Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай барилгын салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Ирэх онд 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орно. Тиймээс зах зээлийн хуулиар байрны үнэ тогтворжих болов уу хэмээн иргэд найдаж сууна. Салбарын судлаач хүний хувьд та хэрхэн төсөөлж байна вэ?
-Ер нь нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ буурдаг зах зээлийн хуулийн дагуу иргэдийн таамаглаж байгаа нь зөв. Гэхдээ асуудал их бий. Яагаад нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт бий болоод байна вэ гэхээр Засгийн газраас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой. Тодруулбал энэ онд орон сууцны үнийг хөөрөгддөг гол хүчин зүйл болох цемент, арматур болон бусад барилгын материалыг тогтвортой байлгахын тулд 270 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 70 гаруй аж ахуйн нэгжид олгосон. Мөн барилга барьж буй компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон. Ийнхүү төрөөс хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн барилгын үнэ нэмэгдээгүй. Хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтаар босч буй барилгын ихэнх нь ирэх оны зургаадугаар сараас ашиглалтад орно. Тэгэхээр үнэ тогтворжино гэж ойлгож болно.
-Энэ онд ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ 15-20 хувиар өслөө шүү дээ?
-Орон сууцыг хөнгөлөлттэй зээлээр барьж буй барилгын үнэ өсөөгүй. Харин өөрсдөө хөрөнгө гаргаад, банкнаас өндөр хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд барилгаа өндөр үнээр зарахаас өөр аргагүй болж байгаа юм. Энэ байдал ирэх оны гуравдугаар улирлаас саарч эхэлнэ. Нөгөө талаасаа 2014 онд энэ жил хэрэгжүүлсэн барилгын материал болон орон сууцы үнийг тогтворжуулах бодлогоо баримтлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, ахмадуудаа орон сууцжуулах зорилго талаар өнгөрнө. Өөрөөр хэлбэл Монголбанк, Засгийн газраас гаргасан 270 тэрбумаа 800 тэрбум болгон өсгөх, яг энэ арга барилаараа бодлогоо хэрэгжүүлэхгүй бол ирэх жилийн зах зээл баримжаагүй, үнийн донсолгоо ихсэх болно. Тиймээс хөрөнгө оруулагчид биш барилга барьдаг, туслан гүйцэтгэгч нарт татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ барилгын материал болон орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжлэхгүй бол бид зах зээлээ барьж чадахгүй.
-Барилга бол манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар. Энэ салбараа угжны хурга шиг төрөөс байнга дэмжих нь зохисгүй. Байнга дэмжиж чадахгүйгээс нэг л өдөр навс унах вий гэж зарим эдийн засагчид таамаглаж байгаа?
-Барилгын салбарын донсолгоог арилгах, үнийг тогтворжуулахын тулд Монголбанк, Барилга хот байгуулалтын яам хамтран хэрэгжүүлж байна шүү дээ. Тэгэхээр энэ бодлого бол зөв. Харин байнга дэмжээд явахгүйгээс одоо ингэж яадаг юм бэ гэдэгт нэг зүйлийг хэлэхэд төр донсолгоог арилгачихаад аажмаар гараад явах ёстой. Харин байнга дэмжээд явбал дээрээс хүчтэй унана. Өөрөөр хэлбэл төр барилгын салбарт хийсэн хөшүүргээ сугалж авах арай болоогүй байна.
Манай хувийн компаниуд ашиг олз хайж, үнэ хөөрөгддөг байдалд орчихоод байна. Барилгын салбарыг зоосны нүхээр харах сонирхолтой нөхөд олон байна. Үүнээс гарах гээд л үзэж байна шүү дээ. Одоо төрийн оролцоо хаана байх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Барилгын материалын үйлдвэрлэл, импортод оролцож байгаа. Дээрээс нь гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжчихвэл барилгын салбарт донсолгоо үүсэхгүй. Гадаадаас босгож буй хөрөнгө оруулалтаа үр ашигтай зарцуулъя гэвэл барилга, бүтээн байгуулалтад л зарцуулах хэрэгтэй.
-Хувийн хэвшлийн төлөөллүүд төрөөс хөнгөлөлттэй зээлд хамруулсан аж ахуйн нэгжээ ил тод зарлахгүй байна гэж шүүмжилдэг. Харин мэргэжлийн холбооддоо хэрхэн нээлттэй байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар манай салбарт 600 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 70 гаруйхан нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Харин ямар аж ахуйн нэгжүүд хамрагдсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй байгаа. Магадгүй энэ тоог ирэх жил нэмэгдүүлэх байлгүй дээ.
-Барилгын материалын гол түүхий эд болох цементийн үнэ тогтвортой байж байгаад аравдугаар сард огцом өссөн. Энэ мэтээр төрөөс дэмжсэн ч үр дүнд хүрэхгүй байвал яах вэ?
-Төрөөс явуулж буй оролдлогыг буруутгах аргагүй. Цементийн хувьд харьцангуй тогтвортой байж байсан. Харин хүйтний улирал дөхмөгц барилгын компаниуд үлдэж буй хэдэн өдөр ажлаа амжуулах гээд цементээ бөөнд нь авснаас эрэлтийг огцом өдөөсөн хэрэг.
Ирэх жилээс дотоодын цементийн үйлдвэрүүд ашиглалтад орчихвол сандрах зүйл нэг их гарахгүй байх. Хөтөлийн цементийн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орчихвол жилд сая тонныг үйлдвэрлэнэ. Монгол Улсын жилийн хэрэгцээ 1.5 сая тонн. Тэгэхээр үлдсэн 500-600 мянган тонныг БНХАУ-аас гуйж биш, гуйлгаж авах боломжтой болно гэсэн үг.
-Манай барилгын зах зээл дээр гадаадын хөрөнгө оруулалттай, тэр дундаа БНХАУ-ын компаниуд ихэнх хувийг эзэлдэг. Энэ тохиолдолд төрийн зүгээс дотоодынхоо аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж, давуу байдлыг бий болгох ажил хийгдэж байна уу?
-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн тоо үндэсний аж ахуйн нэгжүүдийг давах хэмжээнд хүрээгүй. Гэхдээ Хятадын компани орж ирэхэд заавал дотоодын нэг компанитай хамтарсан байх ёстой гэсэн шаардлага тавибал зүгээр. Гэхдээ 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт 1000 айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд энэ их бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн монгол хүн, монгол компани гүйцэтгэнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Тиймээс ажиллах хүч болон хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлого зохицуулалттайгаар ажиллуулах нь зөв.