Орон даяар барилгын үнэ ханш өндөр байгааг иргэд хэлдэг. Тэгвэл манай Ховд аймагт хамгийн хямд үнээр орон сууцыг төрийн албан хаагчдад, тодруулбал Мэргэжлийн хяналтын газар, Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус”-ын ажилчдад метр квадратыг нь 550 мянган төгрөгийн ханштайгаар өгсөн анхны тохиолдол бий. Та бүхэнд итгэхээргүй санагдаж магад. Гэхдээ энэ бол маргахааргүй үнэн. Үүний талаар манай сонин сурвалжилж, ББМЗЗТ компанийн захирал Б.Даваасүрэн гуайтай ярилцлаа.
Дарга нар арга барилаа өөрчлөх хэрэгтэй
-Хэдэн оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна?
-Би барилгын салбарт нийтдээ 33 жил тасралтгүй ажиллаж байна. Манай компанийн суурь 1997 онд барилгын зураг төслийн ЗЗТ хоршоо нэртэйгээр байгуулагдаж, 2006 оноос ББМЗЗТ компани болон өргөжсөн. Түүнээс хойш бүтээн байгуулалтын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Манайхыг зөвхөн барилга барьдаг гэж ойлгож болохгүй. Гадна шугам сүлжээний завсар, авто зам, өндөр хүчдэлийн шугам сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтын салбарт бүрэн хүрч ажиллахаар зорьж байгаа. Өнгөрсөн жил дулааны хоёр дахь эх үүсвэрийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа.
-Хичнээн ажилтантэй вэ?
-Байнгын тогтмол ажлын байр бий болгоно гэхэд учир дутагдалтай. Тухайн үед тендерээр ямар ажил авна тэр хэрээр л ажлын байрыг бий болгодог. Өнөөдөр тогтмол 20 ажилтны 10 гаруй нь инженер. Орон нутагт барилга байгууламжийн ажил харьцангуй бага. Тасралтгүй бүрэн ажлын байр бий болгоод ажиллана гэж байдаггүй.
-Барилгын компаний тусгай зөвшөөрлийн тухайд их хүндрэл, чирэгдэл учирдаг гэсэн яриа байдаг. Яг ямар шат дамжлага дамждаг вэ? Зөв механизм мөн үү?
-Нэг инженер 10 хүн цуглуулаад нэг барилга засварлая гэхэд тусгай зөвшөөрөл шаарддаг. Тусгай зөвшөөрлийг сайд олгоно. Эхлээд Барилга хот байгуулалтын газраас, МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, яамын нэг хэлтэст өгнө, тэндээс хуралд орно, хурлаас сайд руу орно. Нас нөгчсөн хүний материалыг явуулчихсан ч мэдэхгүй байх. Тэрийг хянах боломжгүй. Сайдын гарын үсэг хүлээж байхаар иргэний нийгмийн байгууллагуудад эрхийг нь өгчихвөл зүгээр. Дамжлага болгон мөнгө хардаг. Хамгийн гол нь эрх мэдлийг задалж, либеральчлах л хэрэгтэй байна. Хүнд үйлчилдэг үйлчилгээний байгууллагын ажилтан шүү гэдгээ мэддэг байх хэрэгтэй л дээ. Даанч тийм сэхээрлээр тун маруухан. Саарал байшинд сууж байгаа хүн бол иргэнд үйлчлэх үйлчилгээний ажилтан. Иргэдэд үйлчлэх үйлчилгээний ажилтныг зохион байгуулах үүрэгтэй гэж даргыг томилж байгаа юм.
-Барилга байгууламжууд олноор нэмэгдэж байгаа ч гаднах тохижилт, ногоон байгууламж дутагдалтай байгааг шүүмжилмээр санагддаг. Энэ талаар таны бодол?
-2008 онд УИХ-ын гишүүд барилгын салбарынхныг хүлээн авч уулзахад би барилгаа иж бүрэн ногоон байгууламжтай болгоё гэдэг санал санаачлага гаргаж байсан. Зохих хэмжээний шаардлага хангасан цэцэрлэгжилттэй барилга ашиглалтад оруулдаг баймаар байгаа юм.
Бизнесийн бүлэглэлийнхэн мөнгөө эргэлтэнд оруулахын тулд барилгын салбар руу хүч түрэн орж ирж байна л даа. Яг барьж буй барилгын чанарт бус мөнгийг богино хугацаанд хурдан үржүүлэхийг чухалчлаад байдаг. Үнэндээ бол барилгын ажил болон улс болон аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт маань бизнесийн бүлэглэлийнхний ч юмуу хувь хүмүүсийн мөнгө үржүүлэх бодлого болчихсон байна. Барилгын чанар муу байна гэдэг шат шатны дарга нартай холбоотой гэж боддог. Инженер болон мэргэжлийн ажилчдаас барилгын чанарт нөлөөлж, жинэхэнэ утгаар нь хариуцаж ажиллах боломж нь хомс байна. Ер нь бол дарга нар чанаргүй болгож байгаа юм. Барилгын чанарыг гурван түвшинд хувааж үзэж болно. Барилгын чанар бол хариуцлага, хяналт, чадамж юм л даа. Хариуцлагаа дагаж бусад нь унадаг. Хариуцлага эдийн засгийн тодорхой эрхээр хязгаарлагддаг. Инженер стандартад нийцсэн барилга барихад эзний авчирч өгсөн эд материалаас л шалтгаална. Энэ хязгаарыг шат шатны дарга нар тогтоож байна. Тооцоо судалгаагүйгээр, санаагаараа мөнгө амлаж байгаа, санаагаараа тоо тавьж байгаа дарга нар маань үүнийг ойлгож, арга барилаа өөрчлөх ёстой.
Барилгыг чанаргүй болгож байгаа нь бодлогын хариуцлагаас үүдэлтэй. Бодлогын хариуцлагаас үүдэж гарсан дутагдлыг засахад их төвөгтэй. Нэлээд гүнзгий бугшмал асуудал үүснэ гэсэн үг. Зөвхөн чанаргүй будгаар ханыг будлаа гэхэд хусаад сайн чанарын будгаар будах бол маш амархан шүү дээ.
-Манай аймгийн барилга хот байгуулалтын төлөвлөлт мэргэжлийн хүний нүдээр ямар байна?
-Ховд аймгийн ерөнхий төлөвлөгөөг 1956, 1973, 1988, 2004 онуудад дөрвөн удаа боловсруулсан. Энэ онд дахин тав дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ олон төлөвлөгөөний аль нь хэрэгжээгүй гэж хэлж болно. Шалтгаан нь бол Монгол хүн монгол ахуйгаараа амьдарна гэдгийг мартагнадаг. Ерөнхий төлөвлөгөө хийж байгаа хүмүүс гадны орны ерөнхий төлөвлөгөөний аргачлалыг хуулчихдаг нь зөвхөн Ховдод бус Монголд байгаа нийтлэг үзэгдэл. Өөрөөр хэлбэл огт сэтгэж санаачлахгүйгээр хуулбарлан дуурайгч маягаар л явж байгаа.
-Манай Ховдод үйл ажиллагаа явуулж байгаа бүтээн байгуулалтын салбарынханд ерөнхий төлөвлөгөө хийх боломж олгосон бол та бүхэн хийж чадах байсан уу?
-Манайд түүнийг хийх боломж олгосон бол бид хийж чадна. Манай компанид гэхэд Буянтогтох, Шагдарсүрэн гээд Монгол улсын гавьяат цолтой, нэртэй архитектур, бас чадалтай залуу архитекторууд байна. Би барилгачдын холбооны тэргүүн гэдэг утгаараа Засаг даргын зөвлөлийн хурал дээр төлөвлөгөөний асуудал яригдаж байхад европ ахуйг Ховдод битгий хуулаад тавьчихаасай гэдэг асуудлыг тавьж байсан. Яаж тусгаж авсан юм бүү мэд.
-Барилгын зураг төсөв боловсруулдаг программын тооцоолол хэр бодитой байдаг вэ?
– Гурван төрлийн программ ашиглагддаг. Үүнээс өнөөдрийн байдлаар стиматор 21 гэдэг төсвийн программ албан ёсоор батлагдаад ашиглаж байна. Барилгын төсөвт өртөг, үнийн тооцоо хийдэг. Барилгын төсвийн суурь нормуудыг оруулаад хийчихсэн программ л даа. Тооцоолол харьцангуй бодитой байдаг. Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандарт нормуудыг оруулаад орц нормыг нь гаргаад өгчихсөн байдаг. Үүнд төсөвчид үнээ оруулж өгдөг. Төсвийн талаар Ерөнхий сайд ямар барилгыг, ямар төсвөөр босохыг төсвийн программын ард сууж байгаа хүн хийж байна. Энэ бол буруу гэсэн хандлага илэрхийлж байна лээ. Урьд нь манайд дарга нэг тоо хэлээд түүний дагуу шийддэг байсан. Дарга тийм мөнгө өгье, тийм юм хий гэдэг байсан. Энэнд тааруулж төсөв хийдэг байсан. Дарга хэр мэргэн байхаас төсөв хэр бодитой байх нь харагддаг байсан.
Гэхдээ программаар хийсэн төсөв бол төгс төсөв биш. Барилгын салбарын үнэ бүрдлийн систем өөрөө төгс биш. Энэ яаж харагдаж байна гэвэл урьдчилаад нэг төсөв зохиочихдог, гэтэл тухайн төсөв нь гурав дахин их. Үүнд манай хэрэглэж байгаа норм үнэ цэнэ, цаг үеэ өнгөрөөсөн норм яваад байна. Засгийн газрын тэргүүн нэг ижил загвараар, сургууль, цэцэрлэг гэх мэтийг барих тухай мэдэгдэл хийлээ. Тэр бол төрийн компаниудад мөнгөний “комбинаци” хийх боломжийг олгож байгаа болохоос Монголыг гоё сайхан болгох гэсэн санаа биш. Инженерийн ур хийц гэдэг зүйлийг хайрцаглаж байгаа л хэрэг юм. Урьд нь аймгуудын барилгууд адилхан ялгагдахааргүй байсан. Одоо л өөр өөр загварын шинэлэг барилга байгууламжтай болох нь уу даа гэтэл ингэж хязгаарлалт хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Хуулбарлан хэлбэрддэг систем манайд нэвтрэх нь.
Ажлыг сайжруулах арга нь шалгалт биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Харин сэтгэлгээг өөрчлөх юм. Боловсруулсан загварын дагуу бүгдийг хянаж шалгаж байгаа нь буруу.
“Төрд татвар, хяналт гэдэг хоёр юм л үлдэхэд болно”
-Танай компанийн барьсан байранд төрийн албан хаагчид оршин сууж байгаа байхаа?
-Манайх монголд байхгүй хамгийн хямдхан үнэтэй барилгыг барьж үзье гэсэн санаачлагыг Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга асан Д.Энхболдтой хамтран гаргаж, энэ төсөл дээр ажилласан. Орон сууц бариад, нэг метр квадратыг нь 550 мянган төгрөгөөр худалдахад, 12 айлын орон сууцнаас 20 сая төгрөгийн ашигтай ажиллах тооцоо гарсан. Д.Энхболд дарга захиалгын бүрдүүлэлтийг хариуцаж, Шим-Ус, Мянган угалзат, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд орсон. Манай компани өөрийнхөө хөрөнгөөр гадна шугам сүлжээний ажлыг 67 сая төгрөг зарцуулж хийсэн. Хэрвээ тэр санхүүжилтыг төрөөс шийдээд өгчихвөл нэг метр квадратыг нь 550 мянган төгрөгөөр худалдсан дээрх орон сууцнаас бид чамлахааргүй ашигтай ажилласан гэсэн үг. Зарчмын хувьд гадна шугам сүлжээг төр хариуцаж шийдэх ёстой. Бусад барилгын хувьд ч ийм байдаг болохоор би тэгж ярьж байна л даа. Аймаг орон нутагт гаднах шугам сүлжээний асуудлыг тавьсан. Уг нь сайдын “Орон сууцны гаднах шугам сүлжээний санхүүжилтыг ОССК-аас санхүүжүүлнэ” гэсэн тушаал байсан ч ОССК татан буугдаад үгүй болчихсон. Гэхдээ шийдэгдэнэ гэж горьдож л байна. Орон нутгийн өмчид шилжүүлэх гарц бий.
-Танай компани дахин хямд үнэтэй орон сууц барих уу?
-Орон сууцны үнийг доош нь буулгах боломж бий. Тухайн үед компани тодорхой ашиг олоод борлуулах боломжтой. Зах дээр наймаа хийж байгаа наймаачид ч тэр, барилгын компаний захирал ч тэр гаргасан зардлаа нугалах ёстой гэсэн сэтгэхүйгээр хандаад байна ш дээ. 100 төгрөгийн юмыг 120 болгоод зарахад боломжийн ашиг унадаг ч одоо манай бизнесийнхэн болохоор заавал 200, 300 болгож 2-3 дахин их болгохыг эрмэлздэг. Хятадад байгаа барааны үнэ Ховдод байгаа барааны үнэ ямар зөрүүтэй байгааг харж байгаа. Барилга ч гэсэн ийм л механизмаар явж байгаа гэж хэлж болно. Банк нь мөнгө хүүлэх системтэй, үйлчилгээ нь заавал үнээ нугалсан ашиг болох ёстой гэсэн зарчимтай, тэгсэн мөртлөө түүхий эд материал энэ тэрээ бүгдийг гаднаас авдаг. Улс эх орондоо эдийн засгийн бодит үр дүнг авч ирдэггүй системээ өөрчилж чадахгүй л яваад байгаа. Ийм л орчин бүрдчихсэн байгаа юм л даа. Хаа сайгүй л нуга нуга хийдэг тогтолцоо ноёрхож байна.
-Танай жишгээр яаж барилга барих вэ? Үүнд хэнийг хэрхэн татан оролцуулах вэ?
-Барилга барих, авах, захиалах хүн ч үүнийг бодолцох хэрэгтэй. Нэг метр квадратыг өрнө гэж бодоод тоосгоо өрнө. Таазанд нь люкстер, шал, хаалга авчраад тавьчихъя. Гэтэл нэг метр квадрат газар 2 сая төгрөг овоолно гэдэг арай л дэндүү бодит бус хөөөсрсөн тооцоо. Үүнийг 500 мянган төгрөгт багтаах бүрэн боломжтой зүйл шүү дээ. Үүнээс үнэ бол худал гэдэг нь батлагдаж байна л даа. Үнийг зохицуулж байгаа зүйл нь эрэлт, худалдан авах чадвар. Бид нар хоёр жилийн өмнө метр квадрат тутмыг 550 мянган төгрөгөөр борлуулсан бол одоо 650 мянга орчимд боломжтой. Барилгын ашиг, хугацаа чанарт л байгаа юм. Гүйцэтгэгчид бол чанар, ашиг л чухал. Манай барилга чанарын хувьд бусад үнэтэй барилгаас илүү гарахаас дутуу зүйл нэг ч үгүй.
-Дараагийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийхээр төлөвлөж байна?
-Бид дараа дараагийн хийх ажлаа төлөвлөж байна. Захиалагчаа олох,санхүүжих хэлбэрээ тодорхойлох, гэрээ байгуулах, газрын асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Нуга нуга хийдэг компаниуд цөм цөм үнээр газар худалдаж авч байна. Бид одоо хашааны газрыг 5 сая гэдэг байсан бол тэр цаг өнгөрч. Одоо манай ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн боломжтой нөхцөл байна. 456 айлын орон сууц, 258 айлын хаус хороолол барих төлөвлөгөө байна. Бидэнд хүртээх юм бол орон сууц барих чин эрмэлзэл байна. Барилгачдаа жилийн дөрвөн улиралд ажилтай, барьсан барилгадаа барилгачид ордог болоосой гэсэн хүсэлтэй явдаг даа. Ахиу ашиг олж байгаа хүнийг юу гэж хэлэх вэ дээ. Авч чадаж байгаа бол та 550 мянгаар авахгүй дээ гэж хэлж болохгүй л дээ.
-456 айлын орон сууц, 258 айлын хаус хорооллын барилгын ажлыг гүйцэтгэх хүсэлтэй байгаа тухай саналаа холбогдох газарт тавьсан уу?
-Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас өдөр болгон миний асуудаг зүйл бол энэ. Төрийн орон сууцны корпораци 400-аас дээш айлын орон сууцыг барилга угсралтын компаниар гүйцэтгүүлэх юм. Тэгэхээр төрийн өмчит компани хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд зарахыг нь өөрсдөө зарна гэсэн үг л дээ. Метр квадрат нь хэдэн төгрөгөөр борлуулагдах нь төрийн орон сууцны корпорацийн мэдэх л хэрэг болж байх шиг. Бид өөрийнхөө санхүүжилтээр босгочихъя гэсэн. Өнөөдөр цэргийн анги 300 гаруй ажилтантай байхад 30 хүн л орон сууцанд амьдарч байгаа юм. Орон сууцанд орох хүмүүстэй нэгдсэн журмаар гэрээ байгуулаад бариад өгөх боломжтой. Одоо ямар хувилбараар, яаж барих нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргатай барилгын компаниуд уулзсан. Засаг дарга төлөвлөсөн газруудад барилга бариарай гэдэг саналыг тавьж байсан. Хямд орон сууцаар Ховд аймгийг хангах бололцоотой юу гэвэл бололцоотой. Хотоос зайдуу байхад үнэ хямдарч байгаа нь харагдаж байгаа биз дээ. Манайд барилгын түүхий эд хоёр дахин их үнэтэй болж ирж байна. Ховдод ийм байгаа юм чинь Улаанбаатар хотод манайхаас ч хямд худалдаалах боломжтой. Гэхдээ Улаанбаатарт газрын үнэ өндөр байна л даа. Хатуухан хэлэхэд хотод барилгууд өндөр болж байгаагийн шалтгаан нь хотыг өнгө үзэмж сайтай болгох биш, харин өндөр ашиг олох гэсэн чин эрмэлзэл л байгаа.
-Тэгвэл танай жишигт нийцүүлж орон сууцыг яаж барих вэ?
-Төр эрх мэдлээ иргэний нийгмийн байгууллагуудад өгчих.
-Барилгын салбарыг хэрхэн тунгалагшуулах вэ? Ашиг олдог гэхдээ ард түмний төлөө үйлчилдэг болгоход ямар арга, механизм байна?
-Маш амархан. Хүсэл сэтгэл байвал хийх амархан. Нэгд дарга нар дамжсан зөвшөөрлийг устгах, тэрний хэрэг огт байхгүй. Энэ салбарын иргэний нийгмийн байгууллагыг өөд нь татах, өөрсдийн зохицуулдаг онцгой эрх мэдлээ холбоодуудад шилжүүлэх хэрэгтэй. Төрд татвар, хяналт гэдэг хоёр юм л үлдэх хэрэгтэй. Хяналтын систем нь шат дамжлагагүй. бүрдүүлэх. Барилгын салбар дахь даргын тоо арав дахин багасч, ашиг арав дахин нэмэгдэнэ.
– Ярилцсанд баярлалаа.
Г.Энхжаргал