Н.Хүрэлбаатарын иргэний үүрэг ба хуулийнхны түрэмгийлэл

hurelbaatar iiiig Хууль шүүхийн байгууллагынхан их хэмжээний мөнгө, төгрөгтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчлан шалгаж эхлээд байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэх үед нь цагдаагийнхан отож байгаад албадан саатуулав. Түүнийг хүүгийнх нь гэрээс алдагдсан гэх их хэмжээний сейфтэй мөнгөтэй  холбоотой асуудлаар шалгах шаардлага гарсан хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан билээ. Н.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл цацагдсантай холбоотойгоор тэрээр бие төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл хийсэн, эх орондоо хүрэлцэн ирсэн үйл явцаас харахад Н.Хүрэлбаатарыг зөв жишиг үзүүллээ гэж хэлж болохоор байгаа юм.

Учир нь Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг интерполоор эрэн сурвалжилж байгааг олон нийтэд энэ сарын 5-нд зарласан. Учир нь хуулийнхан түүнийг оргон зайлсан хэмээн үзэж, Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн ч үнэндээ тэрээр Сингапурт болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нь” сэдэвт Олон улсын хуралд оролцож явсан.

Н.Хүрэлбаатарыг их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдсон, интерполоор эрэн сурвалжиллаа,  эрэн сурвалжлаагүй хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаж эхэлсэнд тэрээр урьдчилан төлөөлөгчөөрөө дамжуулан тайлбар мэдээлэл өгч, өөрөө ч энэ талаар мэдээлэл хийхээ олон нийтэд мэдэгдсэн нь мэдээллийг төөрөгдүүлэхгүй байх, анхдагч эх сурвалж нь өөрөө мэдээлэл өгөх болсон зэрэг нь  нийгэмд хий хоосон дуулиан дэгдээхээс сэргийлэх, хувь хүнийхээ хувьд хариуцлагатай хандлаа. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол гадаадад гараад зугтчихдаг муу жишгийг тэр давтсангүй нь сайн хэрэг.  Гэвч энэ нь түүний хийсэн үйлдэл, сэжиглэгдсэн гэмт хэрэгт нь халхавч хийж буй зүйл огтоос биш юм шүү. Хуулийнхан үнэн мөнийг шалгаж тогтоох үүрэг хэвээр мөрдөгдөх учиртай.

Харин нөгөө талаас манай хуулийнхан хэт хөнгөн хуймгай хандав уу даа гэсэн ойлголт төрөөд байгаа юм. Сингапурт Олон улсын хуралд оролцож явсан хүнийг эрэн сурвалжлаад  л байдаг. Гадаад руу оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилж байна гээд л мэдэгдээд. Төрийн сайдаар ажиллаж байсан хүнээ Монгол Улс Интерполоор эрэн сурвалж эхэллээ гэдэг нь эргээд манай улсын нэр хүндэд л муугаар нөлөөлөх учиртай.

Монгол төрийн сайдаар ажиллаж байсан хүн Интерполоор эрэн сурвалжлагдаж байна, оргон зайлжээ гээд л Монголын төрийн өндөр албан тушаалтнууд найдваргүй гэдэг үнэлэлт гадныхан өгөх биш гэж үү. Үнэхээр л гэмт хэрэгт холбогдоод, гадагшаа хилийн дээс алхаад зугтсан бол байж болох хэрэг. Интерполоор эрэн сурвалжлах нь зүй ёсных. Гэвч тэгсэнгүй. Баримттай найдвартай мэдээлэлтэй байж, асуудалд хандалгүй ийнхүү түргэтгэж буй нь улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйг манай хуулийнхан ойлгож буй болов уу. Хуулийн байгууллагынханд нэг тийм сүржигнэл хэрээс хэтрээд байгаа нь улам бүр анзаарагдах боллоо.

Ганц энэ биш л дээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар баривчлан шалгаж эхлээд байна. О.Эрдэнэсолонгыг 323 сая долларын гүйлгээг хийсэн нь их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгах болсон гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн ч төгрөгийг доллар болгон андуурсан бололтой байгаа юм. Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ  О.Эрдэнэсолонго нь 300 сая, 420 сая, 338 сая, 80 сая төгрөг нэг өдрийн дотор гүйлгээнд оруулсан, одоогоор төгрөг үү, валют уу гэдгийг тогтоогоогүй байна гэх зэргийн “бүдэгхэн” мэдээллийг хэвлэлийнхэнд өгснөөс үзэхэд өмнө нь хуулийнхан төгрөг, валютын аль болохыг мэдэлгүйгээр л сүр дуулиантайгаар хэвлэлийнхэнд мэдээллийг цацчихсан хэрэг болжээ. Нэг иргэн гэмт хэрэгт холбогдлоо, тэр даруй нь л хэвлэлд мэдээлэл явуулж, олон нийтэд мэдээлэл цацах нь зориуд урьдаас төлөвлөсөн  мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж эхлээд байна.

Тэгээд удалгүй хэвлэлийнхний цуглуулж мэдээлэл хийгээд, манай хуулийнхан нэг л биш. Хэт улс төржсөн аяс харагдаад л байна. Мэдээллээ нягталж шалгалгүй л олон нийтэд дуулиан дэгдээгээд. Хуулийн байгууллага нэг гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүний талаар мэдээлэл хийгээд, түүнийг гэм  буруутан болгож яллах гэж байгаа мэтээр   ажлаад байгаа нь  байх ёстой зарчим уу гэдэгт  бас эргэлцээ төрж байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …