Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран хэмээх энэ эрхмийг “Уран бүтээлч” буландаа урьж ярилцлаа.
-Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг үнэн юм аа. Мийгаа ах маань сайхан өвөө, сайн аавын дүр бүтэагээд л гялалзаад байх юм. Шинэ уран бүтээл, дүрийн саналууд их ирж байна уу?
-Яг одоохондоо бол ийм тийм гэсэн юм алга. Гэхдээ бодол санаа байлгүй яах вэ. Бусдыг хараад зүгээр суухгүй. Бидний 30 жилийн өмнө тоглож байсан “Нора” жүжгийг өнөөдөр залуучууд дахин сэргээн тоглож байна. Энэ жүжгийг үзлээ, харлаа. Залуучуудаа хараад их бахархлаа.
Сонгодог бүтээл бол үе үеийн жүжигчдийн эр бярыг шалгаж байдаг. Манай залуу жүжигчид маш сайхан тоглож. Залуучуудад их авьяас байна, даанч…
-Г.Доржсамбуу агсныг амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл зөвхөн уран бүтээлдээ л өөрийгөө зориулж байсан гэж нэг бус удаа сонсож байлаа. Бас та хоёрыг гайгүй дотно найзууд байсан гэдэг?
-Тэгэлгүй яах вэ. Амьдралынхаа сүүлийн арван хэдэн жилийг уран бүтээлдээ л зориулсан хүн.
Би маш олон бүтээлд нь тоглож байлаа. Бид хоёр чинь 16 настайгаасаа эхэлж үерхсэн. Маш богино хугацаанд их өндөрлөгт хүрсэн байна гэдгийг нь дахин дахин бодож, найзаараа бахархаж явдаг. Би найзынхаа хүчээр өдий зэрэгтэй явна. Найз маань намайг нээж, олон сайхан дүр өгч байсан. Тэр хүний ач буянаар өнөөдөр таны өмнө ардын жүжигчин Гомбын Мягмарнаран гэдэг хүн сууж байна шүү дээ.
-Би дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа “Найрын ширээний ууц” жүжгийг телевизээр анх үзээд таныг жаахан мэдрэл муутай хүн байх. Эрүүл хүн бол ингэж тоглож чадахгүй дээ гээд бат итгэчихсэн байж билээ.
-“Найрын ширээний ууц” бол миний тоглосон анхны инээдмийн жүжиг. Өөрийгөө инээдмийн жүжигт тоглож чадах юм байна гэдгийг энэ жүжигт тоглоод мэдсэн л дээ. Өөрөөр хэлбэл найруулагч Г.Доржсамбуу агсан энэ жүжгээр намайг нээж өгсөн гэж ойлгож болно. Тэр үед би инээдмийн жүжиг надаас хол, хөндий “Би чадахгүй” гэж бодож явдаг байсан. Гэтэл тийм биш гэдгийг энэ жүжиг надад ойлгуулсан.
-Г.Доржсамбуу агсан дүрүүд шигээ тийм л хүн байсан уу?
-Хачин зарчимч. Би сургуулилтаас нэг минут хожигдож ирээд загнууллаа гэхэд дараа нь “За Мягмарнаран чи бол миний найз. Чамд би хамгийн их шаардлага тавина. Яагаад гэвэл чи бусдад үлгэр жишээ болох ёстой. Найзаа гэж уучлахгүй, өршөөхгүй шүү дээ” гэдэг байж билээ.
-Сүүлийн үед телевиз болгон л кино хийж байна. Киноны санал хэр их ирж байна уу?
-Ирж байна. Одоо нэг киноны зураг авалт дуусаагүй байна.
-Сайхан аавын дүрд тоглох нь танд нэг их ажил биш биз?
-Тэгэлгүй яах вэ. Ёстой хүсч явдаг. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг сургаж чаддаг ийм сайхан аав, өвөөгийн дүр бүтээх юмсан гэж мөрөөдөж явсан. Манай УГЗ найруулагч Б.Баатар бид хоёр хамтарч маш сайхан аавын тухай жүжиг хийсэн. Цаашдаа ч хийнэ. Ёстой л өвөө, аавын дүрийг л үйлдвэрлэж байна даа. /Инээв/
-Таныг дурлалдаа шатаад л жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Наргиа юу бодит уу?
-Би өөрөө их дуртай байсан юм. Миний урлаг, тайзанд дурлах тэр сэдлийг 1960-аад оны гайхамшигтай жүжигчид өдөөсөн. Тэдний бүтээлийг үзээд би жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Дүүгийн асууснаар жүжигчин болох шалтгаан маань жүжигчид л байсан байхгүй юу. /Инээв/
-Гэхдээ сургууль төгсөөгүй жаахан хүү хэний нүдэнд өртсөнөөр театрын босгыг алхсан юм бол?
-Би их сургууль төгсөлгүй аравдугаар ангиа төгсөөд л орж ирсэн. Оюун гэдэг хүн 200 гаруй хүүхдийн дундаас шалгаж аваад л дагалдан жүжигчнээр авсан. Бидэнд хамгийн анхны А үсгийг заасан хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Чимэддорж, ардын жүжигчин Цэрэндулам эгч нар. Энэ хүмүүсээр тайзны яриа, ур чадварын хичээлээ заалгасан. Харин ерөнхий ур чадварыг Оюун багш гардаж зааж өгсөн. Намайг театрт ороход бүх алтан үеийн мундаг мундаг жүжигчид бүгд байлаа шүү дээ. Уран бүтээлч хамт олон гэдэг үнэхээр агуу зүйл шүү.
-Та ярилцлагын эхэнд “Манай залуу жүжигчдэд маш их авьяас байна, даанч…” гэж жаахан харууссан маягтай дуугарч байсан. Сэтгэлийг тань чилээж буй тэр асуудлаа жаахан ч гэсэн дэлгэхгүй юу?
-Тийм ээ. Манай залууст их авьяас байна, даанч цалин мөнгө нь үнэхээр хэрэг алга. Уран бүтээл туурвихад хүнд байна. Бараг бид өөрсдөө халааснаасаа гаргах нь холгүй л байдаг шүү дээ. Харин сүүлийн нэг жилийн хувьд театр мөнгө гаргаж байна. Бусад уран бүтээлийг хувь хүн, албан байгууллагаас гуйлга гуйсан маягаар л явдаг. Ийм байж болохгүй. Манай улс хоёрхон эрдмийн театртай. Хэрэгтэй юм бол энэ театрыг харсан шиг харж үзэх хэрэгтэй. Зах зээлд оруулсан юм бол оруулсан шиг оруулах хэрэгтэй. Түүнээс биш үхсэн ч юм шиг, амьд ч юм шиг байлгаж болохгүй. Цалин мөнгийг нь олигтой өгөх хэрэгтэй.
-Нууц биш бол ардын жүжигчин Мягмарнаран хэчнээн төгрөгиййн цалинтай бол?
-Уран бүтээлчдийн дундаж цалин 500, залуу уран бүтээлчид 400, ардын жүжигчин би 600 мянган төгрөгийн л цалин авч байна.
-Та ичиж байна уу?
-Цол гуншинг нь авчихаад дуугүй байсан нь дээр гэж боддог байлаа. Одоо надад ичээд байх юм алга. Улс ичихгүй байхад би яасан гэж ичих юм. Би 50 жил урлагт зүтгэлээ. Надад мөнгө хэрэгтэй юу, хэрэгтэй. Тэгэхэд улс яагаад хоёрхон театраа нуруун дээрээ аваад явж чаддаггүй юм бэ. Миний хүү сурдаг болохоор би Оросын театрын менежментийг маш сайн судалдаг юм. Өнөөдөр Оросын театр 5000 еврогийн цалинтай. Манайхаар бол 10-аад сая төгрөг. Гэтэл үүнийгээ ч голдог жүжигчин байна. Орост юмны үнэ өндөр л дөө.
-Таны энэ шүүмжлэл “Ард иргэд оюуны талхаар өлсөж байна” гэж хэлээд байна л даа?
-Энэ урлаг чинь бидний хойч үед хэрэгтэй учраас дэлхийн сонгодог бүтээлүүдээр оюуны талхыг нь өгөх хэрэгтэй. Монгол эр зан заншлаа мартаж уламжлалаа мэдэхгүй, оюуны сүйрэл явагдаж байна. Тэгэхээр бид хаачих юм бэ. Хөгжингүй буурай орнуудыг дуурайж амьдрах юм уу. Аль нэг улсын түүх соёлыг дагаж дуурайх хэрэг үү. Даяаршсан дэлхийд амьдарч байгаа ч гэсэн монгол хэлийг хэл шигээ байхад нь театр их үүрэг гүйцэтгэдэг. Зан заншил, ёс зүй, түүх соёлыг хэн үзүүлдэг юм. Театр л үзүүлдэг. Тиймээс улс театрыг харвал харсан шиг хараад харахгүй бол бүр хаах хэрэгтэй.
-Гэтэл “Азийн цаган дагина” гэх хогны ногоон уутанд 4.5 тэрбум төгрөг зарцуулах гээд одоо олон нийтийн дунд санал асуулт явуулж байгаа шүү дээ. Тэгвэл сайн уран бүтээл туурвихын тулд танай театрт жилдээ хэчнээн төгрөг шаардагдах бол?
-Цалин нэмэхээ байг. Бид талхны булангаараа амьдарч байя. Харин дэмий шахам зарж байгаа тэр мөнгөнөөсөө теаmрт 200 сая төгрөг өгчихөөч. Тэгвэл бид гайхалтай уран бүтээл хийнэ дээ.
Сүүлийн үед монголчууд булчингаа их шүтдэг болж. Бөх, морь гэж байхаар оюуны бүтээл туурвидаг зохиолч, эрдэмтэн, уран бүтээлчдийнхээ бүтээлийг дэмжээд тэтгээд өгөөч. Тэгвэл бид амархан хөгжих гээд байна. Монгол Улсын нэрийг урлаг бол аваад л явчихна. Ганцхан циркээ хувьчилчихаад одоо юу болж байна.
Үнэнийг хэлэхэд ах нь нэр төр байр сууриа бодоод их олон жил дуугүй байлаа. Одоо бол үгүй ээ. Яагаад гэхээр залуучуудынхаа, урлаг соёлынхоо төлөө дуу гарч байна. 50 жил урлагт хашгирчихаад үүнийхээ төлөө дуугарч уйлахгүй юм бол хэн хашгирах юм бэ. Одоо бидний дуугарах ээлж. Тиймээс миний энэ үг төрд хүрээсэй гэж бодож байна. Театр маань ямар байдалд орсныг төр засаг, салбар яам маань үзээсэй, дуулаасай гэж бодож байна. Энэ асуудлыг хөндөж байгаа танай сонины уран бүтээлчдэд өндөр амжилт хүсье. Бүгдээрээ дуугарна шүү хө. Бид адилхан л уран бүтээлчид.