-Зөв бичгийн дүрэм мөрдөгдөхгүй байна гээд дүрмээ өөрчлөх, хүүхдүүд уншихгүй байна гээд уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасах замаар асуудлыг шийдэж болохгүй гэдэг уг нь хэнд ч ойлгомжтой-
Яагаад өнөөдөр монголчууд зургаан настай хүүхдүүдээ орос, англи, хятад, япон хэл гүнзгийрүүлэн үздэг, цаашлаад тэдгээр хэл дээр ерөнхий эрдмийн мэдлэг олгодог дунд сургуульд хөтлөн оруулж байна вэ? Тийм шийдвэр гаргаж буй эцэг, эхчүүд үүнийгээ тайлбарлах олон үндэслэл хэлж байгаа ч тэр дунд хэл бичиг судлаач Г.Ням-Очирын хэлсэн “Монгол хэлээр дамжуулан ямар мэдлэг, мэдээлэл авч болох вэ” гэсэн асуулт бүхий тайлбар нэлээд анхаарал татаж байлаа. Шинжлэх ухааны болоод бусад мэдлэг, мэдээллийг түрүүлэн олж авах нь нийгмийн шаардлагаар хувь хүнд тулгарч байгаа хамгийн чухал сорилт гэж үзвэл эх хэлээсээ гадна аль нэг түгээмэл хэлийг эх хэлнийхээ дайтай сурах ёстой болж буй нь үнэн. Цаг үеийн энэхүү нийтлэг үзэгдэлтэй зэрэгцээд өнөөгийн хүүхдүүдийн эх хэлний боловсрол илтэд гологдож эхэлсэн нь тэднийг гадаад хэлэнд сургахаас илүүтэй чухал бөгөөд хүнд, тулгамдсан асуудал болон хувирч байгааг өнөөдөр нийгэм маань бүхэлдээ хүлээн зөвшөөрнө байх.
Монгол хэлний зүй тогтлыг авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйн төвшинд зааж, зөв бичгийн дүрэм нь тэрхүү зүй тогтолтойгоо уялдаж байдгийг сурагч бүрт ойлгуулж, ойлгохгүй нэгэнд нь ядаад дадал зуршлаар хэвшүүлэх ёстой дунд сургуулийн монгол хэлний хичээл энэ үүргээ хангалтай биелүүлж чадахгүй байгаа нь дээд сургууль дүүргээд ажил дээр гарч буй өнөөгийн боловсон хүчнүүдийн чадвараас мэдэгдэж байна. Аливаа хэлний зүй тогтлыг ойлгох нь алгебрь, хими, физикийн хэвшсэн томьёонд суралцахаас хэцүү, хийсвэр зүйл байдаг болохоор хүүхэд бүрт ойлгуулах амаргүй. Гэлээ ч хуучны цагт хүүхэд бүрийг зөв бичгийн дүрэмд хэвшил, дадлаар сургаад төгсгөдөг байж. Үүнд нэг чухал хүчин зүйл, хөшүүрэг байсан нь хүүхэд бүр шахам уран зохиолын ном их уншдаг, уншихаас ч өөр аргагүй цаг үе саяхныг хүртэл, тодруулбал, өрх бүрт өнгөт зурагт, Холливудын кино нэвтрэх хүртэл ноёлж байсантай холбоотой. Өнөөдөр хүүхдүүдэд уран зохиолын ном унших хэрэгцээ бараг үгүй болж, өдрийн од шиг хааяахан уншдаг ном, сэтгүүл нь дүүрэн алдаа байх болжээ.
Монгол хэлний зөв бичгийн дүрэм хэдийнээс үйлчлэхээ больчихсон хэрэг вэ гэж асуумаар арвин их алдаа, мадаг дунд бид амьдарч байна. Уг нь дүрэм өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр хэвээрээ гэнэ. Тэгвэл одоо яаж цэгцлэх вэ? Яг ийм асуудал тулгамдсан энэ үед эрдэмтэд нэг арга олсон нь хүчин төгөлдөр дүрмээ өөрчлөх санал байлаа. Тэр тусмаа төрийн бодлого тодорхойлогчдын баталсан журмын хүрээнд эрдэмтэд зөв бичгийн дүрмийг өөрчлөх ажил эхлүүлснээ мэдэгдсэн. Энэ нь дөрвөн үсэг хасах жишээгээр дамжин нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч нэг хэсэгтээ дуулиан нь дарагдаад байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт дахиад нэг дуулиан дэгдсэн нь уран зохиолын хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасах тухай төрийн яамны түшмэл мэдэгдсэн явдал байв. “Яг ч хасна гэж яриагүй” гэж мөнөөх түшмэл болон төрийн сайд араас нь залруулсан ч нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэн буруутгав. Ер нь Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлогын газрын дарга яг ярихдаа юу гэсэн нь энд сонин биш. Түүний яриаг зөв, буруу дамжуулсан сэтгүүлчийг шүүх асуудал ч энэ биш.
Харин яамны бодлого тодорхойлогчдын хүрээнд шийдвэр гаргах төвшинд уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасах эсэх, эсвэл бусад хичээлтэй нэгтгэх эсэх тухай ярилцсан байгаа нь л анхаарал татах зүйл юм. Сайдын зөвлөлийн хурлаар, эсвэл ажлын хэсгийн төвшинд энэ талаар яг юу гэж ярилцсаныг Л.Гантөмөр сайд хурлын протокол харуулж байгаад тайлбар өгөх ёстой. Түүнээс биш “Цагийн хүрд” нэвтрүүлгийн хальсыг ухрааж байгаад хэн юу ярьсныг шүүнэ гэвэл үнэнийг тодруулж чадахгүй, өрөөсгөл алхам болно.
Эх хэл маань эрэмдэг зэрэмдэг болж байгааг эсэргүүцэх, эх хэлээ аврах эрмэлзэл монголчуудад ямар хүчтэй байгааг дээрх хоёр мэдэгдлийн дараах дуулиан шуугиан ийнхүү харууллаа. Түүнээс илүүтэйгээр эх хэлээ хамгаалах талаарх эрх баригчдын бодлого буруу байгааг л илчиллээ. Монголчуудын хэлдгээр “өмхий гээд хошногоо тайрч болдоггүй” гэдгийг бодлого тоорхойлогчдод санууллаа гэсэн үг. Зөв бичгийн дүрэм мөрдөгдөхгүй байна гээд дүрмээ өөрчлөх, хүүхдүүд уншихгүй байна гээд уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасах замаар асуудлыг шийдэж болохгүй нь уг нь хэнд ч ойлгомжтой.
Хэл бол юуны өмнө хэрэглээ гэдэг үгийг прагматикууд хэлэх байх. Энэ үүднээс авч үзвэл даяаршлын зуунд өрсөлдөөн дунд амьдрах монгол хүүхдүүдэд эх хэл дээрээ унших, эх хэл дээрээ суралцах хэрэгцээ цаашид бүүр ч багасахыг үгүйсгэхгүй. Цаашлаад эх хэлээ дэлхийн тавцанд хэрэглэх шаардлага байхгүй ч болж мэднэ. Гэвч эх хэл бол тухайн үндэстний оршихуй, сэтгэхүйн нэг үндэс. Тийм ч учраас эх хэлний дүрмээ хэрэглээг дагуулан тайрч хасах, эх хэл дээр бичигдсэн утга уянгаас татгалзах замаар асуудлыг шийддэг төрийн бодлого байж боломгүй санагдана. Өнөөдөр монгол үндэстнээ, эх хэлээ хадгалж үлдье гэвэл харин ч дунд сургуульд монгол хэлний зүй тогтол, зөв бичгийн дүрэм заах, уран үгсийн сангаас уншиж суралцах цагийг нэмэгдүүлэх хэрэгтэй байх.
Эцэг, эхчүүд яагаад хүүхдүүдээ харь хэл дээр сургаж байгааг бас бодоод үзээрэй. Хүүхдүүд эх хэл дээрээ юу уншиж, юу мэдэж авах бололцоотой вэ?! Эх хэл дээрээ унших, суралцах, судлах бололцоог нь хасах биш харин ч нэмэх цаг болсон юм биш биз?
Эх сурвалж: “News week” №59 сонин.