ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн баасан гарагт манай редакцид зочлон өөрийн хийж буй ажлынхаа талаар товчхон тайлагнасан тухай бид өмнөх дугаартаа дурьдсан. Түүний ярианаас бидний хамгийн их сонирхсон зүйл гэвэл “Үүрэн телефоны бүх оператор яриагаа секундын багц руу шилжүүлсэн” гэх үг байсан юм.
Ямартай ч түүний энэхүү мэдээлэл олон хэрэглэгчийг баярлуулсан, чихэнд чимэгтэй мэдээлэл байсныг дурдах нь зүйн хэрэг байх.
Гэтэл зарим нэгэн хэрэглэгч редакци руу утас цохиж “Зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид л секундын яриа руу шилжсэн болохоос дараа төлбөрт хэрэглэгчид шилжээгүй байгаа” гэх мэдээллийг өгч биднийг гайхшруулсан юм.
Товчхондоо хэрэглэгчид биднийг худал мэдээлэл гаргалаа гэж их л шүүмжилж байв. Ингээд бид албаны хүний хэлсэн мэдээллийг баталгаажуулахаар үүрэн холбооны оператор компанийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж яриагаа секундын багц руу шилжүүлсэн эсэхийг асуухад “Зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгч өөрөө хүсэх юм бол секундээр ярих багцын үйлчилгээнд шилжих боломжтой.
Түүнээс та бүхний асууж байгаачлан дараа төлбөрт хэрэглэгч яриагаа секундын багц руу шилжүүлэх ямар ч боломжгүй шүү дээ” гэх тайлбарыг өгсөнд эргэлзэх сэтгэл төрсөн юм.
Ийм яриа хаанаас гарсныг мэдэхгүй байна
“Мобиком” корпорацийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Мөнхсүлд хэлэхдээ “Дараа төлбөрт секундын алхамд шилжсэн зүйл байхгүй. Хаанаас ийм яриа гарсныг мэдэхгүй байна. Тэгээд ч энэ талаар огт яригдаагүй шүү дээ.
Харин бид зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдээ “ONE” гэсэн секундын алхамын багцтай болгосон.
Өнгөрсөн оны гуравдугаар сард ШӨХТГ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу бүх үүрэн телефоны операторууд өөрсдийн үйлчилгээндээ нэр өгч дээрх “ONE” үйлчилгээг нэвтрүүлсэн.
Ер нь бүх үүрэн телефон манайхтай адилхан л үйлчилгээ нэвтрүүлсэн байгаа. Нэр нь л өөр болохоос үйлчилгээ адилхан л даа.
Тэгээд ч би энэ тухай мэдээллийг сайн мэдэхгүй болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Хэрвээ та нар энэ тухай мэдээлэл авахыг хүсвэл манай Ерөнхий захиралтай уулзах хэрэгтэй.
Ер нь О.Магнай дарга яагаад дараа төлбөрт хэрэглэгчийг секундын алхам руу шилжсэн гэж хэлсэн юм бол гэж гайхаж байна л даа” гэв.
Бидний очсон дараагийн газар болох “Жи мобайл”, “Скатейл” компаниуд ч мөн адил “Дараа төлбөрт үйлчилгээ секундын багцад шилжээгүй” гэх товчхон тайлбарыг өгч байсан.
О.Магнай даргатай дараа төлбөрт хэрэглэгчийг секундын багц руу шилжүүлье гэдэг ямар ч яриа хэлцэл хийгээгүй
Ямартай ч бид О.Магнай даргын хэлсэн дээрх үгийг тодруулахаар “Юнител” компанийг зорьсон юм. Тус газрын хуулийн зөвлөх Ч.Анхбаяр “Манай байгууллага бусад үүрэн телефоны газруудтай яг адилхан журмаар явж байгаа.
ШӨХТГ-аас секундын тарифаар төлбөр нь тооцогддог шинэ үйлчилгээ гаргах нь зүйтэй юм байна гэдэгт бүгд нэгдсэн шийдэлд хүрч шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.
Түүнээс таны ярьж байгаачлан ШӨХТГ-аас дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн ярианы багцыг секундээр тооц гэсэн ямар ч албан бичиг ирээгүй. Харин манайх өөрсдийн энэхүү үйлчилгээндээ “Алхам” гэх нэрийг өгсөн. Хэрвээ хэрэглэгч өөрөө хүсэх юм бол секундын ярианы алхам руу шилжиж болно гэсэн үг. Түүнээс бүх урьдчилсан төлбөрт хэрэглэгчийг секундын буюу “Алхам” багц руу шилжүүлнэ гэсэн үг биш шүү дээ. Хэрэглэгч өөрөө хүсэх юм бол гэдгийг дахин давтан хэлье.
Гэхдээ энд зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид багтана. Дараа төлбөрт хэрэглэгчдийг секундын ярианы багцад шилжүүлэх ямар ч боломжгүй. Бодоод үз л дээ бусад хөгжилтэй орон ч дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчээ секундын ярианы багцад шилжүүлээгүй байгаа шүү дээ. Тийм том зах зээлтэй улс орон шилжихгүй байхад манайх шиг зах зээл багатай улс яаж энэ багц руу шилжих юм бэ. Жишээ авъя л даа Энэтхэг, Япон хоёр секундын тарифт шилжих гэж оролдлого хийсэн. Энэ нь бүтээгүй. Тиймээс дараа төлбөрт хэрэглэгч шилжих ямар ч боломжгүй.
Хэрвээ дараа төлбөрт хэрэглэгч секундын багц руу шилжлээ гэж бодоход хэрэглэгчид хоорондоо үнэгүй ярьдаг сүлжээ устаж үгүй болно. Мөн тариф болон бусад бүх зардлууд өснө гэсэн үг шүү дээ.
Гэхдээ энэ секундын яриа хоёр талтай. Өөрөөр хэлбэл бага ярьдаг хүнд ашигтай болохоос биш их ярьдаг хүн алдагдалд орноо гэсэн л үг. Энэ нь бөөний худалдааны зарчим гэж ойлгож болохоор юм. О.Магнай даргыг би хувьдаа ингэж ойлгосон. Юу гэсэн бэ гэхлээр “Минут өөрөө секундын нарийвчлалтай байдаг учраас секундын тарифаар тооцож байж энэ нь шударга болно гэсэн”.
Тэгвэл таксиг сантметрээр нь тооцох хэрэгтэй. Тэгж байж энэ нь бас шударга болох юм. Мөн үүрэн холбооны бизнесийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй учраас асар их хөрөнгө оруулалтыг шаарддаг. Биднийг зарим нэг төрийн байгууллага маш их хэмжээний ашиг олдог гэж ойлгодог.
Өөрөөр хэлбэл бидэнд ашиглалтын зардал гэж их хөрөнгө гардаг. Бид энэ тухай тайлангаа холбогдох газруудад нь хүргэж өгдөг. Ямартай ч бидэнд тус газраас ямар ч албан бичиг ирээгүй. Харин ШӨХТГ-аас гарсан ганц яригдсан асуудал бол “Секундын тарифаар төлбөр нь тооцогддог шинэ үйлчилгээг гаргая. Энэ нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ байя” гээд бүх үүрэн телефоны операторууд тус газартай санал нэгдээд өнгөрсөн оны гуравдугаар сард энэ асуудлыг шийдсэн. Өнөөдөр бид маш их ачаалалттай ажиллаа. Учир нь дараа төлбөрт хэрэглэгчийн яриа секундын багц руу шилжсэн гэх мэдээлэл гарсан учраас олон хүн утасдаж асууж байна. Энэ бол ташаа мэдээлэл гэж хэлэх байна” гэлээ.
Ямартай ч бид үүрэн телефоны компаниудын холбогдох хүмүүсээс асуудлыг тодруулахад тэд “Секундын яриа руу шилжих ямар ч боломжгүй” гэх хариултыг өгч байсан юм.