УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Уул уурхайн яаманд шаардлага хүргүүлсэн хариу нь хэзээ ирэх бол. Ирсэн бол ямар хариу өгсөн бэ? -Одоогоор албан ёсны ямар нэг хариулт ирээгүй байна. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн асуудал нийгмийг донсолгосон томоохон асуудлын нэг болчихоод байгаа. Тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон асуудлууд газар авлаа. Бид гарч буй тохиолдол бүрийг анхааралтай ажиглаж, дүгнэлт хийж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн цаана хүмүүсийн, тодруулбал төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ яригдаж байгаа учраас бид оролцож, дуугарах ёстой гэж үзсэн юм.
-Эмэгтэй гишүүд гэр бүл, нийгмийн асуудалд нэлээд анхаарал хандуулж байна. Гэхдээ үр дүн нь хэр байгаа вэ?
-Гэр бүл, нийгмийн асуудлыг хөндөж, чиглэл өгсөн ч үр дүн нь чамгүй урт удаан цаг хугацааны туршид мэдэгддэг. УИХ дахь эмэгтэй гишүүд дэвшүүлсэн санал санаачилгаа харьцангуй хурдавчлуулж, яаравчлуулж чадаж байгаа гэж үздэг. Хэн ч гаргаж хэлж, ярьдаггүй, нийгэмд дарагдчихаад мэдэгддэггүй асуудлыг ил болгосноор шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж эхэлсэн.Тухайлбал хүүхдийн цэцэрлэг, төрөх эмнэлэг, архи тамхи, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт орхигдоод байдаг асуудлуудын шийдлийг олохоор эхлүүлчихээд байгаа шүү дээ.
-Та бүхнээс иргэд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг баталж өгөөсэй гэж хүлээж байгаа. Ямар шатандаа яваа вэ?
-Хуулийн төслөө өргөн барьсан. УИХ-ын чуулганаар хэзээ хэлэлцүүлж эхлэхийг хүлээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч мөн Хүүхэд харах үйлчилгээний хуулийг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэ хоёр хуулийг нэгтгээд цааш нь улам боловсронгуй болгоод явна даа.
-Тамхины хяналтын тухай хуулиас гадна Архины тухай хуулийн төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Харин хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар арга хэмжээ авах бол?
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль өргөн барихад бэлэн болсон байгаа. Шинэ хуулийн төслөөр гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохоор төлөвлөсөн. Өмнө нь тухайн гэр бүлийн дотоод асуудал гэж үзэн захиргааны арга хэмжээгээр хязгаарлагддаг байсан шүү дээ.
-Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг гэдэг. Энэ нь ч үнэн. ШШГЕГ-ын 407 дугаар ангид 300 гаруй эмэгтэй ял эдэлж байна. Тэдний 60 гаруй хувь нь гэр бүл дэх хүчирхийлэгчийнхээ аминд хүрсэн байдаг. Тэгэхээр нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа нь энэ асуудал биш гэж үү?
-Тиймээ. Манай эмэгтэй гишүүдийн төлөөлөл ял эдэлж байгаа тэдгээр эмэгтэйчүүдтэй уулзсан. Маш олон зүйлийн талаар ярилцсан. Тэдэнтэй ярилцаж байхад аргагүй хамгаалалт, удаан хугацаанд тарчлаан зовоосон гэх мэт хөнгөлж үзэж болохоор заалтууд ч байх шаардлагатай гэдэг нь харагдана байсан шүү.
-УИХ-аар хэлэлцэгдэж буй Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд эрсдэлтэй болон өрөөсгөл ойлголтууд олон байна гэх шүүмжлэл маш их бий. Тухайлбал хуулийн төсөл батлагдаж, хэрэгжиж эхэллээ гэхэд тухайн хугацаанаас өмнө гэр бүлийн хүн нь нас барсан иргэдийн хувьд хэрхэх вэ?
-Хамтын тэтгэврийн тухай хууль бол маш олон оронд хэрэгждэг. Гэр бүлийн хамтын амьдралын тухай хууль юм шүү дээ. Тухайн хүн цаашид амьд байсан бол тэтгэврээ үргэлжлүүлэн авсаар л байх болно шүү дээ. Өнөөдрийн байдлаар манай Сонгинохайрхан дүүргийн 20 мянган ахмадын 85 хувь нь 180 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэр бүлийн хоёр хүн нийлээд 360 мянган төгрөгөөр амьдарч байна шүү дээ. Нэг нь хорвоогийн жамаар нас барахад тухайн өдрөөс эхлэн үлдэж буй ахмад нь 180 мянган төгрөгөөр амьдралаа үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй болдог. Ингэхээр амьдралын чанар шууд унадаг. Нэгэнт насаараа хамт амьдарсны хувьд гэр бүлийн хүнийхээ тэтгэврийг үргэлжлүүлэн авах нь зөв шүү дээ.
Ж.Нарангэрэл