Б.Цогоо: Засгийн газар төрийн албаны тухай хууль зөрчсөн тохиолдол бий

Б.Цогоо: Засгийн газар төрийн албаны тухай хууль зөрчсөн тохиолдол бий

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн албаны зөвлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлага байгаа вэ?
-Төрийн албаны тухай хуулийг анх 1995 онд баталж, олон удаа өөрчилсөн. Хамгийн сүүлд 2008 онд зарчмын шинжтэй олон өөрчлөлт оруулсан байдаг.

Нийгэмд гарч байгаа өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагаас үүдээд манай улсын төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа ажилчдын арга барил нь өөрчлөгдөж байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох бодит шаардлага гарсан.

Хоёрдугаарт төрийн албаны үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох шаардлага бий. Иймд хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Мөн их олон жил яригдаж байгаа асуудлын нэг нь төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан их гардаг асуудал. Үүнийг бид цэгцэлж байгаа. Төрийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байдаг 26 баримт бичиг бий. Эдгээр баримт бичгийн тавыг нь УИХ, бусдыг нь Төрийн албаны зөвлөл эрх зүйн хүрээнд батлаад явдаг. Эрх зүйн баримт бичгүүдийн 80 хувийг өнгөрсөн хугацаанд шинэчилсэн. Энэ хүрээнд сонгон шалгаруулалтыг ил тод болгох асуудлыг шийдсэн. Хуучнаар сонгон шалгаруултын комисс суугаад цаасаар шалгалт аваад “Маргааш дүн нь гарна” гээд шалгалтын материалыг нь аваад алга болчихдог байсан. Хэн хэдэн оноо авсныг мэддэггүй байв. Одоо бид шалгалтаа аваад оноог нь шууд танилцуулаад зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зуруулж баталгаажуулдаг болсон.

-Сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Энэ ажил хэр үр дүнтэй явж байна вэ?
-Манай мэдээллийн санд байгаа 5000 тестээс санамсаргүй аргаар асуултуудыг гаргаж ирээд нэг ижил ажлын байранд өрсөлдөж буй хүмүүсийн дунд шалгалтыг авдаг болсон. Шалгалт өгсөн  даруйд дүн нь нэгэн зэрэг онлайн хэлбэрээр гарна. Бүх аймагт сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр авдаг болсон. Аймаг орон нутагт сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нийслэл хотоос хүн очоод шалгалт авдаг байдлыг халсан. Ингэж шалгалтыг авдаг болсноор ямар нэгэн гомдол гараагүй. Эхний сонгон шалгаруулалтыг энэ журмаар явуулж байна. Цаашид сонгон шалгаруулалтын бүх үе шатыг онлайн хэлбэрт шилжүүлэхийг зорьж байгаа юм. Энэ бол гадаадын орнуудад нэвтэрсэн систем. Хамгийн сайн нэвтрүүлээд явж байгаа нь Энэтхэг улс. Энэтхэгийн Төрийн албаны зөвлөлийн дарга сая манай улсад ирээд явлаа. Нийслэл хотод том семинар зохион байгуулсан. Ил тод байдлыг бий болгох үүднээс ийм ажлуудыг хийж байна. Мөн сонгон шалгаруулалтын шалгалтад шалгалтын комисс, ТАЗ-ийн төлөөллөөс гадна захиалагч байгууллагын төлөөлийг оруулах гэж байгаа. Түрүүчээсээ сонгон шалгаруулалт захиалагч байгууллагын төлөөлийг оруулаад эхэлсэн. Тэр захиалагч байгууллагын хүмүүс нь манай ажилд энэ шалгалт өгч байгаа хүмүүсийн хэн нь тохирох вэ гэдгийг хараад сууна гэсэн үг. Дараа нь бид иргэдийн төлөөллийг сонгон шалгаруулалтын комисст оруулах ажлыг нэвтрүүлэх гэж байна.

-Төрийн албан хаагчийн цалин хангамжийн асуудал байнга хөндөгддөг сэдвийн нэг. Шинэ хуулийн төсөлд цалин хангамжтай холбоотой өөрчлөлт орж байна уу?
-Төрөөс шаардах зүйл байгаа. Төр албан хаагчийнхаа нийгмийн баталгааг хатуу хариуцах ёстой. Албан хаагчид нэгэнт  ажилдаа бүх цаг хугацаагаа зориулж байгаагийнх нь хувьд нийгэмийн баталгааг нь бүрэн хариуцах ёстой юм. Төрийн албаны зөвлөл үүнийг шинэ хуульд тусгаж өгч байна. Хүнийг сайн ажлуулья гэж бодож байгаа бол цалин хангамжийг нь өндөр өгч, орон байр, нийгэмийн баталгааг нь хангах ёстой. Эрүүл мэнд, даатгал, хүүхдийн сургалтын төлбөрийг нь цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн хүнийг ажлаа муу хийж байна гэж хэлэх эрх байхгүй. Нийгэмийн ийм харилцааны чиглэл дээр түлхүү анхаарч байгаа.

Түүнчлэн эргээд төрийн албан хаагчдад хариуцлагын асуудлыг авч үзэх нь чухал. Төрийн албан хаагчдыг гурван жилээр аттестачлал явуулахаар болж байгаа. Тухайн хүн яаманд ажиллаад таван жил болсон байлаа гэж бодоход хэр үр бүтээлтэй ажилласан юм, ямар үр дүн гарсан гэдгийг нь хардаг болох ёстой. Иймд аттестачлалыг явуулах ёстой. Би тангараг өргөсөн албан хаагч гээд тэнд нэг дарга яваад байдаг. Тодорхой үр дүн гаргадаггүй. Залуу сайн хүний нөөц зайгаа тавьж өгдөггүй. Ийм механизм байгаа. Гадаадад хоёр, гурван дээд сургууль төгссөн, гадаад хэлтэй, өндөр боловсрол эзэмшсэн сайхан залуучууд төрийн албанд ажиллах гээд орж чаддаггүй.

Яагаад гэхээр Төрийн албаны тухай хуулиар сул гарсан ажлын орон тоонд ямар хүн авахаа захиалагч гаргана гээд заасан байдаг. Ажилд авах шалгуурт төрийн албанд гурван жил ажилласан, удирдах албанд ажилласан байх гээд заачихсан байдаг. Бүр тав, арван жил төрийн албанд ажилласан, гурван жил удирдах албанд ажилласан байх ёстой гээд шаардлага байдаг. Нэг талаасаа энэ шаардлага нь зөв боловч нөгөө талаас залуу боловсон хүчинг төрийн албанд орох боломжийг хаачихдаг. Иймд залуучуудыг төрийн албанд орж ажиллах боломжийг нь нээлттэй болгоё гэдгийг хуулийн төсөл дээр хайж байгаа.

-Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газар шууд томилж байна. Түр орлон гүйцэтгэгч гэж томилоод сонгон шалгаруулалт зарласан нэрийдлээр нөгөө хүмүүсийг нь жинхэлчихэж байгаа юм. Үнэхээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс нь сонгон шалгаруулалтад өндөр оноо аваад байна уу. Аль эсвэл сонгон шалгаруулалт нэрийдлээр Засгийн газрын томилсон хүнд давуу тал олгоод байна уу гэдэг эргэлцэх зүйл байна л даа?
-Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн том албан тушаал. Төрийн албаны тухай хуулиар энэ сонгон шалгаруулалтаар сонгох ёстой. Төрийн албаны тухай хуулийн 22.1-д Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг томилж болно гэсэн заалт байдаг. Сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд нээлттэй зарладаг. Зарим Төрийн нарийн бичгийн даргын төлөө арваад хүн ил тод өрсөлдөж байсан. Яагаад одоогийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь сонгон шалгаруулалтаар нэгээр гараад байна вэ гэж. Тэгэхээр амьдрал дээр түр орлон гүйцэтгэгч маань ажлын байраа алдахгүйн тулд шалгалтаа сайн өгөхийн төлөө бүх хууль эрх зүйн асуудлыг уншиж сайн бэлдэнэ биз дээ.

-Бусад өрсөлдөгчид нь гэсэн сонгон шалгаруулалтад зохих ёсоор сайн бэлтгэж таарна шүү дээ?
-Бусад хүн ч гэсэн бэлтгэж орж байгаа. Гэхдээ тухайн хүн маань одоо байгаа албан тушаалаа алдахгүйн тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэх жишээтэй. Нөгөөдүүл нь “За би ойлгочихлоо” өгчихнө гэж боддог. Хоёрдугаарт зарим Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад түр орлон гүйцэтгэгч нь ганцаараа өрсөлдсөн тохиолдол байна. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтаар унасан хүн ч бий. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Ганцэцэг гэдэг хүн унаад оронд нь Ууганбаяр гарч ирсэн байх жишээтэй. Гэхдээ энэ хоёр хүн хоорондоо маргаан үүсгээд одоо хүртэл Хөдөлмөрийн яам Төрийн нарийн бичгийн дарга аа томилоогүй байна. Сонгон шалгаруулалтаар н.Ууганбаярыг нэгээр гарсан учраас Засгийн газарт танилцуулаад томилуулахаар санал явуулсан. Хуулиараа ийм үүрэгтэй. Гэхдээ Засгийн газар томилохгүй байх эрх бий. Шалтгаанаа гаргаж тавих ёстой. Ийм маргаан хэд хэд гарсан. Хүмүүс сонгон шалгаруулалтгүй шууд томилогдоод явчихлаа гэдэг боловч тийм зүйл байхгүй. Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хоорондын маргаан одоо хүртэл дуусаагүй байна. 2008 оны Төрийн албаны тухай хуульд улс төр, төрийн албан тушаалтан сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцохыг хорьсон. Гэтэл зарим тохиолдолд хүндрэл гарч байна. Зарим төрийн албан тушаалтан төрийн албаны томилгоонд хөндлөнгөөс оролцох гэж оролддог. Энэ бол хор хохиролтой.

-Тухайлбал төрийн албаны томилгоонд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон ямар тохиолдол  гарсан бэ?
-Хамгийн сүүлд гарсан жишээг дурьдахад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо байна. Энэ албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахад нэг хүн бүртгүүлсэн. Өөр хэн ч ирээгүй. Улсын хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг 21 хоногийн хугацаанд нээлттэй зарласан. Гэтэл ганцхан Ж.Хатанбаатар өрсөлдсөн. Үнэн чанартаа дор хаяж зургаан хүн өрсөлдөх байх гэж харж байсан.

Энэ албанд өмнө нь сонгон шалгаруулалтад ороод Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нөөцөд бүртгүүлсэн дөрвөн хүн байсан. Энэ дөрвөн хүнээс гадна хоёр, гурван хүн сонгон шалгаруулалтад оролцоход дор хаяж зургаан хүн өрсөлдөх юм байна гэж ойлгож байсан. Гэтэл дээрх хүмүүсээс нэг нь сонгон шалгаруулалтад оролцоогүй. Тэгээд Засгийн газар Ж.Хатанбаатарыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Ажлаа аваад Н.Удвал сайдтай хэл амаа ололцоогүй. Ж.Хатанбаатар нь болохоор “Яамдын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тухай хуулиар  Төрийн нарийн бичгийн даргынажлыг хатуу заагласан байхад Н.Удвал сайд намайг ерөөсөө ажил хийлгэхгүй байна. Би ажлаа хийж чадахгүй” гэдэг тайлбар ирүүлдэг юм. Н.Удвал сайд болохоор “Энэ нөхөр чадвар муутай. Ерөөсөө ажлаа хийж чадахгүй байна. Тийм учраас энэ хүний ажлыг би өөр хүнээр хийлгэж байгаа” гэдэг. Ийм гомдол ирэнгүүт нь Засгийн газарт хандаж байсан. Төрийн албаны зөвлөл зүгээс энэ асуудлаар ажлын хэсэг гарч “Төрийн албаны ажлыг завхруулж болохгүй. Дор дороо ажлаа хий” гэдэг зөвлөмж өгсөн. Гэвч Засгийн газрын хуралдаанаар Ж.Хатанбаатарыг халчихсан байдаг. Гэтэл тэр халсан өдрөө А.Эрдэнэтуяа гэдэг хүнийг Засгийн газар эргүүлээд томилсон.  Төрийн албаны зөвлөлийн хуулийг зөрчөөд Төрийн албаны зөвлөл санал дүгнэлтгүйгээр тэр хүнийг томилсон. Тиймээс Н.Удвал сайдад манайхаас хэд хэдэн удаа хандсан. Уг нь Засгийн газар нь дахиж сонгон шалгаруулалт зарлаад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилох боломжтой. Засгийн газар нь Төрийн албаны тухай хууль зөрчөөд тогтоол гаргасан учраас гацаа үүсчихсэн. Бид “Наад зөрчлөө зас” гээд байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар Төрийн албан хаагчдын тоо хэр нэмэгдсэн бэ. Төрийн албан хаагчдын тоо нэмэгдлээ гэдэг шүүмжлэл бий?

-Нийтдээ 162 мянган албан хаагч байгаа. Төрийн албаны хуулиар жилд нэг удаа төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргадаг. Аймаг сум, орон нутгаар нь гаргаад явж байгаа. Төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн гэж бодож байна. Нэгдүгээрт яамны орон тоо нэмэгдсэн. Харин агентлагийн тоо 28 болж багассан. Мөн Улсын өмчит үйлдвэрийн газар гэж байгуулагдсан. Тэр байгууллагуудын ажиллаж байгаа статус нь төрийн албан хаагчийн тоонд ордоггүй юм. Ойролцоогоор 40 мянга орчим хүн байна гэж үзэж байгаа. Оны эцсээр илүү тодорхой гарна. Ерөнхийдөө 2012 оны жилийн эцсийн статестикээр зарим катигорын ажлын тоо буурсан. Зарим нь нэмэгдсэн тоо гарсан. Хуучин агентлаг байж байгаад Улсын өмчит үйлдвэрийн газар болохоор ажилчид нь төрийн албан хаагч биш болдог. Гэтэл үнэн чанартаа төсвөөс санхүүждэг. Тийм учраас шинэ хуулинд зохицуулалт хийж өгч байгаа. Статус нь мэдэгдэхгүй байгууллагууд байна. Монголбанк, ИНЕГ байна. Энэ байгууллагуудын статусыг тодорхой болгох шаардлага байгаа аж.

-Төрийн албан хаагч ажлаас халагдсан гомдол  хэр их ирдэг вэ?
-Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч болон ажил олгогч хоёрын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эрх нь зөвхөн Төрийн албаны зөвлөл байдаг. Статестик харахад жилд дундажаар 100 гаруй гомдол гардаг. Энэ  бол бага тоо. Олон хүн ажлаас халагдлаа гээд шалгахаар нэг тийм зөрчил харагддагүй. Яагаад гэхээр тухайн хүн өөрөө өргөдлөө өгөөд гараад явсан байдаг. Тиймээс тухайн хүнийг эрх зүйн талаас нь харахаар хууль бусаар халагдсан гэж үзэх арга байдаггүй.

-Цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч байх боломжгүй гэдэг үнэн үү?

-Хуулийн төсөлд тийм заалт бий. Гэхдээ бид цэргээс чөлөөлөгдсөн шалтгааныг үзэж байгаа. Хуулийн заалтад байгаа ч хуулийн заалтыг зөвөөр ашиглавал залуусыг хохироохгүйгээр оруулаад байх боломж бий. Зарим сонгон шалгаруулалтын комиссынхон “Чи цэргийн алба хаагүй юм байна. Боломжгүй” гэдэг. Хуулийн гаргалгааг зөв гаргахгүй байх тохиолдол гардаг. Одоогийн шинэ хуулинд энэ асуудлыг өөрчлөхөөр оруулж байна.

-Та МИАТ-ийн захирлаар ажиллаж байсан байх аа?

-Тийм.

-Таниас хойш ажиллаж байсан “МИАТ”-ийн захирлууд “Дайны эрсдлийн сан”-гаас мөнгө  завшсан хэргээр хорих ял сонслоо. Энэ хүмүүс тантай хамт ажиллаж байсан уу?
-Ч.Хоролсүрэн надтай хамт ажиллаж байсан. Миний худалдаа эрхэлсэн орлогч захирал байсан. Ц.Орхон маркетингийн албаны дарга байсан юм. Р.Бат-Эрдэнэ бас ял авчихлаа. Тэр хүн том онгоцны нисгэгч байсан. Б.Эрдэнэбилэг бол надаас ажил авсан хүн.

-Таныг ажиллаж байхад “Дайны эрсдлийн сан”-г байгуулсан байсан уу?
-Дайны эрсдлийн сан 2000 оны эхээр Олон улсын иргэний агаарын тээврээс дайн хийж байгаа болон гарч болзошгүй газар нислэг үйлдэж байгаа авиа компаниудад зөвлөмж болгосон байдаг. Дайны эрсдлийг тооцож болно гэдэг зөвлөмжийг дэлхийн бүх авиа компаниудад өгсөн юм билээ. Тэрний дагуу “МИАТ” компани “Дайны эрсдэлийн сан”-г тогтоосон байдаг. Энэ бүр намайг “МИАТ”-ийн захирал байхаас өмнө гарсан шийдвэр. Тэр үед бол “Дайны эрсдэлийн сан”-гийн мөнгө билетийн үнэд шингээд явж байсан. Тухайлбал билетийн үнэ 200 доллар байхад эрсдлийн сан гээд гурван доллар гэж нэмэгдээд “МИАТ”-ийн орлого болоод явж байсан юм. Миний үед ч тийм байсан. Харин миний дараагийн захирал ажлаа авангуутаа “Дайны эрсдлийн сан”-г билетийн үнээс салгасан. Тусад нь салгаад өөр газар луу шилжүүлсэн байдаг. Хийсэн үйлдэл нь ийм. “Дайны эрсдэлийн сан” гэж байгаагүй биш байсан. Би ОХУ-д ажиллаж байгаад дуудагдаж ирж МИАТ-ийн захирлаар томилогдсон. Намайг ирэхэд Ирландын найман захирал ажиллаж байсан. Ирландуудаас ажлаа хүлээж авсан. Намайг захирлаар томилогдоход 13.5 тэрбум төгрөгийн өртэй. Би хоёр жилийн дотор өрийг дараад 2.8 тэрбум төгрөгийн ашигтай хүлээлгэж өгч байв. Тэгээд намайг төрийн шилдэг менежер болгоод шагнал өгөөд ажлаас чөлөөлчихсөн шүү дээ. Тийм л түүхтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Амартүвшин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …