“Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө” гэж нэрт яруу найрагч О.Дашбалбар шүлэглэн бичсэн байдаг. Монгол нутаг минь дэндүү сайхан. Хөх тэнгэр, өргөн уудам тал нутаг, говь, алтай, хангай гээд онгон дагшин байгальдаа “гар хүрэх”-ээс ч хайран. Гэтэл өнөөдөр ургахын улаан наран улан доороос мандаж, зээр, зэрэглээ хоёр нь хурд булаалдан уралдаж байдаг Дорнод аймаг, хэдэн арван сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон нутаг Дундговь аймаг, Алтан овоо, Шилийн богдоороо алдаршсан Сүхбаатар аймаг аюулын ирмэг дээр иржээ.
Манай орон байгалийн баялгаараа дэлхийн анхаарлын төвд орох болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Алт, зэс, нүүрсээс гадна гадныхны анхаарлыг татаж буй бас нэгэн ашигт малтмал нь уран. Цөмийн энергийн газраас мэдээлснээр Монгол Улс батлагдсан байдлаар 68.5 мянган тонн, таамаглал байдлаар 1.74 сая тонн ураны нөөцтэй аж. Ураны талаар монголчуудын ойлголт харьцангуй “нимгэн” гэж хэлэхэд болно. Цацраг идэвхт бодис гэхээр Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, Хирошима Нагасакигийн бөмбөгдөлт хамгийн түрүүнд санаанд бууна. Энэ салбар эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй боловч түүнээсээ илүү хор хөнөөлтэй гэдгийг дэлхий нийт мэднэ.Батлагдсан байдлаар Казахстан, Австрали, Канад, Узбекстан, ӨАБНУ, ОХУ, АНУ, Бразил, Намиб, Нигер, Украйн, Иордан, Энэтхэг, Хятад зэрэг 16 улсын ураны нөөц дэлхийн ураны нөөцийн 97 орчим хувийг бүрдүүлдэг байна. Харин Монгол Улс дэлхийн ураны нөөцийн 2 орчим хувийг эзэлдэг аж. Ер нь Ураны орд аюултай учраас Европт олборлолт хийдэггүй, гадаад орнуудаас уранаа авдаг байна. Ганцхан жишээ дурьдахад социализмын үед Зөвлөлт Холбоот Улс ба Ардчилсан Герман Улсуудын хамтарсан Висмут гэдэг уурхай ураны олборлолт явуулдаг байжээ. Хожим нь энэ уурхайг байгаль орчинд халтай, мөн уурхайн ажилчдын дунд хавдараар өвчлөх нь их байна гэх шалтгаанаар 1990 онд хаасан аж. 1992 онд ажиллаж байсан уурхайн ажилчдын 11% буюу 10 гаруй мянган ажилчин хавдраар өвчилсөн нь тогтоогджээ. Энэ тоо жил бүр 300-аар нэмэгдсээр байгаа аж. Уурхайгаас үлдсэн үлдэгдэл шороон хаягдлыг аюулгүй болгохын тулд 7 тэрбум орчим евро зарцуулсан боловч одоог хүртэл нөхөн сэргээлтийн ажил нь дуусаагүй хэвээр байна. Энэ мэтчилэн Энэтхэгийн Бихар муж, Узбекистан, Нигер, Намиб зэрэг уран олборлолт явуулдаг газруудын хойдох хор уршиг, гай гамшгийг ард иргэд нь л өөр дээрээ үүрдэг байна.
Өнөөдөр Монголын тал нутагт гадаадын болон дотоодын компаниуд 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж, ураны эрэл хайгуул хийж байна. Эдгээрээс хамгийн идэвхтэй нь дэлхий олон орны эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Францын төрийн өмчит “Арева” компани юм. Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад ураны нөөц буйг хэдийнэ тогтоосон. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд туршилтын олборлолт хийсэн нь хор уршгаа хэдийнэ мэдрүүлээд эхэлжээ. Ураны хүдрийг газар доор уусган олборлоход нэг орд газарт 500-аад удаа өрөмдлөг хийх тохиолдол гардаг байна. Зөвхөн өрөмдлөгийн үеэр гэхэд л асар хортой хий ялгарч байдаг аж. Ингэж өрөмдөхөд химийн бодисонд ууссан уран гүний усыг бохирдуулж, орчин тойронд цацраг идэвхт бодис алдагдах эрсдэлтэй байдаг байна. Мөн өрөмдлөгийн үеэр үүссэн шороо тоосонцор салхинд хийсч, агаарыг хордуулна. Улаанбадрахын газар нутаг өнөөдөр цацрагийн хийн хордлогобуюу тоорын хордлогод өртсөн байгаа нь илэрхий болсныг мэргэжилтнүүд хэлж байгаа. Үхсэн малын дотрыг үзэхэд уушги нь цэврүүтэж, өвчилсөн байгаа нь үүнийг гэрчилж байгаа аж. Уушгинд өөрчлөлт өгч байгаа нь агаар дуслын замаар тоорын хий тархсан гэсэн үг.
Энэ мэтчилэн ураны олборлолтын хор уршгийг үүрч үлдэх нь хөөрхий нутгийн иргэд болчхоод байна. Амсхийх завгүй хөгжилд тэмүүлсээр байгаа боловч бид арай л буруу замаар будаа тээгээд байх шиг. Өндөр хөгжилтэй Герман улс 20 гаруй жилийн турш ураны уурхайгаас үлдсэн хаягдал, хор уршгаа арилгаж, нөхөн сэргээлт хийж гүйцээгүй байхад хатуухан хэлэхэд манай Монгол шиг хөгжилтэй улс яах вэ? Гадаадын компаниуд эх нутгийн минь хөрсийг сэндийчиж, хордуулж хаячхаад нөхөн сэргээлт хийж өгнө гэж үү? Тэд авах зүйлээ авчхаад л эргэж харах ч үгүй хаяад одно. Харин хордсон газар нутагтаа үлдэж хоцрох нь хөөрхий ард түмэн бид, бидний үр хүүхэд шүү дээ. “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгчээр бид заавал гадныхнаар эх нутгаа эвдүүлэн байж ашиг олохгүй л бол тэгж их дутагдаж гачигдаад байгаа гэж үү? Олон сая жил онгон дагшин байгальтай байх уу, эсвэл хэдхэн жил баялгийнхаа багахан хувийг аваад юу ч үгүй хоцрох уу? Сайн бодож, зөв бодлого явуулахгүй л бол Монгол Улсын зарим хэсгийн нутаг нүд ирмэхийн зуур цацраг идэвхтэй “үхлийн бүс” болох нь ээ.
МУИС – ОУСЗIII Ө.Намуун