Сүүлийн үед хэвлэлийн “баатар” болоод байгаа ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн өчигдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулсан юм. Тэр үеэр болсон асуулт хариултаас түүвэрлэн хүргэж байна.
-Өөрийг чинь ЗГХЭГ-ын дэд даргын ажлаас илүүтэй таны эхнэр буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Г.Уянга эзэнтэй “Gobi Power” компани Таван толгойгоос БНХАУ руу нүүрс тээвэрлэх тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар ялалт байгуулсан хэрэг л олонд таниулаад байгаа. Ингэхэд Г.Дэнзэн гэдэг хүн чухам хэн бэ?
-Би МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. Тооцон бодох математик, тоглоомын онолын чиглэлээр мэргэшсэн хүн. МИУС-д эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байсан.
Долоон жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хамтарч ажиллъя” гэж санал тавьсны дагуу төдийгөөс өдий хүртэл ажиллаад явж байна. Анх УИХ дахь АН-ын ажлын хэсэгт уул уурхай, Оюу толгой, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх математик аргачиллыг боловсруулах ажлыг хийж байсан.
Дараа нь Тэргүүн шадар сайдын ажлын албанд ажиллаж байлаа. 2012 оны нэгдүгээр сараас “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр дээр сууж ажилласан. УИХ-ын сонгуулийн үед АН-ын шуурхай албаны даргаар ажиллаж, хяналт, шалгалт мониторингийг ерөнхийд нь хариуцаж байсан. Тэр үед Н.Алтанхуяг дарга ч Ерөнхий сайд байсангүй, би ч хүргэн нь гэж хэлэгдэх тухай зүүдэлсэнгүй явж.
-Таныг ЗГХЭГ-ын дэд даргын албанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавьсан нь үнэн биз дээ?
-УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулсаны дараа намын удирдлагууд надад хандан “Дэнзээн чи Хэрэг эрхлэх газар ажиллаж байсны хувьд дэд даргаар ажиллаж, Төрийн албаны хяналт, шалгалтыг зөв голдиролд нь оруулаатахаач” гэсний дагуу залуу хүний хувьд энэ ажлыг хийе, болж бүтэхгүй байгаа юмтай нь тэмцье гэж л энэ албыг хүлээж авсан. Тэр үед хүмүүс надад “За чи олон дайсантай болох маш хэцүү албанд очлоо шүү.
Төрийн албыг олон жил хээл хахууль, бусармаг бүхний хоргодох байр, орон болгосон хүмүүсийн зүгээс тун эвгүй дарамт, шахалт ирнэ шүү. Чи тэсэх юм уу” гэж л байсан. Тэр болгонд “Би энэ ажлыг хийж чадна. Арай өөрөөр ажиллах цаг болсон” гэж л хэлдэг байсан. Анхнаасаа шинээр сэтгэж, хяналт шалгалтыг сайжруулах чиглэлд ажлаа чиглүүлсэн.
Аймгуудын цахим хуудсыг шинэчилж, 21 аймагтай цахим хурал хийж эхэлсэн. Яамдуудтай байнгын холбоотой байж хариуцлага, хэрэгжилт, хяналт гэсэн цахим хурлыг тогтмолжууллаа.
Хамгийн гол нь Төрийн байгууллагуудын доторх хяналт шалгалтыг ихээхэн шинэлэг, өөр байдлаар явуулж эхлээд байна. Төрийн байгууллагуудын дарга нартай холбоотой маш олон авилга, хээл хахууль, төсвийн мөнгийг идэж шамшигдуулдаг зөрчил, дутагдал эхнээсээ илрээд олон дарга, эрх мэдэлтэн холбогдоод явж байгаа.
Эрх мэдэлтнүүдийн хүрээнд олноороо гадаадад амарч зугаалдаг, ах дүү, хамаатан садандаа орон сууцны маш том хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг, ТУЗ-ийн дарга нар нь өөрсдөдөө маш их хэмжээний шагнал, урамшуулал олгодог гээд зүсэн зүйлийн хулгай, луйвар гайхаж, цочмоор хэмжээнд ужгирсан байна. Энэ бүхэнтэй хатуухан тэмцэж эхэлсэн, энэ ажлаасаа ухрахгүй. Ийм ч учраас өнөөдөр би олон хүний эрх ашгийг хөндөж, уурлуулж байгаа нь тодорхой.
-Саяхныг хүртэл 70 ам.доллараар борлогдож байсан Таван толгойн нүүрсийг одоо 53 ам.доллараар зарж эхэлснээр “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллах хэрэг үү. Та ТУЗ-ийнх нь дарга байх аа?
-Өөрийн чинь асуугаад байгаа нь өмнө мөрдөгдөж байсан үнэ байна. Би ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн даргын албыг хашиж байна. Анх маш хэцүү байдалтай компани хүлээж авсан. Тооцоолон бодох математикч хүний хувьд Таван толгойг хэрхэн ашигтай ажиллуулах талаар маш нухацтай тооцоо судалгаатай зүтгэсний хүчинд өнөөдөр байдал үндсээрээ өөрчлөгдөж байгаа гэдгийг зоригтой хэлж чадна.
“Эрдэнэс Таван толгой” дөрвөн дэд захиралтайгаас хоёр нь гадаад хүн байсан. Нэг нь л гэхэд жилдээ 500 сая төгрөгийн цалин авчихаад, сарын дөрвөн мянган ам. долларын түрээсийн байранд сууж байсан. Тэр ч байтугай “Эрдэнэс Таван толгой”-н мөнгөөр Харвардын магистрт сурч байсан. Ийм их эрх дарх, хангамж эдэлчихээд “Эрдэнэс Таван толгой”-н төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй өнөөдрийг хүрсэн тэднийг ажлаас нь халсан. Ямар ажил хийсэн бэ гэхэд гуравхан хуудас цаас үзүүлж нэг ёсондоо Монголын Төрийг доромжилсон тэднийг халахгүй яадаг юм. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагын зардал 65 хувиар буурсан байгаа. Нүүрсний үнийн тухайд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн хэлбэлзэл, ОХУ-аас БНХАУ руу их хэмжээгээр нүүрс экспортлодог болсон зэрэг олон шалтгааны улмаас өнөөдрийн үнэ мөрдөгдөж байгаа. Гэхдээ удахгүй “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллана гэдгийг л мэдэж байна.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Г.Дэнзэн 17 тэрбумын тендерийг эхнэртээ авч өгсөн” гэж баримт үзүүлэн яриад байгаа шүү дээ. Ер нь та эхнэр Г.Уянгынхаа талаар танилцуулж болох уу?
-УИХ-ын гишүүний халдашгүй эрх ямбаны цаана нуугдсан зарим нэг этгээдийн гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байна. Нэр төрөө сэргээлгэх зорилгоор шалгадаг газар нь намайг шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө үү гээд хүсэлтээ гаргасан. Бас шүүхэд ч хандсан байгаа. Ор үндэсгүй гүтгэлэг гэр бүлийн амьдралд маш хүндээр тусдаг юм байна.
Гэхдээ би даван туулаад л явж байна. Надад Таван толгойн тендерт оролцох, цаашлаад нөлөөлөх ямар ч боломж, чадамж байхгүй. Эхнэр гэж яригдаад байгаа хүний тухайд Англид сургууль төгсөөд ирсэн нэг бүсгүйтэй жил хагасын өмнөөс дотносон, үерхэж эхэлсэн. Өнөөдөр бид хоёр нэг гэрт амьдарч байгаа ч гэр бүл болж, албан ёсоор батлуулаагүй.
Нөгөөтэйгүүр хэвлэлд гараад байгаа шиг миний хамтран амьдрагч нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд биш, холын хамаатных нь охин. Бид хоёр хамтран амьдраад нэлээн удсаны дараа Н.Алтанхуяг сайдын холын хамаатны охин гэдгийг нь мэдсэн. Би хүнд дурлах, хайрлах эрхтэй хүн. Одоо тэгээд хэвлэлээр гараад байгаа материалаас айгаад салах хэрэг үү. Тэгж бодож байгаа хүмүүс байвал ёстой уучлаарай.
-Ямар ч гэсэн Ерөнхий сайдын хамаатны охинтой суусан нь үнэн болохоор Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний санаачлан батлуулсан “Ашиг сонирхлын зөрчил”-ийн хуулийг Н.Алтанхуяг сайд та хоёр зөрчөөд байгаа юм биш үү?
-Ашиг сонирхлын хуулийг зөрчөөгүй ээ. Албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй болохоор хуулийн хүрээнд авч үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Ажлаа хийдгээрээ хийгээд явна, гүтгэж доромжлоод байгаа зарим нэг нөхдийг шалгуулна.
-Та Төрийн албаны мэргэшсэн найман ажилтныг ажлаас нь ямар ч үндэслэлгүй халсан нь үнэн үү?
-Наад ажлыг чинь би биш ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго гэдэг хүн хийсэн. Тэгээд маргааш нь буюу Засгийн газрын тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Товчхондоо тавдугаар сарын 17-ны өдөр Ш.Солонго даргын гаргасан тушаалаар Хууль эрх зүйн газрын дарга Мөнх-Эрдэнэ, зохион байгуулалтын газрын дарга Дондичинбуу, бодлого зохицуулалтын ахлах рефрент Уранчимэг, мөн ахлах рефрент Ганчимэг, хууль эрх зүйн газрын рефрент Эрдэнэчимэг, бодлого зохицуулалтын шинжээч Нарангуа, зохион байгуулалтын газрын боловсон хучин хариуцсан рефрент Алтанцэцэг гэсэн долоон хүнийг ажлаас нь халсан байсан. Өөрийнх нь гарын үсэгтэй тушаал нь энэ байна. Одоо болохоор эдгээр хүмүүсийг “Дэнзэн ажлаас нь халсан” гээд яриад яваад байгаа.
Эцэст нь хэлэхэд намайг яаж ч гүтгэж доромжилж байсан би айхгүй, ажлаа улам зоригтой хийгээд л явна. Харин улаан цайм гүтгэж доромжлоод байгаа хүмүүстэй шударга шүүхийн өмнө уулзах нэг өдөр ирнэ шүү гэдгийг л хэлчихье.
Эх сурвалж: