Олон улсын хүний эрхийн өдөрт зориулав
Хүний эрхийн боловсрол нь бүх хүнд зайлшгүй хүртэх ёстой суурь боловсрол хэмээх үзэл хандлага дэлхийд тогтож байна. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах нь төрийн гол үүрэг юм. Энэхүү үүрэгт иргэдийн өмнөөс хяналт тавих тэдний ойлголтыг нэмэгдүүлэх мэдээ мэдээллийн хүртээмж хангалтгүй байсаар байна. Цөөнхийн эрх ашгийг хамгаалах тэдний эрх, эрх чөлөөг баталгаажуулах талаар иргэдийн ухамсарт сэтгэлгээнд эерэг хандлага, зөв ойлголт мэдээлэл хүргэх нь учир дутагдалтай байна. Мөн орон нутгийн иргэд тэр дундаа алслагдмал газар нутгуудад амьдарч байгаа иргэдэд хүний эрхийн талаархи ойлголт, зөвлөмж бүхий мэдээлэл хүрч чадахгүй байна. Түүнчлэн иргэдийн хүний эрхийн боловсролын талаархи мэдлэг мэдээлэл муу байгаа нь гэмт хэрэгт холбогдох, бие болоод сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирогч болох нь нэмэгдэж байна.
Иргэн хүн эрхээ мэдэн ухамсарлаж түүнийг дагаад үүргээ биелүүлэх явдал учир дутагдалтай байна. Үүнийг дагаад иргэдийн оролцоо идэвхи, хяналт суларч байна.
Тиймээс хэвлэл мэдээлэл нь нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан бүх нийтийн хүний эрхийн боловсролыг олгох ажилд бодлогоор дэмжлэг үзүүлэх нь чухал юм
Хүний эрхийн боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг яагаад чухал вэ?
Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх, өөрийн орны хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах эдгээр үйл ажиллагаатай холбоотой тайлан илтгэл, зөвлөмж, шаардлагуудын талаар иргэдэд мэдээлэх нь хангалтгүй байна.
Хүний эрхийн боловсролыг нийгмийн бүхий л салбарт нэвтрүүлэхэд цаг хугацаа орон зай, хамрах хүрээний хувьд нилээдгүй хүндрэлүүд бий болдог бөгөөд үүнийг хамгийн үр дүнтэйгээр шийдвэрлэхэд иргэдэд хамгийн ойр байх хэвлэл мэдээллээр дамжуулан бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх нь хамгаас чухал юм. Засаглалын ил тод байдал, үр нөлөөг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо нь хүний эрхийг дээдлэн нийгмийн бүхий л харилцаанд хэвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна
Иргэдийн хүний эрхийн болоод эрх зүйн боловсрол дээшилж, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход иргэдийн оролцоо нэмэгдэнэ, иргэд эрхээ мэдэн шаардах ухамсар сэтгэхүй бий болж, хүний төрөхөөс заяагдсан өөрт олгогдсон эрхийн зөрчлүүдийн талаар иргэд дуу хоолойгоо илэрхийлнэ. Мөн хууль тогтоогч байгууллагад иргэдийн хяналт, дуу хоолой хүрч шийдвэр гаргахад нь эерэг нөлөөлөл үзүүлнэ.
Хэвлэл мэдээллээр хүний эрхийн боловсрол олгох хэрэгцээ, шаардлага бий юу?
Иргэдийн хүний эрхийн боловсролын түвшинг тодорхойлохын тулд юуны өмнө тэдний зүгээс хүний эрхийн боловсролыг хэрхэн үнэлж буй байдлыг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Чойжоогийн Алтангэрэл нийгмийн ухааны багш, судлаачийн судалгааны ажлаас уншигч тантай хуваалцая.
Нийт судалгаанд оролцогчдоос өнөөгийн Монголын нийгэмд та өөрийн эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадаж байна гэж үздэг үү? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 59,2% нь өөрсдийн эрх эрх чөлөөг эдэлж чадахгүй байна хэмээн дүгнэсэн байна. Мөн үүний дараагийн асуултанд 66,9% нь тэдний амьдарч буй газар, орон нутагт хүний эрхийн зөрчлүүд нийтлэг тохиолддог гэж үзсэн байна. Хүний эрхийн ангиллын үүднээс авч үзвэл, тэднээс 19.2% нь нийгэм эдийн засгийн, 15,2% нь иргэний эрх, 10,3% нь улс төрийн эрх, эрх чөлөө хамгийн их зөрчигддөг хэмээн хариулжээ Үүнээс үзэхэд хүний эрхийн зөрчил нь нийгмийн хүрээнд нилээдгүй тархсан байгааг харж болно. Гэхдээ оролцогчдын олонхи нь хамгийн түгээмэл тохиолддог хүний эрхийн 3 зөрчлийг тодорхойлон бичнэ үү? гэсэн асуултанд хариулаагүй байгаагаас тэдний хувьд түгээмэл тохиолддог хүний эрхийн зөрчлийг тодорхоилж чадахгүй байна хэмээн үзэж байна. Мөн судалгаанд оролцогчдын хувьд тэдний эрх, эрх чөлөө ямар нэгэн байдлаар зөрчигдвөл 27,7% нь Хүний эрхийн үндэсний комисст, 29,1% нь цагдаагийн газар, 19,4% нь орон нутгийн засаг захиргаанд 26.5% нь гэр бүлийн гишүүд болон найз нөхдөдөө хандан туслалцаа хүсэх бөгөөд харин үлдсэн 16,8% нь энэ тохиолдолд чухам юу хийхээ мэдэхгүй байна хэмээн хариулжээ. Хүний эрхийн талаархи мэдээллийг олж авдаг хамгийн гол эх сурвалж юу вэ гэсэн асуултанд 64% нь радио, телевиз, 37,8% нь ном, сонин сэтгүүл зэрэг хэвлэмэл матералууд, 12,7% нь боловсролын байгууллагуудаас, 18,8% нь гэр бүлийн гишүүд, хамт олноосоо зохих мэдээллийг олж авдаг болохоо илэрхийлсэн байна. Үүнээс үзвэл хэвлэл мэдээллийн байгууллага нь бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл хүргэхэд хамгийн үр нөлөөтэй болох нь харагдаж байна.
Судалгаанд оролцогчдын 87,1% нь хүний эрхийн ямар нэгэн сургалт семинарт хамрагдаж байгаагүй байна. 45% нь өөрсдийн хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар ямар нэгэн үйл ажиллагаа хийж байгаагүй, харин 30,3% нь ном сонин сэтгүүл уншиж 16,2% нь олон нийтийн дунд зохиогдож буй арга хэмжээнүүдэд өргөнөөр хамрагдахыг чухалчилдаг гэсэн дүн гарчээ. Үүнээс үзэхэд иргэдийн эрхийнхээ талаар мэдээлэл хүлээж авах, түүнийгээ өөрийн амьдралдаа хэвшүүлэхийг илүүд үзэж байгааг харж болно.
Санал асуулгын дүнгээр 47,1%-ийг бүрдүүлж буй иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хүний эрхийн боловсролын үзэл санаа зарчмуудыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэгтэй гэж үзсэн байна. Хүний эрхийн боловсролыг ойлгоход ямар арга хэлбэр илүү оновчтой вэ гэсэн асуултанд албан боловсролоор 35.2% , албан бус боловсролоор 10,1% , ИНБ-уудаар дамжуулан 5.7% , 47,2% олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн 1.8% бусад хэлбэрээр хэмээн мэдээлсэн байна. Үүнээс харахад хүний эрхийн боловсролыг түгээх олон хэлбэр, арга замууд байж болох ч хамгийн чирэгдэл багатай, ойр, хурдан шуурхай хүргэх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээлэл хүлээн авах эрэлт байгааг харуулж байна.
Бүх хүнд хүртээмжтэй ямар нэгэн хязгаарлалтгүй мэдээлэл олж авахуйц боломж нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.
Өнөөдрийн түвшинд хэвлэл мэдээллээр хүний эрхийн ойлголт мэдээллийг хэрхэн хүргэж байна вэ?
2012 оны байдлаар 135 сонин, 99 сэтгүүл, 16 телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тогтмол үйл ажиллагаа явуулдаг 16 сайт байна хэмээн хэвлэлийн хүрээлэнгээс мэдээлсэн. Мөн үндэсний хэмжээний телевизүүдийн 7 хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг нь 123-131 цаг үргэлжилж байна. Эдгээр цагийн мэдээллийн агуулгын хувьд авч үзвэл бүх төрлийн мэдээ мэдээлэл 55%, Интертаймент чиглэлийн мэдээлэл 15%, эдийн засаг улс төрийн мэдээлэл 8%, спорт 6% эзэлж байна. Үүнээс харахад бүх төрлийн мэдээлэлд хүний эрхийн талаархи мэдээлэл багтсан байх боловч энэ нь хангалттай үзүүлэлт биш юм. МҮОНТ-ийн “Хүний эрх миний эрх” TV5 телевизийн “Хүний эрхийн тусгал” нэвтрүүлгүүд тогтсон цаг хугацаанд тогтмол мэдээлэл хүргэж байсан ч бодлогын дэмжлэгээр дутагдаж цаашид цацагдах нь зогссон. .
Хүний эрхийн төлөв байдал болоод зөрчлүүдийн тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд нь цаг үетэйгээ нийцүүлэн болсон үйл явдлын ул мөрөөр цөөн удаа мэдээлж нэвтрүүлэг бэлтгэдэг. Энэ нь эргээгээд хэт их улс төржих мөн олны анхаарлыг татах төдийд мэдээлээд өнгөрдөг. Гэвч ил гарсан мэдээлэл бус эрэн сурвалжилж үнэн бодит мөрөөр бүх цаг үеийн алинд ч мэдээлэх нь сэтгүүл зүйн жинхэнэ үүрэг мөн чанар.
Тиймээс мэдээлэл түгээхдээ хэвлэл мэдээллийн ажилчид хохирогчтой харьцах тэдний аюулгүй байдлыг хамгаалах тал дээр учир дутагдалтай байна. Учир нь хохирогчийн овог нэр, албан тушаалыг нь бүтнээр мөн нүүр царайг нь харуулах нь хүний нэр төрд хүндэтгэлтэй хандахгүй байгаагийн илрэл юм. Хүний эрхийн талаархи ойлголт мэдээлэл хүргэхдээ иргэдийн дунд тогтсон буруу хандлага үг хэллэгийг ашиглан түүнийг жинхэнэ мөн чанараар нь ойлгуулахын оронд дэмжин баталгаажуулж байна. Жишээ нь: Тахир дутуу иргэн, хэнээтэй, бэлгийн чиг баримжаатай холбоотой үг хэллэгүүд багтана.
Мөн хүний эрхийн ойлголт мэдээлэл хүргэхдээ судалгаагүй , зарим тохиодолд мэдлэггүй байдаг учраас түүнийг цааш нь дамжуулахдаа сөрөг хандлага үзэл санааг нийгэмд дэлгэрүүлж байдаг.
Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр зарим иргэдийн зургийг авч олон нийтэд цацдаг. Энэ нь ялангуа бэлгийн чиг баримжаагаа илэрхийлсэн залуусын сайн дурын олон нийтэд хандсан ажиллагаануудыг хэрхэн мэдээлснээс харж болохоор байна.
Мөн аливаа нийгмийн давхаргааар ангилах, баян хоосон, ядуу, аливаа зүйлийг үзэн ядах хандлагыг төрүүлэхүйц мэдээ мэдээлэл дүрс бичлэгүүдийг ашигладаг. Энэ нь олон ангит солонгос киног удаа дараа гаргах, дайн байлдаан бие биенээ чадсан хохироосон хүүхдийн кино, нэвтрүүлэг гэх мэт.
Бүх нийтийн боловсролыг хэвлэл мэдээллээр хэрхэн үр дүнтэй мэдээлэх вэ?
Нийгмийн олон талт харилцаанд оролцоход иргэдэд тулгамддаг асуудлыг судлан гаргаж тавих, эрх зүйн болоод хүний эрхийн маргаантай зөрчилд шийдэл олох арга замыг үзэгчдэд таниулах, хохирогчийн эрхийг хамгаалах үүднээс хууль зүйн туслалцаа мэдээлэл хүргүүлэх, Монгол улсын хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилт иргэдэд хэрхэн тусч буйг олон нийтэд мэдээлэх нь чухал. Уран бүтээлчид хүний эрхийн чиглэлээр чадавхижиж, гүнзгийрүүлэн судалж өөрсдийгөө бүхий л түвшинд хөгжүүлэх нь нийгэмд ч болоод сэтгүүлчдийн өөрийн нэр хүндэд сайнаар нөлөөлнө. ТӨР, ИНБ, ОУБ болоод бусад төрлийн байгууллагуудын мэдээ мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж иргэдийн мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллаж бүх нийтийн боловсролыг дээшлүүлэхэд нэвтрүүлгийн бодлого, хүргэх арга хэлбэрийн хувьд энгийн ойлгомжтойгоор, үнэн бодит байдлыг мэдээлж сэтгүүл зүйн өндөр чадвар, ёс зүйг баримталж ажиллах нь хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Түүнчлэн тухайн хөндөх сэдвийнхээ агуулгын хүрээтэй холбоотойгоор Монгол улсын нэгдэн орсон ОУ-ы гэрээ конвенц , УИХ, ЗГ холбогдох яам тамгын газруудын шйидвэрүүдтэй танилцах нь чухал юм. Мөн тухайн чиглэлдээ ажилласан судлаач эрдэмтэн мөн ИНБ-уудын төлөөлөлтэй биечлэн уулзаж ярилцах нь нөхцөл байдлыг илүү бодитоор олж харах боломжтой.
Хүний эрхийн боловсролыг хэвлэл мэдээллээр хүргэснээр ямар үр нөлөө бий болох вэ ?
Сайн засаглалын нэг илрэл нь иргэдийн оролцоотойгоор хэвлэл мэдээллийн хяналтыг бий болгож, ил тод нээлттэй, зорилтот үйл ажиллагаа нь үр өгөөжтэй болохыг хэлдэг. Ингэснээр төрийн байгууллагын мэдээ, мэдээллийн ил тод байдал, ОУБ-ын зөвлөмж сайн дурын оролцоо, донор байгууллагуудын хандив тусламж хүрэх газар, эзэндээ очих боломжтой юм. Хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход төр болон иргэний нийгмийн байгууллагууд мөн ОУБ-уудын хөдөлгөөн, аян, хэлэлцүүлэг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулагдана. Тухайн үйл ажиллагааны үр дүнгийн талаар иргэд мэдээлэл, мэдлэгтэй болсноор баялаг бүтээхэд гар бие оролцоно.
Хүний эрхийг зөрчсөн хойно арга хэмжээ авч хөрөнгө мөнгө зарцуулах бус зөрчигдөхөөс нь өмнө урьдчилсан сэргийлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь олон талын ач холбогдолтой. Хэвлэл мэдээллээр дамжуулан үүнийг ухуулан суртчлах, олон нийтэд таниулах нь хөрөнгө мөнгө, ажиллах хүч, цаг хугацааны хувьд илүү өндөр үр нөлөөг үзүүлэх боломжтой юм.
Хэвлэл мэдээллээр хүргэж байгаа хүний эрхийн боловсролыг агуулгын чанарыг ямар шалгуураар үнэлж болох вэ?
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм хамт олны хүчийг дайлчан, үр дүнтэй ажиллахад чиглэгдсэн SASA аргачлалыг мэдээллийнхээ үр дүнг хэмжихэд шалгуур үзүүлэлтээ болгон авч болох юм. Тус аргачлалд иргэн мэдээлэл хүлээн авснаараа өөрийн буруу үйлдлээ ойлгож дотоод эрх мэдлээ мэдэрч эхлэх бөгөөд үүний дараа өөрийн мэдлэгээ баталгаажуулж ухамсарладаг байна. Бусдад дэмжлэг үзүүлж хүний эрхийн эерэг өөрчлөлт хандлагуудын талаар мэдлэгээсээ хуваалцах бөгөөд үүний дараа хамтран ажиллаж бодит үр дүнлүү чиглэсэн үйл хэрэг болох ажлуудыг иргэд санаачилдаг байна. Тиймээс мэдээлэл хүргэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд агуулгын чанарын үнэлэмж шалгуураа дээрх үзүүлэлтээр хүргэх нь чухал байж болох юм.
Хүний эрхийн боловсрол олгох мэдээ мэдээллээр дамжуулан иргэд хүний эрхийн талаар ойлголт мэдлэгтэй болж чадаж байгаа эсэх? тэрхүү мэдлэгээ өөрийн амьдралдаа ашиглаж зан үйлдээ эерэг хандлагыг бий болгож чадах эсэх? тэрхүү хандлагаараа дамжуулан өөртөө сайн чадварыг суулгаж чадах уу? мөн эдгээр чадварыг тусламжтайгаар зан үйлийг төлөвшүүлэх боломжтой эсэх? Эдгээр асуултуудаар шалгуурыг бий болгож нэвтрүүлгийн үр нөлөөг хэмжин мэдээллээ бэлтгэн хүргэвэл үр дүнд хүрч болох юм.
Үйл хэрэг болох ажил хэрэгч санаа
ХМХ нь иргэний эдлэх ёстой үндсэн эрхэд багтах мэдээлэл авах эрхийг хангах үндсэн зорилготойгоор оршдог. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох хууль тогтоомжийн хэрэглээ түүний талаархи мэдээллийг хүргэх үйл ажиллагаа компанит ажлууд нь иргэдийг хамрах цар хүрээ хязгаарлагдмал нөхцөлд байна.
Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар иргэдээс дотоодын мэдээллийг хэрхэн хүлээж авдаг вэ? гэсэн асуултанд телевиз 33%, гэр бүл найз нөхдөөсөө 12%, интернэт 22%, сонин 6% ажлын хамт олноос 5%, сэтгүүл 4%, фм родио 3%, зарын самбарууд 1%,гар утас 4%, social media 9% бусад 0,4% мэдээлэл авдаг хэмээн хариулсан байна. Тиймээс мэдээллийн ихэнхи хувийг хүлээн авдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүний эрхийн мэдээлэл хүргэх нь хамгийн үр дүнтэй юм. Түүнчлэн “Хүний эрхийн боловсрол” олгох хөтөлбөрийг бүх ХМБ-ууд бий болгож ажиллах нь хамгаас чухал байна. ХМБ-уудын ажил олгогч эзэд бодлогоороо дэмжих нөгөө талаас төрийн байгууллага санхүүжилт, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллах нь үүнийг шийдвэрлэх бас нэгэн гарц байж болох юм.
Төрийн байгууллагын зүгээс аливаа хэвлэл мэдээллийн байгууллага дахь хүний эрхэд суурилсан хандлага, мөн мэдээллийн агуулгад нь мониторинг хийж гарын авлага боловсруулах зөвлөмж хүргүүлэх нь чухал юм.
Н.Отгонжаргал