Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой

Улс төр судлаач Жавзмаагийн Мөнхжаргалтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр судлалын сэдвүүдээр товч ярилцлаа.


-2019 онд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн ч дахин нэмэлт өөрчлөлт хийх тухай УИХ-ын гишүүд, улс төрийн намын төлөөлөл яриад эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх үү, хэвээр үлдээх үү, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг асуудал өнгөрсөн хавраас улстөрчид болон судлаачид, иргэд олон нийтийн дунд яригдаад эхэллээ. Саяхан буюу гурван жилийн өмнө 2019 онд эцэг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон мянган иргэдийн саналыг сайтар тусгаж, сүүлийн 20 орчим жил яригдсан асуудлыг агуулгаар нь багтаах гэж хичээсэн санагддаг. Их ч ажил болсон. УИХ-д өргөн барьснаас хойш бүтэн таван сарын хугацаанд хэлэлцэж баталсан. Харин УИХ-аар батлахдаа олон нийтийн хүлээж байсан зарим зүйл заалтыг оруулж чадалгүй, цөөн гишүүний санал дутаж унасан зүйл бий. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 57 гишүүний саналаар баталдаг учраас тэр юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ийм өндөр босготой батлагддаг. Магадгүй өөрчлөлт хийж чадах сүүлийн парламент байхыг үгүйсгэхгүй. 2019 оны нэмэлт өөрчлөлтийн гол зангилаа нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах, ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох, шүүхийг хараат бус хариуцлагатай шударга болгох суурийг тавьсан зэргийг нэрлэж болно. Харин парламентыг бүрдүүлэхдээ хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоог хослуулах, ерөнхийлөгчийг парламентаас сонгох, парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишиг гишүүдийн тоог зуугаас дээш болгож нэмэгдүүлэх, гишүүдийн засгийн газрын гишүүнээр ажиллах тооны хязгаарыг цуцлах, улс төрийн намыг үүрэгжүүлэх зэрэг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй зүйлүүд үлдсэн. Сонгодог парламентын мөн чанарыг илтгэсэн эдгээр нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж, сайжруулахыг дэмжиж байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байна. Нэмэх нь ямар ач холбогдолтой вэ. 76 гишүүнийг тэжээж чадахгүй байхад юун нэмэх вэ, харин хасах хэрэгтэй гэсэн иргэд ч байна.

-Парламент нүсэр биш ч ард түмнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Аливаа улс орны парламент гэдэг нийгмийн бүтцийн толь байдаг. Нийгмийн толь юм бол гудманд тэмцэж буй нөхөр ч парламентад орж ирээд асуудлаа ярих боломжтой байх ёстой гэсэн үг. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг оршдог” гэдэг чинь хоосон үг биш. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал хүчтэй яригдаж байна. Улс төр судлаачид болон үндсэн хуулийн эрх зүйн маргаантай сэдвүүдийн нэг бол парламентын гишүүдийн тооны асуудал. 121,152 буюу далан зургааг дахин нугалах тухай ч сонсогдож эхэллээ. Парламентын гишүүдийн тоо нь тухайн улсын хүн ам болоод бүс нутгийн онцлог, эрх мэдлийн зохист харьцаатай холбоотой байдаг. Манай улсын хувьд хоёр сая дөрвөн зуун мянган хүнтэй байхдаа парламентын 76 гишүүнтэй байхаар хуульчилсан бол өнөөдөр хүн ам 3 сая хол даваад байна. Тиймээс хүн амын өсөлтийг харвал нэмэх шаардлага ажиглагдаж байна. Жишээ нь Канад улс хүн ам нь нэмэгдэх тутам парламентын гишүүдийн тоог нэмдэг хуультай. Манай улстай хүн ам ойролцоо буюу 1-10 сая хүнтэй 32 улсыг аваад үзвэл парламентын гишүүдийн дундаж тоо нь 120-210 байна. Улсын бага хурлаас 1992 онд судалгаа хийж, санал боловсруулж оруулж ирэхдээ 119 гишүүнтэй байхаар төсөл өргөн барьсан ч багасгасаар байгаад 76 болсон юм билээ. Нөгөө талдаа далан зургаан хүнд даруулга хэрэгтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс нэг хүн дээр төвлөрч буй эрх мэдлийг гишүүдийн тоог нэмэх замаар хязгаарлах аргыг улс орнууд хэрэглэдэг. Манайд ч үүнийг хэрэгжүүлэх нөхцөл шаардлага бүрдээд удаж байна. Цөөн хэдхэн хүнийг худалдаж аваад өөрт ашигтай, улс оронд хохиролтой шийдвэрүүдийг гаргуулах онолын боломж манай улсын парламентын хувьд бүрдсэн.Тиймээс энэ боломжийг хаахын тулд гишүүдийн тоог нэмэх, эрх мэдлийн төвлөрлийг задлах замаар өөрчлөлт хийх нь буруу биш.

-Парламентыг бүрдүүлэх асуудал буюу сонгуулийн тогтолцооны хувилбаруудаас манай улсын хувьд аль нь илүү тохиромжтой вэ. Мажоритар, порпорционал хувилбаруудаас улс орнууд алийг нь илүү сонгож хэрэглэдэг вэ, төгс тогтолцоо аль нь вэ?

-Сонгуулийн тогтолцоо бүр давуу, сул талтай. Яг энэ нь төгс гэж хэлэхэд хэцүү. Тиймээс улс орнууд өөрийн орны онцлог болоод улс төрийн нөхцөл байдалд илүү тохиромжтойг нь сонгодог. Парламентаа бүрдүүлэхдээ маргаан бага гаргая гэвэл сонгуулийн тогтолцоогоо зөв сонгох хэрэгтэй. Үндсэндээ сонгуульд оролцож буй намууд, саналаа өгсөн иргэд хоёрын дунд үл ойлголцол бага үүсгэх сонгуулийн тогтолцоог ашиглах нь зүйтэй. Манай улсын хувьд сонгуулийн холимог тогтолцоо буюу мажоритар, пропорционал элментийн аль алийг нь хослуулан хэрэглэх нь илүү тохиромжтой байхыг үгүйсгэхгүй. Мажоритар тогтолцооны дутагдал гэвэл сонгогчдын санал ихээр гээгддэг, популистуудад ээлтэй, нутгархах сэтгэлзүй өндөр, гишүүд тойргоос уяатай, улс орны том эрх ашгийг хойш татдаг, цөөн төлөөллөөр олонх болж болдог гэх мэт дутагдалтай талуудыг нь пропорционал буюу хувь тэнцүүлсэн хувилбар орж байж засаад явах бололцоотой. Ядаж иргэдийн өгсөн санал гээгдэхгүй төрд төлөөлөгдөнө.Тиймээс өнөөдрийн нөхцөлд холимог хувилбар манайд илүү тохирно. Парламентын гишүүн тойргийн төлөөлөгч байх уу, төрийн төлөөлөгч болох уу гэдгийг сонгуулийн тогтолцоо шийднэ дээ. Жишээ нь МУИС болон МУБИС-ийн улс төр судлалын багш нар 2006 онд сонгуулийн тогтолцооны талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд мажоритар хувилбар дотроос “томсгосон мажоритар” тогтолцоо оновчгүй гэж дүгнэлт гаргасан байхад 2008 оны УИХ-ын сонгуулийг энэ хувилбараар зохион байгуулж долоон сарын 1-ний жагсаал болсон байдаг. Иргэд өгсөн саналдаа итгэл үнэмшилгүй байсан учраас жагсаал болсон юм. Мажоритар тогтолцооны “санал гээгддэг” сул тал ингэж аянга болж бодит хөрсөн дээр бууж байлаа. Тиймээс иргэд олон нийт ямар хувилбарыг илүүд үзэж байна, манай орны сонгогчдын бүтэц, хандлага ямар байна, дэлхий нийтийн чиг баримжаа хаашаа явж байна гэдгийг тооцон үзэж, судалгаанд үндэслэн долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргах нь үр дүнтэй.

-Тийм байна шүү. Мөн нэг биш хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэж сонсож байсан. Манай улсын хувьд дээд, доод танхимтай парламент байвал хэр нийцтэй вэ?

-Холбооны улсууд гол төлөв хоёр танхимтай парламенттай байдаг. Манай улсын хувьд төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Гэхдээ нэгдмэл улсад ч хоёр танхим ажилладаг тохиолдол бий. Финляндын нэг танхимтай парламент болох Сеймд дээд танхимтай адилхан үүрэг гүйцэтгэдэг комисс байдаг. Хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд иргэд олон нийтээс шууд сонгогддог доод танхим буюу одоогийн 76 гишүүн. Шууд бусаар сонгогддог дээд танхим байж болох талтай. Тэдний хувьд бүрэн эрхийн хугацаа урт, бүрэлдэхүүний тоо цөөн, танхимыг шинэчлэх нь бүхэлдээ биш, хэсэг хэсгээр нөхөгддөг байвал илүү тохиромжтой. Зарим улсад дээд танхимын гишүүдийг бүрдүүлэхдээ их сургууль, ШУ-ны академи зэргээс төлөөлөл сонгодог. Дээд танхим доод танхимыг тогтоон барих тормоз болж өгдөг. Мөн ард түмнээс шууд сонгогдсон гишүүдийн шийдэж чадахгүй хойшлуулдаг асуудлыг зоригтой шийддэг. Жижиг сажиг нэмэлтээс илүү тогтолцооны том өөрчлөлт хийх цаг хугацаа болсон байж магадгүй.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яригдаж байгаад чадаагүй нэг зүйл бол ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал. Ард түмнээсээ сонгоод явах уу, парламентаас сонгох уу. Аль нь илүү оновчтой вэ?

-Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог болсон нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн дэвшил. Дахин сонгогдохгүй учраас зургаан жилийн хугацаанд ерөнхийлөгч популизм хийх шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Парламентын засаглалтай улс орнууд ерөнхийлөгчөө парламентаасаа сонгох нь илүү оновчтой гэж үздэг. Бүх ард түмнээс сонгогдсон хүчтэй ерөнхийлөгч парламентын тогтолцоог дарангуйлах, гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг нь нууц биш. Хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалтай мэт явж ирсэн. Тиймээс засаглалын алдааг нэг мөр болгох, парламентын тогтолцоогоо төлөвшүүлье гэвэл 1992 оны үндсэн хуулинд хийсэн алдааг засах буюу ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгоод явах нь илүү нийцтэй болов уу. Магадгүй өргөтгөсөн хэлбэрээр ерөнхийлөгчөө сонгож болно. Парламент нэмэх нь аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөл гэдэг байдлаар шийдэх бололцоотой. Сүүлийн 30 жил парламент, ерөнхийлөгчийн сонгууль жил дараалаад явагдаж ирсэн. 1992 УИХ, 1993 ерөнхийлөгч, 1996 УИХ, 1997 ерөнхийлөгч, 2000 УИХ, 2001 Ерөнхийлөгч, 2004 УИХ, 2005 ерөнхийлөгч гэх мэт 2021 он хүртэл. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгдсөөр урт хугацааны хөгжлийн бодлого алдагдах, иргэд олон нийт ч сонгуулиас залхах байдал үүссэн. Үүнийг сонгуулийн оролцооны статистик батлаад өгнө. Тэр тусмаа залуучууд сонгуульд оролцох хувь их доогуур байдаг. Тиймээс улс орныг бүтэн хамарсан нэг том сонгууль байхгүй болбол олон зүйл дээр хэмнэлт гарна.

-Сүүлийн асуулт. Давхар дээлтэй холбоотой өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ. Парламентын засаглалтай улсын парламентын гишүүн заавал засгийн газрын гишүүн байдаг. Нөгөө талдаа давхар дээлийн эсэргүүцэл үр дүнд хүрч, цөөлье гэдэг хувилбар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон. Одоо буцаад 100 хувь давхар болгох юм уу?

-Энэ асуудлыг улс орнууд хэрхэн шийддэг вэ гээд аваад үзвэл янз бүр байна. Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гэж хатуу заасан улс орнууд ч байна. Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх албагүй гэсэн улс ч багагүй байна. Бүр ерөнхий сайдын орлогч, дэд сайдууд хүртэл парламентын гишүүн болдог улс байхад засгийн газрын гишүүн болсон бол парламентын гишүүнээсээ татгалдаг улс ч байна. Тиймээс хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэдэг шиг улс орнууд өөрийн онцлогт тохируулан дээрх асуудлыг шийддэг. Амьдрал баян учраас ямар ч асуудал тулгарч магадгүй. Тиймээс үндсэн хуулинд дөрвөн гишүүн л сайд болж болно гэж хатуу тусгах шаардлага байсан уу даа гэж хардаг. Нээлттэй үлдээх боломжтой. Парламентын гишүүн ч сайд болж болдог, парламентын гаднаас ч засагт орж ирэх нь нээлттэй байх боломжтой. Нөгөө муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана барьдаг байх нь чухал гэдэг шиг ажлаа л хийж чаддаг, салбартаа ахиц гаргадаг байх нь эхний асуудал. Харин хариуцсан салбараа удирдаж мэдэхгүй, сайдын ажлаа хийж чадахгүй байвал ерөнхий сайд нь огцруулаад өөрчлөөд явах процесс нь хялбар байвал сайн. Өнөөдрийн байдлаар хоёр яам сайдгүй, хариуцсан ажлаа тааруу хийж буй, легитим шинжээ алдсан сайдууд мэр сэр байна. Үндсэн хуулинд парламентын дөрвөн гишүүн л сайд болно гэж хатуу тусгаагүй бол дээрх сайдуудыг парламентын гишүүдээр солиод явах бүрэн бололцоотой байжээ.

Эх сурвалж:Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …