Авто тээврийн үндэсний төвийн захирал, НИТХ-ын төлөөлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатартай ярилцлаа.
-Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны чиглэлийн талаар яриагаа эхлүүлье?
-Манай байгууллага улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах, тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийдэг. Мөн нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, улс, хот хооронд ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний байршлыг тогтоож, шуурхай зохицуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
-Манай улс жилд хэчнээн тээврийн хэрэгсэл импортоор авдаг вэ?
-Импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг Зам, тээврийн яам хийдэг. Жилд дунджаар 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэлд хамрагдаж байгаа судалгаа байдаг. Манай үндэсний төвийн хувьд нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлж байна. Өнгөрсөн онд 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн.
-Бүртгэлийг хоёр байгууллага хийж байгаа юм байна. Заавал хоёр байгууллага хийх шаардлага байгаа юм уу. Эсвэл хууль, журмаараа тийм зохицуулалттай юм уу?
-Заавал хоёр байгууллага хийх шаардлагагүй. Авто тээврийн газар импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийж байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж зарим агентлагуудыг татан буулгахад Авто тээврийн газар татан буугдаж үйл ажиллагаа нь Зам, тээврийн яаманд шилжсэн. Харин яам зарим үйл ажиллагааг нь манай үндэсний төвд шилжүүлсэн гэсэн үг. Бүртгэлийн хувьд хуулиараа яамны харьяа байгууллага хийх ёстой.
-Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Улсын дугаарыг заавал солих шаардлага байгаа юм уу. Ач холбогдол нь юу юм бол.
-Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар л даа. Давхардуулж олгохгүй байх ёстой. Бусад улс орнуудад ч ялгаагүй. Дугаарын бүтэц ихэвчлэн үсэг, тооноос бүрддэг. Манай улсад автомашинд олгож байгаа улсын дугаар гурван үсэг, дөрвөн тооноос бүрдэж байгаа. Одоо 80 гаруй сериэс дугаар олгогдож байгаа нь 800 гаруй мянган авто машиныг бүртгэж, улсын дугаар олгох боломжтой гэсэн үг. Өнөөдөр манай улсад 500 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаа. Харин хот, орон нутгийн харьяалалгүй болгох хэрэгтэй.
-Сүүлийн үед иргэд авто машин худалдах, худалдаж авах нь ихэсч байна. Авто машины шилжилт хөдөлгөөн хот, хөдөөгийн хооронд хэр их хийгдэж байна вэ?
-Энэ шилжилт хөдөлгөөнтэй уялдаж үргүй зардал их гарч байна. Тухайлбал, 2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 гаруй мянган төмөр дугаар солигдож 600 орчим сая төгрөгийн үргүй зардал гарсан байна. Манай улсад ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяалал заадаг байсан боловч өнөөдөр ойлгомжгүй болоод байна. Жишээлбэл, Улаанбаатар хот УБ серийн дугаартай байсан бол одоо УН серийн дугаар олгож байна. Үүнээс гадна УБ болон УН серийн дугаартай авто тээврийн хэрэгсэл орон нутагт өнгөрсөн оны судалгаагаар 50 орчим мянга, бусад аймгийн дугаартай авто тээврийн хэрэгсэл 5000 орчим байна. Эзэмшигчид нь Улаанбаатар хотын гэх дугаарыг орон нутгийн дугаараар солих сонирхолгүй байна. Ер нь орон нутагт олон серийн дугаартай автотээврийн хэрэгсэл ашиглагдаж байгаагаас харахад улсын дугаараар харьяалал тогтоож бүртгэдэг үйл ажиллагаа ач холбогдлоо алдаад байна л даа.
Манай улсад мөрдөж байгаа журмаар авто тээврийн хэрэгслийн арал, бүхээг, хөдөлгүүр, өнгийг засвар хийсний дараа өөрчлөх боломжтой тул тээврийн хэрэгслийн бүртгэлийн үндсэн мэдээллүүдэд өөрчлөлт ордог. Иймд бүртгэл мэдээллийн бодитой сан үүсгэхийн тулд авто тээврийн хэрэгслийг бүртгэхдээ регистрийн дугаар олгох шаардлагатай байна. Тийм регистрийн дугаар нь одоо мөрдөж байгаа стандартын дагуу олгож байгаа улсын дугаар байж болох юм. Одоо мөрдөж байгаа стандартыг өөрчлөхгүйгээр авто тээврийн хэрэгсэлд олгож байгаа улсын дугаарыг орон нутгийн харьяалал харгалзахгүй олгодог болгох, орон нутгийн харьяаллаар дугаарыг солихгүй байх, автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн оршин байгаа хаягаар бүртгэж байх саналтай байна. Ингэж бүртгэлийн үйл ажиллагааг бага боловч боловсронгуй болгоход ямар нэгэн нэмэгдэл хөрөнгө шаардахгүйгээс гадна одоо мөрдөж байгаа хуульд өөрчлөлт оруулахгүй.
-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэг нь танай байгууллагад бий. Яг энэ үүргээ биелүүлж ажиллахад оношилгооны газрууд хэр хүрэлцээтэй байна вэ?
-Манай үндэсний төв Улаанбаатар хот болон 21 аймагт техникийн хяналтын үзлэгийг 25 суурин төв болон зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 24 автомашинаар явуулын хэлбэрээр жилийн турш хийж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 428 мянга, үүнээс Улаанбаатар хотод 230 мянга, орон нутагт 198 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн. Тус үндэсний төвийн Улаанбаатар хотын есөн шугам бүхий дөрвөн техникийн хяналтын үзлэгийн төв жилийн турш буюу 355 хоног, өдөрт дунджаар 11 цаг ажиллаж 1000-1500, жилд 350-500 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай. Харин энэ онд 270 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдах тооцоо байгаа ба Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн хүчин чадлын 70 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Одоо тус үндэсний төвд хоёр шугам бүхий техникийн хяналтын үзлэгийн төв байгуулах тоног төхөөрөмж байгаа ба 2015 онд техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар ажиллаж байна.
-Ам.долларын ханш өссөнөөс шалтгаалж бүх бараа, ажил үйлчилгээний үнэ нэмэгдэж байна. Оношилгооны төлбөр нэмэгдсэн үү?
-Ер нь техникийн хяналтын үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд төрөөс тавьж байгаа хяналт, ашгийн бус үйлчилгээ. Тийм учраас төлбөрийн хэмжээг нэмэх шаардлагагүй. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
-Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын зардал өндөр байгааг ТӨХ-ноос ч хэлээд байгаа. Таны хувьд жилд хэчнээн удаа гадаадад томилолтоор ажиллаж байна?
-Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд гэхээр л төрийн мөнгөөр гадаадад байнга зугаалж байдаг гэсэн ойлголт иргэдэд байдаг юм шиг байна лээ. Одоо тэгж гадаадад зугаалдаг үе багассан байх гэж харж байна. Миний хувьд өнгөрөгч онд төрийн зардлаар нэг ч удаа гадаад явсангүй, явах ажил байсан уу гэвэл байсан. Гэхдээ эндээ Монголдоо хийх ажил нь илүү их, бас чухал байлаа.
-Та Нийслэлийн иргэдийн хуралд Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн хурлаас ойрын хугацаанд танай дүүрэгт хийгдэх томоохон ажлууд юу байна?
-Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хорооны 33 мянга гаруй сонгогчоос Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд сонгогдсон тойрогтоо зориулан нийслэлийн төсөвт хоёр тэрбум гаруй төгрөг суулган, оршин суугчдын байрнуудын дээврийн болон лифт засвар, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, байрны дундах замын засвар зэрэг ажлууд хийгдэж эхэлж байна. Мөн манай дүүрэгт хотын хурал, хотын захиргаа тэр чигээрээ нүүж ирэхээр төлөвлөн бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх гэж байна. Бас Сонгинохайрхан уулынхаа бэлд “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулахаар Нийслэлийн иргэдийн хурлаас төлөвлөөд байна. Хотын хөгжил, хотын төв манай дүүрэг рүү ирнэ гэдэгт итгэлтэй байна.