Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж хөрөнгө оруулагч, жуулчдад хилээ нээсэн. Мөн ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг сэргээх хүрээнд харьяа яамд салбарын оролцогч талуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт, Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар болон “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан бол өчигдөр /2022.02.21/ Монгол Улсад суугаа Элчин сайд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийг Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар хүлээн авч уулзан “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа аялал жуулчлалын салбарын асуудлаар уулзаж, ярилцлаа.
Энэ үеэр Элчин сайд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдөд Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй ховор нандин ном бүтээлийн дээжийг танилцуулж, Монгол орны аялал жуулчлалын зорин очих газрыг VR төхөөрөмжөөр үзүүлж, аялал жуулчлалын бүсчилсэн маршрутын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд аялал жуулчлалын салбар зүй ёсоор багтаж, салбарын оролцогч талуудтай цуврал уулзалт зохион байгуулж байгаа.
Энэ удаад улс орноо төлөөлөн суугаа Элчин сайд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаад баяртай байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүнд сорилтуудтай тулгарч, ДНБ хэмжээ 5.3 хувь хүртэл агшиж, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудын орлого үйл ажиллагааны төрлөөсөө хамааран 50-84 хувь хүртэл буурсан. Мөн нийт соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний тоо 41 хувиар буурсан.
Эдгээр амаргүй нөхцөл байдлыг даван туулж, эдийн засгийг тэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулаад байна. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраас хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэн, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ ч утгаараа Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсыг гадаадад нэг цонхоор, нэг имижээр сурталчлах, аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Соёлын яамнаас үндэсний соёлын үнэт зүйлийг судлах, нэгдмэл байдлыг хангах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүндээ тулгуурлан дэлхий нийтэд хамаарах үндэсний нэгдмэл үнэт зүйлээ тодорхойлон Монгол Улсыг гадаадад хэрхэн таниулж сурталчлах, жуулчдыг татах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний брэндингийг тодорхойлон, маркетинг, коммуникацийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.
Аялал жуулчлалын салбарын судалгаануудаас харахад Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг тул бид түүх, соёл, язгуур урлаг, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байгаа.
Түүнчлэн “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музейн шинэ барилга зэрэг орчин үеийн олон улсын стандартад нийцсэн соёлын барилга, байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй үргэлжлүүлж байна.
Мөн түүх, соёлын аялал жуулчлалыг бүсчлэн буюу тухайн орон нутгийн онцлогт тулгуурлан аялал жуулчлалын шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрүүлэх, улирал, маршрут нь тодорхой эвент арга хэмжээнүүд зохион байгуулах судалгааг гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна.
Аялал жуулчлалын салбарын цар хүрээ өргөн тул тус салбарын шинэ сэргэлтийн бодлогыг зөвхөн нэг яамны бус харин Засгийн газрын тэргүүлэх бодлогын түвшинд авч үзэж байгаа бөгөөд зөвхөн дотоод хүчин зүйл болох төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанаас гадна гадаад орчны нөхцөл байдал, харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа чухал байгаа гэдгийг өнөөдрийн уулзалтаас Та бүхэн мөн олж харна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байгаа. Мөн вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой гэж Монгол Улсын Засгийн газрын мэдэгдсэнийг энд дахин уламжлахыг хүсэж байна.
Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байгаа учраас Монгол Улсад суугаа Элчин сайд, суурин болон Олон улсын төлөөлөгч Та бүхнийг бидэнтэй ойр дотно хамтран ажиллаж, улс орондоо Монгол Улсын бодлого шийдвэрийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.