Уншигч таныг нэгэн зочинтой уулзуулъя. Энэ хүн бол Хууль зүйн ухааны магистр, “Хийморь Хүннү” хуулийн фирмийн захирал Ганболдын Ганбадрах. Тэрээр хууль зүйн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд иргэдийн зөрчигдөж буй эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшиж яваа нэгэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
– Монгол хүний эрх, эрх чөлөө хамгийн ихээр зөрчигдөж байгаа аймаг, хотуудын талаар Таныг судалгааны ажил хийж байгаа гэж сонслоо. Энэхүү судалгааны үр дүн манай уншигчдын төдийгүй бусад хүмүүсийн сонирхлыг маш ихээр татах нь дамжиггүй. Тэгээд ямар аймаг, хот хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж байна вэ?
– Монгол Улсын Үндсэн хуулиар манай иргэд 18 эрх, эрх чөлөөг эдэлж, үндсэн 4 үүргийг төрийн өмнө хүлээж байдаг юм. Монгол үндэстний гол цөм, хүн амын тал хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хот хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж байна. Манай улсын хүн амын дийлэнх нь агаарын бохирдол дунд амьдарч, авто машины дуу шуугианд дөжирөн амьсгал нь бөглөрч, сонсгол нь муудаж, хуульд захирагддаггүй архи тамхины үйлдвэрлэл худалдаа, мансууруулах бодисын хэрэглээнээс болж цэргийн насны залуучууд эрүүл мэндээрээ эх орны хамгаалах албанд тэнцэхээ байж, хүүхэд багачууд сульдаанд орж, хавдрын өвчин, зүрх судасны өвчлөлд нэрвэгдэж, элдэв төрлийн гэмт хэргийн улмаас цаг бусаар амь насаа алдагсдын тоо эрс нэмэгдсээр тайван амгалан Азийн цагаан дагина гэгддэг хот маань аюултай хот болоод байна.
– Энэ бүх үзүүлэлтүүдийг тоон харьцаагаар нь, эсвэл хувь хэмжээгээр илэрхийлж болно биздээ?
– Болно. Бололгүй яахав. Гэвч судалгааны нэгдсэн дүн хараахан гараагүй байна. Манай хуулийн фирмийн хэд хэдэн хуульч, өмгөөлөгч үндсэн ажлынхаа хажуугаар энэ судалгаан дээр хамтран ажиллаж байгаа. Дүнгээ нэгтгээд бэлэн болмогц нь бид хэвлэл, мэдээллийнхэнд хандана.
– Хотын утаа, автомашины бөглөрөл энэ тэр бол бүр өнгөрсөн асуудал. Өөр ямар асуудлаар иргэдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байна вэ?
– Зөрчигдөж байгаа эрхийн талаар өнөөдөр хүн бүхэн ярьж, хэлж бичиж байна. Би энд зөвхөн хувь хүнээс үл шалтгаалан зөрчигдөж байгаа эрхийн талаар цөөхөн жишээ дурдъя. Өнөөдөр Улаанбаатар хотыг тойрсон гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай гэх маш олон химийн бодис хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Тэдний хэрэглэж байгаа химийн бодисын хэрэглээнд хяналт тавьдаг, хориглодог шалгадаг систем бодитой ажиллаж байна уу гэдэг нь эргэлзээтэй юм. Эдгээр үйлдвэрүүдийн хаягдал нь шууд утгаараа агаар, ус, хөрсөнд шингэж Улаанбаатарчуудыг хордуулсаар байна.
Энд эмийн, архины, хоол хүнсний, мөнгөн усны хордлогыг нэмж тоочих нь илүүц бизээ. Үүнээс гадна хамгийн их сэтгэл түгшээж байгаа асуудал бол мансуурах бодис хэрэглэгчийн тоо, хүрээлэл өсөх хандлагатай байгаа явдал юм. Тэр дундаа ирээдүй болсон өсвөр үе энэ аюулд ихээр өртөж байна.
Түүнчлэн хүнд суртал, авлига, хээл хахууль, хөшүүн байдал, дарангуйлал, хүчирхийлэл, хэнээрхэл, тулган хавчилт, эрүү шүүлт, шударга бус явдлын улмаас хүмүүсийн ёс суртахуун, сэтгэц нь өвчилсөөр байна. Үйлдвэрийн осол, автын осол, эмчилгээний алдаа, удамшлын өвчин, төрөхийн хүндрэл, архидалт, мансуурал зэргээс шалтгаалж оюуны хомсдолтой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнхи нь хүүхэд багачууд, залуучууд байгааг анхаарч байгаа эрх мэдэлтэн, бодлого хэрэгжүүлэгчид байна уу. Баригдаж буй барилгаас унасан эд зүйлд оногдож бэртэж, гэмтэх, хөдөлмөр хамгаалал аюулгүйн дүрэм, журмыг мөрдөөгүйгээс болж хичнээн хүний амь нас харамсалтайгаар хохиров.
Би ярилцлагынхаа эхэнд монгол хүн 18 эрх эдлэх ёстой гэж онцолсон. Одоо эдгээрээс зөрчигдөөгүй эрх гэж байна уу.
– Ямар аймаар юм бэ. Одоо тэгээд яах ёстой вэ? Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой улс оронд та бид амьдарч байгаа биздээ?
– Манай иргэд өөрсдийн зөрчигдөж байгаа эрхээ хэрхэн хамгаалах, түүнийгээ яаж сэргээх, энэ асуудлаар хэнд хандах гэх мэт эрх зүйн анхан шатны боловсролоор тун тааруухан, үнэн зөв мэдээлэлгүй байна. Магадгүй иргэдийн ийм байх нь нийгмийн аль нэг давхарга, хэн нэгэн дарга, улс төрчдөд ашигтай байж мэдэх юм. Гэвч өнөөдөр бол 21-р зуун, мэдээллийн эрин зуунд иргэдийн ухамсар хурдацтай өөрчлөгдөж байна. Өөрсдийн болон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө, тэдний ирээдүйд санаа зовж байгаа нийгмийн давхарга, хүмүүс байгаа нь сайн хэрэг.
Монгол улсын үндсэн хуульд “Иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй” гэж заасан. Тиймээс юуны түрүүнд эрүүл мэндийн салбарт төрөөс доривтой хөрөнгө оруулалт хийж, мэргэжилдээ үнэнч, чадварлаг эмч, боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай. Яс сийрэгжүүлж хордуулдаг, бие эрхтэнд сөрөг муу нөлөө үзүүлдэг будагтай будаггүй элдэв ус ундаа, боорцог, чихэр, жимс гадаадаас зөөж байгааг бүр мөсөн зогсоож, болдоггүй юм бол тоо хэмжээ, төрлийг нь хязгаарлаж, хяналтыг нь сайжруулж, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих цаг хэдийн болсон байна.
Өнөөдөр архины үйлдвэрүүдэд “Үндэсний үйлдвэрлэгч, шилдэг бүтээн байгуулагч” гэсэн цол өргөмжлөл хүртээж, тэд нь ч өөрсдийгөө үндэсний үйлдвэрлэгчид, улс, эх орны төсвийг бүрдүүлэгчид гэж тунхаглан зарлаж байгаа нь ёс суртахууны доройтол мөн биз дээ.
Архины хор хөнөөлийн талаар хүмүүст сурталчилан таниулах үйл ажиллагааг шат шатандаа хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй.
Түүнчлэн саяхан болтол утаан хөшигтэй байсан дэлхийн улс, хотуудын агаараа цэвэршүүлж чадсан туршлагыг судалж, ЮНЕСКО-ийн төсөл зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монгол улсын үндсэн хуульд засгийн газрыг “Хүний эрх эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүрэгтэй талаар хуульчилж өгсөн. Гэтэл үе, үеийн засгийн газрууд дээрх үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж байгаагүй, түүндээ ямарч хариуцлага хүлээгээгүй.
– Та сая иргэдийн эрх зүйн боловсрол муу байгаа талаар хэллээ. Үүнийг сайжруулахад, хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг нь хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?
– Өнөөдөр хот хөдөөгүй хууль, эрх зүйн болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг фирмүүд, төрийн бус байгууллага ажиллаж, мөн их дээд сургуулиудад хуульчдыг бэлтгэн гаргаж байна. Түүнчлэн зөрчигдсөн эрхийнхээ талаар мэдээлэл өгч хамтран ажиллаж болох “чөлөөт” гэх тодотголтой хэвлэл, мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч иргэдийн өөрсдийнх нь идэвхи, санаачлага энд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалж, сэргээхийн тулд хэн нэгэн хуульч өмгөөлөгчид хандаад орхилгүй тэдэнтэй хамтарч ажиллах, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн төлөө тэмцэж сурах хэрэгтэй шүү дээ. Нэг үгээр хэлвэл хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө бусдаар болон төр, засгаар зөрчүүлэхгүйн тулд хууль, эрх зүйн анхан шатны боловсролтой болох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр зөрчигдсөн эрхээ сэргээхийн тулд зөвхөн өөрийн улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн хүрээнд биш Монгол улсын нэгдэн орсон хүний эрхийг хамгаалдаг олон улсын эрх зүйн акт, гэрээ конвенцийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байхыг цаг үе шаардаж байна.
Аюулгүй байдлаа хангуулахаар иргэд, олон нийтийн байгууллага нэгдэн нийлж, зөрчигдсөн эрхээ хууль хяналтын байгууллага, шүүхэд хандан шийдвэрлүүлж, төр бол иргэдэд үйлчилж байх ёстой, үүрэгтэй субъект юм гэдгийг та бид өөрсдөө мэдэж ойлгосон байх нь хамгаас чухал.
– Жишээ нь, яаж тэмцэх вэ? Танай хуулийн, өмгөөллийн фирмийн туршлага манай уншигчдад хэрэг болж болно шүү.
– Манай баг, хамт олон дотор хууль зүйн салбарт мэргэжлээрээ 25-27 жил ажиллаж байгаа хүмүүс байдаг. Зарим нэг нь хууль зүйн их, дээд сургуулиудад багшлаж, эрдэм шинжилгээний ажил эрхэлж байна. Бидний эрхэм зорилго бол бидэнд хандаж, итгэж найдан тусламж хүссэн үйлчлүүлэгчийнхээ хувь хүний нууцыг чандлан хадгалж, зөрчигдсөн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг дэлхийн өнцөг булан бүрт, хаана ч, ямарч нөхцөлд өмгөөлж, хамгаалах явдал. Иргэдийн ихэнхи нь ямар нэгэн хууль, эрх зүйн зөрчилтэй тулгармагцаа мэргэжлийн хуульч, өмгөөлөгчдөд хандахаасаа илүүтэй таньдаг мэддэг хүн, нутаг усны ах дүүс, нөгөө энэний тэрний энд, тэнд ажилладаг хүү, охин хаа байна гээд явж өгнө. Ингэж нилээдгүй цаг хугацаа алдсаны дараа мэргэжлийн өмгөөлөгчид хандах явдал түгээмэл байна. Мөн өмгөөлөгчөө сонгохдоо мэдлэг боловсрол, ур чадвар, туршлага, ёс зүйн талаас нь судалсаны үндсэн дээр хариуцлагатай сонголт хийх нь чухал. Соёлт ертөнц, эрх зүйт төрд амьдарч байгаа хэн ч гэсэн өөрийн эрхээ бусдаар зөрчүүлэхгүй, бусдын эрхийг зөрчиж төвөг бэрхшээл бусдад учруулахгүй байхын тулд өөрийн, хувийн хуулийн зөвлөх, өмгөөлөгчтэй байдаг.
– Хууль зүйн сайдын хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар та ямар байр суурьтай, бодолтой байна вэ?
– Хууль зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл, тогтолцооны өөрчлөлтийг хувь хүний зүгээс дэмжиж байгаа. Бид Монголдоо зөв зүйл хийж, бүтээж байгаа нэгнээ дэмжиж, урам өгч, магтаж сайшааж сурмаар байна. Яахав, шинэчлэл өөрчлөлтийг хийхдээ Үндсэн хуульдаа нийцүүлж, эрдэмтэн судлаачид, туршлагатай хүмүүсийн санал бодлыг сонсож, хэрэгтэй зүйлийг нь тусгаж, хариуцлагатай ул суурьтай шинэчлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
– Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн Танд уншигч олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний буянтай үйлс, ажил хөдөлмөрт чинь амжилт хүсье.