“Монгол улсад элэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн анхны хэлэлцүүлэг, уулзалт энэ сарын 05-ны өдөр ЭМЯ-наа боллоо.
Уг уулзалтад халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухааны академи, Анагаах ухааны академи, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаах ухааны хүрээлэн, Улсын 1,2–р төв эмнэлэг, Интер мед, Гранд мед зэрэг эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид оролцов.
Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа “Монгол улсад элэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг танилцуулснаар энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаа эхэлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ, “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон юм” хэмээн онцлов.
Тус хуралдааны үер оролцогчид доорхи санал зөвлөмжийг хэлж байлаа.
Хуралдааны үеэр П.Нямдаваа академич хэлсэн үгэндээ “Устгах гэдэг үгнээс эхлэе. ДЭМБ-ын тодорхойлолт байдаг, eradication гэдэг үгийг нэг улс ярьж болохгүй, дэлхийн нийтэд устгахад ярьдаг ойлголт. Элэгний С вирусыг устгах нь хэцүү тиймд С вируст гепатиттай тэмцэх эсвэл эрс бууруулах гэж нэрлэх нь зүйтэй. Мөн хөтөлбөрт элэгний С вирусын илрүүлэлт нь шинжилгээний өмнө байх хэрэгтэй. Монголд С генотип тодорхойлох машин хоёр гурван газарт байгаа. Вирус тоолохгүйгээр эмчилгээг хянаж чадахгүй. Генотипын шинжилгээг хүн бүрт хийх шаардлагагүй. Харин стандарт эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа хүн дээр геготипыг үзэх хэрэгтэй.
Х.Баянмөнх / Гранд мед эмнэлэг / хэлэхдээ, Элэгний С вирусыг бууруулах хугацааны хувьд яг тодорхой 5 эсвэл 10 жил гэж тодорхойлох нь зүйтэй.
Ө.Ганчимэг: /Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв / Горимын санал байна. Нэр, зорилго, зорилтоо тогтоод цааш нь ажлын хэсэг байгуулан хөтөлбөрийн хэлбэрт оруулан ажиллах нь зүйтэй.
Д.Нямхүү: /Халдварт өвчин судлалын үндэсний төв/ Элэгний С вирусыг эрс бууруулна гэдэг үг зохимжтой. Хугацааны хувьд маш үндэслэлтэй тогтоох нь чухал. Уг ажилтай холбоотой бэлтгэж ажил их байгаа. Манай төвөөс гардаг тоо албан ёсны тоо. С вируст халдварын талаар үргэлжлүүлэн судалгаа хийх мөн эмчилгээ, үйлчилгээн дээр хийх ажил их байгаа.
н.Энх-Амгалан: Шинэ эм гарсантай холбоотой энэ хөтөлбөр гарч байгаа гэж ойлгож байгаа. Эмтэйгээ холбож хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй байх. Монгол улс хэт их төвлөрсөн эрүүл мэндийн тогтолцоотой. Лабораторийн эдийн засгийн үр ашиг ямар байгааг үзэх шаардлагатай ба сум, аймаг сорьцоо зөөвөрлөх нь зүйтэй гэж үзэж байна.
О.Баатархүү: /Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль / Вируст гепататын стратеги байдаг учраас “Элэгнйи С вирусийг бууруулах дэд хөтөлбөр” гэх саналтай байна.
Ж.Чинбүрэн: /Хавдар судлалын үндэсний төв/ С вирусээс сэргийлэх нь хамгийн чухал юм. Өвчилсөн тохиолдолд мэдээж эмчлэнэ. Гэтэл сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр өвчлөл улам нэмэгдэж байна. Иймд хяналтанд авах нь зөв. Ажлын хэсэгт хавдар судлалын үндэсний төвийг оруулах. Хэрэгжилтийг 2 жилд нэг удаа үнэлэх нь хугацааны хувьд хол байгаа тул нэг жилд үнэлэж байх. Эдийн засгийн үр ашгийг тооцох бүхэл бүтэн баг ажиллах. Аймгуудын тоног төхөөрөмжийн судалгааг гаргах. Хувийн хэвшлийн боломжийг улс яаж ашиглахыг бодох хэрэгтэй.
Саруул: Фиброз үүссэнээс гадна, вирусийн ачаалал ихтэй хүмүүсийг хамруулах.
Туул: Элэг шилжүүлэх эмчилгээ хийлгэсэн 100 гаруй хүн байгаа. Үүнээс С вирустэй 43 хүн байгаагаас 38-д нь вирус иргэн идэвхжсэн. Эдгээр хүмүүсийг эн түрүүнд эмчилгээнд хамруулах саналтай байна.
Дээрхи хуралдаан амжилттай үргэлжилж, зарим асуудлыг тодорхой болгон нэг ойлголтод хүрэв. “Вируст гепатитыг бууруулах үндэсний стартеги” 2014 онд дуусаж, 2015 онд шинэчлэгдэнэ. Олон вируст зориулсан хөтөлбөр байснаас аль нэгэнд нь чиглэсэн хөтөлбөр байх нь зүйтэй гэж үзснээр уг хөтөлбөрийн “С вируст гепатитыг эрс устгах үндэсний хөтөлбөр” гэж нэрлэхээр болжээ.
Уг хөтөлбөрийн урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөөцийг бүрдүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид эмч, судлаачдаас гарсан саналыг хөтөлбөрт тусгах ажлын хэсгийг байгуулах санал гаргав.
Ингээд эрүүл мэнд спотрын яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг, Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш О.Баатархүү, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ж.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулснаар энэ удаагийн хэлэлцүүлэг, уулзалт өндөрлөлөө.
Дараагийн хурлыг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлов.
Эх сурвалж: w ww.unen.mn