Б.Энхбаяр: Төрийн хар хайрцагны бодлогыг мэргэшсэн албан хаагчид л тээж явдаг

ecade5b1b7bd3f38originalТөрийн албан хаагчид /ТАХ/-ын холбооны тэргүүн Баттөмөрийн Энхбаяртай ярилцлаа.

-Өнөөдөр Монголын төрд яг хичнээн хүн ажиллаж байна вэ. Саяхныг болтол бид 160 мянган ТАХ-тай гэж бодож явсан. Гэтэл танай холбооноос 200 мянгад хэдийнэ хүрсэн гэх юм?

-1990-ээд оны үед хүмүүс төрийн албанаас дайжиж байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж, цалин хөлс бага байснаас ганзагын наймаа эрхлэх нь ашигтай болсон. Тэр үед олон ТАХ хувийн хэвшил рүү шилжиж, төрийн албанаас зугтаж байсан үе л дээ. Ерээд оны дунд үеэс хойш эргээд төрийн албанд орцгоож, хүмүүс нэр хүндтэй, тогтвортой ажлын байртай болох сонирхол нэмэгдэж эхэлсэн байдаг юм. Түүнээс хойш Монголын ТАХ-дын тоо тасралтгүй өсөж ирсэн. Жил тутам 5-10 мянгаар нэмэгдэж явсаар байгаад одоо 200 гаруй мянга хүрчлээ. “Том төрөөс  ухаалаг төр рүү” зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч төрөөс цалин авч буй хүний тоо 208 мянга болсон гэдгийг албан ёсоор зарласан. Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс гаргадаг статистикт 2012 оны эцсийн байдлаар 162 мянган ТАХ бий гэж мэдээлсэн. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 14 улсын үйлдвэрийн газар шинээр байгууллаа. Мөн төрийн өмчит хувьцаат компаниуд бий. Тэдгээрт ажиллагсдыг нэмж тооцвол 200 мянгад хүрсэн гэдгийг манай холбооноос урьд нь олон удаа хэлж анхааруулж байсан. Монголын төр дэндүү данхайлаа, цаашид ийм байдлаар явж болохгүй нь гэдгийг Ерөнхийлөгч соргогоор харж, олон нийтэд мэдээлсэнд бид баяртай байгаа. Одоо Ерөнхийлөгчийн үгийг зүгээр л лоозон төдий сонсоод хаячиж болохгүй. Засгийн газар төрийн тэргүүнийхээ өгсөн чиглэлийг төлөвлөгөө гарган хэлэлцэж, Засгийн данхайрлыг багасгах арга хэмжээг бодитойгоор авч хэрэгжүүлэх үлдлээ.

-Улсын үйлдвэрийн газар, Төрийн өмчит компанид ажиллагсад ТАХ мөн үү. Тэднийг төрийн албаны зэрэглэлээр цалинжуулдаггүй биз дээ?

-Алинд нь ч оруулж тооцолгүй өнөөдөртэй золгосон. ТАХ гэж тооцдоггүй хэр нь төрөөс цалин авч байгаа нь төрд ажиллагсдын тоог бага байгаа мэт харагдуулах нэг арга байхыг үгүйсгэхгүй.

-ТАХ-ын халаа сэлгээ их байна гэсэн гомдол байнга гарч байдаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ асуултад хариулахын өмнө ТАХ-ын хөдөлгөөн сүүлийн жилүүдэд ямар байв гэдэг талаар өгүүлье. ТАХ-ын ажилд шинээр орсноос гадна ажлаасаа халагдсан, өөр ажилд шилжсэн, сургалтад хамрагдсан, түр чөлөө авсан, жирэмсний амралттай гээд бүхий  л хөдөлгөөн сонгуулийн дараа эрс эрчимждэг. 2008 оны сонгуулийн дараа хамгийн тогтвортой буюу 5,6 хувь нь л хөдөлгөөнд орсон байдаг. Энэ нь Хамтарсан Засгийн газар байгуулсантай холбоотой гэж бид харж байгаа юм. Түүний өмнө 1996, 2004 онуудад ТАХ-ын 7-8 хувь нь хөдөлгөөнд орж байсан бол 2012 оны байдлаар 9,7 хувь нь хөдөлгөөнд орсон байна. Үүнийгээ албан ёсны тоо болох 160 мянгад хувилаад үзэхээр 16 мянга орчим нь ямар нэг байдлаар хөдөлгөөнд оржээ гэсэн үг. Эдгээрийн 11 мянган гаруй албан хаагч өөрийн хүсэлтээр ажлаа сольсон, ажлаасаа гарсан байх жишээтэй. Яг албан ёсоор халагдсан нь 0,3 хувь гэдэг тоо ярьдаг юм. Энэ нь бодит байдалд нийцэхгүй статистик гэдэг нь хэнд ч тодорхой. Өөрөөр хэлбэл “өөрийн хүсэлтээр”  ажлаасаа гарахаас аргагүй байдалд оруулдаг үзэгдэл нийтлэг болж. Нөгөө талаар асуудалтай буюу нээнтэгтэй нөхдүүд ч бас багагүй төрийн албанд шургалжээ гэсэн үг. Улс төрийн болон бусад шалгуур тавьж, хүчээр өргөдлийг нь өгүүлдэг хандлага байсаар байна. Уг нь ТАХ бол нэмэгдэл олон баталгаатай. Улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаасаа халагдахгүй байх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Хуулиар хамгаалагдсан энэ эрхээ ТАХ эдлэхээсээ өөрөө татгалзаж байгаагийн нэг шалтгаан нь төрөөс олгодог тэтгэмжтэй холбоотой. Төрийн үйлчилгээний албан хаагч гэхэд доод тал нь нэг сар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын хувьд зургаан сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж өгдөг. Тэгэхээр нэг албан хаагчийн хувьд хамгийн багадаа гурван сая төгрөгийн тэтгэмж өгч байж, тухайн албан хаагчийг гомдол маргаангүйгээр, шүүхэд зарга үүсгэхгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа. Нэг хүнд л гурван сая төгрөг олгоод 10 мянган хүн ажлаас халжээ гэхээр төсвөөс 30 гаруй тэрбум төгрөг гаргасан гэсэн үг юм. Зөвхөн 2012 онд л гэхэд ийм хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлсэн байх юм. Энэ олон хүний оронд өөр хүн ажилд авалгүй орон тоог нь хэмнэсэн бол бас яахав гэхсэн. Гэтэл эсрэгээрээ 11 мянган хүн чөлөөлөөд 16 мянган хүн ажилд авсан статистик байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд 5-6 мянган хүнээр төрийн албанд ажлын байр шинээр нэмсэн нь эндээс харагдаж байна.

-Энэ мэт үргүй зардал, төрийн албаны хэт хавтгайрал ирэх онд багасах хандлага байна уу?

-Итгэл муу л байна шүү. Учир нь Засгийн газрын тэргүүн ирэх онд шинээр 3700 орчим орон тоог нэмэхээр сая төсөв батлууллаа. Тэгэхээр 2012 онд байсан ТАХ-ын орон тоо 2014 он гэхэд даруй 10 мянгаар нэмэгдэж байна гэсэн үг. Ийм хэмжээний зардлыг татвар төлөгчдийн нуруун дээр тавьж буй ч төрийн үйлчилгээ нь тэр хэрээрээ хөнгөн шуурхай, хүртээмжтэй болж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Бодлоготой хөгжих асуудал эн тэргүүнд тавигдчихлаа. Төр ямар чиг үүрэг гүйцэтгэж, ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байхаар чинь түүнийгээ хичнээн, ямар хүний нөөцөөр хэрэгжүүлэх вэ гэдэг чинь бас эзэнгүй болчихож байна гэсэн үг. Үндсэндээ Монголын төр таван тоосгыг таван тоннын машинаар л зөөчих гээд байна. Төрийн бодлого зөв, оновчтой байвал түүнийг хэдий хэрийн хүний нөөцөөр хэрэгжүүлэх нь бодитой тогтоогдоно. Бодлого нь тодорхой бус байхад яамдын тоогоо өсгөөд байхаар дагаад ТАХ-ын тоо ч нэмэгдээд л байна гэсэн үг. Яг л бөөн хуяг дуулга өмсөж, хүнд ачаа үүрчээд ажил хийх гээд байгаа хүн шиг л байна шүү дээ, Монголын төр.

-Яам, тамгын газарт ажиллагсдын тоо хэдий хэр өссөн бэ?

-Ганцхан жишээ хэлье. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд өмнө нь 92 хүн ажиллаж байж. Харин одоо Боловсрол, шинжлэх ухааны яам болж, соёлын чиг үүрэг нь өөр яаманд шилжсэн байтал 100 гаруй ажиллагсадтай болжээ. Хар ухаанаар бодсон ч  нэг томоохон чиг үүргээсээ салсан газар чинь орон тоо нь багасах байтал эсрэгээрээ нэмэгдээд байгаа нь төрийн албаны хүний нөөцийн бодлогыг дэвшүүлж буй хөтөлбөр, зорилттойгоо уялдуулдаг байдал нэгэнт хүлээснээсээ алдуурсны нотолгоо. Нийтэд нь авч үзвэл Шинэчлэлийн Засгийн газрын үед яамдын тоо 40 хувиар, тэнд ажиллагсдын тоо 80 хувиар нэмэгдсэн. Дээр нь манай төрийн зарим дарга нарт нэг том асуудал байнаа. Ажлаа сайн хийгээд байгаа нэгэндээ улам ачааг нь нэмэрлээд, чадваргүй, мэдлэггүй нэгнээ суудал бөглүүлээд байлгаад байдаг. Шударга өрсөлдөөнийг л төрийн албанд нэвтрүүлмээр байна. Хэн танил тал, нөмөр нөөлөгтэй нь биш хэн мэдлэг, ур чадвараараа илүү нь илүү цалин урамшуулал хүртдэг, ахиж дэвждэг шударга тогтолцоо л төрийн албанд ус агаар мэт үгүйлэгдэж байна.

-Л.Гантөмөр сайд анх УИХ-д сонгогдохоосоо л төсвийн мөнгийг хэмнэх гамнах талаар санаачлага гаргаж байсан. Төрийн албанд түлш бага зарцуулдаг автомашин унадаг болох, шинэ жил болон бусад баярыг  төсвийн мөнгөнөөс тэмдэглэхгүй байх, баярын мэндчилгээнд хөрөнгө зардгийг болиулах гээд хэмнэлтийн талаар олон санаачлага гаргаж байсан. Гэвч яамны бүтцээ ийн тэлснийг анзаараагүй байгаа нь гайхал төрүүлж байна л даа. Ер нь та энэ талаарх санал бодлоо эрх баригчдад хэлж үзсэн үү?

-Асуудлыг ганц яам болон сайдад чиглүүлж ярих нь их өрөөсгөл хэрэг болно. Жишээ болгон БШУЯ-ыг дурдаж байгаа болохоос яамдад нийтлэг байгаа үзэгдэл. Гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэгтэй нь уялдуулж харвал хэт олон яамтай болсон нь кабинетийн зарчмаар ажилладаг Ерөнхий сайдын бодлого гэдэг зүйлийг ихээхэн бүрхэгшүүлдэг сул талтай. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг хувь хүнийхээ хувьд асуудлаа зангидаж, хүрэлцэж ажиллах чадамжийг данхар бүтэц үгүйсгэдэг, байхгүй болгодог. Засгийн газар нэг талаас УИХ-аас баталсан бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэрэгжүүлж буй бодлогодоо хяналт, үнэлгээ хийж ажиллах учиртай. Энэ нь зүгээр ам баатар байгаад байна гэсэн үг биш. Засгийн нүсэр бүтэц өөрөө УИХ-ын ч, олон нийтийн ч, иргэний нийгмийн ч хяналтын хүрээнээс нэгэнт гарчихаад байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос саяхан зургаан яаманд гүйцэтгэлийн мониторинг хийсэн. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яамны 2013 оны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл дөнгөж 8,3 хувьтай гарсан байх жишээтэй. Он дуусах гэж байхад төлөвлөгөөт ажлынхаа 10 хувийг ч хийж гүйцэтгэж амжаагүй байна гэдэг нь хариуцсан яам бодлого, чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэснийг харуулахын сацуу түүнд тавих гүйцэтгэлийн удирдлага, хяналтын дархлаа суларсны илэрхийлэл.

-Урьд нь хяналтыг хэн тавьдаг байсан бэ. Та бас яам хоорондын ажлын уялдаа тааруу байгаа тухай шүүмжилдэг. Энэ бүхнийг хэн хянах ёстой вэ?

-Хяналтын хэд хэдэн хэлбэр бий. УИХ өөрийн харъяа байгууллага, байнгын хороодоор дамжуулан Засгийн газрыг хянаж байдаг. Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газрыг чухамхүү Засгийн газрыг өөрөөс нь хараат бусаар хянах гэж л ажиллуулдаг. Удирдлагыг нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас зөрүүлж зургаан жилээр УИХ-аас томилдог нь ч ийм л учиртай. Эдгээр газрынхан ажлаа хийх ёстой. Мэдээж дотооддоо бол Засгийн газрын хэрэг эрхлэх газар бас гүйцэтгэлийн хяналтаа аль чинээгээрээ л тавьж яваа. Эдгээр бүтэц удирдлага, хүний нөөцийн чадавхийн хувьд, эрх мэдэл, тогтолцооны хувьд, арга барил, зориг эрмэлзэлийн талаасаа Засгийн газраа хянах чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна. Үүн дээр нь Засгийн газрын өөрийнх нь хуулиас давсан, түүнийг эс ойшоосон алдаатай шийдвэрүүд бас нөлөөлсөн. Жишээ нь төрийн жинхэнэ албанд иргэнийг түр орлон гүйцэтгүүлж болно гэсэн Үндсэн хууль зөрчсөн журмыг Засгийн газар нь өөрөө гаргачихсан. Энэ журмыг далимдуулан төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны нөөцөд байхгүй дурын иргэнийг ажилд авдаг болсноос төрийн албан дахь сахилга, хариуцлагагүй, дүрэм журамгүй, дураараа авирлах байдлыг бууруулахгүй, даамжруулж байна. Энэ миний хувийн санаа бодол ч биш. МҮХАҮТанхимын саяхан гаргасан төрийн байгууллагуудын хүнд суртлын байдлын судалгаа болон олон улсын Трансперинси интернейшнлийн авилгын индексийн үзүүлэлтээс үүнийг түвэггүй харж болно.

-Засгийн газрын тэрхүү журмыг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандсан хүн нь та байх нь ээ?

-Тийм ээ. Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдөл гарган эл журмыг хүчингүй болгуулсан. Засгийн газар Цэц хуралдахаас нэг хоногийн өмнө өөрсдөө шийдвэрээ хүчингүй болгосон. Судалгаа хийгээд үзэхээр 500 гаруй төрийн удирдах албан тушаалтныг түр томилсон байдаг юм. Түр томилсон хүмүүсээ жинхлэх, тэнцүүлэх ажлыг ТАЗ-өөр дамжуулан хийж байгаагаас болоод ТАЗ өнгөрсөн жил хагас тэдгээр хүмүүсийг жинхлэх ажил хийсээр байгаад л таарлаа. Одоо ч түр томилгоогоо үргэлжлүүлсээр л байна.

-Сонгон шалгаруулалт шударга явагдаж байна уу гэдэг ч эргэлзээтэй санагддаг?

-Энэ бол ер нь сүүлийн 20 гаруй жил яригдаж байгаа асуудал. Өмнөх парламентын үед төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтнуудад тавигдах ажлын байрны тодорхойлолт, нийтлэг шаардлагыг УИХ-аас баталж байя гэж яригдаж байгаад сураг алдарлаа. Ингээгүйгээс төрийн удирдах албаны шаардлагыг тухайн хүндээ тохируулаад ажлын байрны тодорхойлолт гаргаж ирээд байна. Нэг агентлагийн даргын сонгон шалгаруулалтад бүр төрийн өндөр албан тушаалд дөрвөн жил ажилласан байх гэсэн шаардлага тавьсан ч тохиолдол бий. Төрийн өндөр албан тушаал гэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн гэсэн үг. Тэгэхээр тэр ажил дээр өрсөлдөх хүн олдохгүй шүү дээ. Зарим агентлагийн даргын шалгаруулалтад төрд нэг жил ажилласан байх гэсэн бол заримд нь 10 жил ажиллахыг шаардах, зөвхөн турк хэлний мэдлэгтэй байх гэхчилэн хүнд нь тааруулсан шаардлагыг л тавьж байна. Үүнийг өөрчилж, босго шалгуурыг нь өндөрсгөсөн нэгдмэл стандартыг бий болгох ёстой гэж боддог.

Нөгөө талаас төрийн жинхэнэ алба бол карьерийн зарчмаар шаталж хөгждөг байх ёстой. Тухайн системд үр нөлөөтэй, тогтвортой мэргэшиж ажилласан хүмүүс шат ахиж явдаг байх юм бол хүмүүс урамтай ажиллана. Үнэхээр үр бүтээлтэй, хичээж ажиллах юм бол хэзээ, хаана хүрэх нь тодорхой байх юм бол хүн зорилготой, ёс зүйтэй, хариуцлагатай л ажиллана. Улс төржсөн шийдвэрээр танил тал, төрөл садны томилгоо хийж эхлэхээр хүмүүс ажилдаа хоноцын сэтгэлээр хандах хандлага нүүрлэнэ. Авлига хээл, хахууль, ашиг сонирхлын зөрчил ч үүнээс үүдэлтэй. Энэ нь бүхэлдээ Монгол төрийн дархлааг сулруулна. 2000 мянганы тэртээ Хүннүгийн нэгэн хааны хэлсэн “Хүний хүний номыг сурсан, номны номыг сурсан хүнээр төр түшүүлэх ёстой” гэсэн сургаал өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Бусдын хэл соёл, туршлага хийгээд онолын мэдлэгийг сурахаас гадна туршлагын хувьд хар хир хор нь гарсан хүн байх ёстой гэсэн санаа л даа.

-Төрийн хар хайрцагны бодлого алдагдаад байна  гэсэн үг үү?

-Төрийн хар хайрцагны бодлогыг чинь улстөрчид биш төрийн мэргэшсэн албан хаагчид л тээж явдаг. Улс төрч хүн муу усны нүх ухаж, худаг гаргадаггүй л байхгүй юу гэсэн үг байдаг. Улстөрчид бол сонгуулийн үр дүнгээр гарч ирж, тодорхой зорилго дэвшүүлдэг. Түүнийг нь чадварлаг, мэргэшсэн албан хаагчид боловсруулж, хэрэгжүүлдэг. Тиймээс төрийн албан хаагчид тогтвортой, үр нөлөөтэй ажилладаг байх ёстой. Аль ч засгийн үед ТАХ-ын тогтворгүй байдлаас хожсон зүйл гэж байдаггүй. Өнгөрсөн онд хүний нөөцийн хувьд хамгийн бага хөдөлгөөн хийсэн газар бол Хууль зүйн яам. Гэтэл салбартаа шинэчлэлийн бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа нь тус яам л гэж би хувьдаа хардаг. Тэгэхээр төрийн албаны ажилтнуудыг заавал халж сольж бужигнуулахдаа биш үнэхээр ажиллуулж чадвал шинэ хуучин хүмүүсийн ялгаа үгүй гэдгийг тэндээс харж болно. Шинэчилнэ гэхээр л өөрийн гэсэн хүмүүсээр тойрон хүрээлүүлж, тогтвортой байдлыг алдагдуулахын нэр биш гэдгийг Х.Тэмүүжин сайд харуулж байгаа гэж боддог. Эсрэгээрээ маш их халаа сэлгээ хийсэн атлаа ажил үйлс нь баларчихсан яам алийг тэр гэх вэ.

-Төрийн албаны зөвлөл энэ талаарх судалгаа шинжилгээнийхээ талаар яагаад нийтэд мэдээлэхгүй байна вэ. Үндсэн чиг үүрэг нь биш болохоор уу, эсвэл хүсэхгүй байна уу?

-Төрийн албаны хүний нөөцийн боловсон хүчний шилжилт хөдөлгөөний тайлан мэдээг гаргах, төрийн албаны стандартын удирдлагыг төлөвшүүлж, үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэгтэй байгууллага нь Төрийн албаны зөвлөл. Хаалттай байгаа байдал нь хэд хэдэн шалтгаантай байж мэдэх юм. Түр томилгоог л гэхэд хууль бус гэдгийг ТАЗ анхнаасаа Засгийн газарт хэлж байсан. Гэвч Засгийн газар ойшоогоогүй. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдынхаа тоон мэдээлэлд хяналт тавих чадамжаа алдчихаад байх шиг. Өнөөдрийн авсан мэдээлэл маргааш өөрчлөгдөж байна. Мөн ТАЗ-дөө үнэн зөв мэдээлэл өгөхөөс татгалздаг байдал байна. Сая Ерөнхийлөгч маань Ухаалаг төр лүү гэх арга хэмжээн дээр хэллээ. Эхнэрийнхээ дүүг нууцаар тушаал гаргаад ажилд авчихаж байнаа гэж. Гэтэл үүнийг зохицуулсан Иргэдийн мэдээлэл авах эрх, ил тод байдлын тухай хууль гэж бий. Төрийн аль ч байгууллагын улсын нууцаас бусад мэдээллийг иргэд авах эрх зүйн орчин нэгэнт бүрдсэн. Хэрэгжүүлэхгүй, энэ талын мэдээллийг нуух, нууцаар тушаал гаргаж, хүмүүс ажиллуулах байдал байсаар байна. ШӨХТГ-ын дарга л гэхэд удирдах төвшиний, улсын байцаагчийн эрхтэй есөн хүнийг нэг шийдвэрээр томилсныг АТГ татгалзсан хариу өгсөн. Гэтэл тэднийгээ хуурамчаар чөлөөлсөн тушаал гаргасан байдаг.

-Хуурамчаар гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Тэдгээр хүмүүс чөлөөлөгдсөн тушаалтай хэр нь өнөөдрийн хүртэл ажлаа үргэлжлүүлж хийгээд, цалингаа аваад, төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаад, улсын байцаагчийн эрх эдлээд, аж ахуйн нэгжүүдийг торгоод явж байх жишээтэй. Тушаалгүй хүнд цалин өгөөд байна гэдэг чинь дор хаяж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

-Ингэхэд та аль намын гишүүн бэ?

-Би МАН-ын гишүүн. Бүүр 1996 онд ялагдчихсан байх үед нь элссэн гишүүн. УИХ дахь МАН-ын бүлэгт хуулийн зөвлөхөөр, Засгийн газрын хоёр ч агентлаг, Хууль зүйн яаманд ТЗУГ-ын дарга гээд удирдах албан тушаал хашиж байсан. 5-6 жил хуулийн сургуулиудад Нийтийн эрх зүйн чиглэлээр багшилж байлаа. УИХ-ын даргад ч хуулийн чиглэлээрээ зөвлөх туслах ажил хийж байлаа. Төр, захиргааны ажилд 10 гаруй жил бас ажиллачихсан юм байна шүү. Тэр утгаар Захиргааны шинэтгэлийн хүрээний асуудлыг онол, шинжлэх ухааны арга зүй, хууль зүйн талаас нь ч, практик ажлын туршлага талаас нь ч хуримтлуулсан хүний л нэг. Аль нэг намын гишүүн байлаа гээд ТАХ-ын холбооныхоо ажлыг хууль ёс, шинжлэх ухааны хэм хэмжээнээс давуулж хийхгүйгээр төлөвшсөн гэдгийгээ Танд хэлчихье. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн Үндсэн хуулийг илт зөрчиж, хууль ёсыг гажуудуулж буй, эсвэл эрх нь хөндөгдсөн төрийн албан хаагчдад хууль зүйн туслалцаа үзүүлж, стратегийн өмгөөлөл хийх хүрээнд холбооныхоо үйл ажиллагааг гадна талдаа хязгаарлаж ирснийг Та бүхэн мэднэ. Хэт улс төржөөд, хийрхээд төрийн алба хаагчдыг улс төрийн үйл ажиллагаанд турхираад, татаад явах сонирхол бодол үнэндээ ч алга. Тийм байдлыг би хувь хүнийхээ хувьд хэрхэвч тэвчихгүй. Ерөнхий сайд асан Д.Содном гуай “Улс орны л эрх ашиг гэж байдаг болохоос намын эрх ашиг гэж байдаггүй” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Төрийн алба мэргэжсэн, тогтвортой байх, Ерөнхийлөгчийн хэлдгээр төр ухаалаг байх, төрийн албаны залгамж халаа бат бөх байх нь нэг нам болоод хэн нэгэн хүний асуудал биш. Үүний үр шимийг хүртэгч, хожигч нь нийт ард түмэн л байх ёстой.

-Өмнөх Засгийн газрын үед энэ тухай яагаад дуугарч байсангүй вэ гэж хүмүүс сонирхох байх л даа. Тухайн үед төрийн албаны халаа сэлгээ харьцангуй гайгүй байсан гэсэн үг үү?

-Тэгж хэлж болохгүй. Энэ нь тухайн үед миний өөрийн эрхэлж байсан ажил албан тушаалтай холбоотой. Засгийн газрын байгууллагуудад би ажиллаж байлаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулиар тавигддаг хязгаарлалтууд гэж бий. 2008 оноос эхлэн бүх төрийн албан хаагч улс төрийн намаас түтгэлзсэн. Тэр утгаараа төр засгийн бодлогын асуудлаар хувийн үзэл бодлоо төрийн албан хаагч илэрхийлэх чинь өөрөө их эмзэг, хуулиар хязгаарласан байдаг. Саяхандаа нэг яамны ажилтан дипломат бодлогод харш зүйл хувийн твиттерээрээ жиргэснээс болоод ажилгүй боллоо. Энэ мэт  хязгаарласнаас төрийн албан хаагчид хууль ёсны эрх ашгаа хамгаалах тал дээр асуудалтай байдгийг би биеэрээ мэдэрсэн юм. Тэгэхээр тэдний эрх ашгийг хамгаалах хэн нэгэн хэрэгтэй биз дээ. Нөгөө талдаа энэ бол миний цэвэр итгэл үнэмшил, сонголт байсан. Би 2011 онд төрийн албанаас өөрийн хүсэлтээр гарсан. Хүн ер нь нэг байран дээрээ гурваас дээш жил болохыг зөв зүйл гэж боддоггүй. Ялангуяа залуу хүмүүс байнга орчноо өөрөө эвдэж, шинийг хайж, нэг дарга, цэргээс хамааралгүйгээр өөрийгөө төсөөлж амьдрахыг би таашаадаг. Манай төрийн зарим үйлчилгээний чиглэлийн ажлууд нэгэн хэвийн, залуу хүмүүсийн хүсэл тэмүүлэл, эрч хүчийг мохоосон, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хаасан, уйтгартай байдалд оруулдагт их санаа зовдог шүү ер нь. Би бүр 2000 онд Монголд хамгийн анх “Төрийн албан хаагчийн ёс зүй” гэх нэгэн сэдэвт номыг зохиож хэвлүүлж байлаа. Тухайн үед “Өнөөдөр” сонинд бусад улс орны туршлагыг хуваалцсан хэсэг нь нийтлэгдэж байсан санагдана. Тэр судалгаан дээр маань түшиглэж манай улсад анхны төрийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмүүд боловсронгуй болж байсан. Харамсалтай нь хэрэгжүүлэх тал дээр манайхан үнэн асуудалтай л даа. Дараа нь Засгийн газрын агентлагт ажиллаж байхдаа Төрийн байгууллагууд дотроос хамгийн анхны Хүний нөөцийн төлөвлөлтийн баримт бичгийг ажлын хэсгийг нь ахлан боловсруулсан нь ТАЗ-өөс сайшаагдаж бүх төрийн байгууллагыг жишиг болгон мөрдөх тухай тогтоол гаргаж байсан.

-Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдгээ дээр хэлсэн шиг хашилттайгаар хэлж байгаа биш биз?

-Үгүй, үгүй. Үнэхээр өөрөө хүссэн учраас л гарсан юм. Би чинь Засгийн газрын агентлагт удирдах алба хашиж байсан хүн. Тухайн үед хүмүүс яагаад өргөдлөө өгснийг гайхаж л байсан. Тэгж гарснаараа нэг талаас бас өөрийгөө чөлөөлж, илүү өөртэйгээ ажиллах эрх чөлөөг олж авсан гэмээр ч юм уу. Одоо энэ төрийн бус байгууллагаас гадна зөвлөх чиглэлийн ажлууд давхар хийж байна. Зарим хүн намайг Засгийг шүүмжлэхээр энэ нэг юм сандал ширээгээ санаад гэж л байдаг юм. Хүнд чинь бас даргыг нь, цэргийг нь хийгээд үзчихээр албан тушаал бол нээх сонин биш болчихдог юм билээ. Би бол хар хир хор нь гарчихдаг гэж хэлэх дуртай үүнийг. Манай холбоо байгуулагдсанаас хойш 500 гаруй хүнд хуульзүйн туслалцаа үзүүлсэн байна. Тэдний 90 гаруй хувь нь захиргааны хэргийн шүүх болон ТАЗ-өөр асуудлыг өөрийн талд шийдвэр гаргуулсан байдаг. Энэ нэг талын буянт үйл биш гэж үү.

-Хүмүүс ямар асуудлаар танай холбоонд ханддаг вэ?

-Хууль бусаар ажлаасаа халагдсан гэсэн гомдол олонх. Түүнчлэн төрийн албан хаагч тухайн байгууллагад байгаа хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй байх үүрэгтэй, удирдлагын хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй байдаг. Гэтэл хууль бус үйлдэл, шийдвэрийг эсэргүүцсэний төлөө дарамт шахалт үзүүлдэг тохиолдол цөөнгүй. Авлига, хээл хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан, улсын мөнгийг шамшигдуулсан гэхчилэн гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл ч бидэнд ирдэг. Тэр бүгдийг бид удахгүй нийтэд мэдээлж, холбогдох хуулийн байгууллагуудад нь өгч шалгуулна. Энэ бүх мэдээллийг төрийн албан хаагч өөрсдөө нийтэд ил болгох гэхээр ажил, амьдрал нь тухайн удирдлагын гарт байгаа болохоор эрсдэлд ордог, түүнээс нь хамгаалах эрх зүйн орчин өнөөдөр дутмаг байна. Тэгэхээр тэднийг төлөөлөөд бид л үүнийг хийе.

-Төрийн албан хаагчид намын харъяаллаас татгалзсан хэдий ч халаа сэлгээ ялсан намын өнгө үзэмжээр шийдэгдсэн хэвээр байна. Тэгэхээр намыг гишүүнчлэлгүй болгох нь зөв юм биш үү?

-Төрийн албаны хуулинд сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг, өөрчлөгддөггүй ажил, албан тушаалаа зөв тодорхойлоод түүнийгээ ягштал мөрдөж сурах хэрэгтэй. Төрийн жинхэнэ албан хаагч халагдаж байгаа бол тэр нь ур чадваргүйгээсээ, ажлын алдаа дутагдал сахилга алдсанаасаа л болж халагддаг байх учиртай. Жишээ нь яамдын төрийн нарийн, агентлагийн дарга нарыг үнэхээр Засгийн газар нь бодлогоо хэрэгжүүлэхийн тулд багаа бүрдүүлж өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа бол эхлээд хуулиараа улс төрийн албан тушаал болгочихгүй юу. Тэгээгүйгээс л энэ бүх хууль зүйн асуудлууд үүсээд байна. Тэгэхээр энэ бол цэвэр хууль тогтоогчдын шийдэх асуудал. Засгийн газар бодлогоо өөрийн гэх хүнээр дамжуулж хэрэгжүүлмээр байдгийг бүрэн үгүйсгэх аргагүй. Тэхдээ энэ нь хууль ёсыг уландаа гишгэх хандлагыг зөвтгөх тайлбар хэрхэвч болох ёсгүй.

-Намыг гишүүнчлэлгүй болгох тухайд?

-Миний хувийн итгэл үнэмшил бол улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгохын эсрэг байдаг. Гишүүнчлэлээс болоод улс төрийн хийрхэл даамжирдаг гэдгийг би өнгөц тайлбар гэж боддог. Хаана, аль улсад тийм туршлага байдгийг би л лав мэдэхгүй юм. Харин ч гишүүнчлэлгүй болно гэдэг бол улс төр зөвхөн өнгө мөнгө, эрх мэдэлтэй хэсэгхэн хүний л мэддэг асуудал болно гэсэн үг. Мафижсан төр гэдэг шиг ард иргэдэд бол хүртээлтэй асуудал биш болж хувирна. Энэ нь тэгээд хэнд ашигтай юм бэ? Хяналтгүйгээр, шүүмжлэлгүйгээр угсаа залгамжлан, үр хүүхэддээ эрх мэдлээ шилжүүлдэг тийм л улс төрийн тогтолцоог нөхцөлдүүлнэ. Намыг харин ч ардын хүүхдүүдэд илүү боломж олгосон нээлттэй олон түмний нам болоход нь түлхэх хэрэгтэй. Өнөөгийн Монголд 200-500 гэр бүл л улс орны улс төрийн эрх мэдлийг тодорхойлж, баялгийн хуваарилалтын дийлэнх хэсгийг хүртэж байна. Энэ шударга тогтолцоо мөн үү. Гишүүнчлэлгүй нам энэ олигархжсан байдлыг л өөгшүүлэхээс өөр шидгүй гэж хувьдаа боддог. Энэ зүйлийг улс төрчдөөс ер нь хэн дэмжээд яриад байгааг Та анзаараарай. Өнөөг хүртэл эрх мэдлийг сандайлсаар ирсэн, эсхүл цаашид сандайлах сонирхолтой улс л ийм юм ярьж, гишүүнгүй болчихоор юм сайхан болоод, ард түмэн улс төржихээ больчих юм шиг ярьдаг. Би нэг судалгааны дүн ярья. 1960-аад оны үед АНУ-ын ард иргэдийн 60 гаруй хувь нь Америкийн төр өөрсдийнх нь төлөө ажилладаг гэдэгт итгэдэг байж. Тэр үед хар арьстнууд сонгуульд санал өгөх эрхгүй, юун ардчилал л байлаа шүү дээ. Гэтэл 2000 онд АНУ-ыг ардчиллын эх загвар болгож алдаршуулж байсан үед авсан судалгаагаар иргэдийнх нь дөнгөж 30 гаруй хувь нь Засгийн газраа өөрийнх нь төлөө ажилладаг гэж боддогоо илэрхийлсэн байдаг. Энэ юуг өгүүлнэ вэ. Нэг талаас хувь хүний амьдралд нь төр нь нэг их ач холбогдолтой биш болтлоо бие даасан байна гэсэн үг. Нөгөө талаас улс төрийн бодлогын асуудал жирийн иргэдийн хувьд нэг их сонин биш болтлоо төр нь хүнийрхүү байна гэсэн үг. Энэ хүнийрхүү байдлынх нь үр дүнд АНУ-ын улс төр бол зөвхөн элит гэгдэх хэдхэн гэр бүл, нөхдүүдийн мэддэг, ярьдаг, шийддэг асуудал болчихсон байна. Кеннедийн зээ охин Нью-Йоркийн сенатч, саяхан Японд суух элчин сайд болж байна. Гэтэл манайд өнөөдөр олигархууд нь өөрсдийгөө аристократууд гэдэгт итгэх хандлага, үзэл улам бүр ханхлах боллоо. Гишүүнчлэлгүй намын тогтолцоо ийм л нийгэм рүү түлхэх болно. Ард иргэдийн эрүүл, зөв шүүмжлэлт улс төржилтийг харин ч хөхүүлэн дэмжих ёстой гэж боддог.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛМААЭх сурвалж: “NEWS WEEK” сонин №039

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …