Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш иргэдийг намаар ялгаварлан гадуурхаж ард түмнийг хагалан талцуулах явдал ихээхэн газар авч, төрд ажиллаж байсан туршлагатай мэргэшсэн боловсон хүчнийг олноор нь халж тэдний оронд өөрсдийн танил тал, хамаатан саднаа бөөнөөр нь байршуулуулснаар Төрийн албаны тогтолцоо алдагдаж иргэдэд чирэгдэл хүндрэл учирч байгаа талаар их ярьж бичих болсон билээ. Үүний нэгэн тод жишээ бол ИНЕГ –ын хэмжээнд явагдаж байгаа халаа сэлгээний асуудал юм.
Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ИНЕГ-ыг бие даагч нарт найр тавин өгснөөр энэ салбарыг амжилттай удирдаж бахдам амжилт гаргаж байсан туршлага мэдлэгтэй дарга С.Батмөнхийг халж хэнийч танихгүй С.Буяндалай гэдэг нөхрийг гэнэт томилсон нь ёстой л нөгөө “нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болжээ. Учир нь С.Буяндалай ИНЕГ-ын дарга болонгуутаа Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах нэгдүгээр зорилгоо хойш тавьж юун түрүүнд мэргэжлийн хүмүүсийг халж солин бие даагч гишүүдийн шахааны эрээвэр хураавар элдэв хүмүүсээр Иргэний нисэхийг дүүргэсний гор эхнээсээ ноцтой гарч эхэллээ.
Тэрээр 50 хүнийг ажлаас халж, 20 хүний ажлыг нь өөрчилж, 104 хүнийг шинээр албан тушаалд томилж бие даагч нарынхаа гарыг цайлгаж байгаа юм байна. Ингэснээр Иргэний нисэхийн бодлого, үйл ажиллагаа алдагдаж, ялангуяа Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг навс унагаж байгаа нь улмаар зорчигч, иргэдийн амь насны аюулгүй байдалд заналхийлсэн алдаа дутагдлуудыг ойр ойрхон гарах болжээ.
Энэ асуудалд бодлогын яам нь санаа зовж удаа дараа сануулж, засаж залруулахаар шаардаж байгаа хэдий ч Засгийн газрын зүгээс УИХ-ын гишүүн биш А.Гансүх сайдын үгийг нохой хуцсан чинээ ч тоодоггүй гэнэ. Тэр ч битгий хэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайдад аргадах учирлахуйн хооронд ярьж хэлэхэд нь та эхлээд Ц.Даваасүрэн гишүүнтэй л зөвшөлцчих гэж ажлыг нь заасан сурагтай. Дотоод албан тушаалтантайгаа хатуухан ярьж чадахгүй дээрэлхүүлээд сууж байдаг А.Гансүх шиг ийм ч төрийн сайд байх гэж.
С.Буяндалайг ИНЕГ-ын дарга болсноор тус салбар дээр олон нийтийг хирт хийлгэсэн ноцтой алдаа дутагдал тоочоод барахгүй олон гарах болжээ. Эдгээр алдаа дутаглууд иргэдийн мэдээллээр тогтоогдож илэрсэн гэнэ. Үүний цаана өч төчнөөн алдаа завхарлыг тас нууж байгаа сурагтай. Ерөнхий сайд минь ойрын үед иргэний нисэхээ цэгцэлж С.Буяндалай гэгч чадварүй нөхрөөс бүрэн бүтэн дээр нь эртхэн шиг энэ салбарыг салгаж авч чаддаг хүнд нь өгөхгүй бол Иргэний нисэхэд итгэхэд бэрх болж байна шүү! Ерөнхий сайдаа.
С.БУЯНДАЛАЙ ИНЕГ-ЫН ДАРГА БОЛСНООС ХОЙШ ГАРСАН НИСЭХИЙН НОЦТОЙ АЛДАА ЗӨРЧЛҮҮД /баримтууд/
– 2013 оны 02 дугаар сарын 08-нд Японы Наритагаас УБ чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ний ОМ-0502 дугаарын рейсээр Боинг-737 онгоцны энгийн ангиллын Х эгнээнд суусан зорчигчид /шинэчлэлийн засгийн газраас томилогдсон өндөр албан тушаалын эрхэмүүд/ архидаж нисэх багийн гишүүдийг үйлчлэгчээр удаа дараа дуудуулан архи нэхэн ууж улмаар согтож чанга чана дуугаран эрээ цээргүй хараал тавьж гадаад дотоодын зорчигч иргэдийн тав тухыг ихээхэн алдагдуулсан. Энэ талаар гомдол гаргасан тухайн рейсээр зорчсон иргэдийн гомдлыг хүлээж авалгүй бүдүүлэг байдал гаргасан байна.
– 2013 оны 2 дугаар сард Гонконгоос УБ чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ний Боинг-767 онгоцыг Чингис хаан ОУНБ-д газардахаар доошлох үед буух зурвасыг чөлөөлөлгүй цас цэвэрлэгээний машин ажиллуулж байсан нь бууж байгаа онгоцыг машинтай мөргөлдүүлэх шахсан ноцтой зөрчил гаргасан. Боинг-767 хөлгийн туршлагатай нисэгчид онгоцоо дахин өндөр авахуулж зурвас чөлөөлөхийг хүлээж агаарт 30-40 минут эргэлдүүлсэн нь МИАТ ХК-д багагүй алдагдал хүлээлгэсэн байна. Энэ ноцтой зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ёстой ИНЕГ-ын удирдлага эл хэргийг олон нийтэд мэдэгдэлгүй тас нуун дарагдуулсан.
– 2013. 2 дугаар сард МИАТ-н Боинг 737 онгоцны дугуй ОХУ-ын Москваг хотын Шерметев нисэх буудалд буух үед давхараараа хагарсны улмаас 160 гаруй дорчигч иргэдийг 3 хоног хоол, байргүй тав тухгүй орчинд саатуулж маш их бухимдуулсан. Энэ бол тухайн агаарын хөлгийг нислэгт гаргахын өмнө ИНЕГ-аас хийдэг аюулгүй байдлын үзлэгийг хагас дутуу хийсний алдаа байв.
– 2013 оны 2 дугаар сарын 24-нд Аэро-Монгол компаний JU-8251 дугаартай Фокер-50 онгоцны гурван сэнс, мөн их биений өехий хэсгээр ихээхэн гэмтэл гарсан байсныг нуун дарагдуулсан. Ноцтой гэмтэлтэй онгоцоор зорчигчдод үйлчилж байгааг ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Буяндалай зөрчлийг илрүүлэх талаар яарч арга хэмжээ авалгүй тас нуусан байна.
– 2013 оны 3 дугаар сарын 10-нд Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн ОМ-136 рейсийн МИАТ ХК-ний Боинг агаарын хөлгийн Берлинээс–УБ чиглэлд нислэгийн үүрэг гүйцэтгэх ээлжтэй нисэхий багийн борт инженер архидан согтуурч нислэгийн үүрэг гүйцэтгэх чадваргүй байсны улмаас УБ-аас Берлиний чиглэлд нислэг гүйцэтгэж очсон борт инженерийг амраалгүй буцаан үүрэг гүйцэтгүүлсэн нь нислэгийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн байна.
– 2013 оны 3 дугаар сарын 10-д УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сонгогдсон тойрог Хөвсгөл аймгийн бүх сумдаар явж ажиллахдаа ИНЕГ-аас унаа машин шатахуун бүрэн дайчилсан нь санхүүгийн холбогдох хуулийг зөрчсөн байна.
– 2013 оны 6-р сард. Изинис компаний SAAВ-340 онгоц Чингис хаан нисэх буудалд газардах үед үндсэн дугуй нь мултарч унаж онгоц сүйрэх ноцтой байдал үүссэн.
– 2013 оны 8-р сард. АэроМонгол компаний Фокер-50 онгоц агаарт хөөрсний дараа зорчигчийн салоны цонхны шил хагарч эргэж ослын буулт үйлдсэн байна.
– 2013 оны 9 дүгээр сард. Турк улсын Станбул-Бишгек-УБ чиглэлд нислэг үйлдэж ирсэн Боинг-737 онгоцыг Буянт-Ухаад газардах үед буух зурвасан дээгүүр нь ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны фургон машин давхиусны улмаас бууж байгаа онгоцыг машинтай мөргөлдэх маш аюултай зөрчил гарсан. Туркийн Боинг-737 онгоцны экипаж онгоцоо дахин хөөргөж өндөр авахуулан хоёрдугаар хайрцагт гарснаар аймшигт сүйрлээс зайлж чадсан. Энэ нь иргэний нисэхийн салбарт ажлын хариуцлага, сахилга дэг журам маш их алдагдаж байгааг харуулж байна.
– 2013 оны 7-р сард. Изинис компаний УБ-Дорнотын чиглэлд нислэг үйлдэхээр агаарт хөөрсөн СААБ онгоцны өрөөсөн хөдөлгүүр унтарч Буянт-Ухаад эргэж ослын буулт хийж олныг сандаргасан ноцтой зөчил гаргав.
-2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А-Жет компаний МИ-8 нисдэг тэрэг Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт осолдсон. Энэ ослын талаарх мэдээллийг холбоогдох газарт нь өгөлгүй нуун дарагдуулж цаг алдуулсан, яах аргагүй нисэх онгоцны сүйрэл болоод байхад ИНЕГ-аас ослын буулт хэмээн олон нийтээс бодит үнэнийг нуун дарагдуулж осолдсон хариуцлагаас зайлхийх оролдлого хийж байна.
– 2013 оны 11-р сард Канадын амбан захирагчийн хөлөглөж ирсэн Боинг-767 онгоцыг Чингис хаан нисэх буудлын хоолойд холбогдсон байхад ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны онгоц халаагч МП маркийн машины шатахууны банкнаас их хэмжээний бензин асгарч гал гарах ноцтой байдал үүссэн хэргийг нуун дарсан. Энэ нь галын аюулгүй байдлыг дээд зэргээг зөрчиж гал түймэр гаргах ноцтой зөрчил гаргасан нь тухайн салбарт ажлын хариуцлага сахилга бат хэрхэн алдагдсаны тод жишээ юм.
-2013 оны 11-р сарын 18-нд УБ-Сөүлийн чиглэлд 301 аялалын дугаараар нислэг үйлдэхээр өглөөний 08.20 цагт хөөрсөн МИАТ ХК-ний Боинг 767 онгоцны өрөөсөн моторынх нь тосны даралт унаж нисэх баг яаралттай эргэж ослын буулт хийсэн. Шалтгаан нь инженер техникийн ажилчид тосны банкны тагийг нь таглалгүй орхисон байж, дахиад хэдхэн минут нислэг үргэлжилсэн бол онгоцны хамаг тос нь агаарт цацагдаж мотор нь гацан агаарт унтрах маш ноцтой байдал үүссэн байна. Энэ бол иргэний нисэхэд нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт, анхаарал хэрхэн алдагдаж байгааг харуулж цаашдаа улам даамжрах байдал харагдаж байна.