Дипомат зочлолтын талаар иргэний мэдүүштэй мэдлэг

2499Гадаад харилцаа өргөжин тэлж, найрсаг харилцаат улсуудын тоо өсч байгаа нь манай гадаад бодлогын ялалтын үр дүн мөн боловч түүнд дипломат ёс, ёслол, ёслолын журам, дэг жаягийг сахиж хүндэтгэж ирсэн байдал нэгэн адил асар их ач холбогдолтой билээ. Ёслолын аливаа арга хэмжээнд дипломат ёс, ёслол, ёслолын дэг журмын тодорхой мэдлэг, мэдрэмжтэй оролцохгүй бол гарч мэдэх алдаа нь мэдэхгүйтэй, хэнэггүйтэй, нэрэлхүүтэй холбоотой болж таарна. Гэхдээ энэ бол зөвхөн ГХЯ-ны хэдхэн дипломатчид хамаатай бус, гадаад харилцаанд оролцож байгаа, хамтын ажиллагаа өрнүүлж буй хувь хүн, төрийн ба төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллагад хамаатай зөвлөмж юм шүү.

ХООЛНЫ ШИРЭЭНИЙ АРД

Суугаа зоогийн үед ширээний ард суумагц зуушийг цэсний дагуу дэс дараагаар авч ирж, үйлчлэгч өөрөө таваг дээр нь тавьж өгөх юм уу эсвэл өөрөөр нь авхуулна. Хэрэв үйлчлэгч авч таваг дээр нь тавьж өгвөл гол зуушийг эхлээд тавьж, дараа нь хачир болон туслах хөнгөн зуушийг тавьж өгдөг. Гэхдээ үндсэн гол зуушийг зочны биен талд, хачирыг цаад талд нь тавина. Ингэхдээ тавгийг 2-оос доошгүй удаа солихоор бодож бэлтгэсэн байх хэрэгтэй. Ер нь дипломат ёслолд нэг төрлийн хоолыг (зуушийг) нэг л хутга, сэрээгээр иддэг тул дор дор нь солих шаардлагатай.

Зуушийг ихэвчлэн баруун гар талаас нь өгч, зүүн гар талаас нь зүүн гараараа таваг, сэрээ, хутгыг хураан авна. Ширээн дээр ийнхүү тавьж үйлчлэхдээ бүх төрлийн зуушийг ширээн дээр өрж тавьсан, зууш бүрийн халбага, сэрээ тус тусад нь тавих хэлбэрээр зохион байгуулж болно. Зочид өөрсдөө хүссэн хэмжээгээрээ идэхээр. Гэхдээ анхаарууштай нь эрэгтэйчүүд дэргэдээ суугаа бүсгүйчүүлд үйлчлэхийг мартаж болохгүй. Халуун хоолыг тус тусад нь порцоор өгнө. Чингэхдээ шөлтэй хоолыг баруун гар талаас өгч, зүүн гар талаас тавгийн хураана. Харин загас, тахианы махан хоолыг зүүн гараас өгч, баруун гараас тавгийг хураан авдаг. Бор махан хоолыг баруун гараас өгч, зүүн гараар тавгийг хураан авна.

Архины зочилгооны хувьд хүйтэн зууш, шөлтэй хоолны үед виски, эсвэл цагаан архи хундагаладаг. Тахиа, загасны маханд цагаан дарс, малын / бор/ маханд улаан дарс хундагалана. Бууз, хуушуур өгөх бол цагаан виски, архи хундагалаж бас болно. Учир нь ийм төрлийн хоолонд мах, гурилан бүтээгдэхүүн орсон байгаа.

Вискийг тусгай стаканд хийж, мөс ус, сода дагуулан авчрах, харин архи, виног хундаглахдаа шилний этикет (хаяг нь) нь хүмүүст харагдаж байхаар барин тонгойлгож, хундагыг их дүүргэлгүй, хийгээд татаж авахдаа хуурай тийш нь эргүүлэн авбал архи асгардаггүй бөгөөд дараа нь зүүн гарт байгаа цэвэр алчуураар амсрыг дарж арчин, дараагийн хүнд хундагалана. Тэгэхдээ зочны зөвхөн баруун гар талаас нь хундагалахаа мартуузай. Ямар ч дарсыг бөглөө авах үедээ буюу ер нь сэгсрэн булингартуулж болохгүй. Цагаан дарсыг хөргөж, улаан дарсыг тасалгааны температуртай хэрэглэдэг. Зоогонд хэрэглэх дарс нь хуурай дарснууд байх ёстой. Зоог барьж байгаа эзэн хүн эхэлж амсаад хундагалахыг зөвшөөрвөл бусад зочдод хундагалдаг.

Хэрэв ширээний зай бага хүн олон, шахцалдмаар бол гараас үйлчилэхэд илүү тохиромжтой. Гараас үйлчлэх бол ширээн дээр суурь таваг тавьж дээр нь алчуур эвхэж тавьсан байна. Зоогонд цаасан алчуур хэрэглэдэггүй. Даавуун алчуур хэрэглэнэ. Уг алчуур ихэвчлэн 46х46 см буюу 35х35 см хэмжээтэй байна. Ямар ч өнгийн зориулалтын даавуун алчуурыг угааж, цардаад сайтар индүүдэж, цэвэр эвхсэн байх шаардлагатай. Алчуурны эвхэлт маш олон янз байх бөгөөд зарим эвхээс нь тодорхой утга илэрхийлдэг. Энэ алчуураар хүмүүс тос, сүмсээ арчдаг учир маш сайн угаасан байх шаардлагатай. Зоогийн ширээн дээр таваг тавиагүй бол таваг тавих газар нь алчуураа тавьдаг. Дөрвөлжин, тусгай цагираганд шургуулаад хэвтүүлж тавих нь бий.

Хоолоо идэж дуусаад шүдээ чигчлэхдээ амаа зүүн гараараа халхалж байж сэмхэн чигчлэнэ. Шүдний завсраас гарсан хоолны үлдэгдлийг таваг руугаа нулимдаггүй. Амны алчуурт арчдаг. Аманд орсон жимс, самрын яс, хальсийг гараараа авдаггүй. Халбагаар авч тавагны амсар дээр орхидог. Халуун хоол идэж дуусаагүй байхад жимс, амтлаг авч иддэггүй.

Цай, кофе өгөхдөө тусад нь зоогны өрөөнөөс өөр газар зохион байгуулах ч байдаг. Мөн хоолоо идсэн байрандаа шууд цайныхаа хэсгийг барих нь ч байдаг. Зоогны ширээнд ямар ч үед цайны хэсэгт хэрэглэгдэх зүйл, тамхи, шүдэнзийг урьдчилан тавьдаггүй.

Харин цайны хэсэг болонгуут тамхи, шүдэнз, үнсний сав, жимс, цагаан идээ, бусад амттаныг барина. Цайны хэсэгт коньяк, оргилуун дарс барина. Кофе буюу цай оруулснаар зоог дуусч, тарах болсныг мэдэгдэж байгаа хэрэг юм. Зоог дууссан тул явах санаачилгыг гол зочин гаргах учиртай.

ХҮЛЭЭН АВАЛТ БА БУСАД ЗОЧИЛГОО

Хүлээн авалтыг 1200 -1300, 1700-1900, 2000 цагаас хойш зохион байгуулж болно. Үргэлжлэх хугацаа 2 цаг орчим. Хүлээн авалт нь хамрах хүрээний хувьд их олон хүн хамарч чаддаг онцлогтой. Шөлтэй хоол ордоггүй. Орчин үед хүлээн авалтыг коктейль буюу а-ля фуршетийн хэлбэрээр зохион байгуулах нэн түгээмэл болж байна.

Зуушнуудыг урьдчилан бэлтгээд, танхимын хана дагуулсан буюу голд аль тохиромжтой хэсэгт тусгайлан бэлтгэсэн ширээн дээр өрж тавьсан байна. Виски, архи, пиво, ундааны зүйлийг хундагалаад ширээн дээр тавьсан байх ба хундага хоосорсон үед нь үйлчлэгч сэлбэн хийж өгнө. Ширээн дээр тавьсан зуушнаас өөрснөө авч үйлчилнэ. Менюд нь хоёроос доошгүй халуун хоол оруулах нь хүндтэйд тооцогдоно. Манайд бол бууз, банш, эсвэл хатгаж идэх шарсан мах байж болно.

ЦАЙЛЛАГА

Энэ нь 1700-1800 цагийн хооронд хийж болно. Эсвэл өдрийн цагаар хэвлэлийн бага хурлын дараа зохион байгуулж болно. Хүлээн авалтаас ач холбогдлоор арай бага.

Урилга дээр эхлэх ба дуусах цагийг заасан байдаг бөгөөд энэ завсарт хэдийд очоод, хэдийд гарах нь тухайн зочны хэрэг. Энэ нь бага байранд олон хүнийг цайлж болох ашигтай хэлбэр юм. Зууш, ундааны зүйлийг үйлчилэгчид том тавагт хийж, цар дээр тавин барьж үйлчилнэ. Зууш болон ундаа нь хүлээн авалтаас хөнгөн учир хэмнэлтэй хэлбэр, тэгээд ч дэлхий дахинд ихэд дэлгэрч байгаа. Энэ нь уг арга хэмжээнд оролцогчид өөрсдийн хүсэл, боломжоор үйлчлүүлэх таатай хэлбэр юм. Ер нь хүлээн авалт, цайллагын үед үйлчлэгчдийн чадвар, хүрэлцээнээс хамааран тусгайлан баарны үйлчилгээ зохион байгуулах нь зохимжтой байдаг.

ЦАЙ

Цайг үдээс хойш 1600-1700 цагийн хооронд эхлэхээр зохион байгуулна. Хэдийгээр цагийг хязгаарлахгүй боловч 1 цагаас хэтэрдэггүй. Энэ арга хэмжээг гол төлөв бүсгүйчүүдэд зориулан зохиодог. Мөн гэр бүлээр нь ч урьж болдог. Үүнийг албан бус арга хэмжээ хэмээн үзэх тал ч бий. Энэ арга хэмжээнд үйлчлэгч бараг хэрэггүй. Эзэн нь зочиддоо өөрөө үйлчлэх буюу зочид өөрсөддөө үйлчлэх нь зохимжтой бөгөөд харин аяга, таваг зөөж өгөх үйлчлэгч тусдаа байна. Цайнд цай, кофе, жимсний архи, ликёр, зуны халуун цагт жүүс, ундаа өгч болно. Зууш нь шоколад, жигнэмэгийн цуглуулга, самар, жимс, цагаан идээ байж болно Хүмүүс жижиг ширээтэй буйдан, түшлэгтэй зөөлөн сандалд сууна. Харин эзэн хүн бүх хүмүүст анхаарал хандуудж болохуйц байрлалыг сонгож суух ёстой.

“ХУНДАГА ДАРС”

“Хундага дарс” зочилгоог 1200-1300 цагийн хооронд эхлэхээр зохион байгуулдаг. Энэ арга хэмжээ нь ажил хэргийн чанартай байдаг тул ихэвчлэн албаны хүмүүсийг урих нь элбэг, хөнгөн чанарын арга хэмжээ юм. Ер нь арвилан хэмнэе гэсэн тохиолдолд энэ арга хэмжээг сонгож болно.

Манай улсад энэ арга хэмжээг Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан түүнд тусласан хүмүүст зориулж, эсвэл Элчин сайд ирэх ба буцахад Дипломат корпусын ахлагчаас зохиох нь хэвшжээ. Зуушны зүйл бага орно. Сандвич барьдаг. Харин виски, архи байх боловч дарс буюу оргилуун дарсаар голчлон үйлчилдэг. Урих хүний тоонд хязгаар тавьдаггүй.

БУФЕТ-ЗООГ

Буфет зоогийг орой 1900-2100 цагийн хооронд зохиох нь илүү тохиромжтой. Хүн бүрийг нэг төрлийн хоолоор шахаад байдаггүй. Тусгайлсан суудал засдаггүй боловч зарим үед энд тэнд ширээ засч, зөөлөн сандал тавьсан байдаг. Уригдсан хүмүүс дуртай суудалдаа сууж, суудлаа солиход чөлөөтэй байх юм.

Хүйтэн зууш болон халуун хоолыг тусгайлан заасан ширээн дээр тавьсан байдаг нь өөрсдөө шилэн сонгож, идэхэд зориулсан байна. Эсвэл дороосоо байнга халж байхаар тагтай ган тогоонуудад хоолыг савласан байх ба хоолны нэр, зарим үед орцыг англи монгол хэлээр бичиж өмнө нь тавьсан байх ёстой. Хэрэв зочдод тусгайлан ширээ зассан бол үйлчлэгчээр хоол ундыг зөөлгөхөөр бэлтгэнэ. Энэ арга хэмжээ нь дуу хөгжим, зарим үед бүжиг зохион байгуулж болдогоороо онцлог талтай юм. Архи дарсны хувьд сонголт чөлөөтэй

Эдгээр хүлээн авалт, зоогуудыг заавал тусгай танхимд хийх албатай биш, зуны дэлгэр цагт хашаан дотор, асотей (байшингийн хавтгай дээвэр буюу задгай тагт) дээр зохион байгуулж болно. Хэрэв цэцэрлэг дотор зохиох бол гудамжнаас тусгаарласан өндөр хөшгин хана босгож, хурц гэрлээр алсаас гэрэлтүүлсэн байх нь зохимжтой.

Ер нь нийтийн журмаар зүгээр нэг хоол идүүлчих бол нэг хэрэг. Харин төрийн өндөр түшээгийн хувьд, эсвэл нэр хүндтэй бизнесчийн хувьд зоог барьж байгаа бол заавал зохих журмын дагуу хийх ёстой. Өглөөний болон үдийн зоог нь ихэвчлэн ажил төрлөө ярилцах, тодорхой асуудлаар санал бодлоо солилцоход зориулагддаг бол харин оройн зоог хүндэтгэлийн хувьд хамгийн дээд ихэвчлэн гэр бүлээрээ уригддаг учир илүү дотно нөхөрсөг байдалд болох ёстой. Төрийн өндөр албаны хүмүүс оройн зоогийг гол төлөв өөрийн орд харш, гэртээ барьж, зочиндоо хүндэтгэл үзүүлж, зарим үед өөрсдийн бэлтгэсэн хоолоор дайлах тохиолдол ч бий. Энэ нь зочинд илүү дотно сэтгэгдэл төрүүлэх зорилготой. Оройн зоогт уригдах хүмүүсийн тоо харьцангүй цөөн байх ёстой.

А.Тамир

index

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …