“Өглөөний зочин” булангийн ээлжит зочноор Монгол Улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтохыг урилаа.
Тэрээр мэргэжилдээ үнэнч үлдсэн цөөн малын эмчийн нэг. Бас газар шороо, тусгаар тогтнол, иргэний нийгмийн төлөө дуу хоолойгоо олон нийтэд хүргэж ирсэн тэмцэгч. Мал эмнэлгийн салбарын гажуудлыг засах гэж эрх мэдэлтнүүдтэй тэмцэж, шүүхдэлцэж, Шүүх дээр ялдаг ч амьдрал дээр “ялагдаж” төгсдөг гэж өөрөө үздэг юм билээ. Тэхдээ ганцаардахгүй, гандан буурахгүй, толгой даасан том үзэл санаатай хүн юм. Түүнтэй мал аж ахуйн салбарын ирээдүй, мал эмнэлгийн талаар ярилцлаа.
-Та мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт анхаарал тавьж, санаа зовниж явдаг хүн. Танаас нэг зүйлийг асууя гэж бодоод байсан юм. Уул уурхайд та нэг л сүсэггүй ханддаг. Яагаад тэр вэ?
-Дэлхий дээр хоёр соёл иргэншил бий. Нэг нь хөдөлгөөнгүй буюу суурин амьдралын соёл иргэншил. Нөгөө нь хөдөлгөөнтэй буюу нүүдэллэж амьдардаг соёл иргэншил. Суурин соёл иргэншил бол байгалийн хуультай зөрчилдөж, биологийн олон янз байдлын унаган төрхийг алдагдуулж, байгалийн амьд болон амьгүй бүхэнтэй дайсагнаж, байгалийг өөрсдийнхөө хэрэгцээ, хүсэл, шаардлагад нийцүүлж оршин тогтнох гэж үзэж алдаж буй юм. Суурин соёл иргэншлийн үзэл баримтлал нь олон улс орныг, тэр дотроо өндөр хөгжилтэй гэх улс үндэстнийг хамардаг.
Байгаль дэлхийн үндсэн хуульд нийцдэггүй энэ суурин соёл иргэншлийн онол, үзэл баримтлалаас, ханан дундах сэтгэлгээнээс хүн төрөлхтөн гарч чадахгүй байна. Ингэсээр байж дэлхийгээ мөхөөж устгах оюун санааны болон эдийн засгийн колоничлогчдын бодлогод олон улс орны удирдлага татагдан оржээ. Дэлхийн 8 тэрбум гаруй хүний үнэмлэхүй олонхи нь суурин соёл иргэншлийн бохир намаг балчигтай зууралдаж байна. Байгаль дэлхийд дайсагнагч суурин соёл иргэншлийн хамгийн гол зэвсэг нь уул уурхай юм. Хөгжиж буй болон буурай хөгжилтэй улс орнуудын газрын баялаг, алт, эрдэнэсийг уул уурхайн хөрөнгө оруулалт гэгч тархи угаалтаар дамжуулан цөлмөж, байгаль дэлхийг нь сүйтгэж буйг том агуулгаар нь харвал аймшигтай.
Ганц хоёр улс орныг сүйтгэх бус дэлхийн үхлийг хурдасгаж байна. Би хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнийхээ хувьд олон жилийн өмнөөс энэ сэдвээр өөрийнхөө хэр хэмжээнд дуугараад л явдаг юм. Биологийн чиглэлийн мэргэжилтнийхээ хувьд ч дэлхий ээжээ хамгаалах үзэл санааны үүднээс дэлхийн анатоми нь бүрэн бүтнээрээ байж баймааж физиологийн үйл ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулна шүү дээ. Дэлхий ээжийнхээ анатомийн чухал бүрэлдэхүүн хэсгийг нь ухаж цөлмөж эрэмдэг зэрэмдэг болгочихвол юу болох нь ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд уул уурхайн хайгуул, олборлолт, ашиглалт нь дэлхий дээр хэчнээн их зүй бус, гай гамшиг, эвдрэл сүйрлийг дагуулж байгааг бид бэлхнээ харж байна.
Ялангуяа, байгалийн мал аж ахуйн оршин тогтноход шаардлагатай бүхэнд уул уурхай хамгийн том дайсан нь боллоо. Болдогсон бол уул уурхай ашиглалтыг ганцхан Монголд биш, дэлхийн хэмжээн зогсоох хэрэгтэй. Зайлшгүй тохиолдолд хамгийн минимум түвшинд л ашиглаж болох юм. Уул уурхай шаардлагагүй ганцхан жишээг дурдахад энэ их алт олборлолт. Алтгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнох боломжтой юу гэвэл боломжтой. Тэгэхэд алтны хайгуул, олборлолт, алтны худалдаа, хадгаламжийн төлөө дэлхийгээ устгахад бэлэн байна шүү дээ. Ийм тэнэглэл байж болох уу? Иймээс хүн бүхэн уул уурхайг эсэргүүцэх хэрэгтэй.
-Газар улсын үндэс гэдэг шиг мал бол манай эдийн засаг гэж үздэг сэтгэлгээ байсаар байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
–Мал сүрэг, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд Монголын эдийн засгийн гол эх үүсвэр байсан цаг үе бий л дээ. Монголын эдийн засагт мөнгөн дүнгээрээ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл том байр эзлэхгүй. Гэхдээ Монголчуудын амьдралыг гадаадаас хараат бус байлгах, тусгаар тогтнолын нэгэн том баталгаа нь байгалийн мал аж ахуй юм гэдгийг мартаж болохгүй. Цаашид ч ийм бодлогыг Монголын төр, засаг тасралтгүй хадгалж яваасай гэж боддог.
-Малыг маллаж өсгөөд, мах идэж, сүү уугаад байх нь өнөөдөр уламжлал боловч хөгжил биш гэж харагдах боллоо. Тэгвэл малыг амьжиргааны хэрэглүүр биш хөгжлийн тулгуур болгохын тулд яах ёстой юм бэ?
-Хөгжил гэж юуг хэлээд байгаагаа сайтар ухаарах хэрэгтэй юм шиг ээ. Хөгжил гэж үүнийг хэлнэ гэх тов тодорхой тодорхойлолт алга. Олон улсад ч гэсэн тийм нэгдсэн ойлголт байхгүй. Монголд хөгжил гэдгийг Д.Пүрэвдорж гуайн найраглалд гардагчлан “.. Халуун ус хананаасаа аваад, цахилгаан зууханд цайгаа чанаад…” хулганы нүх шиг шавар амбааранд бөөгнөрөөд гар, булчин ажиллуулахгүй хэвтэхийг гэж ухаарч буй нь үнэмлэхүй олонх байна. Саяхан талцал үүсгээд хойшлогдсон гадаадын хөрөнгө оруулагчдад газар нутгаа 100 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулах хуулийн төслийн Монгол улсыг өндөр хөгжилд хүргэнэ, монголчуудыг сайн сайхан амьдралд умбуулна гэх “тархи угаалт”-ын цаана нуугдаж буй эцсийн зорилго бол нөгөө л гамшиг. Харийн колоничлогчдын бодлогыг Монголын төрийн эрх барих дээд байгууллагад шургалсан гадаадын гар хөл бологсдоор дамжуулан явуулж буй нь тэр юм. Энэ байдлаар харвал манай байгалийн мал аж ахуй хөгжил биш болж харагдаад байгаа юм л даа. Ер нь ирээдүйн хөгжлийн хандлага ямар байх ёстой юм бэ. Байгаль дэлхийдээ дайсагнахгүй, хэт их шунал, хэрэглээг дээдлэхгүй, хэр хэмжээндээ таарсан хэрэглээ, хувь хүний оюуны хөгжлийг дээдэлсэн, байгаль дэлхийтэйгээ аль болох ойр байж, зохицож нийцсэн, хөдөлгөөнтэй, нүсэр биш, энгийн амьдралын хэлбэр л илүү урт хугацаанд хохирол сүйрэл багатайгаар орших юм шиг санагдаад байгаа юм. Ер нь ч тийм байхаас өөр гарц үгүй. Ийм тохиолдолд байгалийн мал аж ахуй эрхлэлт, түүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын худалдаанд тавигддаг шаардлагууд, хүнсний аюулгүй байдлын стандартад нийцүүлээд үйлдвэрлэж, боловсруулаад явахад монголчууд амь амьжиргаагаа асуудалгүй залгуулаад явчихна. Энэ бол мэргэч төлгөч байр сууринаас бус, эрүүл ухаанаар бодож тооцоолж судлахад л харагдаж буй асуудал, шийдэл юм.
-Тэгвэл малыг жинхэнэ мал, “орчин үеийн” мал болгоход мал эмнэлэг гол үүрэг гүйцэтгэж таарна биз дээ. Та Монголын мал эмнэлгийн салбар сүйрч дампуурсан гэдэг. Чухам яах ёстой юм бэ?
– Товчхоноор хариулахад мал эмнэлгийн шинжлэх ухааныхаа салбарыг ерөнхийд нь бүрэн бүтнээр нь судалсан нэг ч эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн манайд байхгүй болсон. Ядахдаа малынхаа өвчинтэй хэрхэн тэмцэх, яаж оношлох, эмчлэх, сэргийлэх талаар иж бүрэн ойлголттой малын эмч мэргэжилтэн алга. Тийм малын эмч бэлтгэх тогтолцоог нь устгаж байна. Ийм болгохыг манай төр, засаг зориудаар зохион байгуулж, тийм бодлого үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Бас л гадаад, дотоодын хорлон сүйтгэгч бүлэглэлийн оролцоотойгоор хэрэгжиж байна. Тийм этгээдүүдээ Монгол улсын ерөнхийлөгч, засгийн газар, салбарын яам, агентлаг, сургалтын, судалгааны, үйлдвэрлэлийн, лабораторийн, орон нутгийн, бизнесийн байгууллагуудад тараан байршуулчихсан байна. Монгол улсын мал эмнэлгийн салбарыг уруудан доройтуулах, байгалийн мал аж ахуйг устгах зорилготой гадаадын байгууллагуудын төлөөллийг Монголд авчраад байрлуулчихсан, тэдгээр нь үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Ийм байхад зөв хөгжлийн замд ороход их хэцүү. Мал сүргийг “орчин үеийн” буюу “эрчимжсэн” гэх гажигтай, генийн өөрчлөлттэй, цус ойртолттой, “шоронгийн хоригдол” мал болгох шаардлага огт байхгүй. Тийм мал Монголд идээшихгүй. Ирээдүйд тийм “орчин үеийн” буюу “эрчимжсэн” гэх мал аж ахуй хүн төрөлхтөнд огт хэрэггүй болно.
-Нээрээ та чинь бас эрх мэдэлтнүүдийн аяыг харахгүй, асуудалд мэргэжлийн үүднээс, зарчмын байр сууринаас ханддаг учраас “хөөгддөг, халагддаг малын эмчийн” тодорхой жишээ биз дээ?
-Тэр талаар энд яримааргүй байна. Таван удаа үндэслэлгүй ажлаасаа халагдаж. Мөн төчнөөн удаа Шүүх дээр ялж байсан. Эрх мэдэлтнүүд, бүлэглэл, авлига цэцэглүүлэгчид яаж ийж байгаад Шүүхийн шийдвэрийг мартагнуулах, биелүүлэхгүй байх арга зам олдог л доо. Тэд үнэхээр өрөвдөлтэй, хөгийн нөхдүүд. Бодохоос дургүй хүрдэг юм.
-Та Монголын Мал Эмнэлгийн холбооны Гүйцэтгэх захирлын алба хашдаг хүн. Бодлогод нөлөөлөх боломж юм биш үү?
– Монголын мал эмнэлгийн холбоо бол төрийн бус байгууллага. Уг нь малын эмч нарынхаа дуу хоолой нь болж, тэднийхээ эрх ашгийг хамгаалж, төр болон хувийн хэвшлийг холбож, нэг талаас төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нь туслаж, нөгөө талаас малын эмч нарынхаа мэргэжлийн ажил, үйлчилгээгээ эрхэлж орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө л ажиллах үүрэг хүлээж байх ёстой юм. Гэтэл сүүлийн жилүүдэд манай мал эмнэлгийн холбооны үндсэн үйл ажиллагаа дампуурсан байдалтай л байна. Манай нэг доктор саяхан “мал эмнэлгийн холбоо бусдын гарт амь үрэгдэв” гэж бичсэн байсан. Энэ байгууллага яг тийм нүүр царайтай байна. Тиймээс энэ байгууллагыг “байгууллага төрхт төлөв байдал”-д нь оруулах оролдлого хийж л байна. Аливаа зүйлийг нураахад амархан юм. Сэргээж босгоход амаргүй, хугацаа их авах нь. Ер нь нэг зүйл анзаарагдаж байна. Аливаа байгууллага, салбар, улс орныг сүйрүүлэхэд хүний нөөц, боловсон хүчнийг нь үгүй хийчихдэг юм байна. Өнгөрсөн 30 гаруй жилд манай мал эмнэлгийн салбарын аль гайгүй мэдлэгтэй чадвартай малын эмч мэргэжилтнүүдийг нь энэ салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн байгууллагуудаас шахаж хавчих, хөөж гаргах, ажлыг нь булааж авах бодлогыг төр, засгийн байгууллагуудад ажиллаж байсан, одоо ч байгаа мэргэжил нэгтнүүд маань хийж ирсэн. Тэд өөрийн санаа бодлоор үүнийг хийсэн юм биш. Хулгай, луйвар, улс төрийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлсэн. Ингэж мал эмнэлгийн салбар сүйрлийн байдалд орсон. Өнгөрсөн хугацаанд Монголын төр, засгийн, ялангуяа мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого нь энэ салбарын нэрийг ашиглаж хэрхэн хулгай, луйвар хийх вэ л гэсэн хүрээнд явагдаж ирлээ.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэргэжлийн хүмүүсийг, салбараа мэддэг хүмүүсийг дэмжээд байгаа юм биш үү?
-Энэ хүний толгойлсон засгийн газар гоё гоё уриа лоозон хааяа сонсгодог боловч түүний удирдлагад ажиллаж буй яам, агентлаг хэлснийх нь эсрэг яваад байна. Энэ ганцхан манай салбарт ч биш, бүх салбарт ажиглагдаад байгаа юм. Дипломтон, мэргэжилтэн хоёроо ялгахгүй байна. Өнгөрсөн 30 жилийн турш бараг л 100 хувь дипломтон бэлтгэсэн шүү дээ. Мэргэжилтэн маш цөөн. Муу муухайгаар нь дууддаг социализмын үед гэхэд жинхэнэ мэргэжилтнүүдээ эрж сураглаад олоод авдаг байсан юм билээ. Сайн мэргэжилтнүүдийг сураглаж, олж, хэрэгтэй газар нь ажиллуулдаг болчихвол улс орны хөгжилд тустай юм. Бүх салбарт ийм бодлого хэрэгжүүлмээр байна.
-Анхны цас, өнгөрсөн оны 12 дугаар сарын эхний хүйтэн өдрүүд зуд нүүрлэх дохиог өгчихсөн. Малчид малаа нядалж, ченжүүд тэр чөлөөг овжин ашиглаж байна гэж ярилцах юм. Малаа бүгдийг нь нядлалтай биш. Заримыг нь онд мэнд оруулах хэрэгтэй биз дээ?.
-Зуд бол хийсч биш, хэлж ирдэг “зовлон” учраас тодорхой хэмжээнд сэргийлэх боломж бий. Бүх малаа нядлах, эсвэл бүх малаа “ичээ”-нд оруулах боломж үгүй. Байгалийн мал аж ахуйд байгалийн гамшиг буюу давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл учрах явдал бас байна аа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр бэлчээр хүрэлцээтэй, малчид, мал аж ахуй эрхлэгчид боломжийн хэмжээний хадлан бэлтгэсэн үед нь их хэмжээний цас орох, хэт хүйтрэлт урт хугацаагаар үргэлжлэх, салхи шуурга олон хоног үргэлжлэх зэрэг гамшиг, эрсдэл учирвал засгийн газар, нийгмийн тодорхой бүлгийн зүгээс туслах дэмжих явдал байх ёстой л доо. Нутаг бэлчээр доройтчихсон, оторлож очих аймаг, сум нь тодорхойгүй, отрын бүс нутгийн захиргаатайгаа гэрээ хийгээгүй, оторлох бүс нутаг дахь бэлчээрт нь тухайн малчдын мал бэлчээрлэх даац байгаа эсэх нь бүрхэг явж ирсэн. Түүнчлэн зарим аймаг, сумын малчид нь оторлогчдыг оруулахгүй хөөж туулаа гэх мэтээр жил бүр гарч байдаг яриа бол байгалийн зуд биш “тархины зуд” юм. Эцэстээ төр, засгийн бодлого, шийдвэр гаргагчид болон хэрэгжүүлэгчдийн “дампуурлын зуд” юм. Ер нь бол зудаас сэргийлж, хэдэн саяар тоологдох үхсэн малын зовлого, сэг зэм овоолохгүй онд орох боломж байна.
-ХҮХХААЯ малчдаас 2 сая хонь худалдаж авах, хөдөө аж ахуйн биржээр мах борлуулах зэргээр бас чиг ажил, бодлого явуулаад байна уу даа?
-Үхүүлж байхаар хямдхан ч гэсэн наймаачдад худалд гэсэн тулган хүлээлгэсэн маягийн түр зуурын шинжтэй, ямар ч бодлогогүй юм хийж байна л даа. Амь аргацаасан маягийн “зуд болохоор наймаачид, ченж нар зоолно” гэсэн бодлого юм уу даа. Малчдын хувьд үхүүлж овоолж байхаар худалдсан нь дээр л дээ.
-Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэх ч мэргэжлийн зөвлөгөө, салбарыг дэмжсэн бодлого хэрэгтэй л санагдах юм?
–Яг үнэндээ Монголд жинхэнэ малчин гэх уламжлалт мэргэжил устаж байна. Мал сүрэгтээ чин сэтгэлээ зориулдаг малчин хүн ховор болсон. Малыг зөвхөн мөнгө гэж хардаг болсон. Уг нь Монголчуудын мал маллах уламжлал, мал аж ахуй эрхлэлтийг орчин үеийн олон шинжлэх ухааны дэвшилтэй зөв холбоод жинхэнэ мэргэжлийн сүлжээ үйлдвэрлэл болгочихвол энэ талаараа дэлхийг ч дагуулах боломж байна шүү дээ. Монголын уламжлалт бэлчээрийн,нүүдлийн мал аж ахуйд дэлхийг ч аврах авралын гарц гаргалгаа “нуугдаж” байна. Хүн төрөлхтнийг нүүдлийн соёл иргэншил л аварна шүү. Суурин соёл иргэншил явцгүй. Яваандаа зөвхөн сүйрч мөхөх тавилантай. Тиймээс Монголын төр, засгийн бодлого ч, хөдөө аж ахуйн мэргэжлийн байгууллагууд ч, мал аж ахуй эрхлэгчид ч холыг харсан бодлого боловсруулж, үйл ажиллагаагаа зөв болгох шаардлагатай. Ухаарсан, бодсон, олон хувилбараас хамгийн сайн, хамгийн зөвийг нь сонгох хэрэгтэй дээ.
Ярилцсан Т.Санаа