УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
Одоогийн үйлчилж байгаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Үүнээс үүдээд таны санаачилсан архины тухай хууль хэрэгжинэ гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Одоо насанд хүрээгүй буюу 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн нэлээн чанга, өндөр заалттай хууль үйлчилж байгаа. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байгаа. Нэгдүгээрт насанд хүрээгүй иргэдэд архийг борлуулж байгаа хүмүүсийн ухамсар ямар хэмжээнд байна вэ, зөвхөн өөрсдийн ашиг орлогоо бодоод хүүхдэд архи зарж байна гэдэг бол харамсалтай. Нөгөөтэйгүүр хуулийг хэрэгжүүлэх механизм хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага үүнийг шалгах ёстой. Гэтэл цагдаагийн байгууллагын хүч, бүрэлдэхүүн үүнд хүрч ажиллаж чаддаггүй. Харин 2014 оны 1 дүгээр сарын 1-ээс олон нийтийн цагдаатай болж байгаа. Олон нийтийн цагдаа гэдэг нь хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх мэт хэдэн мянган олон нийтийн цагдаатай болох гэж байгаа. Энэ хүмүүс өөрсдийн амьдарч байгаа орон нутагтаа ажиллана, орон нутгаас цалинжина. Энэ утгаараа тамхины хяналтын тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, хог хаягдлын тухай хууль гэх мэт жижиг зөрчлүүдийг торгох эрхтэй олон нийтийн хэдэн мянган цагдаатай болно.
Мөн архины тухай шинэ хуулиар архидан согтуурахтай тэмцэх сан байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл архины онцгой татвараас орж ирж байгаа мөнгөний тодорхой хувийг энэ санд хуримтлуулаад, сангаасаа хуулийг хэрэгжүүлэх багийн цалин, сурталчилгаа гэх мэт зүйлд зарцуулна. Ингэж санхүүгийнх нь асуудлыг нэлээд сайн шийдвэрлэж өгөхөөр хуулийг хэрэгжүүлэх баг сайн ажиллах боломж бүрдэнэ гэж харж байгаа.
Хуулинд архийг заавал тусгай дэлгүүрээр борлуулна гэсэн заалт байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар Монголд тусгай дэлгүүр байхгүй байна. Тэгэхээр энэ заалт хэрэгжих үү?
Өмнөх буюу одоо үйлчилж байгаа хуулиасаа ялгарах онцлог, том ялгаа нь энэ байгаа юм. Өнөөдөр 300 хүн тутамд архи борлуулах цэг байна гэж үзээд байгаа юм. 8 нэрийн барааны дэлгүүр бүр архи зарах эрхтэй байдаг. Дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжүүд хаашаа явж байна вэ гэхээр 18-аас дээш градусын хатуу архийг тусгай дэлгүүрээр зарах ёстой гэдэг. Энэ нь АНУ, Канад, Австрали, Шинэ-Зеланд, Хойд Америкийн улс орнуудад хэрэгждэг. Монгол Улстай хөгжлийн нэг чиг шугамд явж байгаа улс орнууд ч бас эхнээсээ үүнийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр бид ч бас дэлхийн чиг хандлагыг хараад энэ систем рүү шилжих ёстой. Тийм учраас шинэ хуулийн заалтанд орсон байгаа.
Бид юу гэж ярьж байгаа вэ гэхээр 3000 хүн тутамд 1 архины дэлгүүртэй болъё гэсэн хуулийн заалт явж байгаа. Гэхдээ 1500 хүн амтай сум байвал яах вэ гэх асуудал үүсэх учраас үүн дээр нэлээд олон хэлэлцүүлэг хийнэ.
Хууль чангарах тусам сөрөг хандлагууд их гардаг. Тухайлбал архийг зөвхөн тусгай дэлгүүрээр борлуулж эхэлснээр нууцаар худалдан борлуулах явдал ихсэх байх?
Бид нэг ойлголтоосоо салмаар байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулиа хэрэгжүүлж чадахгүй шүү дээ гэдэг ойлголтоосоо салчихмаар байгаа юм. 10, 15 жилийн өмнөхийг бодвол өнөөдөр Монгол Улсад гарч байгаа хуулиуд хэрэгждэг болсон. Бид ч хууль хэрэгжүүлэх мөнгийг төсөвтөө хангалттай суулгаж чаддаг болсон байгаа. Хууль тогтоогчид бид ард иргэдийн зүгээс хүсч байгаа хуулийг гаргаж тогтооно, харин үүнийг хэрэгжүүлэх ёстой байгууллагууд хуулиа хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгжүүлэхийн тулд юу хэрэгтэй байна вэ гэхээр Хууль зүйн яамны зүгээс хэлж байгаа хөрөнгө мөнгөний бололцоо ховор байна гэдэг. Тэгэхээр бид хуулиндаа хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгөөд, механизмуудыг нэлээд сайн заагаад өгчихнө.
Тухайлбал шөнө дунд архи авах гэж байгаа хүн такси компани руу утасдахад такси гэрт нь архи хүргэж өгдөг гэсэн яриа яваад байгаа юм. Тэгэхээр хууль хэрэгжихгүй байгаагийн шинж. Тиймээс бид ямарч байсан хуулиа гаргана. Хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллагууддаа санхүү, механизмыг нь шийдэж өгнө. Эргээд мониторингоо хийгээд шаардах зарчмаар явна.
Таны санаачилсан хууль УИХ дээр дэмжигдэх болов уу? Яагаад гэхээр хэд хэдэн гишүүн архины үйлдвэртэй шүү дээ?
Гишүүдтэйгээ уулзаад энэ талаар санал аваад явж байхад ихэнх гишүүд дэмжсэн. Архины үйлдвэр эзэмшиж байгаа иргэд, гишүүд энэ хууль гарах ёстой хууль гэж хүлээн зөвшөөрч, дэмжих хандлагатай байгаа гэж би харж байгаа.
Ер нь архи үйлдвэрлэгчдийн нэр хүндтэй холбоотой асуудал хаанаас гардаг вэ гэхээр монголын архины худалдах үнэ дэндүү бага байдаг. Дэлгүүрт ороод архи худалдаж авахад онцгой татвараа нэмээд, түүн дээрээ компанийн ашиг нэмснээс хамаагүй бага үнэтэй архи зарагдаад байдаг. Тэгэхээр энэ бол хуулиа баримтлахгүй, хуурамч архинууд яваад байна гэсэн үг. Гэтэл хуурамч архийг хаах ёстой хууль, цагдаагийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс бид энэ асуудлаа сайтар цэгцлэхийн тулд хуулиндаа чанга заалт болгож оруулна. Бид юун түрүүнд хуурамч архинаасаа салах зайлшгүй шаардлагатай байна.
Гадаадаас оруулж ирж байгаа архинд ямар хяналт тогтоох вэ?
Монголд нэг зүйл ажиглагддаг. Энэ юу вэ гэхээр дотоодынхоо үйлдвэрлэгч нар дээр нэлээд том шалгуурууд тавьчихдаг. Тухайлбал нэг стандарт батлуулахад 3-4 жил ордог. Гэтэл гадаадаас импортын зөвшөөрөл авахад маш амархан. Барааныхаа дээжийг авчирч лабраторид шинжлүүлээд л ганцхан сарын дотор импортын зөвшөөрөл авчихдаг. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг гадаадад ямар үйлдвэрлэлийн нөхцөлд хийж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр импортлогч, үйлдвэрлэгч хоёрт тавигдаж байгаа шаардлагууд эрс ялгаатай байдаг. Үүнийг Хүнсний аюулгүй байдлын тухай хууль дээр зохицуулалт хийсэн байгаа. Тухайлбал тухайн бүтээгдэхүүн гадаадад үйлдвэрлэгдэхдээ ч чанарын шаардлага хангасан үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдэж чадаж байна уу гэдгийг болж өгвөл газар дээр нь очиж шалгасны дараа импорт хийдэг систем рүү орно гэж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заагаад өгсөн байгаа. Энэ хуулийг 100 хувь хэрэгжүүлээд эхэлбэл гадаадаас орж ирж байгаа бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэгч хоёрт тавигдаж байгаа шаардлага адилхан болоод явчихна.
Таны санаачилсан хууль архины үйлдвэрүүдийг багасгах бус худалдан авалтыг бууруулах зорилготой юу. Архины үйлдвэрүүдийг багасгах зүйл, заалт тусгагдаагүй байна?
Архины үйлдвэрүүд дээр тавигдах шаардлагуудын тухайд эхний ээлжинд бид спиртэн дээрээ нэлээн том хяналт тавьж байгаа. Нэг үгээр хэлбэл төр спиртныхээ асуудлыг гартаа авчихаж байгаа юм. Тухайн жилдээ үйлдвэрлэгдэх спиртны тоо хэмжээг тодорхой байлгахыг зааж байгаа. Спиртны тоо хэмжээ тодорхой байснаар үйлдвэрлэгдэх архины хэмжээ тодорхой болох ёстой. Өнөөдрийн хувьд үйлдвэрлэгчид дээр нэлээн хатуу, чанга шаардлагууд тавигдаж явдаг. Бид хуурамч архи үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг хайж олоод зах зээлээс шахаж гаргах үйл ажиллагааг хийж байна.
Спиртны үйлдвэрийг төр өөртөө авна гэж ойлгож болох уу?
Спиртны үйлдвэр төрийн хяналтанд байна. Төр өөр дээрээ авахгүй. Ер нь төр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тал дээр бид дандаа эсрэг байдаг. Бид аль болохоор лебраль худалдааг дэмжсэн, хувийн хэвшил рүүгээ чиглэсэн бодлого баримталж байгаа. Хамгийн гол нь нээлттэй байх ёстой, өрсөлдөөнтэй байх ёстой, монополийн тухай хууль явагдаж байх ёстой, хяналт сайн байх ёстой, хувийн хэвшил хийх ёстой ажлаа өөрсдөө хийг гэсэн заалтууд байгаа юм.
Зар сурталчилгааны тухай хуулийн тухайд?
2009 онд Зар сурталчилгааны тухай хууль дээр нэлээн том өөрчлөлт оруулаад, оройн 10:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл 18-аас дээш градустай согтууруулах ундааны зар сурталчилгааны асуудлыг нээгээд өгчихсөн байгаа. Тэгэхээр үүнийг би Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд орсон хойшоо ухарсан нэлээн том заалт гэж бодож байна. Тиймээс энэ заалтыг хасах хуулийн төслийг өргөн барьчихсан байгаа. Үүнийг УИХ дээр хэлэлцүүлэхийг ирэх сараас шаардаж эхэлнэ. Энэ заалтыг өөрчлөхөд УИХ-ын гишүүдийн зүгээс нэлээн эсэргүүцэлтэй тулгарч байгаа.
Эх сурвалж: www.aravt.mn