Х.Бямбажав: Монгол хүүхдүүд эх хэлээ мартах ёсгүй

olloo_mn_1418358360_byambajawТүүнийг би танихгүй. Уулзаад ярилцах боломж байсангүй. Гэхдээ түүний хилийн чанадад бяцхан монгол иргэдийн төлөө хийж буй ажлыг дэмжиж урамшуулмаар, бусдад түгээмээр санагдсан юм. Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдардаг монголчууд, хүүхдүүдэд зориулан саяхан iМОНГОЛ нэртэй цэцэрлэг үүдээ нээжээ. Цэцэрлэгийн эзэн Х.Бямбажавтай цахимаар ярилцлага хийснээ хүргэе.

-Туркэд монгол цэ­цэр­лэг нээж олон эцэг эхчүүдийг баярлуулж буй гэдгээс өөр чиний тухай мэдээлэлгүй сууж байна. Өөрийнхөө тухай яриач?

-Баярлалаа. Би 1984 онд Завхан аймгийн Яруу суманд малчны гэр бүлд төрсөн. 1993-2000 онд Завхан аймгийн “Чандмань Эрдэнэ Цог­цолбор” сургуульд сурсан. 2000-2002 онд  МУИС-ийн лицей, 2006 онд МУИС-ийг Математик, компьютер заг­варчлал мэргэжлээр төгссөн. 2006-2007 онд “Bran Brand” viva студид зу­раглаач, эвлүүлэгч, компьютер графикчаар ажил­лаж байсан. 2008 онд Бүгд найрамдах Турк улсад ирсэн.

-Ямар шалтгаанаар анх очсон бэ?

-Бусдын адил хилийн чанадад ажиллаж амьдарч үзэх сонирхолтой анх нутгаасаа гарсан. Истанбул хотод ‘BRAVO’ сэтгүүлийн газар компьютер графикч, ‘FPA’ хэмээх тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанд зу­раг­лаач, “Best Brothers” ба “TVNET” TV-д зу­раг­лаач, эвлүүлэгч, компьютер графикч, дүрсний най­руулагчаар 2012 он хүртэл ажил­ласан. Харин 2013 оноос эхлэн Туркийн үүрэн телефоны анхдагч оператор “TURKCELL” компанийн удирдах зөвлөлд зураглаачаар ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Турк улсыг зорих монголчууд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар албан бус тоогоор нийт 3000 гаруй монгол иргэд энд амьдарч байна. Тэдэнд хоёр орны хөгжил, улс төр, нийгэм соёл, цаг үе, үйл явдлын болон өдөр тутмын мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор 2012 оны сүүлээс эхлэн “МОНГОЛ” нэртэй 8-12 нүүр бүхий сонинг эрхлэн гаргаж 15 дугаараа уншигчдынхаа гарт хүргээд байна.

Мөн Европын улс орнуудад анхдагч болсон “Ай Монгол” интернет радиог үүсгэн байгуулж, Истанбул хотоос шууд эфирээ цацаж эхлээд жил гаран боллоо.

-Турк амьдрахад таатай орон уу. Яагаад энэ улсыг сонгосон юм бэ?

-Турк улс сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Газар нутгийн хувьд манай орноос 2.7 дахин жижиг, хүн ам нь 86 сая хүрч байна. Энэ том зах зээлийн өрсөлдөөн яг л дайны талбар мэт хөл хөдөлгөөнтэй байдаг. Турк улсын татвар маш өндөр, түүнийгээ дагаад амьжиргааны өртөг ч өндөр. Сүүлийн жилүүдэд ойр тойрны улс орнуудад дайн байлдаан гарснаас шалтгаалаад дүрвэгсэд их ирж байна. Эртний Түрэгийн ахан дүүс гэж ярьдаг шүү дээ. Туркчууд монголчуудад ээлтэй, найрсаг хүмүүс санагддаг.

Монголчууд энд барилгын туслах, хоолны газар угаагч, оёдлын үйлдвэрт голдуу  ажилладаг. Мэргэжлээрээ ажиллаж улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа хүмүүс байхад архинд орсон хэсэг ч байна. Монголчууд гэрээсээ, нутгаасаа гарахаараа л сайн ажилладаг юм уу гэж боддог. 2-3 Турк хүний хийх ажлыг нэг монгол хүн хийчихдэг.

-Монгол хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдөж байна уу?

-Хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж байна. Хамгийн наад зах нь эрүүл мэндийн асуудал байна. Яаралтай тусламж үзүүлэх, хамгаалах газар алга. Энд суугаа консулын ерөнхий газар монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах болов уу гэж боддог юм. Гэвч нөгөө талаас иргэд нь хууль бусаар амьдардаг болохоор асуудал маш хүнд. Ер нь хүүхэд гэлтгүй томчууд ч хууль бусаар ажиллаж амьдардаг болохоор эрүүл мэнд, нийгмийн даатгал нь төлөгдөхгүй, цалин мөнгөө хугацаанд нь авч чадахгүй зэрэг олон бэрхшээл тулгардаг.

-Туркэд ажиллаж амьдардаг хүмүүсийн хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдаж чаддаг уу?

-Турк улс гадны орнуудаас ажиллах хүчин авдаг улс биш. Тийм болохоор энд ажиллаж байгаа монголчуудын 80-90 хувь нь хууль бусаар амьдардаг. Тиймээс хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэгийн асуудал маш хүнд.

Турк улсын боловсролын системд гурван нас хүртэл цэцэрлэгт авдаггүй. Улсын цэцэрлэг нь амьдрах эрхээс эхлээд маш их бичиг баримт шаарддаг. Хувийн сургууль, цэцэрлэг нь өндөр төлбөртэй. Тиймээс монгол эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулаад байж чадахгүй, гэрт нь цоожлоод ажилдаа явна. Энэ хүмүүст бага ч болтугай тус дэм болох үүднээс өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Истанбул хотод амьдарч байгаа монголчуудынхаа дунд судалгаа явуулж 1,5-6 насны 147 хүүхдийн 40-д нь ч болов сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд бага, дунд, ахлах гэсэн гурван ангитай “iМОНГОЛ” нэртэй цэцэрлэгээ аравдугаар сарын 13-нд нээлээ.

-iМОНГОЛ цэцэрлэг ямар онцлогтой вэ. Хэчнээн хүүхэд хэдэн ангид хүмүүжиж байна?

-Одоогоор нэг ангидаа 13 хүүхэд бүхий бага, ахлах, монгол хэлний гэсэн ангиудад үндсэн гурван багштайгаар хичээллэж эхэллээ. Манайх эцэг эхчүүдийн ажлын цагийг бодолцон 8:30-20:30 хүртэл өдрийн 12 цагаар дөрвөн үндсэн хоолтой байна. Төлбөрийг Туркийн долоо хоногоор өгдөг цалингийн системтэй нь уялдуулж авч байгаа.

indexМонголдоо олон жил энэ салбарт ажилласан туршлагатай багш сурган хүмүүжүүлэгчдээр багаа бүрдүүлсэн. Хэдийгээр орчин нөхцөл, ном сурах бичгээс авхуулаад хүндрэлүүд байгаа ч Монголын цэцэрлэгийн стандартыг барих гэж хичээж байгаа. Тухайлбал, хүүхдүүдийн хүнс болох каш, шар будааг Монголоосоо татдаг.

Бяцхан хүүхдүүд маань өглөө ирээд төрийн дууллаа дуулснаар шинэ өдрийг эхэлдэг. Бүх сургалт монгол хэл дээр явагддаг. Монгол хэлний анги маань нэг, хоёрдугаар ангийн программыг шахуу үзэхээр төлөвлөж байна. Бидний хамгийн гол эрхэмлэж сургах зүйл бол монгол хэлээрээ зөв ярьж бичиж уншиж сургах юм.

-Танай цэцэрлэгт Турк улсаас нь ямар нэг тусламж дэмжлэг үзүүлдэг үү?

-Тус улсад хууль бусаар амьдарч байгаа болохоор улсаас ямар ч тусламж байхгүй. Магадгүй шашин шүтлэгийн сайн дурын байгууллагууд байдаг ч бид хүлээн зөвшөөрдөггүй юм.

Зууны мэдээ
Х.Монголхатан

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …