Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Жилийн өмнө энэ хуулийн төсөл өөрчлөлт орж байсан ч дахин зайлшгүй зарим өөрчлөлт хийх шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан аж. Монгол орны хувьд ойг хамгаалах асуудал бол тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг хариуцлагыг сайжруулахад чиглэсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү санаачлан боловсруулжээ.
Хуулийн төсөл гурван чухал өөрчлөлт орж буйг хууль санаачлагч танилцууллаа. Ойд нөхөж баршгүй хохирол учруулдаг түймэр гарахаас сэргийлэх зорилгоор түймрийн аюултай буюу хуурайшлын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс хориглох үйлдлүүдийг хуульчлан тогтоож, зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулах эрх зүйн орчин бий болгох, Ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ойн тооллого, зохион байгуулалтын ажлын хүрээг өргөтгөж, хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний төвшинд хийх зохицуулалтыг бий болгохыг зорьж байгаа ажээ.
Энэ асуудлаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Түймэр тавьсан байгууллагыг хямд торгоод орхиж болохгүй. Тамхины тухай хуульд гэхэд албан байгууллагыг гурван сая төгрөгөөр торгохоор заасан байтал түймэр гаргаж, их хэмжээний хохирол учруулсан бол торгуулийг өндөр байлгах ёстой” гэж байлаа. Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.
Байнгын хорооны хуралдааны үеэр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаар БОНХ-ийн сайд С.Оюунаас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээлэл сонсохыг хүссэн юм.
С.Оюун “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал 10 хоногийн өмнө надтай ирж уулзсан. Захирлын ярьснаар цэцэрлэгт хүрээлэнгийн газар бүрэн бүтэн, мод сөөг, бут ургуулах, цэцэрлэгжүүлэх ажил хийгдэж байгаа. Гэвч сүүлийн үед хуулийн байгууллага газар дээр нь байшин барилга барих асуудал яригдаж байна. Хүрээлэнгийн зүгээс газар дээр нь барилга барих асуудлын эсрэг байгаа гэдгээ надад уламжилсан. Одоогоор барилга барьчихсан, газрыг нь булаачихсан зүйл байхгүй байна” гэсэн юм.
Харин энэ асуудалд Байгаль орчин Хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан байр сууриа илэрхийлэхдээ “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хуучинаар байх ёстой. Ямар нэгэн барилга байгууламж барьж болохгүй. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол Шинжлэх ухааны том лаборатори гэж ойлгох хэрэгтэй” гэлээ. Сүүлийн үед тус цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барилга байгууламж барих асуудлыг ярих болсоныг тэрээр шүүмжлээд БОНХЯ анхаарал хандуулахыг үүрэг болгосон юм.
Т.Түвшин
Ugluu.mn