Үе үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга нар попрох нь хэтэрчих гээд байдаг ч үнэндээ олны анхаарал татсан асуудлыг хөндөн ажиллаж ирсэн нь нууц биш. Харамсалтай нь сүүлийн үед энэ байгууллагад дарга тогтохоо байсны зэрэгцээ өдгөө ажиллаж буй дарга нь “хэлгүй” мэт таг дүлий. Амралтын хоёр өдрүүдэд сошиалаар дүүрэн бензин хайсан, бензинд очерлосон, А92 бензин тасарсан, аргагүйн эрхэнд өндөр үнэтэй А95 бензин авсан тухай пост мэдээлэл дүүрэн. Сэтгүүлчид А92 бензин тасарч байгаа тухай УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас асуухад мань эр хариулахдаа “Дизель түлш хомстсон асуудал бол байгаа, А92 бензиний нийлүүлэлт хэвийн” гэж хариулсан байдаг.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын явуулж байгаа бодлого нь шатахуун импортлогч компаниудад “таалагдахгүй” байгаагийн улмаас тэд “картель” хийж, зохиомол хомсдол бий болгосон байж болзошгүй тухай мэдээлэл ч гарах боллоо. Магадгүй тэдний энэ “үйлдэл”-ийн цаана Засгийн газраас татаас нэхэх, татвараа хөнгөлүүлэх, нэмэлт дэмжлэг авах зэргээр өөрсдийн бодлогоо “тулгах” арга биш биз гэсэн хардлага байна.
Ингэж хэлэхийн учир нь манай улс бензин шатахууныхаа ихэнхийг ОХУ-аас оруулж ирдэг хэдхэн монополь компанитай тэдний ихэнх нь УИХ-д “төлөөлөлтэй” гээд хэлчихэд буруудахгүй болчихсон. Ийм учраас магадгүй нефтийн үйлдвэр ашиглалтад орж, өөрсдөө бензин шатахуунаа үйлдвэрлэх боломжийг “эс үйлдэхүйгээрээ” хаагаад байдаг юм биш биз гэж хардахад хүрч байна. Ямартай ч өдгөө бензин шатахуун импортолдог компаниуд үгсэн хуйвалдаж, зохиомол хомсдол бий болгосон бол үүнийг ШӨХТГ “Өрсөлдөөний хууль”-ийн дагуу шалгаж тогтоох ёстой.
Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
7.1.1.зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;
11 дүгээр зүйл.Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглох
11.1.Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно.
11.1.3.бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Тиймээс ШӨХТГ бидний бичсэн энэ мэдээллийн дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 22.1.2-т заасанчлан Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу өрсөлдөөний хуулийг зөрчсөн эсэхийг эдгээр шатахуун импортлогч компаниудад хяналт шалгалт явуулах нь шаардлагатай.
ШӨХТГ ингэж иргэдийг хохироож, өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчиж байж болзошгүй үйлдлийг шалган тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол бензин, дизель түлшний зохиомол байж мэдэх хомсдолоос үүдэн улс орны нийгэм эдийн засагт хор хохирол учирч, иргэдийн үнийн өсөлтөд дарлуулж, төгрөгийн ханш унах нөхцөл байдал үүсээд байна.
Эрхбиш энэ зэргийн учир шалтгааныг ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ гэдэг хүн ойлгож, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэн ажиллана гэдэгт найдаж байна.
Ц.Мөнх