Улаанбаатар хотын Дулааны V цахилгаан станцын байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан V цахилгаан станцын ТЭЗҮ-д нэмэлт, тодотгол хийх, төсөл хэрэгжих газрын байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг шинээр гаргах юм байна. Энэ ажлыг төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагч байгууллага болох Эрчим хүчний яам, эсвэл төсөл хэрэгжүүлэгч консорциум хариуцах юм байна. Тиймээс байгаль орчны ерөнхий үнэлгээ хийх ажил хойшлогдоод байна. Эрчим хүчний сайд М.Сономпилээс 2013 оны тавдугаар сарын 9-нд Дулааны V цахилгаан станцын байршил газар дээр Байгаль орчны үнэлгээ хийлгэх тухай албан тоотыг тухай газрын зураглал, солибцолын цэгийн хамт манай яаманд ирүүлсэн байна. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.3-т зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхэд шаардагдах баталгаажсан ТЭЗҮ, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлэн ирүүлэх шаардлагатай байна. Дээрх материалыг бүрдүүлж ирүүлээгүй тохиолдолд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийх боломжгүй байгаа юм.
ТЭЗҮ болон бусад материалууд бүрдсэн тохиолдолд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хуулийн дагуу ажлын 14 хоног хийж дүгнэлт гаргах боломжтой. Үүний дараа төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. БОНХЯ Дулааны V цахилгаан станц байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хоргүй, орчин үеийн технологитой, усны хэрэгцээг хэрхэн шийдвэрлэх талаар хамгийн зөв шийдэл, судалгаатай байх ёстой гэсэн бодлого барьж байна.