойш том том тайзан дээр олон тоглосон ч анхны юм гэдэг сэтгэгдэл яалт ч үгүй тухайн дурсамж, маш олон хүн алга ташиж, баяр хүргэж байгааг мэдэрсэн мэдрэмжийн хувьд хамгийн том тайз бол тэр байсан.
-Тэнд л тоглох сон гэж мөрөөддөг газар бий юу? -Мөрөөддөг газар гэвэл…
Хэрвээ болдог бол саран дээр очиж, хөөмийг орчин үеийн урлагтай хослуулсан тоглолт хийх юм сан гэж мөрөөддөг. Бусдаар бол яах вэ, энд тэндхийн тайзан дээр ихэнхэд нь тоглосон шүү. Мөрөөдөл бол маш том байх ёстой гэж боддог.
-Та “Авьяаслаг монголчууд” шоунд яагаад оролцох болов?
-“Монголын үндэсний битбокс” холбоо 2008 онд байгуулагдсан. 2018 онд арван жилийнх нь ой тохиоход намайг сонсдог залуус, холбооныхоо мянгаад гишүүнд гэнэтийн бэлэг барих үүднээс “Авьяаслаг монголчуудад”-ад орсон.
-Үзэгчид, шүүгчдийг Хөвсгөлийн тайгаар аялуулж, Rokitbay шүүгчийг муужруулах шахдаг бүтээлээ та зохиосон уу?
-“Тайга” гэдэг бүтээлийг 2010 онд зохиосон. Мөн онд бие даасан анхны тоглолтоо “UB palace”-ын “Royal” танхимд хийсэн. Тэр тоглолтдоо “Тайга”-ыг тоглож байсан юм. Анхны хувилбар мэдээж 2018 онд “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр тоглосон шиг байгаагүй. 2018 он хүртэл хөгжүүлж байгаад бүрэн хэмжээгээр нь тухайн моментонд өөрийнхөө төсөөллөөр тайга ийм байдаг байх гээд л тоглосон.
-Хэдэн амьтны дуу чимээ гаргасан бэ?
-Долоон төрлийн амьтны дуу чимээ гарч байгаа. Хамгийн хэцүү нь шувууны сордог элемент. Энэ чимээг сорж, хоолойныхоо угаар хийдэг юм (өөрөө хийж үзүүлэв).
-Дараагийн шатанд усанд тоглосон нь өмнөх үзүүлбэрээ арай л гүйцээгүй юм шиг санагдсан…
-Үзэгчид хөгжимлөг, аялгуулаг зүйлийг хүсэж байсан л даа. Харин миний хувьд өөр. Ямар зорилготой байсан бэ гэхээр “Авьяаслаг монголчууд” шоу бол мэдээж дэлхийн том шоу. Үндэснийхээ хөөмийг, язгуур урлагийг битбокстой хослуулсан хөөмий бит хэмээх жанрыг таниулах, таниулахдаа цаашлаад усан дотор хийж болдог юм байна, усан дотор хөөмийлж болдог юм байна гэдгийг харуулахыг, усан дотор хөөмийг битбокстой хийж болох юм байна, усан дотор тэдэн минутын дотор битбокс хийлээ, хөөмийллөө гэдгийг харуулах, анхны тэр сэдлийг өгөх зорилгоор тоглосон. Мэдээж усанд хөөмийлж, битбокс хийлээ гэж Гиннест бүртгүүлэх зорилготой байсан учир энэ номерыг хийж үзүүлсэн. Энэ үзүүлбэр үзэгчдийн хувьд өмнөхөө гүйцээгүй гэдэг нь мэдээж аялгуулаг талдаа байх. Гэхдээ би ур чадварын хувьд, рискийн хувьд илүү хүнд хэцүү үзүүлбэр гэж боддог.
-“Гиннесийн ном”-д бүртгүүлсэн байх аа?
-Тийм ээ. 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, 2019 оны аравдугаар сард дэлхийн дээд амжилтын эзэн болсныг Гиннесийн Азийн төв байгууллагаас ирсэн шүүгч Анжела У, Регги Лу нар албан ёсоор зарлаж, батламж гардуулсан. Монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилт, “Гиннесийн ном”-д бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцож, хөөмий бит урсгалаа Гиннесийн шүүгчдэд үзүүлж, энэ олон хүнтэй ийм түүхэн арга хэмжээнд оролцсоноороо маш их бахархаж байгаа шүү. Гиннесийн амжилтыг бүртгэхээр ирсэн шүүгчид болон нийт оролцогчдод зориулж миний бие усанд хөөмий бит хийж үзүүлсэн юм. Камертоны Явах цаг боллоо Ариунаагийн Хуучраагүй жийнс гээд олон дуутай.
-Таныхаар битбокс гэж юу вэ?
-Хөөмийн урлаг бол хүн хөгжим, битбокс ч бас хүн хөгжим. Хөөмийн урлаг нь хүний өгүүлэхүйн эрхтнээрээ хөгжимддөг, аялгуу эгшиг гаргадаг бол битбокс хэм хэмнэл буюу ритм гаргадаг.
-Дуучид хоолойгоо гамнаж арчилдаг бол битбоксчдод тийм зүйл бий юу?
-Хоолой гамнах гэдэг зүйл бий, бий. Битбоксчдын хувьд аялгуу, хоолойгоороо аялах, аялгуу гаргах, нарийн тоглолтод мэдээж хоолой гамнах зүйлүүд гарна. Гамм унших, хоолойгоо өвтгөхгүй байлгах гэх мэт гам бий.
-Битбоксоор хичээллэхэд гэрийнхэн чинь хэр хүлээж авав?
-Эхэндээ ч гэрийнхэн маань тааламжгүй хүлээж авдаг байсан шүү. Би ч өдөр шөнөгүй тургиж, амандаа бувтнаад л…Чадахаасаа чадахгүй нь их. Ойр хавийн хүмүүс “Ямар их чимээтэй юм бэ”, “Ямар ядаргаатай юм бэ”, “Тэнгэр битгий муутгаад бай” гээд л. Эмээ, өвөө нар “Муу ёр” гэх зэргээр загнана. Яваандаа нөгөө тургиад байсан зүйл маань эргээд хөгжимлөг, аялгуулаг болоод ирэнгүүт дуртай болсон. Одоо бол дэмждэг.
-Гэр бүлээ танилцуулаач…
-Эхнэр, гурван хүүхэдтэй.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр