МУИС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Тэмүүлэнтэй ярилцлаа. -Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад хэрэгжих гэж байна. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь шүүхийн ачааллын бууруулж чадах уу. Шүүгчдийг ачаалал ихээс болж хэргийн шийдвэрлэлтэд муугаар нөлөөлдөг гэсэн яриа их байдаг?
-Тийм ээ. Улаанбаатар хотын ихэнх Дүүргийн шүүгч жилдээ 340 орчим хэрэг, маргаан шийдэж байгаа гэсэн статистик бий. Амралтын өдрийг хасаад харвал өдөрт бараг хоёр хэрэг шийдэж байгаа гэсэн үг. Ийм их ачаалал шийдвэрийн чанарт шууд нөлөөлнө. Тийм учраас шүүхийн шинэтгэлийн багц хуулиар шүүгчдийн тоог 279 орон тоогоор нэмсэн. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, талуудын бие даасан байдалд тулгуурлаж хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Хоёрдугаарт, хурдан шуурхай, хялбар, энгийн аргаар явагддаг учраас талуудын цаг хүчийг хэмнэдэг. Гэвч эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг зөв хэрэгжүүлэхийн тулд маргааныг шийдвэрлэх сэтгэл зүйн эерэг нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал. Тэгэхлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа иргэдэд харилцан буулт хийх, маргаанаа ухаалгаар шийдвэрлэх арга замыг талууд хамтарч хайх, тэвчихүй буюу бусдыг зөв ойлгох зэрэг шинэ шинэ хандлага, харилцааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой. Мөн эвлэрүүлэн зуучлах процессыг Монгол Улсад хэрэгжүүлэх нь эцсийн үр дүнд нийт иргэдийн өөрсдийн бие даасан хариуцлагыг ухамсруулах, өндөржүүлэх стратегийн ач холбогдолтой болов уу гэж бодож байна. Энэ нь шууд бус нөлөөлөлөөрөө Монгол Улсын цаашдын хөгжилд ч гэсэн их том нөлөөлөл үзүүүлэх болов уу гэж найдаж байна.
-Энэ тохиолдолд эвлэрүүлэн зуучлагч нар зайлшгүй хуульчид байх шаардлагатай юу. Хуулийн төсөл боловсрогдож байх хугацаанд эвлэрүүлэн зуучлагч хуульч байх эсэх талаар багагүй маргаан өрнөж байсан санагдаж байна
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд эвлэрүүлэн зуучлагчид тавигдаж буй эрх зүйн шаардлагуудад зайлшгүй хуульч байна гэх урьдчилсан нөхцлийг хуульчлаагүй. Зарчмын хувьд дээд боловсролтой бөгөөд эвлэрүүлэн зуучлагчийн сургалтыг дүүргэсэн байх шаардлагатай байгаа. Миний хувьд энэ нь зөв зүйтэй, оновчтой зохицуулалт болсон гэж үзэж байна. Үүний учир нь, дээр хэлсэнчлэн маргаж буй талууд хоорондын маргаанаа хэрхэн шийдвэрлэх талаар эвлэрүүлэн зуучлалын процессын явцад өөрсдөө бие даан хариуцан шийддэгт оршдог. Эвлэрүүлэн зуучлагч талуудын маргааныг яаж оновчтой шийдвэрлэх шийдлийг олж, талуудад санал болгох биш, харин талуудад маргааныг шийдвэрлэх процессын үйл ажиллагааг явуулах, талуудад харилцах боломжийг олгох, маргаж буй талууд харин эвлэрүүлэн зуучлах процесст оролцож гарсан шийдлийн агуулгыг өөрсдөө хариуцдаг онцлогтой. Улмаар, эвлэрүүлэн зуучлагч нь сэтгэл зүйн мэдлэгтэй, нарийн мяндсан мэдрэмжтэй, конфликт буюу маргааныг яаж зохицуулах талаар шинжлэх ухааны мэдлэг, суурьтай, бусадтай харьцах чадварыг эзэмшсэн, өөрөөр хэлбэл, өвөг дээдсийн маань жинхэнэ монгол амьдралын ухааныг өвлөн авсан хүмүүс байх нь гэж ойлгогдож байна.Улмаар, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтыг хариуцан, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах зэрэг эрхийг хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон түүний дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлд олгосон байгаа тул Шүүхийн ерөнхий зөвлөл болон эрх бүхий Зөвлөлд энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд нь амжилт хүсмээр байна.
-Та хуульчийн хувьд маргаж буй талууд шүүхэд хандан хуулийн дагуу маргаанаа шийдвэрлүүлэх эсвэл эвлэрүүлэн зуучлах төвүүдэд хандан маргаанаа өөрсдөө шийдвэрлэсэн нь дээр гэж үздэг үү?
-Энэ бол талуудын өөрсдийн сонголтын асуудал. Туршлагаас дүгнэвэл, шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлсэн талуудын хувьд шүүхийн шийдвэрт нэг тал нь сэтгэл хангалуун, нөгөө тал нь гонсгор байх нь тодорхой. Эсрэг тэсрэг ашиг сонирхолтой талуудын маргааныг хоёр талд хоёуланд нь нийцүүлэн шийднэ гэдэг эрүүл ухааны үүднээс боломжгүй зүйл. Гэвч энэ нь шүүхийг хангалтгүй ажиллаж байна, ур чадварын хувьд муу байна гэсэн үг огтхон ч биш.
Харин ч сүүлийн жилүүдэд шүүгчид өөрсдийн мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг эрх зүйт төрийн зарчимд нийцүүлэн бичихийг оролдож байгаа нь шүүхийн шинэтгэлийн хамгийн гол эерэг тал гэж хэлүүштэй. Ахиц олотыг бас хэлэх хэрэгтэй. Ямар байсныг бид бүгдээрээ мэднэ. Гэтэл одоо тэр үетэй харьцуулахад их хол ахисан томоос том амжилт гэлтэй.
Зүгээр эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны онцлог нь маргагч талуудын аль алинд нь ямар нэгэн байдлаар ялсан гэх сэтгэгдлийг өгөх буюу сэтгэл ханамжтай байдлыг бий болгодогт оршдог. Ийм ч учир сүүлийн жилүүдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар ялалт-ялалт-ын процесс гэх томъёоллыг хэрэглэж байгаа. Яагаад ингэж үздэг нь сонирхол татахуйц асуудал юм.
Маргаж буй талууд маргаж буй асуудал буюу үйл явцын талаар өөр өөр ойлголт, төсөөлөл, өөрийн үзэл бодолтой байдаг бөгөөд нэгдсэн нэг дүр зурагт маргааныг багтаан дүрслэхэд туйлын хүндрэлтэй. Нэг талын гаргаж буй шаардлага, хүсэлт, гомдлыг нөгөө тал нь үгүйсгэнэ. Харин маргааныг шийдэх үйл ажиллагааны зорилго нь талуудын нэг нэгэндээ саад болж буй энэхүү саадыг үгүй болгоход оршдог байна. Эвлэрүүлэн зуучлагч яаж энэхүү саадыг үгүй болгоход туслах талаар дэлхийн улс орнууд аргачлалыг боловсруулсан байх жишээтэй, тухайлбал, Харвардын Их сургуулийн судлаачид эвлэрүүлэн зуучлах Харвардын аргыг боловсруулсан байна.
Энэхүү аргачлалын онцлог нь, нэгдүгээрт, маргаж буй талуудын хоорондын харьцааны эвдрэлийг талуудын хоорондын агуулгын маргаанаас илүү давамгайлсан байдалтай гаргаж ирэхгүй байх, хоёрдугаарт, процессын төвд нэг талын нөгөө талд тавьж буй шаардлагыг чухалчлах биш, харин нэг талын өөрийнх нь ашиг сонирхлыг нь гаргаж ирэх, гуравдугаарт, хоёр талын ашигт сонирхолд нийцсэн шийдлийг боловсруулахад чиглүүлэх, дөрөвдүгээрт, эвлэрүүлэн зуучлах процессын үр дүн, өгөөжийг үнэлэх шалгуурыг боловсруулах зэрэгт оршдог байна.
-Тэгвэл эвлэрүүлэн зуучлалын монгол загвар боловсруулж болох юм байна ш дээ. Тийм үү?
-Бололгүй яахав. Монгол хүний сэтгэл зүйн хэв шинжид тохирсон аргаар энэ ажиллагааг зохион байгуулах ёстой. Тийм учраас үүнд монгол ухаан хэрэгтэй. Харин Монгол Улсын Эвлэрүүлэн зуучлах тухай хуулиар талууд шүүхэд хандан маргаан үүсгэсэн ч гэсэн эвлэрүүлэн зуучлагчид хандах эрхтэйгээс гадна эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа амжилтанд хүрээгүй тохиолдолд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байх уян хатан зохицуулалтыг хийж өгсөн. Иймд, талуудын сонголт нь чөлөөтэй гэж хэлсний учир нь оршиж байгаа юм. Энэ бас нэг л монгол, арга ухаан юм.
-Эцэст нь танаас нэг зүйлийг тодруулахад шүүхийн шинэтгэлийг цаашид улам төгс сайжруулахад эн тэргүүнд анхаармаар асуудал юу байна?
-Хамгийн ноцтой, хамгийн хүнд асуудлаа төгсгөлд Та асуулаа. Хариулахад амаргүй ч саналаа хуваалцъя. Ер нь шүүхийн шинэтгэл жоргүй асуудал биш. Жорыг олон улс орон олоод туршаад сайн, мууг үзээд их л судлагдсан, туршигдсан асуудал. Эрх зүй их зөв, зоримог гарах ёстой. Нэлээд гайгүй хуультай болчихлоо. Одоо түүнийг тээж авч явах хүнээ чадваржуулах явдал номер нэг асуудал.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг чухал заалт бий. Шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг 3-5 жилд тогтоож, түүнтэй цалин болон цаашид шүүгчээр ажиллах эсэхийг шийддэг болсон. Үүнийг л зөв, зоригтой хэрэгжүүлэх нь одоогийн тулгамдсан асуудал гэж хэлмээр байна.
Нөгөө талаас шүүхийн шинэтгэл монголын бүх хүмүүсийн нийтийн үйл хэрэг байх ёстой. Хэн нэг эсвэл аль нэг эрх мэдлийн ажил гэж үзэж үл болно. Шударга шүүхгүйгээр гишгэх газар, амьдрах орон зай маш хүнд болсон цаг үе.
Эх сурвалж: