Монгол Улсын хэмжээнд 12000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 7000 гаруй нь боловсрол эзэмшиж байгаа бол бусад нь гэртээ, аав ээжийнхээ асаргаанд байгаа юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг эргэн харж, илүү их “санаа тавих” шаардлага зайлшгүй үүсч байна.
Төр, Засгийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгож, хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг нэмэгдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зорилготой олон шинэлэг ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа.
БШУЯ хяналт тавьж, шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудын дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэйгээр тохижуулж байна. Мөн ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн аж. Хэрэв энэ ажил үр дүнгээ өгвөл гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч тус танхимаар үйлчлүүлэх боломж бүрдэх гэнэ.
Дан ганц үүгээр хязгаарлагдахгүй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар ч хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, салбар дундын уялдаа холбоог зохицуулах, мэргэжил арга зүйгээр дэмжлэг үзүүлэх чиг үүргийг баримталж байна. Үүнийхээ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын 16-р сургуулийг сонгон авч мэргэжил, арга зүйгээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Ажлынхаа үр дүнг илүү бодитой болгохын тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас тус сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад туслалцаа үзүүлэх “Дэмжлэгийн баг”-ийн ээлжит хурлыг зохион байгуулсан байна. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургаж буй нөхцөл байдал, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, сургалтын хэрэглэгдэхүүний үнэлгээний тайлантай танилцаж, алдаа оноог нь “дэнсэлсэн” аж.
Улмаар цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид, багш нарын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, холбогдох хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, тус сургууль дээр байгаа сайн жишээнүүдийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө шат шатандаа идэвхийлэхээр тогтсон байна.
Ийнхүү энэ мэт сайн санаачлага, сайн ажлын үр тасралтгүй “нахиалсаар” байна. Одоо зөвхөн үр жимсийг нь л хүртэх үлдэж байх шиг байна.
Мэдлэг бол хамгийн том хүч гэдэг. Тиймээс “хайнга хандаж” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ орхигдуулалгүйгээр энэ хүчийг үр хойчсынхоо гарт хүртээмжтэйгээр “атгуулах” нь л бидний нэн тэргүүний үүрэг бас зорилт билээ.
Д.Сүрэн