Интернэтэд суурилсан сэтгүүлзүй буюу онлайн сэтгүүлзүй нь хүссэн хүсээгүй өнөөгийн нийгэм, иргэдийн амьдралын салшгүй хэрэгцээ болчихоод байна. Тиймээс Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байгаа “Online Media Awards 2013” арга хэмжээний талаар “Мэдээллийн сайтуудын ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Буянбадрахтай ярилцав.
Дэлхий дахин онлайн сэтгүүлзүйн хурд, хүртээмжийг эрхгүй хүлээн зөвшөөрөөд байгаа энэ цаг үед манай улсад мэдээллийн гэх тодотголтой 100 гаруй сайт үйл ажиллагаа явуулж байгаа нь бага тоо биш. Тиймээс ч энэ сард зохион байгуулагдах “Online Media Awards 2013” арга хэмжээний ач холбогдлыг прогнозолж харах нь зөв болов уу. Түүнчлэн энэ арга хэмжээний талаарх таны байр суурь анхаарал татаж байна л даа?
-За манайд ер нь оны төгсгөл болохоор л шилдгийг шалгаруулах алтан, мөнгөн гэх тодотголтой олон л юм болдог. Бүхий л салбарт шилдэггүй юм бараг үлдэхгүй болтлоо л шалгаруулдаг. Манай сэтгүүлзүйн салбарынхан бол бүр өргөн дэлгэр. Тэнд ч телевизүүдийн шилдгүүд тодроод, энд ч бүх хэвлэл мэдээллийн шилдгүүд нь тодроод л. Гэтэл одоо бид өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг дор дороо харахад мэдээллийг хаанаас илүүтэй авч байна вэ? Жишээ нь би телевиз үзэхээ больчихсон шүү дээ. Бид яагаад ийм болж хувирсан бэ гэхээр гар утас, нотебүүк, компьютероосоо хэрэгцээтэй бүх мэдээллээ аваад байна, үзээд байна. Онлайнд суурилсан эдгээр хэрэгслүүд чинь бидний мэдээллийн бүх хэрэгцээг хангах гүүр хэрэгсэл болчихжээ. Ерөөсөө сүүлийн хоёр жилийн дотор бидний амьдралд төсөөлж байгаагүй их өөрчлөлт орсон байна. Хүмүүс мэдээллийн, танин мэдэхүйн, зугаацлын бүх хэрэгцээгээ онлайнд суурилсан мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авдаг болсон. Бид өөрсдөө анзаарахгүй л байгаа болохоос энэ дөрвөлжин утаснаас, интернэтээс, компьютероос хараат амьдарч байгаа. Тэр байтугай хүний амьдардаг гэр чинь WiFi орчин болчихлоо шүү дээ. Телевизийн хөтөлбөрийг цагийн хуваарийнх нь дагуу үзэх энэ тэр гэсэн ойлголт утгагүй болж, дуртай нэвтрүүлгээ дуртай газраасаа дуртай цагтаа татаж, гүйлгэж үзэх гэхчлэн олон боломжийг интернэт гэдэг юм чинь бий болгож өгч байна. Түүнчлэн энэ интернэт гэдэг хязгааргүй орон зайд суурилсан онлайн сэтгүүл зүй гэдэг маш том ойлголтыг Монголд саяхныг хүртэл ганц нэгхэн сайтаар төлөөлүүлж ойлгодог байсан бол, өнөөдөр тэр бүхэн ард үлдсэн.
Тиймээс энэ салбарын хандлага хаашаа явж байгаа юм. Зөв явж байгаа юм уу. Буруу явж байгаа юм уу. Хэн нь эрүүл, хараат бус, ёс зүйтэй сэтгүүлзүйг баримтлаж байна вэ гэдгийг нь тодруулж, тодотгож өгөх хэрэг бас байна л даа. Хүмүүжил сайтай хүүхдэд зүгийг нь зөв гаргаад, чиглүүлээд, урамшуулж боов боорцог, чихэр энэ тэр авч өгдөг дөө. Ерөөсөө яг тэр юм. Яахав тэгэхгүйгээр хавтгайд нь хаячихаад байж болно л доо. Гэхдээ зах зээл нь өөрөө бойжуулна, зах зээлийн үл үзэгдэгч гар зохицуулчихна. Манай нийгэм төлөвшихөөр сайтууд нь ч гэсэн аятайхан болчихно гэж хүлээхгүйгээр, бодлогоор энэ салбартаа хандах нь тэр нааштай үр дүнд эрт хүрэхэд хэрэгтэй юм гэж хараад байгаа. Тиймээс “Чи мундаг сэтгүүлч байна шүү. Танайх давгүй сайт байна шүү. Энэ эрчээрээ байгаарай. Танайх үнэхээр шуурхай байна шүү. Чанадын чанадаас чухал мэдээллийг олж тавьж чадсан шүү. Бусад нь энэ шиг байгаарай” гэж онцлож, тодотгох гээд байгаа юм, “Online Media Awards 2013” гэдэг чинь. Ингэж онцлоод байгаа цаад шалтгаан нь зүгээр нэг цом гардуулж, энгэрт нь хайруулын таваг шиг том төмөр одон нааж өгөх гээд байгаа даа биш. “Үүн шиг, түүн шиг байгаарай, таминь ээ” гэж бусад сайтуудад, сэтгүүлчдэд, контент үйлдвэрлэгч нарт үлгэрлүүлэх гээд байна л даа.
-Үлгэрлүүлнэ гэдэг маань мэдээллийн агуулга, чанар, хүртээмжийн хувьд өрсөлдөхдөө сэтгүүл зүйн гол зарчмуудаа жанжин шугамаа болгох ёстой гэдэг асуудлыг зайлшгүй агуулж байгаа биз ээ. Мэдээж зохион байгуулагч нь хаанах вэ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн сайтууд бүгдээрээ өрсөлдөх эртэй юу гэдэг асуултыг тавих хэрэгтэй байна
-Энэ арга хэмжээг хэн зохион байгуулж байна вэ гэсэн чинь Мэдээллийн сайтуудын ассоциаци гэдэг төрийн бус байгууллага байна. Монголын онлайн сэтгүүлзүйн ертөнцөд үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж байгаа нэр бүхий байгууллагуудын нэгдэл гэж хэлье л дээ. Энэ чинь буяны ажил биш шүү дээ. Сайтуудын эрхлэгчид гэдэг чинь татвар төлөгч, ажил олгогчид. Доод тал нь 5-10 хүн цалинжуулж байгаа.Түүнчлэн энэ салбарын хүмүүс өөр өөрийнхөө эрх ашгаараа нэгдээд хоёр, гурван ТББ-ыг байгуулчихсан байна. Тэдгээрийн нэг нь хоёр жил гаруйн өмнө байгуулагдсан “Мэдээллийн сайтуудын ассоциаци” гэж Төрийн бус байгууллага юм. Бусад салбарыг хараад байхад, байгаль хамгааллын чиглэлээр гэхэд манайд хэдэн мянган ТББ байдаг. Хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг бас хэдэн зуун холбоод бий. Тэдгээртэй харьцуулахад, манайд чинь домэйн нэрсээр нь тоолбол хэдэн зуун домэйн бий. Харин эрх ашгаараа нэгдсэн холбоо нь хоёр, гурваас хэтрэхгүй. Хүмүүс болохоор яасан ч олон холбоо юм гэдэг. Би үүнээс ч олон болоосой гэж боддог. Ер нь яваандаа эрэн сурвалжлах сэтгүүлчдийн, спортын сайтуудын сэтгүүлчдийн, зөвхөн эздийн холбоо гэхчлэн төрөлжөөд явах байх. Сэтгүүлчдийнх нь сонирхлоороо нэгдсэн холбоод гарч ирэх байх.
За харин Мэдээллийн сайтуудын ассоциациас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нь зөвхөн өөрийнхөө гишүүн байгууллагаас тодруулахгүй юм. Бид анх удаа энэхүү арга хэмжээг хийж байгаа учраас салбараа бүтнээр нь л харъя гэж байгаа юм. Зөвхөн манай гишүүд дотроос энэ онд онцгойрчихсон сайхан нь тэр байлаа, энэ байлаа гэж онцлохгүйгээр бүгдээрэнг нь харъя гэж байгаа. Нөгөө гоё цом зэрэг нь зөвхөн манай Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүдэд очих биш. Монголын онлайн сэтгүүлзүйн бүх төлөөлөгчид нэр дэвшүүлэх шалгарах, хүртэх эрх нь нээлттэй. Үүнийг “Online Media Awards 2013”-ын журамд тодорхой заачихсан байгаа л даа.
-Салбараа бүтнээр нь харъя гэж хэлж байгаа тань их таатай санагдаж байна л даа. Яах аргагүй энэ салбар нь өөрөө “хувьсгал” дагуулж байгаа шүү гэдгийг бүгдээрээ нийлж байгаад харуулъя гэсэн санаа бас бий болов уу. Тэгж хараад байна. Мөн сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хуулийн баримт бичиг хараахан гараагүй байна гэх хүмүүс ч бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Та нар хар л даа. Төрийн гурван өндөрлөг гээд байдаг сайхан хүмүүс чинь айлчлал энэ тэрд явахаараа телевизээс, тэгээд сониноос заавал сэтгүүлч авч явдаг. Сайтаас хүн авч явдаггүй. Энэ бол хамгийн эхний ялгаварлан гадуурхалт байхгүй юу. Гэтэл сайт гэдэг чинь асар том нөлөөлөлтэй, хүртээмжтэй, шуурхай мэдээллийн хэрэгсэл байгаад байна шүү дээ. Тиймээс онлайн сэтгүүл зүй гэдэг маань бие даасан том салбар боллоо шүү, бид насанд хүрсэн шүү гэдгээ одоо харуулах зорилго бас байна. Холбоод гэж талцахгүйгээр өөрсдийгөө харуулъя гэсэн санаа байгаа юм.
Өнгөрсөн сарын нэг амралтын өдөр Төрийн ордонд “Том төрөөс ухаалаг төр лүү” гэж үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан энэ арга хэмжээ их цагаа олсон байсан нь мэдэгдэж байна л даа. Хүн болгон зөв байна гэж байгаа юм. Тэрдундаа том биш ухаалаг төр байхын хамгийн эхний таних шинж тэмдэг нь цаасгүй, хүнд сурталгүй, тунгалаг, цахим, шуурхай байдал гэдгийг бүгдээрээ хэлээд байна. Хуучин чинь ТҮЦ гэж тамхи зардаг газрыг хэлдэг байсан. Тэгсэн одоо ТҮЦ гэдэг чинь төрийн үйлчилгээний цэг гэдэг нэр болчихлоо. Нөгөө гэмт хэрэгт холбогдолгүй энэ тэрээ баталгаажуулах гэж, төрсний болон бусад лавлагаануудаа авах гэж жижиг цонхон дээр гурав, дөрвөн зуун хүний ард оочерлоод өдрийн хагасыг бардаг байдал байхгүй болчихсон. Одоо зүгээр л өөрийнхөө мэдээллийг оруулаад хүссэн лавлагаагаа хэвлээд авчихаж болдог болж байгаа нь, дөнгөж эхний алхам юм.
Тэгэхээр эндээс харахад л цахимд суурилсан сэтгүүлзүйн үр нөлөө асар их гэдгийг эрхбиш хэн ч ойлгох биз ээ.
-Шилдэг номинациудын жагсаалтыг харахад анхаарал татаж байна л даа…
-Зөвхөн мэдээллийн сайтууд порталуудаас гадна Шилдэг жиргээч, Шилдэг блог, Шилдэг facebook page, group гээд номинациуд байгаа. Естой нөгөө нэг ханиалгахад тэр ханиадных нь вирус 100 хэдэн мянган хүнд очдог шахуу том том жиргээчид байна шүү дээ. Бас өөрийнхөө блогийг их гоё хөтөлдөг, гоё бичдэг мэргэжлийн сэтгүүлч биш хүмүүс ч байна. Тэр улсуудыг бас олъё, танья, өргөе, онцлоё гэсэн зорилгоор ийм номинаци оруулж өгсөн.
– Түрүүн та ухаалаг төр байхын хамгийн эхний таних шинж тэмдэг нь цаасгүй, хүнд сурталгүй, тунгалаг, цахим, шуурхай байх гэж хэллээ л дээ. Тэгэхээр “Шилдэг төрийн байгууллагын сайт” номинацийг оруулсан нь үүнтэй холбогдож ойлгогдож байна?
-Төрийн үйлчилгээг жижигхэн шагайвч цонхоор шоронгийн хуягтай харьцаж байгаа юм шиг байдлаар өгдөг, авдаг байдал үгүй болж байна. Гэр орон чинь WiFi орчин болчихсон, гар утсан дээрээсээ мэдээлэл авч болохоор болчихсон. Тэгэхээр түүгээр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд иргэдэд ойрхон болгосон төрийн байгууллагыг шалгаруулъя гэж байгаа юм. Нөгөө ухаалаг төр гээд Ц.Элбэгдорж гуай яриад байгаа шүү дээ. Тиймээс тэр тал руу нь хандуулж бид энэ номинацийг оруулсан.
Яахав, ихэнхи төрийн байгууллагуудын сайтуудыг харахад их үнэтэй юм шиг харагдуулахаар хийлгүүлчихсэн мөртлөө, мэдээлэл нь шинэчлэгддэггүй байх нь нийтлэг байсан. Одоо бол тийм биш болж байгаа. Тиймээс өөрчлөгдөж байгаа амьд гоё хандлагуудыг нь бид онцлоё, тодруулъя, үүн шиг байгаач ээ гэж бусдад нь бас үлгэрлэж харуулъя гээд байна. Нэг сайдын юм уу, захирлын мэндчилгээ оруулаад хаячихсан. Тэгснээ манай бүтэц, түүхэн замнал, гэсэн булантай төрийн байгууллагын балай сайтууд их байдаг шүү дээ. Гэтэл бас иргэд өдөр тутам ордог. Асуултаа тавьдаг. Эргээд хариултаа авч чаддаг. Эргэх холбоотой байж чаддаг. Байнга шинэчлэгдэж байдаг төрийн байгууллагын гоё гоё сайтууд ч байна.
Мөн “Шилдэг орон нутгийн сайт” гэж байгаа. Интернэтэд хил хязгаар гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хуучин Москвад байдаг оюутан хүүхэдтэйгээ ярих гэж төв шуудан дээр өдрийн хагас оочерлож байгаад нэг бутикт ороод байна уу, байна уу гээд л бараг утас нь тасарчихдаг. Тэрийг холын дуудлага гэж нэрлэдэг байсан цаг ард үлдсэн. Одоо бол зүгээр л компьютерээ асаагаад л, видео чат хийгээд л явчихаж байна шүү дээ. Усны хол уулын өндрийг үл харгалзаж байна. Орон нутгийн сайтууд ч зарим нь их гоё гоё болсон байна. Тэнд мэдээллүүд орж байна.
Шалгаруулалт явуулах нөхцлийн талаар тодруулж асуумаар байна?
Ойлгомжтойгоор хэлэхэд оны хамгийн хөөрхөн Буянааг шалгаруулах шалгаруулалтад Буянаа нэртэй бүх хүмүүс анкетаа өгөөд, зурагаа явуулаад, тэндээс нийт интернэт хэрэглэгчдийн дунд онлайн санал хураалт зохион байгуулаад хамгийн хөөрхөн гурван Буянааг нь оны хамгийн хөөрхөнөөр тодруулах сүүлийн шалгаруулалтад үлдээх юм. Сүүлийн шалгаруулалтад гурван Буянааг үлдээх шалгаруулалтын явцад хүнээс үл хамаарах программын тоолуур ажиллах юм. Мэдээж онлайн сэтгүүлзүйн шилдгийг тодруулах гэж байгаа бол хэнээс асуух юм. Онлайн хэрэглэгчдээс асууна. Хамгийн сайн сайт, санаанд чинь үлдсэн нийтлэл, ярилцлага аль нь вэ гэдгийг уншигч, хэрэглэгчдээс асууна. Тэдний саналаар шийднэ. Харин тэдний онлайнаар өгсөн саналыг программ тоолно. Жишээ нь, нэг номинацид 37 газар нэр дэвшлээ гэхэд программ нийт саналыг тоолоод эхний гурвыг нь таслаад авчихаж байгаа юм. Харин тэгж үлдсэн гурваас шилдгийг нь шалгаруулах шалгаруулалт “Online Media Awards 2013” арга хэмжээн дээр болох юм. Шилдэг номинацийн цом хэний гарт очих нь, тухайн хүний гарт очих мөч хүртлээ мэдэгдэхгүй. Шүүгч байхгүй. Зохион байгуулагч нар ч мэдэхгүй. Яахав, эхний шалгаруулалтын дараа шигшигдэж үлдсэн энэ гурвын нэг нь л болно доо гэх таамаг бол байна. Мэдээж тухайн өдрийн арга хэмжээн дээр тэр гурав нь ирчихсэн байна. Мөн тэнд онлайн сэтгүүлзүйн салбарын төлөөлөгчид, өөр хамтарч ажилладаг байгууллагын төлөөллүүд, экспертүүд ирнэ. Реклам өгөгчид ирнэ. Магадгүй ганц нэг улстөрчид ирэх байх. Ерөнхийдөө 200-аас доошгүй хүмүүс ирэх байх. Тэгвэл сүүлчийн шалгаруулалтыг тэдгээр хүмүүсээс санал хурааж хийх юм. Гол нь санал хураах нь бүр амар. Гар утаснаас нь мессэж бичүүлээд хураачихна.Уригдсан зочдын гар утасны дугаарыг бүгдийг нь цуглуулж аваад Буянаа гэвэл 1-ийг, Бурмаа гэвэл 2-ыг, Бунтар гэвэл 3-ыг сонгоно уу гээд санал асуулгад саналыг нь авчих юм. Сая “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр яг ийм технологи ашигласан шүү дээ. Хуралд суусан хүмүүст гар утас шиг, удирдлага шиг юм тараагаад өгчихсөн. Ерөнхийлөгч хүмүүсээс та нар энийг юу гэж үзэж байна вэ гэсэн. Тэгсэн заавал цаасан дээр саналыг нь авч, тооллогын комисс гарч тоолохгүйгээр, автоматаар саналыг нь аваад тэр дор нь дэлгэцэн дээр гаргаад ирдэг технологи байсан л даа. Тэр санал асуулгад оролцсон хүмүүсийн 73 хувь нь “манай төр хүнд сурталтай байна” гэж үзэж байна гээд дэлгэцэн дээр гараад ирсэн л дээ. Манай шалгаруулалтын хувьд яг тэр технологийг гар утсан дээр суурилуулж, шилдгийг тодруулах юм.
-Тэгэхээр шалгаруулалтын үнэн шударга байдалд эргэлзэх ямарч шаардлагагүй гэсэн үг байх нь?
Хоёр, гурван зуун хүнийг найрах, худалдаж авах, лобби хийх боломж байхгүй шүү дээ. Хэрэв лобби хийлээ гэхэд ил хийх хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр их амар болж байгаа юм. Хэдхэн захирал хоорондоо ярьж сууж байгаад хуваачихдаг. Энийг манайх, тэрийг танайх авъя гэдэг шиг юм болохгүй ээ.
-Тэгвэл номинацид нэрээ дэвшүүлэхийн тулд бас саналаа өгөхийн тулд хаана, хэнд хандана гэсэн үг вэ?
-Мэдээллийн сайтуудын ассоциацийн www.onlinemedia.mn сайтад дэлгэрэнгүй мэдээлэл бий. Энэ сайтад ороод нэрээ дэвшүүлэх эсвэл номинацид нэр дэвшигчдэд саналаа өгөх боломж интернэт хэрэглэгч бүх хүмүүст нээлттэй бий.
-Ингэхэд “Сайтуудад хамгийн их бичигдсэн хүн” гэдэг номинаци бас их анхаарал татаад байгаа.. Манайд өмнө нь хэвлэлийн баатар гэж байснаас сайтын гэх тодотголтой “баатар” тодорч байгаагүй болохоор?
Үүнийг бид бодоод олчихсон юм биш. Америкт бол тухайн онд хамгийн олонд давтагдсан үг гэхчлэн тодруулдаг шүү дээ. Тэр нь тэгээд “татвар” гэж үг байдаг юм уу. Эсвэл Обама гэж үг ч юм уу. Бүх хэвлэлүүдийг шүүгээд тодруулчихдаг. Эсвэл Нью-Йорк Таймс сонин дээр 2012 онд тэр үг хамгийн олон давтагдсан гэхчлэн тодруулдаг. Яг тэрэнтэй л ижил юм. Хэн гэдэг хүний нэр цахим ертөнцөд сайнаараа ч, муугаараа ч хамгийн олон хэрэглэгдсэн бэ. Энгийн үгээр хэлбэл хэн моданд байсан бэ гэдгийг бид олмоор, хармаар, танимаар байна гэсэн санаа юм.
“Online Media Awards 2013” арга хэмжээ “Гэрэл тусгая” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаа юм билээ. Та энэ уриаг хэрхэн харж байгаа вэ?
-Энэ амьдарч байгаа нийгэмдээ гэрэл гэгээ тусгаж илүү тодоор харъя гэсэн санаа юм л даа. Харанхуйд юу ч харагддаггүй шүү дээ. Жишээ нь, гэрэл зурагт гэрэл дутахаар муухай гардаг. Утас, компьютерийн дэлгэцний гэрлийн тохируулгыг хамгийн муу дээр нь тавихаар тод биш муухай болчихдог. Тэгвэл эргэн тойрноо гэрэл тусгаж тодоор харснаар болж бүтэхгүй байгаа зүйлийг засч, залруулах боломжтой болно. Тиймээс л эргэн тойрондоо гэрэл тусгая гээд байгаа юм.
За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Ugluu.mn