Ч.Жамц: Гадаадад ажиллаж буй иргэд өр, зээлийн хооронд амьдрахыг хүсэхгүй

лого“Хүний хөгжил хүүхдээсээ, улсын хөгжил хүнээсээ” гэсэн зүйр үгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтэй хэлсэн байдаг. Гэвч манай улсын хөгжил цэцэглэлтийг түүчээлэх эрдэм боловсролтой залуучууд жилд хэдэн зуугаараа гадаадын их, дээд сургуулийг дүүрэгдэгч эх орондоо ирж ажиллаж амьдарах нь ховор. Тиймээс С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеэс “Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачлан гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудаа эх орондоо ирэхийг уриалан дуудсан ч тэр бүр амжилтад хүрээгүй.

Тэгвэл өчигдөр ЭЗХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Хөгжлийн бодлогын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт Улаанбаатарын бүсийн семинарыг зохион байгууллаа. Энэ үеэр “Англи дахь Монгол боловсролын төв” ТББ-ын тэргүүн Ч.Жамцтай цөөн хором ярилцсан юм.

-Гадаадад байгаа монголчуудыг эх орондоо ирээд, улс орны хөгжил цэцэг­­­лэлтэд хувь нэмэрээ оруулаач гэж уриал­саар удаж байна. Гэвч өндөр хөгжил­тэй оронд боловсрол эзэмшссэн чадварлаг залуучууд нь тэр бүр ирэхгүй тэндээ ажиллах сонирхолтой байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-2000 оны эхэн үед Монголчууд тэр аяараа гадаад руу шуурч байлаа. 2006 оноос манай улсын эдийн засаг харьцангуй сай­жирч цалин хөлсний үнэлэмж ч бага зэрэг дээшилсэн. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүнүүд ч монголчуудаа эх орондоо ирж ажиллаж амьдарахыг уриалж эхэлсэн. Эх орондоо амьдрах хүсэлтэй иргэдийн тоо ч олширсон гэхэд болно. Харин төр засгийн зүгээс “Өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудаа нутагтаа ирж, улс орнынхоо хөгжил, бүтээн байгуулалтдаа хувь нэмрээ оруулаач” гээд урьдаг. Гэсэн ч төр өөрсдөө ямар ч бэлтгэлгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хий хоосон уриалахаас хэтрэхгүй байна. Гадаадын зарим улс орнууд өндөр хөгжилтэй оронд амьдарч буй боловсролтой, ажлын туршлагатай иргэдээ татахын тулд томоохон далаацтай бодлого хэрэгжүүлж байна. Ту­хайлбал гадаадад байгаа монголчууд эх орон­доо ирээд амьдаръя гэхээр хамгийн түрүүнд орон сууцны асуудалтай нүүр тул­гарна. Тэд өрнөөс өрны хооронд, ца­лингаас цалингийн хооронд, айлын хажуу өрөө, аль эсвэл өндөр үнэтэй байр хөлслөөд бага цалинтай ажил хийхийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлыг шийдчих том бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Ямар бодлого байвал зүгээр гэж бодож байна вэ?

-Гадаадад байгаа иргэдийг орон сууц­жуулах хөтөлбөр хэрэгжүүлж яагаад бо­лох­­гүй гэж. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд ихэнх нь тодорхой хэмжээний хуримтлалтай болсон учраас урдчилгаа төлбөр энэ тэр дээр нэг их санаа зовохгүй.

За тэгээд ямар ажил хийх вэ гэхээр мөн л асуудал гарч ирнэ. Хэдийгээр гадаадад боловсрол эзэмшээд тэндээ ажиллаж бай­гаад ирсэн өндөр боловсролтой ч тэр бүр сайхан ажил олдохгүй. Төрийн албанд орно гэвэл танил тал, нам эвслийн ая талыг олох хэрэг гарна. Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжид өндөр цалинтай ажилд оръё гэвэл хуруу дарам ажлын байр гарна. Ингээд нөгөө сард 400-500 мянган төгрөгийн цалинтай ажил дээр буугаад өр, зээлийн хооронд амьдрахаас өөр аргагүй л болчихоод байна шүү дээ.

-Гадаадад амьдарч буй монголчуудын тоо баримт байна уу?

-Миний ажиллаж амьдарч буй Англи улсад гэхэд одоогоор таван мянга гаруй монголчууд бий. Нийт 250 мянган монгол хүн гадаадад амьдарч байна гэсэн албан бус тоо байдаг. Тэдгээрийн 50 хувь нь эх орондоо ирээд ажиллаж амьдарна гэвэл энэ нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоно биз дээ. Гадаадад байгаа иргэд зөвхөн Улаан­баатарт ирж амьдрах бус хөдөө орон нутагт ч гэсэн ажиллаж амьдрах боломжийг нь төр, засгийн зүгээс нээж өгөх хэрэгтэй.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …