Монгол Улсын Их сургуулийн бүтцийн шинэчлэлийг эсэргүүцэж тус сургуулийн салбар зургаан сургуулийн 30 гаруй багш “МУИС-д ардчиллыг сэргээх түр хороо” байгуулсан тухай мэдээлсэн. Энэ талаар МУИС-ийн Геологи Газар зүйн сургуулийн багш Х.Уламбадрахтай ярилцлаа.
-МУИС дээр яг ямар асуудал үүсээд байна вэ?
-Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа улс биз дээ. Тэгвэл нийгэм, боловсролын салбарын түүчээ болсон МУИС дээр ардчиллын зарчмууд алдагдаад байна. Тэнд аливаа асуудалд дарангуйлалын ч гэмээр юм уу, тийм хэлбэрээр, багш оюутнуудаа үл тоосон байдалтайгаар хандаж байна. Тодруулбал үйл ажиллагааны ил тод байдал бүрэн алдагдлаа. Үүнд Удирдах зөвлөл болон ажлын хэсгүүдээс гарч буй хурлын шийдвэрүүд хэрхэн гарсан тухай мэдээлэл бүгдэд хаалттай байна. Бүтцийн өөрчлөлт нь хариуцлага, эрх, үүргийн хяналтгүй хийгдэж байгаа бөгөөд хариуцлага тооцох зарчим үгүй болсон учраас багш нар эсэргүүцэж түр хороо байгуулсан.
МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай Удирдах зөвлөлийн тогтоолын төсөл хэмээх баримт бичгийг гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ ТУЗ-д танилцуулж, батлуулахаар улайрсан. Л.Мөнх-Эрдэнэ захирлын энэхүү хариуцлагагүй үйлдлийг МУИС-ийн захирал А.Галтбаяр бүрэлдэхүүн сургуулиудын бүх багш нартай хийсэн уулзалтын үеэр хүлээн зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл ямар ч хариуцлага тооцохгүй, хамгаалсаар байна.
Тиймээс ардчилсан нийгмийн суурь зарчмыг баримтлан ямар нэг хариуцлага хүлээх ёстой.
-МУИС одоогоор 14 салбар сургууль, 20 мянга орчим оюутан, 800 гаруй багштайгаар үйл ажиллагаа явуулж буй боловсролын томоохон байгууллага. Тиймээс энэ сургуулийн бүтцийг хэрхэн өөрчлөх гээд байгаа нь сонирхол татаж байна?
-Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сургууль, Хуулийн сургууль, Бизнесийн сургууль гэсэн дөрвөн салбар сургуультай болгоно гэж байгаа. Үүнийг манай багш нар, оюутнууд, жирийн иргэд ч гэсэн эсэргүүцэж байна.
Энгийн жишээ дурдахад МУИС-ийн Эдийн засгийн сургууль гэдэг чинь Монголдоо брэнд нэр болчихоод байгаа шүү дээ. Оюутнууд МУИС-ийн Эдийн засгийн сургуулиар овоглохдоо дуртай байдаг. Тэгвэл одоо тэр нэр үгүй болж байна. Хүмүүс ч хүүхдээ МУИС-ийн Эдийн засагт сурдаг гэж ярихаас МУИС-ийн Бизнест сурдаг гэж ярихгүй болов уу. Мөн Монгол хэл соёлын сургууль гэж байна. Энэ сургуульд гадаадын оюутнууд хамгийн их сурдаг. Гэвч энэ нэр бас байхгүй болж, зөвхөн тэнхим төдий л болох юм байх. Сүүлийн үед дэлхийн томоохон сургуулиуд газар зүй, геологийн салбарын газартай холбоотой салбар нэгжүүдээ нэгтгэж Дэлхий судлалын сургууль гэж байгуулаад ажиллаж байхад манайд эсрэгээрээ хэрэгжих гээд байна шүү дээ.
-Танай сургуулийн удирдлагуудын боловсруулсан өөрчлөлтөөр ямар үр дүн гарах юм бэ?
– Тэд 14 сургуулийг дөрөв болгож цөөлснөөр 700 сая төгрөг хэмнэх тооцоог гаргалаа гээд байгаа.
Дарга нарын орон тоог бууруулна гэж яриад байгаа юм. Их сургуульд тийм олон дарга, их төсөв, оюутны төлбөрийн мөнгөнөөс идэж уугаад байгаа юм биш. Салбар сургуулийн багш нар, тэнхимийн эрхлэгч, мөн сургалтын албаны эрхлэгч нарт эрх мэдэл гэж юм байхгүй. Энэ ажлыг ирэх долоо хоногт хүмүүсээрээ хийлгээрэй гэсэн үүрэг чиглэл л өгдөг. Ингэснийхээ төлөө 30 мянган төгрөгийн л нэмэгдлийг 2005 оноос хойш авдаг болсон. Энэ байдлаас үзэхэд яагаад ч 700 сая төгрөг хэмнэж чадахгүй. Тодруулбал 100 орчим тэнхимийн эрхлэгчийн 30 мянган төгрөгийг хэмнэх гэж бодоход яагаад ч 700 сая хүрэхгүй нь ойлгомжтой биз дээ.
Хэмнэж болно. Гэхдээ зохистой бүтэц нь юу вэ гэдгийг багш, эрдэмтдээсээ асуух хэрэгтэй. Тэгэхгүйгээр хөшигний цаана хуйвалдаан хийгээд, тэрийгээ Удирдах зөвлөлд оруулж батлуулах гэж явсан нь буруу гэж үзэж байгаа.
-Ер нь их сургуулийн зардлыг танана гэхээр олдож буй цөөн хэдэн төгрөгөөрөө өнөө маргаашаа аргал гэсэнтэй адилхан дуулдаж байна. Ингэхээр цаана нь хөгжлийн тухай яриад ч хэрэггүй болж байгаа юм биш үү?
-Монгол Улс 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого гаргасан. Үүнтэй уялдуулан “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Мөн 2016 он хүртэлх боловсролын салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг “Боловсрол” үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалаар боловсруулсан.
Ингээд төрөөс гаргаж буй бодлого шийдвэрүүдийг харахаар их сургуулиуд маань томоохон судалгааны сургууль болох зорилготой байдаг. Тэгвэл судалгааны сургуулийг дэлхий дээр гурван арга замаар байгуулдаг.
Нэгдүгээрт төрөөс маш их мөнгө зарцуулдаг. Үүний тод жишээг БНХАУ харуулсан. Тус улс жил бүр 10 тэрбум ам.доллар зарцуулаад Чинхуа их сургууль, Бээжингийн үндэсний их сургуулиа дэлхийн топуудын эгнээнд оруулж чадсан. Хоёрдугаарт холбооны сургууль гэж байгаа. Энэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг нэгтгэх замаар судалгааны том сургуулиудыг байгуулдаг. Үүнийг ОХУ, Франц улсад амжилттай хийсэн. Дараагийн нэг зам нь цоо шинэ их сургууль байгуулах явдал.
Харамсалтай нь ийм арга зам манай өнөөгийн байдлаас харагдахгүй байна. Монголын их, дээд сургуулиудын багш, эрдэмтэд өөрчлөлт шинэчлэлтийг хийхийг хүсдэг. Тиймээс дэмжиж байгаа.
-Тэгээд яагаад бусдынхаа хийсэн ажлыг шүүмжлээд байгаа юм?
-“Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэсэн үг байдаг. Буруу замаар орох гээд байгаа учраас л бид дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. Яг өнөөдрийн МУИС-ийн удирдлагууд шиг хэлбэрийн өөрчлөлт хийгээд судалгааны сургууль болно гэж байхгүй. Нөгөө талаар ардчиллын гол зарчмуудыг МУИС дээр зөрчөөд байгаа юм. Манай сургууль ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг соргогоор хүлээж авдаг газар. Энэ ч утгаараа Монголын ардчилал МУИС-аас эхтэй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Яагаад гэвэл С.Зориг агснаас эхлээд өнөөдрийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд ардчиллын үндэс суурийг тавьж байсан, одоо бэхжүүлэхээр хүчин зүтгэж буй хүмүүс бүгд манай сургуульд сурч, багшилж байсан хүмүүс.
-МУИС-ийг судалгааны сургууль болгохын тулд юу хийх шаардлагатай вэ?
-Их сургуулиудаа судалгааны сургууль, төв болгох бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төрөөс мөнгө гаргахгүйгээр, санхүүжилт татахгүйгээр хэзээ ч болгож чадахгүй. Тухайлбал Японы Нагоя их сургуулийн жилийн төсөв нь нэг тэрбум ам.доллар. Үүний 90 хувийг нь төр нь даадаг. Үлдсэн хувийг нь тухайн сургууль үйл ажиллагаанаасаа санхүүжүүлээд явдаг. Гэтэл МУИС-ийн жилийн төсөв нь 17 сая ам.доллар. Үүний 96 хувийг оюутны сургалтын төлбөр бүрдүүлдэг. Дөрвөн хувийн санхүүжилтийг нь төр даах нэрийдлээр халуун хүйтэн ус, дулааны асуудлыг шийддэг. Ийм байдлаар хэзээ ч судалгааны их сургууль болж чадахгүй.
Мөн оюутны төлбөрийг оюутандаа л зарцуулах ёстой. Би оюутны төлбөрөөр цалингаа авч байгаагийнхаа төлөө тухайн оюутанд хичээлээ л заах зарчмаар ажиллана. Тэгэхгүйгээр оюутны төлбөрийн 50 хувьд нь хичээл заагаад 50 хувьд нь судалгаа хийж болохгүй биз дээ. Үнэхээр их сургуулийг судалгааны төв болгоно, багш нар эрдэм шинэжилгээний ажил хийх ёстой гэж үзэж байгаа бол чухал чухал судалгааны ажлынхаа зардлыг, тоног төхөөрөмжийг төрөөс гаргах хэрэгтэй.
-Дээд боловсролын шинэчлэлтийн талаар ямар бодолтой байна вэ?
– Би XXI зууны дэлхийн дээд боловсролын чиг хандлага, Монголын дээд боловсролын чиг хандлагыг судлан үзэж байсан. Монголын дээд боловсролын салбар шинэчлэгдэх цаг нь нэгэнт болсон. Гэхдээ дэлхий нийтийн чиг хандлагыг барьж хөгжих хэрэгтэй. Одоо дэлхийн чиг хандлага ямар байна вэ гэхээр нэгдүгээрт хотхоны системээр хөгжиж байна. Энэ чиглэлээр маш олон харилцаа бий болж байгаа. Тухайлбал гадны оюутнуудыг хэрхэн татах вэ, тэдний сургалтдаа өгч буй мөнгийг хэрхэн хуваарилах, мөнгөнд нь дүйх үйлчилгээ үзүүлэх гээд маш олон асуудал гарч ирнэ.
Мөн хүний хүчин зүйлээс хамаарч хөгжүүлэх асуудал гарч ирнэ. Өндөр хөгжилтэй орнууд бүх салбартаа эрдэм шинжилгээний ажил явуулах, мэргэжилтэн бэлтгэх бодлогоо тасралтгүй бодлоготойгоор бэлдэж байна.
Харин манай улсад энэ тал дээр дутагдал гарч ирдэг. Тухайлбал Газар зүй, геологийн шинжлэх ухааны нарийн мэргэжлийн хүн их цөөхөн байна. Дээрх шинжлэх ухаан нь дахиад нарийн мэргэжилд задрахаар тэр чиглэлийн хүн нь байхгүй болчихдог. Жишээ нь нэг шинэ хичээл, шинэ анги нээх гэхээр багшлах боловсон хүчин олдохгүй байх үе бишгүй тохиолддог. Бид хүний хүчин зүйлээ бодоод өөрсдөдөө таарсан үндэсний онцлогоо тусгасан хувилбар гаргаж болно.
Түүнээс биш 200 сая, 100 сая хүн амтай, нийгэм нь хөгжөөд 100, 200 жил болсон, тухайн салбарынх нь эрдэмтдийн тоо мянга, мянгаар хэмжигддэг газруудыг шууд хуулбарлан дууриаж болохгүй.
Д.Баяржаргал