Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс нийслэлийн хэмжээнд шалгаж, ажиллажээ.
Энэ ажиллагааны талаар тус хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлсайхантай ярилцлаа.
Машин ачилтын компаниудын үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй юм. Прокурорын байгууллагаас машин ачилтын компаниудын үйл ажиллагаанд шалгалт оруулсан байна. Эхлээд энэ асуудлыг хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан байдаг талаар танаас тодруулмаар байна.
-Прокурорын байгууллага нь зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг.
Тиймээс дээрх асуудалд анхаарал хандуулж, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Нийслэлийн төвийн дүүргүүд буюу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэмжээнд шалгаж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авсан.
Хууль тогтоомжийн хувьд тодруулахад “Машин ачилт” буюу тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-аар зохицуулагддаг.
Энэ журамд зааснаар Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн алба хаагчийн бичгээр болон цахимаар олгосон шийдвэр, зөвшөөрлийг үндэслэн Нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан компаниуд тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэдэг.
Жишээ нь, жолооч тээврийн хэрэгслээ автомашин зорчих хэсэг, явган хүний зам, гарц дээр байрлуулан тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан тохиолдолд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагч ачигч компанийн ажилтнаас www.auto-ub.com цахим системээр дамжуулан ирүүлсэн фото зургийг үндэслэн тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх зөвшөөрлийг олгох байдлаар энэхүү үйл ажиллагаа явагдаж байна.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан иргэний тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн албан хаагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэдэг.
Нийслэлийн хэмжээнд машин ачилтын хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Энэ компаниудын зөөж шилжүүлсэн автомашины тоо, зардал, төлбөрийн талаар тодруулахгүй юу?
-Нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан нийт 14 компани Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
Дээрх компаниуд нь 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын албан хаагчаас бичгээр болон цахимаар олгосон 130537 зөвшөөрлийн дагуу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, түр саатуулсан байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 онд 33/35 дугаартай“Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллах” тухай тогтоолоор түр саатуулах хашаа, үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг суудлын авто машин 60.000 төгрөг, том оврын авто машин 90.000 төгрөг, мотоцикл 30.000 төгрөг, байрны төлбөр авто машины овор хэмжээнээс хамаарч 5.000- 20.000 төгрөг байхаар тус тус зохицуулсан байдаг.
Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж дууссаны дараа зөөж шилжүүлсэн, түр саатуулсан тээврийн хэрэгслийг гаргах зөвшөөрлийг www.auto-ub.com цахим системээр өгч, төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгодог.
Прокурорын байгууллагаас хийсэн шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд ямар төрлийн зөрчлүүд илэрсэн бэ, зөрчлийг арилгуулахаар авсан арга хэмжээний талаар тодруулахгүй юу?
-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал шалгалтаар тогтоогдсон.
Тухайлбал, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг илрүүлж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
2021 он, 2022 оны хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын алба хаагчаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл түр, удаан зогсох журмыг зөрчсөн” зөрчилд автомашиныг зөөж шилжүүлэх, түр саатуулах 88915 зөвшөөрлийг цахимаар олгосон байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэлийг оногдуулаагүй байсан.
Зөвхөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, автомашиныг буцаан олгож байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.1, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим зөрчигдөж байна гэж үзсэн.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал энэхүү журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байсан.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан дээрх журам нь Зөрчлийн тухай хууль тогтоомжтой зөрчилдсөн, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан З зөрчлийг шалгах зарим тодорхой ажиллагааг давхар тус журмаар хэрэгжүүлэхээр зохицуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмын зохицуулалтыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах, гарч буй зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх талаар прокурорын шаардлага бичиж, тус тус хүргүүлээд байна.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааны явцад машин ачилтын компанийн ажилтан, иргэдийн хооронд үл ойлголцох, хэрүүл маргаан үүсэх асуудал нэлээдгүй гардаг. Үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдэж, шалгагдсан байна вэ?
-Цагдаагийн байгууллагад 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх 34, зөрчлийн шинжтэй 166 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгасан байна.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллүүдээс харахад, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд цагдаагийн албан хаагч хяналт тавих журмын заалт хэрэгжээгүйгээс иргэдийн зүгээс зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, автомашинаа ачуулахгүй гэж ачилтын компанийн ажилтнуудтай маргалдсан, харилцан бие биедээ халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан, иргэд түр саатуулах хашаан дахь гэрээт байгууллагын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн, ачилтын компанийн жолооч, техникийн ажилчид иргэдтэй зүй бус харьцсан зэрэг асуудлууд гарсан байна.
Эх сурвалж: Өдрийн сонин №229(7102) О.Дашням