Орон даяар “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа” явуулна

dd2013 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэн 12 дугаар сарын 9 хүртэл ХАХНХЯ-наас өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг улсын хэмжээнд явуулах гэж байна.

Улсын хэмжээний судалгааны ажлын зорилго, бэлтгэл ажил, судалгааны үеэр өрх иргэдийн анхаарах асуудлын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцон, мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийх тухай Монгол улсын Засгийн газрын 2013 оны 269 дүгээр тогтоол батлагдаж, орон нутгийн Засаг дарга нартай хамтран улсын хэмжээний судалгаа явуулах бэлтгэл ажил хангагдаад байна.

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны зорилго нь Монгол улсын нийт өрхийн 2,9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан салбар дундын цахим мэдээллийн сан бүрдүүлэх явдал юм.

Судалгааны үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг тодорхойлох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтыг хангах, нийт өрх иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд салбар дундын мэдээллийн цахим санг ашиглах бүрэн боломжтой болох юм.

Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны бэлтгэл ажил болон мэдээлэл цуглуулах ажлын ерөнхий зохион байгуулалтыг ХАХНХЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар гүйцэтгэж байна. Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газартай хамтран өөрсдийн орон нутагт уг судалгааг хариуцан ажиллаж байна.

Судалгааны аргачлалыг 2013 оны 11 дүгээр сарын 07-нд ҮСХ-ны дарга, ХАХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар баталж, улсын хэмжээнд ажиллах бүх судлаач, судалгааны багийн ахлагч, мэдээлэл шивэгч, орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд зэрэг нийт 10,0 гаруй мянган хүнд шинээр батлагдсан аргачлалын дагуу судалгаа хэрхэн авах тухай сургалтыг орон нутагт томилогдон ажиллаж буй зөвлөхүүд зохион байгуулж дууслаа.

Мөн нийт өрхийн жагсаалтыг бэлдэж, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны өрхүүдийн газрын зураг бэлэн болоод байна. Судалгаанд ажиллах судлаач буюу тоологч, мэдээлэл шивэгч, хөтөч, жолооч нарыг боловсрол, бичиг үсгийн чадамж, харилцааны соёл, ажлын туршлага зэргийг харгалзан сонгон шалгаруулж, хүн тус бүртэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Өрхөөс асуулгын маягтын дагуу судалгаа авах тоологч нарт орон нутгийн ажлын хэсгийн даргын гарын үсэг, тамга тэмдэг бүхий үнэмлэх олгосон учраас судлаачийн бичиг баримтыг шалган гэртээ оруулахыг иргэдэдээ анхааруулж байна.

Мөн гэр хорооллын айл өрхүүдийн хувьд нохойгоо уяж судлаач-тоологч нарын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна. Судалгааг өрхийн насанд хүрсэн аль нэг гтшүүнээс авах ба иргэд иргэний цахим үнэмлэхээ /эсхүл төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх/ судалгааны үеэр гэртээ байлгах хэрэгтэй байна.

Иргэд судалгааны асуулгад үнэн зөв, тодорхой хариулах нь чухал юм.  Мэдээллийн үнэн зөв байдлыг төрийн байгууллагын бусад мэдээлэлтэй тулган нягтлах арга хэмжээг давхар авч мэдээллийн бодит байдлыг хангана.

Энэ ондоо багтаан мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийх бөгөөд, ирэх оны эхний улиралд үр дүнгээ Засгийн газарт тайлагнах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Иргэдийн хувьд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд идэвхитэй оролцох нь иргэнийхээ хувьд улс орныхоо хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …