Ц.Нямдорж: Ил ярьж байгаа нь Д.Дорлигжав болохооос хүчний байгууллагууд Х.Тэмүүжиний шинэчлэл гээчид дургүй байгаа

1014420_489247071184192_1226718284_nлогоУИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүний хувьд одоо  энэ салбарт хийг­­дэж байгаа ши­нэч­лэ­лийн   талаар та ямар бо­дол­­той явдаг вэ. Санал зө­рөлдөх зүйл байгаа л байх даа?  

-Эд нарын шинэчлэл гээд байгаа юмыг чинь би Хууль зүйн сайдаар арваад жил ажиллахдаа, бас УИХ-ын гишүүн байх энэ хугацаандаа хоёр үе шаттай хийчихсэн юм л даа.  1992 онд шинэ Үндсэн хууль ба­талс­ны дараа тухайн үед мөр­дөж байсан хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэх аж­лыг тэр үеийн УИХ хийсэн. Тэгэхэд Эрүүгийн хуулийн аж ахуйн эсрэг гэмт хэргийн бүлгийг ши­нээр батлах, Иргэний хуульд өөрчлөлт оруулах ажлууд хийгдсэн. Эрүү­гийн байцаан шийтгэх тухай хуулийн 1994 оны өөрчлөлтийг са­наа­чилсан хүн нь би. Ийм байдлаар 1992 оны Их хурал эхний шатны шинэчлэлийг хий­сэн юм.

Харин 1996 оны Их хурал бол ганц хоёр л шийдвэр гаргасан. Сэ­жигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль, гүйцэтгэх ажлын хууль гэдэг ч юм уу, тийм хуулиуд гаргасан.Том бүрэн хэмжээний шинэчлэл бол 2002 онд хийгдсэн юм. Эрүүгийн хууль, Эрүүгийн бай­цаан шийтгэх хууль, Ир­г­э­ний хууль гээд гол хуу­­лиудыг өөрчилсөн. Тэ­­­рийг дагаад Иргэний хэ­рэг хянан шийдвэрлэх ту­хай, шүүхийн шийдвэр гүй­цэтгэх тухай хуулиуд, Өмгөөлөл, Прокурорын, Шүүхийн гээд 10-аад багц хууль батлагдсан юм. Үнд­сэн хуулийн хүрээнд хийсэн сүүлчийн том шинэч­.лэл бол тэр.Ингэж л Монголын хууль хяналтын байгуул­лагад мөрдөгдөж байсан хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэх ажил  цэгцэрч дууссан даа.

-Шүүхийн тухай шинэ хуулиуд батлагдсанаар байд­лыг  улам дордуулсан гэж та үзээд байгаа юм аа даа?

-Шүүхийн энэ шинэ хуулиуд батлагдах хүртэл буюу хуучин хуулиуд үйл­чилж байхад шүүх 60- аад тэрбум төгрөгийн зардалтай байлаа.Одоо зардлаа 230 тэр­бумд хүргэнэ гэдэг тооцоог хийчихээд, тэ­рий­­гээ зүт­гүүлээд хад мөр­­гөөд сууцгааж байна.  Хоёрт, шүүхийн зо­хион байгуу­лал­тыг буруу хийснээс болж жинхэнэ зовлон одоо л эхэлж байна. Шүүхийг эрүү­гийн, иргэний гээд хоёр салгаад хаячихсан. Улаанбаатар хотод хоёр, хоёрыг байгуулсан. Хуучин зургаан дүүрэг дээр шүүх нь эрүү, иргэний хэргээ хамт шийдээд явчихдаг систем байсан юм. Одоо нэг хэсгийг нь эрүүгийнх, нөгөөг нь иргэнийх болгохоор дотор нь хөдөлгөөн хийх боломж хумигдсан. Эрүүгийн шүүх хурал боллоо гэхэд сонирх­лын зөрчилтэй гээд 10 шүүгч дотроос сонголтоо хий­дэг байсан бол одоо тав болсон. Жилийн хуга­цаанд 7000 орчим хэрэг шүү­хээр ордгийн 50 хувь нь Улаанбаатарт гардаг хэр­­гүүд. Тэрийг зургаан шүүх тасалдаг байсныг хоёр болго­чихоор нэг шүүх дээр хэргээ шийдүүлэх хүний тоо эрс нэмэгдэж байгаа. Давж заалдах шатны шүүхийг бүсчлээд байгуулсан чинь одоо жирийн хүн давж заалдах хуралд оролцох ямар ч бололцоогүй бол­сон. Яллагдагч хүртэл болол­­­цоогүй болсон.  Одоо Шүү­хийн ерөнхий зөвлөлийн ап­парат нь 160 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр бүтэц болсон. Ганцхан жилийн дотор шүүхийн захиргааны аппаратыг ийм олон орон тоотой болгох хуулийн болон  хэрэгцээний шаардлага байхгүй.

-Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  шал дэмий, хэрэг­цээгүй  ажил хийж, амьдралд нийцэхгүй хууль батлуулах гээд  яваа хэрэг үү?   

-Сүүлийн үед Засгийн  газраас Х.Тэмүүжингийн оруулж ирээд байгаа юмнууд бол манайд огт байдаггүй далайн эрх зүйн систем гэдэг зарчмыг дагадаг Англи, Америкийн системийн ду­туу судлагдсан хувилбар. Өөрөөр хэлбэл, манайд  огт судлагдаагүй зүйл. Тэрийгээ л хууль болгох гэж оролдоод байна. Тахарын албаны гэдэг ч юм уу. Ер нь бол энэ яриад байгаа хууль сахиулах гэдэг бол Америкт ердөө ганц судалгааны байгууллага бай­даг эд л дээ. Тийм л юм оруулж ирээд, тэр нь Монголд таарч өгөхгүй будлиан хутгаад явж байна. Хэргээ таслуулсан хүн шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүх хуралд орно гэвэл тэр хүнийг цагдаагийнхан хуяглаж Ховдын давж заалдах шатны шүүхэд очихоос өөр аргагүй болж байгаа юм. Энэ мэт зовлон бий. Би Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг юмыг хоёр жил толгойлсон. Энэ талаар тэднээс арай илүү мэдлэгтэй.

-Шинэ оны эхнээс  Цаг­даагийн албаны ту­хай, Тахарын албаны ту­хай хуу­лиуд хэрэгжээд  эхэл­чихсэн. Ямар хуу дүр зураг харагдаж байна?

-Тахарын албаны тухай гээд шинэ хууль мөрдөгдөж эхэллээ. Алба нь 500 гаруй орон тоотой байх юм гэсэн. Ийм хэмжээний орон тоо бий болгох гэхээр засагт мөнгө байхгүй. Угаасаа ийм алба шинээр байгуулах шаардлага ч Монголд байгаагүй. Тэр гэрч, хохирогчийг хам­гаалах хуулийн төслийг чинь манай яаман дээр миний үед хийж байсан юм шүү дээ. Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр одоогийн цагдаагийн хүрээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоо байсан. Нөгөөтэйгүүр, Тахарын ал­быг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ.

-Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокурор, шинээр бай­гуулах мөрдөх алба гээд бүгд л гүйцэтгэх ажиллагаа явуулах нь. Эдгээр хүчний байгууллагууд хоорондоо бас эрх мэдлээ бу­лаацалдаад байх өнгө аяс хараг­дах боллоо. Та энэ тал дээр юу хэлэх вэ? 

-Булаацалдсаар өнөө­дөртэй золгосон юм. 1994 онд яагаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг гишүүний хувиар санаачилж оруулсан  бэ гэхээр тэр үеийн хуу­лийн байгууллагууд эрх мэдлээ булаацалдаад  болохгүй  байсан  юм. Засгийн газар хийж чадахгүй болоод Байн­гын хорооны дарга байхдаа С.Төмөр намайг хий гээд би төслийг нь оруулж байсан юм. 2002 онд ч эд нар эрх мэдлээ  булаацалдаж л байсан. Одоо ч булаацалдаж байна.

Ингэж эрх мэдэл булаа­цалддаг өвчний алтан дунд­жийг нь олж энэ хуулийг гар­гах ёстой юм. Нэгэнд нь хэт их эрх мэдэл өгвөл цаад талд буруу ашиглаад хууль сахиулах биш, хүнийг тамладаг бай­гууллага болж хувирна. Ийм үзэгдэл ч эхнээсээ хараг­даж байна. Одоо яаж байна. Баахан шуугиулаад л өч­нөөн мөнгө төгрөг идсэн гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн өм­нө баахан хүнд эрүү үүсгэж, барьж хорьсон. Эсвэл сонгуулийн үед нэр дэвших гэхээр нь барьж хорьдог юм төвд ч, орон нутагт ч гарсан. Энэ юу болж байна гэхээр хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж эхэлж байгаагийн илрэл энэ. Ийм байдлаар хууль хяналтын байгууллага цаа­шид захиалгаар ажил­лаад байвал юу болох вэ.

За­хиалгаар ажилладаг халаасны мөрдөх албатай болох ийм санаархал зарим хүний тархинд байна ш дээ. Ийм учраас би хатуу хөтүү үг хэлээд байгаа юм. АН-ыг ганцхан суудалтай цөөнх болчихоод байхад нь миний хэлсэн үг байдаг юм. “Би Монголыг улс төрийн гяндан болгохгүй ээ” гэж. Одоо бол улс төрийн гяндан болгох эхлэл тавигдлаа. Ийм л улс төрийн зорилго шинэчлэл гээд юмны цаана нуугдаж байгааг хэлэх хэрэгтэй. Би АН-ынханд ч хэлж байгаа. Та нар мөнхийн засгийн эрх барина гэж байхгүй. Цөөнх болчихоод байхад чинь энэ хууль та нарын эсрэг улс төрийн зорилгоор хөдлөөд эхэлбэл юу болох вэ гэдгийг бодож байгаа юу гэж хэлсэн.

МАН сонгуульд яллаа гэхэд над шиг хүн хуулийн сайд болоо ч бил үү, үгүй ч бил үү.Нэг тодрох донтой, эрх мэдлээ ашиглаж улс төрийн капиталтай болох өвчин шиг юм гарч ирээд улс төрийн зорилгоор өр­сөлдөгч талуудаа шоронд ээлж дараатай хийвэл яах вэ. АН-ынхан эхлүүлсэн би үргэлжлүүлнэ л гэнэ дээ . Ийм хүн гарахыг үгүйсгэх аргагүй ш дээ. Ийм аюулууд байгаа учраас л би хувьдаа сэтгэл дундуур байна. Шинэчлэлийг эсэр­гүүц­сэндээ ингээд байгаа юм биш. Шулуухан хэлэхэд, тун осолтой, улс төрийн зорилготой юм орж ирж байгаа учраас л эсэргүүцээд байгаа юм. Тооцоогүй, судалгаагүй, эцсийн буух бууцаа хараагүй юмыг зөв болж байна гэж би хувьдаа алга ташиж чадахгүй.

-Улсын ерөнхий про­курор Д.Дорлигжаваас эх­­лээд  Хууль зүйн сайд Х.Тэ­­­­­­­мүү­­жингийн хийж буй ажилд сэтгэл дундуур бай­­­­гаа­гаа илэрхийлсэн байсан? 

-Би Д.Дорлигжавын ярилц­­­­лагыг үзсэн. Ер нь бол байцаан шийтгэх та­ван байгууллагын хэн нь юу хийх вэ гэдгийг эхэлж шийдэж байгаад да­раа нь байгууллагуудын хуу­лиа гаргах ёстой юм. Тэгэх­­­гүй­гээр эхэлж бай­гуул­ла­гын хуулиудаа гар­гачи­хаад үндсэн юм руугаа орох гэ­хээр болж өгдөггүй, тэрийг л ярьсан байна лээ.

Тэгж ярихаас ч өөр аргагүй л дээ. Ил гарч ярьж бай­гаа нь л Д.Дорлигжав боло­хооос цаана нь хүчний байгуул­лагынхан чинь бүгд л энэ шинэчлэл гээч юманд нь дургүй байгаа. Ерөнхийдөө бол Х.Тэмүүжин Үндсэн хуу­лийнхаа хүрээ, одоо мөр­дөж буй хуулийнхаа ерөн­хий хайрцгийг мэдрэхгүй л байна даа. Олон өнцгөөс харж ярьдаг, тэр өнцгүүдийнхээ нэгийг хууль болгох гэж оролдоод тэр нь бүтэлгүйтэж байна. Миний ганц эмээж байгаа юм бол хүчний бай­гууллагуудыг мухардмал байдалд оруулаад хаячих вий дээ.

Зөнгөөрөө үүргээ мэдэрчихсэн, зөнгөөрөө алба нь явж байсныг болохгүй хууль гаргаад сэтгэлийг нь хөргөчих вий гэдгээс л санаа зовж байна. Аргаядаад хуулиуд дээр нь санал хэлээд, тар тур хийгээд явж байна даа. Байнгын хорооны хуралд ч орж хэд хэдэн удаа санал хэлсэн. Ер нь бол ийм хариуцлагагүй байдал газар авахад хоёрхон зүйл нөлөөлсөн.

-Ямар хоёр зүйл вэ?

-Хуулийн салбарт юу хийх ёстой вэ гэдгийг мэдэж байгаа хүн олонх дотор ганц ч алга. Энэ АН-ын бүлэг дотор хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мэдэрч, мэдэж байгаа, энэ систем хуучин ямар байсан, шилжилтийн үед ямар болсон, одоо юу болж байгааг мэдэж байгаа хүн алга аа. Засгийн газарт ч энийг мэдэж байгаа хүн алга. Хоёрт, энэ Хууль зүйн байнгын хороо гэдэг юм ерөөсөө УИХ- ын бүтцийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм байна. Би хоёр, гурван удаагийн хуралд нь орж энэ асуудлыг хоорондоо ярилцаж байхыг харлаа. Ямар ч чадваргүй бүрэлдэхүүн байна.

Ер нь аливаа төр шийдвэр гаргахдаа дөрвөн юм харах ёстой байдаг юм. Нэгд, урд нь ямар байсан юм, одоо ямар болгох гэж зорьж байгаа юм. Хоёрт, энэ зорьж байгаа юм нь Үндсэн хуульд нийцэх үү. Гуравт, дэлхий ямар байна. Дөрөвт, ямар үр дүн авчрах вэ гэсэн энэ дөрвөн юмыг харж байж ашигтай бол хууль гаргадаг. Гэтэл одоо алийг нь ч харахгүй байна. Сайд байхдаа миний хамгийн сүүлд оруулсан хууль бол Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль байсан. Энэ төслийг оруу­­­лахдаа мэргэжлийн хү­­мүүсээр тооцоо хийлгээд, энэ хууль гарвал жилд ой­ролцоогоор 12 тэрбум төгрөг татвараар цуглах юм байна. Тэрнээс гурван тэрбумын зардлыг аваарын нөхөн төлбөрт хохирогчид олгох юм гэж тооцоо гарсан.Ноднин жилийн дүнг үзэхэд 15 тэрбум төгрөг цуглаад таван тэрбумыг нь хохирогчдод олгосон байдаг. Зөрүү нь 10 тэрбум төгрөг байгаа биз. Ингэж л хууль хийх ёстой.

Жишээ нь, Шүүхийн хуулийг гаргаж хэрэгжүүлэхдээ өнөөгийн нөхцөлд хамгийн бага зардлаар шүүхийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ гэдгийг тооцож байж хуулиа хийх байсан юм. Гэтэл одоо шүүгчийн цалинг таван сая төгрөг болгоно гээд гүйж байна. Тэрийг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. Яагаад ойлгомжтой гэхээр засаглалын салаа мөчрүүдийн дээд төвшний цалин ойролцоо байж засаглалын онол хэрэгжинэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалин УИХ, Засгийн газрын гишүүний цалинтай тэнцүү байх ёстой. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаа. Гэтэл одоо Ерөнхийлөгчөөсөө гурав дахин илүү цалинтай шүүгчтэй болно гээд яриад явж байна. Энийг эрүүл үзэгдэл гэх үү.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …