МЭДЭГДЭЛ

saijruulsan_photo-300x203 (1)2014 оны 1 сарын 21-ний өдөр Монгол Улсад байгаль орчин, газар ус, орон нутгийн малчин иргэдийн эрх ашгийг хамгаалахаар олон жил тууштай тэмцэл хийсэн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүний эрхийн хамгаалагчдыг Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлд заасан “…байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүргээ” биелүүлсний төлөө 21 жил 6 сар хорих шийдвэр гаргасаныг хүний эрх, ардчилал, шударга ёсны төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд эрс эсэргүүцэж байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад “Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно” гэж заасан. Энэ заалт нь уурхайн хууль бус үйлдэлтэй холбоотой хүний эрхийн зөрчлийг арилгахгүй бол байгаль орчин, малчин иргэдийн амьжиргааг сүйрүүлэх, улмаар тэднийг зэвсэглэн босоход хүргэх ба үүнээс сэргийлэхийн тулд эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийж хэрэгжүүлэхийг сануулж байна. Харин байгал орчноо хамгаалж, эвлэлдэн нэгдсэн иргэдийн тэмцлийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж шийтгэх ёсгүйг анхаарах хэрэгтэй юм.

Энэ ялын шийдвэр нь ардчиллыг хөгжүүлж байна гэж ярих дуртай Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын хувь заяа ямар эмзэг, иргэний идэвх дээр тогтдог ёстой ардчилал ямар хийсвэр байгааг харуулж байна. Ардчилсан Монголын цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд, хуульчид нь НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын тухай Тунхаглалын үзэл санаа, түүүний хэм хэмжээнд нийцүүлэн хуулийг хэрэгжүүлэх зүрх зориг, мэргэжлийн ёс зүйгүй байна.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй эдгээр хүмүүсийн байгал орчноо хамгаалах, хүний эрхийн төлөө тэмцэл бол зөвхөн өнгөрсөн намрын үйлдэл биш юм. Энэ тэмцэл 10 гаруй жил үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд нийтийн эрх ашиг, хүний эрхийн төлөө хэвлэлийн бага хурал хийлгэх, жагсах, усны эх, ойн сав газрыг уурхайгаас хамгаалах шинэ хуультай болгох, түүнийг хэрэгжүүлэхээр шаардах зэргээр төрөл бүрийн арга хэлбэрээр өрнөсөн юм. Харамсалтай нь эдгээр тэмцэл хүссэн үр дүнг авчирсангүй.

Ц. Мөнхбаяр нар нь Монгол улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд зааснаар “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх гэж усны эх, ойн сав газарт олборлолт хийж байгаа аж ахуйн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн, “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах…” эрхийг хамгаалан тэмцсэн.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглалд “…хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэн чухал гэдгийг анхааран…”дэлхийн бүх улс түмэн хүний эрх, эрх чөлөөг … дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхагласан”.
Нийтийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн Ц. Мөнхбаяр нарыг эрүүгийн хэрэгт буруутган, онц хүнд ял оноож байгаа нь “…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно…” гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн балмад шийдвэр гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчид Ц. Мөнхбаяр нарыг эрүүгийн хэрэгтэн болгож байгаа нь нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцсэн тэдний үйлдлийн санаа, зорилгыг “хүний амь насыг бүрэлгэх” гэмт хэрэгтэй адилтган үзэж, мушгин гуйвуулсан, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэж байна.

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасан “…хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах” үүргээ биелүүлэх бус харин хүний эрхийг хамгаалан тэмцсэн иргэддээ эрүүгийн ял тулган хүлээлгэж байгаад Хүний эрхийн төлөө тэмцдэг Төрийн бус байгууллагууд эсэргүүцэн МЭДЭГДЭЛ гаргаж байна.

ИРГЭДИЙН АЛЪЯАНС ТӨВ
ИРГЭДЭД ТУСЛАХ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨВ
ЛГБТ ТББ
ОЮУ ТОЛГОЙН ХЯНАЛТ ТББ
ХИЛ ХЯЗГААРГҮЙ АЛХАМ ТББ
ХҮНИЙ ЭРХ, ХӨГЖИЛ ТӨВ
ЭРЧҮҮД, ЭРҮҮЛ ГЭР БҮЛ ТӨВ ТББ

2014 ОНЫ 1 САРЫН 28. УЛААНБААТАР ХОТ

UGLUU.MN

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …